Rockstar Games компани яагаад “Grand Theft Auto” (GTA) тоглоомын кино, телевизийн цуврал бүтээх эрхийг бусдад олгодоггүй вэ гэж гайхаж байсан бол үүний хариулт нь тодорхой болж байх шиг байна.
Зах зээлийн судалгааны Sensor Tower компанийн мэдээлснээр “Grand Theft Auto VI” тоглоомын борлуулалтын орлого аль хэдийн 1.84 тэрбум ам.долларт хүрчээ.
Энэ нь найруулагч Кристофер Ноланы “The Odyssey” кино дэлхийн кинотеатруудаар гарсан нийт хугацаандаа олсон 1.8 тэрбум ам.долларын орлогоос давсан үзүүлэлт юм.
Хамгийн сонирхолтой нь GTA 6-ийн борлуулалтын энэ үзүүлэлт аль хэдийн хуучирсан байх магадлалтай. Учир нь Sensor Tower пүрэв гарагт мэдээллээ шинэчилсэн ч түүний ашигласан графикт зөвхөн мягмар гараг хүртэлх урьдчилсан захиалгын борлуулалт туссан бололтой.
Өөрөөр хэлбэл, 1.84 тэрбум ам.долларын тооцоонд өчигдөр нийтлэгдсэн тоглоомын талаарх өндөр үнэлгээтэй шүүмжүүд болон өнөөдөр болсон албан ёсны нээлтийн дараах борлуулалт хараахан ороогүй байна.
Тиймээс GTA 6-ийн одоогийн борлуулалтын орлого 2 тэрбум ам.долларыг хэдийн давсан байх магадлал өндөр аж. Орлогын 75 хувь нь PlayStation 5, үлдсэн 25 хувь нь Xbox платформын борлуулалтаас бүрдэж байгаа гэнэ.
Харин дээр дурдсан Rockstar Games яагаад GTA-г кино, телевизийн бүтээл болгох сонирхолгүй байдаг вэ гэсэн асуултын тухайд, тоглоомоос олж буй асар их орлоготой харьцуулахад кино, телевизийн төслөөс компанид ногдох ашиг харьцангуй бага байх магадлалтай. Тиймээс компани өөрийн брэндийн үнэ цэн, нэр хүндийг эрсдэлд оруулахыг хүсдэггүй бололтой.
Rockstar Games-ийн толгой компани болох Take-Two Interactive-ийн гүйцэтгэх захирал Страусс Зелник энэ сарын эхээр нэвтрүүлэгт оролцохдоо:
“Бид бүтээлээ өөр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон өргөжүүлэхдээ маш болгоомжтой ханддаг. Учир нь манай компани бол уран бүтээлчдийн нэгдэл бөгөөд дэлхийн хамгийн шилдэг энтертайнмент бүтээлийг туурвихыг зорьдог. Бид өөрсдийн оюуны өмчид тулгуурлан кино эсвэл телевизийн цуврал бүтээхийг бүрэн үгүйсгэдэггүй. Гэхдээ үүний тулд манай уран бүтээлч баг үүнд чин сэтгэлээсээ дуртай байх, мөн үзэгч, хэрэглэгчдэдээ ямар нэгэн байдлаар баяр баясал, таашаал өгч чадна гэдэгт итгэлтэй байх шаардлагатай. Бидний хувьд энэ бол маш өндөр шалгуур. Мэдээж бүтэлгүйтэх эрсдэл ч үргэлж бий. Тиймээс бид ийм боломжийг үгүйсгэхгүй ч сонголтоо маш нухацтай, хянамгай хийдэг” хэмээжээ.


691











