“Breaking” буюу брейк бүжиг олимпын спортын төрөл болсноор дэлхийн бүжгийн ертөнцөд шинэ хуудсыг нээсэн. Энэ оны Айчи-Нагояа Азийн наадамд Монгол Улсаас брейкингийн төрөлд дөрвөн тамирчин Азийн шилдэг бүжигчидтэй хүчээ сорьсон юм. Харин бид Азийн наадмын брейкинг төрлөөр шилдэг 16-т шалгарсан бүжигчин Ч.Дөлгөөнийг онцолж байна.
Телевизийн дэлгэцээр харсан бүжигчдээ дуурайн бүжиглэж эхэлсэн тэрээр өдгөө брейкингээр 15 жилийн турш тууштай хичээллэж, олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Хүүхэд насны сонирхлоос эхэлсэн мөрөөдөл түүнийг Азийн наадмын тайз руу хөтөлжээ. Түүнтэй уг содон бүжгийн төрөл, урлагийн ертөнц болон цаашдын зорилгынх нь талаар ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
БРЕЙКИНГ БОЛ ЭРЧ ХҮЧ, ЭРХ ЧӨЛӨӨГ ИЛЭРХИЙЛЭХ БҮЖИГ

YOLO: Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Ч.Дөлгөөн гэдэг. Монголын спорт брейк бүжгийн (Break Dance) холбооны гишүүн, бүжигчин. Брейкинг бүжгээр 15 жил хичээллэж байна. Мөн бүжгийн багшаар ажиллаж, брейк бүжгийн сургалт явуулдаг.
YOLO: Анх энэ бүжгийн төрөлд хэрхэн дурлаж эхэлсэн вэ?
- Багаасаа бүжигт дуртай байсан. Бага ангийн үедээ Crash хамтлагийн бэлтгэл хийж байгааг хараад их сонирхож эхэлсэн. Мөн Хар Сарнай, Ice Top-ийн уран бүтээлчдийн бүжгийг үзэж, дуурайдаг байлаа. Дараа нь Gamblerz бүжгийн хамтлаг Монголд ирж үзүүлсэн үзүүлбэрийг UB Palace-д үзээд бүр их урам авсан. Тэр үеэс л энэ бүжгээр хичээллэх хүсэл төрсөн.
2011 онд ангийнхаа найзаар дамжуулан брейкинг бүжиглэдэг ахын сургалтад орж, албан ёсоор хичээллэж эхэлсэн. Тэр үед “Mongolian Best Dancers Crew”, “Step Up 3” зэрэг зүйлс маш их нөлөө үзүүлсэн. Миний хувьд 2011-2013 он бол Монголын бүжгийн соёлын оргил үе байсан гэж боддог.
YOLO:Анх эхлэхэд ямар байсан бэ? 15 жил тасралтгүй бүжиглэхэд юу хамгийн их нөлөөлсөн вэ?
- Эхэндээ маш хэцүү байсан. Гар дээрээ тогтох, хүч шаардсан хөдөлгөөнүүд хийхэд бугуй, гар, мөр байнга өвдөнө. Сунгалт хийхэд ч амаргүй. Гэхдээ тэр бүхнээсээ би таашаал авдаг байсан. Өөрийгөө хөгжүүлж, ахиж байгаа мэт мэдрэмж төрдөг байлаа. Хамгийн чухал нь би энэ бүжигт үнэхээр дурласан. Өөрийн үлгэр дуурайл болсон бүжигчид шиг болох мөрөөдөлтэй байв. Тиймээс шантрах үе гарсан ч эргээд бэлтгэлдээ очдог. Тэмцээний өмнө хүнд бэлтгэлийн үеэр “Яагаад би ингэж өөрийгөө зовоогоод байгаа юм бол?” гэж бодох үе бий. Харин өглөө босоод бэлтгэлдээ ормогц тэр бодлууд арилчихдаг.
YOLO: Брейкинг бусад бүжгээс юугаараа онцлог вэ?
- Брейкинг бол эрч хүч, хүч чадал, эрх чөлөөг илэрхийлдэг бүжиг. Хүн өөрийн мэдрэмж, зан чанар, дотоод ертөнцөө бүжгээр илэрхийлж чаддаг. Магадгүй энэ нь намайг өнөөдрийг хүртэл татаж байгаа шалтгаануудын нэг байх.
АМЖИЛТЫН ХАМГИЙН ТОМ ТҮШИГ ТУЛГУУР БОЛ ГЭР БҮЛ

YOLO: Монголын брейк бүжгийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдлыг ямар түвшинд байна вэ?
- Өмнө нь хүмүүс брейкингийг төдийлөн ойлгодоггүй байлаа. Гудамжинд хэдэн залуучууд шал арчиж байгаа мэт л хардаг байсан үе бий. Харин сүүлийн жилүүдэд энэ ойлголт ихээхэн өөрчлөгдсөн. Ялангуяа олимпын спортын төрөлд орсноор хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөн. Одоо хүмүүс брейкингийг спорт, урлаг хоёрын хослол гэж хардаг болсон. Манайд Монголын Спорт Брейкингийн холбоо гэж бий. Шинэ үеийн тамирчдыг бэлтгэх ажил тогтмол өрнөдөг. Мөн хүүхдүүдийн сонирхол нэмэгдэж байна. Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ сургалтад хамруулах нь ихэссэн.
YOLO: Гудамжны бүжиг, чөлөөт бүжиг гэсэн ойлголтуудын ялгааг хэрхэн тайлбарлах вэ?
- Монголд чөлөөт бүжиг гэдэг ойлголт түгээмэл хэрэглэгддэг ч мэргэжлийн нэршлийн хувьд буруу. “Street dance” буюу гудамжны бүжиг гэдэг нь өөрөө ерөнхий ангилал. Дотроо брейкинг, хип хоп, локинг, поппинг, вакинг зэрэг олон төрөлтэй.
Харин “freestyle” гэдэг нь бэлдсэн хөдөлгөөнгүйгээр тухайн агшинд хөгжмөө мэдэрч, чөлөөтэй бүжиглэхийг хэлдэг ойлголт. Магадгүй энэ нэр томьёо орчуулагдахдаа “чөлөөт бүжиг” болж хэрэглээнд орсон байх. Хүмүүс бүх төрлийн гудамжны бүжгийг “чөлөөт бүжиг” гэж нэрлэх нь буруу ойлголт.
YOLO: Гэрийнхэн нь анх бүжгээр тууштай явна гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
- Эхэндээ их дэмждэг байсан. Чөлөөт цагаа зөв зүйлд зарцуулж байна гэж хардаг байлаа. Харин сүүлдээ амьдралаа бүхэлд нь бүжигтэй холбоно, энэ чиглэлээрээ л явна гэхэд санаа зовсон.
“Мэргэжил эзэмших хэрэгтэй, ирээдүйн баталгаатай ажилтай болох хэрэгтэй” гэж зөвлөдөг байсан. Харин би тэр үед бүжгээрээ тууштай явахаар шийдсэн. Манай багийнхан ч гэсэн бүгд ижил зорилготой байсан. Олон улсын тэмцээнд оролцох, Монголынхоо нэрийг гаргах мөрөөдөлтэй байлаа. Үүнийхээ төлөө олон жил бэлтгэл хийж, гадаадын тэмцээнүүдэд оролцсон.
Дараа нь олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргаж, дэлхийн аваргын тэмцээнд оролцож эхлэх үед аав, ээж маань улам их дэмждэг болсон. Миний өнөөдрийн амжилтын хамгийн том түшиг тулгуур бол гэр бүл, дасгалжуулагчид, багийнхан маань гэж боддог.
ШАНТРАХГҮЙГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

YOLO: Хамгийн анхны томоохон хэмжээний олон улсын тэмцээн тань ямар тэмцээн байсан бэ?
- Олон улсын хэмжээний анхны тайз минь 2014 онд Бээжин хотод болсон KOD тэмцээн байсан. Тухайн үед хэдхэн жил бүжиглэсэн ч “олон улсын тэмцээнд хүч үзье” гэж шийдээд явсан. Тэнд очоод цахим орчинд үздэг, үлгэр дуурайл авдаг алдартай бүжигчдээ бодитоор харсан. Нүдийг минь нээсэн туршлага болсон гэж боддог юм. Тэр аяллын дараа бидний бэлтгэл хийх арга барил, зорилго, тэмүүлэл хүртэл өөрчлөгдсөн. Биширдэг бүжигчдээсээ санаа зоволгүй зөвлөгөө авч, өөрсдийгөө сайжруулах гэж их хичээсэн. Дэлхийн аваргууд, нэртэй бүжигчдээс яаж ийм хэмжээнд хүрснийг нь асуухад бүгд л “Үргэлжлүүлээд бай” гэж хэлдэг байсан. Эхэндээ гайхдаг байлаа. Харин олон жилийн дараа утгыг нь ойлгосон. Амжилтын нууц нь тууштай хөдөлмөр юм байна. Шантрахгүйгээр үргэлжлүүлсээр байх нь хамгийн чухал гэдгийг ойлгосон.
YOLO: Айчи-Нагояа Азийн наадамд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Манай баг хоёр эрэгтэй брейк бүжигчин (B-Boy), нэг эмэгтэй брейк бүжигчин (B-Girl), дасгалжуулагчийн хамт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Бэлтгэлээ хавраас базааж эхэлсэн. Миний хувьд энэ удаа сэтгэлзүйн хувьд маш тайван байсан. Өмнөх тэмцээнүүдэд хэт их зүйл боддог байсан бол энэ удаа зөвхөн хийх ёстой зүйлдээ төвлөрсөн.
YOLO: Хамгийн анхны томоохон хэмжээний олон улсын тэмцээн тань ямар тэмцээн байсан бэ?
- Олон улсын хэмжээний анхны тайз минь 2014 онд Бээжин хотод болсон KOD тэмцээн байсан. Тухайн үед хэдхэн жил бүжиглэсэн ч “олон улсын тэмцээнд хүч үзье” гэж шийдээд явсан. Тэнд очоод цахим орчинд үздэг, үлгэр дуурайл авдаг алдартай бүжигчдээ бодитоор харсан. Нүдийг минь нээсэн туршлага болсон гэж боддог юм. Тэр аяллын дараа бидний бэлтгэл хийх арга барил, зорилго, тэмүүлэл хүртэл өөрчлөгдсөн. Биширдэг бүжигчдээсээ санаа зоволгүй зөвлөгөө авч, өөрсдийгөө сайжруулах гэж их хичээсэн. Дэлхийн аваргууд, нэртэй бүжигчдээс яаж ийм хэмжээнд хүрснийг нь асуухад бүгд л “Үргэлжлүүлээд бай” гэж хэлдэг байсан. Эхэндээ гайхдаг байлаа. Харин олон жилийн дараа утгыг нь ойлгосон. Амжилтын нууц нь тууштай хөдөлмөр юм байна. Шантрахгүйгээр үргэлжлүүлсээр байх нь хамгийн чухал гэдгийг ойлгосон.
YOLO: Айчи-Нагояа Азийн наадамд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- Манай баг хоёр эрэгтэй брейк бүжигчин (B-Boy), нэг эмэгтэй брейк бүжигчин (B-Girl), дасгалжуулагчийн хамт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Бэлтгэлээ хавраас базааж эхэлсэн. Миний хувьд энэ удаа сэтгэлзүйн хувьд маш тайван байсан. Өмнөх тэмцээнүүдэд хэт их зүйл боддог байсан бол энэ удаа зөвхөн хийх ёстой зүйлдээ төвлөрсөн.
ХҮН БҮР БҮЖИГТЭЙ ОЙР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

YOLO: Сурагчдадаа юу зааж зөвлөдөг вэ?
- Хүүхдүүддээ техникийн зөвлөгөө өгөхөөс гадна тууштай байхын үнэ цэнийг ойлгуулахыг хичээдэг. Тэмцээнд хэрхэн оролцох, өөртөө хэрхэн итгэлтэй байх талаар ч их ярьдаг. Хүн хөгжим сонсоход л өөрийн эрхгүй хөдөлж эхэлдэг. Энэ бол хүний төрөлхийн өгөгдөл. Бүжиг зөвхөн хөдөлгөөнд хэвшүүлээд зогсохгүй өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг. Хөгжим сонсож ойлгоно, өөрийгөө илэрхийлж сурна, хүмүүсийн өмнө гарахаас эмээхээ больдог.
Эцэг эхийн уулзалтаар нэгэн сурагчийн маань ээж “Бүжиг хүүхдэд ямар хэрэгтэйг ойлголоо” гэж хэлсэн. Хүүхэд нь гэр бүлийн аялалдаа бүжиглээд жижиг тэмцээнд түрүүлсэн байж. Тэр үед бүжиг хүүхдийн өөртөө итгэх итгэлд ямар их нөлөө үзүүлдгийг дахин мэдэрсэн.
YOLO: Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
- Би бүжгээ үргэлжлүүлнэ. Мөн дараагийн үеийн бүжигчдийг бэлтгэхэд илүү анхаарна. Монголоос олон улсын түвшинд өрсөлдөх B-Boy, B-Girl нарыг гаргаж ирэх нь миний хамгийн том зорилгуудын нэг. Өөрөө ч мөн тэмцээнүүддээ үргэлжлүүлэн оролцоно.
YOLO: Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэх вэ?
- Брейкинг бол бүжиг, спорт, бие бялдрын хөгжлийг нэгтгэсэн онцгой урлаг. Бүжиг хүнийг зөвхөн эвсэлтэй болгохоос гадна найз нөхөдтэй, хамт олонтой, амьдралын зөв хэв маягтай болгодог.
Тиймээс хүн бүр ямар нэг байдлаар бүжигтэй ойр байгаасай гэж хүсдэг. Өөрийн дуртай хоббигоо олоорой, түүндээ тууштай байгаарай. Өнөөдөр брейкинг бол зөвхөн хобби биш, олон улсын хэмжээнд өрсөлдөх боломж болсон. Хэрэв тууштай хөдөлмөрлөж чадвал мөрөөдлөө бодит болгож чадна.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.



2512







