Хотод өссөн бүсгүй морь унаж сурахаас эхлээд хурдалж яваа морины нуруун дээрээс бай онох хүртэлх замнал, морьтойгоо бий болгосон итгэлцэл, энэ спортын ачаар өөртөө бий болгосон тэвчээр, сэтгэлзүйн хат гээд Лхасүрэнгийн Золжаргалын морьт харвааны ертөнцөөр хамтдаа аялъя.
Тэмцээн, уралдааны амжилтууд
“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадам - эмэгтэй төрөл – хүрэл
Түмэн морьтон "Бөмбөг намнаа" аварга шалгаруулах тэмцээн - эмэгтэй төрөл – хүрэл
Монголын Үндэсний спортын зуны VIII их наадам - Бөмбөг намнаа төрөл – алт
“Хийморь-2026” морьт харвааны олон улсын найм дахь удаагийн нээлттэй тэмцээн-
- Хаймсах төрөл – алт
- Цамхаг харваа төрөл – алт
- Цуваа байны төрөл – мөнгө
- Бөмбөг намнаа – хүрэл
YOLO: Морьт харваагаар хичээллэж эхэлсэн түүхээсээ ярьж өгөөч. Анх яагаад энэ спортыг сонгосон бэ?
Би 2020 онд Gap Year авсан байсан юм. Тэр үедээ ямар нэгэн спортоор хичээллэж үзмээр санагдаад усанд сэлж, кикбоксоор хичээллэхэд тэгтлээ их сэтгэл татагдаагүй. Харин фэйсбүүк дээр "харваа" гэж бичиж үзсэн морьт харваа гэж гарч ирсэн. Тэр үед морь унаж мэддэггүй байсан ч морь унах, харваа хоёрыг зэрэг сурах нь их сонирхолтой санагдсан. Тэгээд сургалтын төвд очиж байсан.
YOLO: Анх морь унаж, нум сум харваж үзэхэд ямар санагдаж байсан бэ?
Үнэхээр аймаар байсан. Морио сайн унаж чадахгүй, морины жолоо, бүүрэгнээс барьж болохгүй, хоёр хөлөөрөө л морин дээрээ тогтоно. Гартаа нум сумаа барьчихсан байгаа. Морь унахдаа анхаарах уу, харвахдаа анхаарах уу гээд үнэхээр айдастай байсан.
YOLO: Бэлтгэлээ хаана хийдэг вэ?
Тэр үед 22-ын товчооны тэнд том хашаанд хийдэг байсан. Одоо бол Төв аймгийн Сэргэлэн суманд хийдэг.
YOLO: Эхлээд морь унахыг сурах уу, нум сумаар харвахыг заах уу?
Аль алиныг нь тусад нь заана. Морь унахаас гадна морио хэрхэн арчлах, түүнтэй хэрхэн харьцах, морины эдлэл хэрэгсэл, эмээл бүүрэг зэргийг заалгана. Морьтойгоо зөв харьцаж сурч, морьноосоо айхгүй болсон үедээ унаж үзнэ. Тэр хоорондоо нум сум харвахаа сурна. Тэгээд морьтойгоо сумлагаагаа амжина гэсэн үедээ морьтойгоо харваж эхэлдэг.
YOLO: Хэр хугацааны дараа морин дээрээс харваж эхэлсэн бэ?
Өдөр болгон эрчимжүүлсэн хичээлээр суралцвал гурав хоноод харваж болно. Харин би тэр үед долоо хоногтоо нэг хичээллэдэг байсан болохоор газрын харваагаа сайн болгож байгаад морьтойгоо харваж эхэлсэн.
YOLO: Морьт харваагаар хичээллэдэг хүмүүсийн хүйсийн харьцаа ямар байдаг гэж чи бодож байна вэ?
Насанд хүрэгчдийн хувьд эмэгтэй хүмүүс 20 хувийг эзэлдэг гэж бодож байна. Харин өсвөр насныхан 50, 50 хувьтай байдаг.

YOLO: Өөрийн морьтой юу? Нэрийг нь хэлж болох уу?
Би энэ хавар хязаалан насны морьтой болсон. Хүний насаар зүйрлэвэл өсвөр насны хүүхэдтэй адил. Бие жижигтэй морь байгаа. Үлэмжхүрэн гэдэг нэртэй.
YOLO: Морио хаана байлгадаг вэ?
Бид зундаа морио авчраад морьтой бэлтгэлээ хийнэ. Өвөл малтай айл бараадуулаад найдвартай хүнд үлдээдэг.
YOLO: Өөрийн харъяалагддаг морьт харвааны клубын тухай танилцуулаач?
Монголд 15 клуб байдаг. Манайх бол “Зургаадай” гэдэг клуб. Томоохондоо ордог. 50-60 хүнтэй. Харин байнгын бэлтгэлтэй 10 хүн байдаг.
YOLO: Морьтойгоо хэрхэн дотносдог вэ?
"Би тайван байна, чи надтай байхдаа тайван байж болно" гэдэг биеийн хэлэмжийг мориндоо үзүүлдэг. Их огцом хөдөлгөөн хийхгүй, чанга чимээ гаргахгүй. Морьд хоорондоо бие биенээ шөргөөж илдэг. Тиймээс морьд хоорондоо харьцаж байгаа мэт удаан илнэ. Чи надад найдаж болно, би аюулгүй шүү гэдэг мэдрэмжийг өгдөг гэх үү дээ.
YOLO: Морио мэдэрдэг болчихдог уу?
Тийм ээ, чихний хөдөлгөөнөөс нь хараад айгаад, цочоод байна зэргээр ялгадаг болчихдог.
YOLO: Чи хотын охин уу?
Тийм ээ. Би морьт харваагаар хичээллэхээс өмнө нэг л удаа морь унаж үзэж байсан.
Би өмнө нь морьны зүс ч ялгаж мэддэггүй байсан. Морьт харваагаар хичээллээд зүс, нас нэрлэж сурсан.

YOLO: Давхиж явахдаа нум сумаа онилоод бай онох ямар мэдрэмжтэй байдаг вэ?
Амжилт шүү дээ тэр чинь. Нэг юмыг гүйцээж байгаа юм шиг гоё санагддаг.
YOLO: Морь хурдтай давхиж байхад бай руу төвлөрөхөд хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
Эхэндээ бол хэцүү байдаг. Удаан хийгээд ирэхээр аяндаа сурдаг. Анхандаа ийшээ харвачихвал онохгүй болов уу гэх мэтээр их юм боддог байсан. Юм бодох тусмаа ончгүй байдаг. Одоо бол бэлтгэл сургуулилт хийсээр байгаад булчингийн ой тогтоолт суучихсан. Олон юм бодохгүй бай тэнд байна, ононо гэдгээ бодоод л харвадаг.
YOLO: Хэдэн жил харваж байгаа вэ?
Тогтмол хичээллээд 3 жил болж байна.
YOLO: Айдас төрдөг үе байдаг уу?
Морины эрүүл мэнд болохгүй үед эсвэл морьт харваанд сайн сургагдаагүй морь унах үедээ айна. Аль болох мориноосоо унахгүй байхыг л хичээдэг дээ.
YOLO: Хамгийн дурсамжтай үеэ хэлбэл?
Бүх цаг үе дурсамжтай санагддаг. Тэр дундаас өнгөрсөн жилийн наадмын нээлт юм уу. Наадмын нээлтээр үзүүлбэр үзүүлсэн.
YOLO: Наадмын нээлтэд хэрхэн оролцдог вэ?
Морьт харвааны 15 клуб, 100 гаруй хүн байна. Мөн клубт харъяалагддаггүй харваачид байдаг. Тэр хүмүүсийн дунд наадмын нээлтийн шалгаруулалт зарлаад сонгогддог. Манай клуб хоёр удаа наадмын нээлтэд сонгогдож байснаас би нэг удаа оролцсон.
YOLO: Тэмцээнүүд хэр их болдог вэ?
Олон улсын тэмцээнүүд болно. Дэлхийн аваргын тэмцээн өнгөрсөн жил 2025 онд Монголд болсон.
Киргиз, Казак, Унгар гээд нүүдэлчин соёлтой улсууд хичээллэдэг. Солонгосчууд, Хятадууд, Арабууд сүүлийн үед их сайн болчихоод байгаа.
Саяхан Киргизид нүүдэлчдийн их наадам болсон.

YOLO: Энэ спортоор хичээллэснээр хувь хүн талаасаа өөрчлөгдсөн үү?
Дасан зохицох чадвартай болсон. Би хотод төрж өссөн ч зун болгон хөдөө амралтаар явдаг байсан. Тэр үедээ хүйтэн бороотойд өвдөж хурдан зутардаг байсан. Морьт харваагаар хичээллэсэнээс хойш хаана ч хоночихно, амархан өвдөөд байхааргүй дархлаатай болсон гэх мэт нэлээд давуу талууд гарсан.
YOLO: Зан чанарын талаар өөрчлөлт гарсан болов уу?
Илүү тэвчээртэй болсон. Олон уралдаан тэмцээнд ороод сандрал болон сэтгэлзүйгээ сайн удирдаж сурсан гэж бодож байна.
YOLO: Гэр бүлийнхэн чинь чамайг морьт харваагаар хичээллэхийг хэр дэмждэг вэ?
Аав морь авч өгсөн. Ээж тэмцээнүүдэд ирж дэмжинэ. Ер нь дэмждэг шүү. Эхний нэг хоёр жил нэлээд санаа зовдог байсан. Анхнаасаа л морьтой өсөөгүй учраас уначих вий, бэртчих вий гээд л. Одоо бол миний яаж морь унадгийг харсан болохоор гайгүй болсон гэж бодож байна.
YOLO: Найзууд чинь энэ спортыг сонирхдог уу?
Найзууд төдийгүй цахим сүлжээгээр намайг харсан хүмүүс их сонирхдог. Хаана вэ, очиж болох уу, сурч болох уу гэх зэргээр их асуудаг. Дунд сургуулийн найзууд, хамт ажилладаг байсан хүмүүс сонирхоод сарын сургалтад явах тохиолдлууд байдаг.
YOLO: Эмэгтэй хүн энэ спортоор хичээллэх нь ямар байдаг вэ. Хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
Чи морь унадаг юм уу, нум сум харвадаг юм уу гээд хүмүүс их гайхаж хүлээж авдаг. Гоо сайхан талдаа эмэгтэй хүнд жаахан хэцүү л дээ. Зунжингаа шороо тоос салхинд байсаар борлоод ирдэг. Харвасаар байгаад гарын арьс эвэрших зэргээр гоо сайхан талдаа жаахан хэцүү.
YOLO: Чамд морьт харвааны юу нь таалагддаг вэ?
Байгальд ойрхон байх, морьтой байх, мөн морьт харвааны хүрээлэл таалагддаг. Би морьт харваанаас олон найзтай болсон. Энэ найзууд маань хэцүү үед үргэлж тулж түшдэг хүмүүс болсон байна.
Хурдан морьтой давхихад их хүчтэй мэдрэмж авдаг. Морьд олон үзэгчтэй тэмцээний үеэр хүмүүсээс их үргэдэг. Гэнэт зам дээрээс харайгаад гарчихдаг. Тэр үед мориноосоо уналгүй үлдсэндээ өөрөөрөө бахархах мэдрэмж авдаг.
YOLO: Магадгүй энэ спортыг сонирхож байгаа залуус байвал дамжааны талаар мэдээлэл өгөөч.
2020 оноос клубууд эрчимтэй байгуулагдаад сургалтууд их болсон.
Өвөл зөвхөн зааланд бэлдэнэ. Газрын харваа гэсэн үг. Өвлийн заалны харвааны бэлтгэл өмнө жил сарын 250 мянган төгрөг байсан. Морьтой бэлтгэл 400 мянган төгрөг байсан. /2025 оны үнэ/ Харин бусад клубуудыг сайн мэдэхгүй байна. Клубээс эдлэл хэрэгслийг бүрэн хангадаг .




527








