Хуучны тоглоомыг шинэ үеийн тренд болгож болох уу? Энхжаргалын Төрболд эмээгээсээ өвлөж мэдсэн уламжлалт тоглоомоо дүрэм, бэлгэдлийг хадгалан, ребрэндинг хийж “Жил” нэрээр дахин бүтээжээ.
Ингэхдээ тэр зөвхөн тоглоом бус, мартагдаж болох соёлын өвийг шинэ үеийнхэнд хүргэхийг зорьж байна. “Жил” тоглоомыг бүтээсэн "Toglo + More" компанийн үүсгэн байгуулагч Энхжаргалын Төрболдтой ярилцлаа.

YOLO: “Жил” тоглоомыг дахин бүтээх санаа хэрхэн, хэзээ, яаж төрсөн бэ?
-Ийм тоглоом байдаг гэдгийг эмээгээсээ анх мэдэж байсан. Эмээгийн "хорол" тоглоом модоор хийсэн, эмээ тэрийгээ бага зэрэг голдог байлаа.
Эмээдээ гоё "хорол" авч өгөх юм сан гэж бодсон ч сэтгэлд хүрсэн дизайнтай олдохгүй байсан нь энэ тоглоомыг шинэчлэн хийхэд хүргэсэн. Тэгээд хайж байх явцдаа түүхийг нь судалж үзэхэд зарим судлаачид Хүннүгийн үеэс гаралтай гэдэг.
Манжийн үеэс даалуу их дэлгэрээд монгол ноёдууд хоорондоо мөрийтэй тоглоод малаа, бэлчээрээ, бараг эхнэр хүүхдээрээ ч мөрийтэй тоглох нь холгүй байсан.
Өвөг дээдэс, мэргэдүүд ухаан сийлээд төстэй дүрэмтэй “Жил” гээд тоглоомыг хорол, норов, өлзий гэсэн дүрсүүдээр баяжуулаад гаргасан юм байна билээ. Энэ тоглоомыг мөрийтэй тоглох цээртэй, бэлгэшээлтэй тоглоом гэж үздэг.
Манай компанийнхан үүнийн шинэчлэн хийхдээ "ахыгаа дүү нь хүндэлдэг" гэх зэргээр монгол философи, уламжлалаа оролцуулсан. Бич жилийг могой жил дийлнэ гэх мэт. Мөн хорол дүрстэй- бурхны тахилын дүрсүүд байгаа шүү дээ. Тиймээс газар тоглодоггүй заавал ширээн дээр тоглодог.
YOLO: Энэ тоглоом монголчуудад их түгээмэл байсан уу?
-Хамгийн түгээмэл нэр нь "хорол" юм байна. Гэхдээ нутаг нутгаасаа хамаараад хорол, зэндмэнэ, амарбаясгалан, тахил гээд олон нэршил байдаг. Мөн өөр дүрс болон дүрмээр тоглодог. Манайд ингэж нэрлэдэг, энэ дүрс нь байдаггүй, манайд ингэж тоглодог гэж хүмүүс ярьдаг.
Би энэ тоглоомын зарим нэг дүрсийг нь байхгүй болгоод ерөнхий болгочихсон. Жишээ нь зарим нь 12 жил дээр нэмээд 4, 5 дүрстэй байгаа. Манай тоглоом бол 12 жил дээрээ нэмээд 3 дүрстэй.
Манай нутагт ингэж тоглодог гэсэн асуудлууд үүсэх болохоор шинээр ребренд хийчихсэн.
YOLO: Яагаад энэ тоглоомыг сонгосон бэ?
-Америкчууд Холливудын киноноор маажаан тоглоод л хоорондоо нэгийгээ ялж байгаа нь далд утгатай байдаг. Солонгос, Япон хүмүүст нэг тийм улаан хөзөр байдаг шүү дээ.
Монголыг илэрхийлсэн тоглоом байвал жуулчид манайд ирээд сувинер авахаас гадна иймэрхүү сонголтууд байвал гоё юм уу гэж бодсон.

YOLO: -Эртний тоглоомыг орчин үеийн загварт оруулахдаа юуг нь хэвээр үлдээх хэрэгтэй гэж үзсэн бэ?
-Суурь дүрэм, үндсэн тоглох зарчим, бэлгэдлүүдийг нь их өөрчилмөөргүй байсан. Зүгээр харагдах байдлыг нь өөрчилбөл зүгээр юм болов уу гэж бодсон.
Дүрмийн номондоо ашигласан үг хэллэг нь ч гэсэн илүү орчин үеийн стандарттай, хөлөг тоглоом шиг л байлгахыг зорьсон.
YOLO: -Моднуудынхаа дизайныг чи өөрөө хийсэн үү? Дизайныхаа талаас ярьж өгөөч.
-Тийм ээ. Би өөрөө дизайн хийсэн. Би үүнийг гадаадууд бас зармаар байсан гээд хэлсэн шүү дээ. Дүрмийг нь яаж ойлгомжтой байлгах вэ. 12 жил гэдэг гаднын хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү. Монгол хүмүүс ч ихэнхдээ хулгана, үхэр, бар гээд л дарааллаа мэдэхгүй болчихдог. Хулганыг хонь идэх билүү гэх зэргээр төөрдөг.
Миний оруулсан дизайныг анзаарвал дүрс болгон нь тооны хэлбэртэй байгаа. Мөн амьтдын зургийн стилийг аль болох монгол зураг шиг байлгах гэж хичээсэн. Жишээ нь монгол бодон гахай, монгол банхар гэх мэт. Луугийн дүрс нь Хүннүгийн үеийн олдвороос санаа аваад зурсан.
“Жил” гэсэн тоглоомын нэр нь латинаар JIL, монгол бичгээр мөн уншигдахаар загварчилсан.
YOLO: -Уламжлал тоглоомоо судлах явцад та нарт хамгийн сонирхолтой санагдсан зүйл юу байсан бэ?
-Бид хүмүүсийг тэгж амархан дуртай болно гэж бодоогүй. Монголчуудаас гадна гадаадуудад нэлээн тоглуулж үзсэн. Дүрмийг нь их хурдан ойлгоод байсан. Яагаад гэвэл төстэй тоглоомууд ч гэсэн гадаадад байдаг юм байна лээ. Нэг Ирланд залуу “Манай Ирландын уламжлалт тоглоомтой төстэй юм байна аа” гэж ярьсан.
Бас сонирхолтой санагдсан юм гэвэл бид даалуу гэм мэт тоглоомын дүрмийг амаараа яриад заагаад өгчихдөг шүү дээ. Түүнийг цаасан дээр буулгах бол ажил нэлээн төвөгтэй байсан. Нүүр тулж зааж өгч чадахгүй хүн үүнийг уншаад ойлгохоор бичих гэж их хичээсэн. Гадаад хүмүүст ойлгох зорилгоор англи монголоор тайлбар хийсэн.
YOLO: -Тоглоомоо бүтээхэд хамгийн хэцүү байсан зүйл нь юу вэ?
-Үйлдвэрлэх процесс маань хамгийн төвөгтэй. Тоглоомоо бүгдийг нь би гэртээ 3D принтерээр хийдэг. Хайрцаг, уутаа Монгол компаниар хийлгэж байна. Монгол хүнээр хийлгэчихэж болох зүйлийг заавал гадны хүмүүсээр хийлгээд яахав гээд үндэсний үйлдвэрээрээ хийлгэж байгаа.
Тоглоомоо ч Хятадад захиалж хийлгэж болох ч масс үйлдвэрлэл биш болохоор цөөн тоогоор хийж байна.
Мөн эвентүүд зарлаад хүмүүст тоглуулдаг. Сая Playtime наадмаар гурван өдөр зогсохдоо бараг 100 тоглосон байх. Нэг юмаа 200-аад хүнд тайлбарлаж өгсөн.
YOLO: -Хэр их хугацаанд туршиж дүрэм загвараа сайжруулсан бэ?
-Санаагаа түрүү жилийн 6 сард ярьж эхлээд 12 сар гэхэд эцсийн бүтээгдэхүүн болчихсон байсан. Санаа бол хэдэн жилийн өмнөөс явж байсан л даа. Концепт, дизайн дээрээ 6 сар нам суусан.
Уламжлалаараа бол цагаан сарын шинийн нэгний өглөө тоглодог тоглоом. Ялсан хүн нь тэр жилдээ аз хийморьтой байна гэсэн бэлгэдэлтэй байдаг. Тийм учраас цагаан сарыг угтаад битүүнээр зарж эхэлсэн.

YOLO: -Та нар тоглоомоо бизнес гэж үзэж байгаа юу эсвэл соёлын өвийг сэргээж байгаа төсөл гэж үзэж байгаа юу. Эсвэл аль аль нь уу?
-Аль аль нь л байх. Манай бизнесийн суурь философи соёлын өв гэх юм уу. Компанийн философи нь соёлын өвөө шинэчилсэн байдлаар коммершиалайз хийж зах зээлд нийлүүлж байгаа гэсэн үг.
Дараагийн бүтээгдэхүүнүүд маань ч гэсэн заавал тоглоом биш ахуйд байдаг ашиглагдахаа больчихсон зүйлсийг орчин үеийн, инээдтэй маягаар ч юм уу гаргана гэж бодож байна.
YOLO: -Өнөөдрийн хүүхэд залуус компьютер их тоглодог болчихсон шүү дээ. Тэгэхлээр үндэсний тоглоомоо бүтээж, тоглуулах нь ямар хэрэгтэй гэж бодож байна?
-Манай эвент 2-3 цаг гаран болдог. Энэ үеэр хүмүүс бараг утсаа ашигладаггүй. Хүмүүс тийм нэг офлайн орчныг хүсээд байгаа ч юм шиг. Найзуудтайгаа инээж хөхрөлдөөд 2-3 цаг болох хүний нэг хэрэгцээ байдаг юм шиг санагдсан. Тоглосны дараа “Гоё болчихлоо” гэдэг.
Үндэсний гэхээсээ илүү дэлгэцээс ангижрах хэдэн цаг олгож байгаа л гэж харж байна. Хүмүүс жирийн үед уулзахаараа ярьж байгаад л дунд нь нэг нь утсаа оролдоод эхэлдэг. Тоглохоор цахим бус орчин, дэлгэцээс хол байдаг.
Зарим хүмүүс бидэнд “үүнийгээ утасны тоглоом болгочихвол зүгээр юм биш үү” гэж хэлдэг. Дэлгэцээс хол байгаа нь давуу тал болоод байгаа болохоор одоохондоо энэ хэлбэрээр байлгаж байя гэсэн бодол байна.
Би үүнийг хийгээгүй бол манай эмээгийн тоглоомыг дараа нь нэг хүн өвлөж авах л байх. Гэтэл өвлөж авах хүн тоглодоггүй хүн байгаад энэ тоглоом дахиад нэг үеийн дараа байхгүй болчихвол яах вэ. Мэддэг цөөхөн хэдэн хүн үлдсээр яваандаа устчихвал хайран санагдсан.
Бидэнд уламжилж ирсэн бүх юм л ямар нэгэн байдлаар шинэчлэлийг авч үлдэх гэсэн хичээл зүтгэлийн дараа гарч ирсэн зүйлсүүд байгаа шүү дээ.
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын профессор Г.Нандинбилиг багшийн хэлснээр олон тоглоом ийм байдлаар байхгүй болсон гэсэн. Анх хийж байхдаа бодож байсан зүйл бол ингээд л хийхгүй болбол байхгүй болчих юм байна аа гэж.
YOLO: -Хамгийн анхны амбиц нь юу байсан бэ?
-Уламжлалт юмыг яг тэр чигээр нь хадгалж авч болно л доо. Тэгэхдээ шинэчилж хөгжүүлсэн байж цаашаа үлдэх юм болов уу. Харин яг хуучин байсан шигээ модон тоглоом байх ёстой гэчихвэл дараагийн үе нь сонирхохгүй болоод ирдэг ч юм уу. Анх "Жил" гээд байсан тоглоомыг "Хорол" болгож тухайн үед бас ребрэнд хийсэн байгаа юм.
Он цагтаа тааруулж шинэчлээд хадгалж үлдвэл зүгээр санагдсан.
YOLO: -Уламжлалаа хадгална гэдэг нь чиний хувьд юу гэсэн үг вэ?
-Бид олон зүйлсийг аман байдлаар аваад үлдсэн шүү дээ. Монголчуудын соёл байнга бичиг судар авч яваад байдаггүй. Ертөнцийн гурав, сургаал үгс, ерөөл, үлгэр туульс ч аман байдлаар дамжаад ирчихсэн байдаг.
Тэр утгаараа бол манай эмээ соёлын өв тээгч хүн. "Нэг хүн нас барахад нэг номын сан байхгүй болчихсон юм шиг" гээд нэг хүний ярьж байгааг сонссон. Хүмүүсийн толгойд байгаа юмыг ямар нэгэн байдлаар хадгалж үлдэх нь зөв юм байна. Гэхдээ өнгөц байдлаар биш цаад логикийг нь ойлгож хадгалж үлдвэл зүгээр. Энэ тоглоомоо тийм байгаасай, тийм байх аа гэж найдаж байна.

YOLO:-Тоглоомоо хийснээс хойш өмнөхөөсөө өөрөөр хардаг болсон зүйл байгаа юу?
-Хүмүүст уламжлалаа хадгалъя гэсэн хүсэл бодол байдаг. Тэгэхдээ надад зааж өгөөгүй бол би дараа нь зааж өгнө гэж байхгүй шүү дээ.
Одоогийн залуучуудад заагаад өгчих юм болбол энэ уламжлалаа аваад үлдэх хүсэл бол байдаг юм байна гэж харсан.
Залуучууд уламжлалт зүйлсийг гоёор хардаг байх тренд болчхоод байна. Дээлээ гоё өмсөх, уламжлалт гоёлыг зүүх нь күүл байдаг болчхоод байгаад нэг талаараа баярлаад байгаа байхгүй юу.
YOLO:-Хүүхэд насандаа монгол ямар тоглоомоор тоглодог байсан бэ?
-Манайх авга ахындаа алаг мэлхий өрдөг байсан. Битүүнээр шагай их тоглодог байсан. Үеэлүүдээрээ нийлж бөгцөг няслаж тоглодог байлаа.
YOLO:- Хүүхэд "Би яагаад жил тоглоом тоглох юм бэ? Утсан дээр зөндөө тоглоом байна шүү дээ" гэвэл та юу гэж хэлэх вэ?
-Энэ тоглоом эмээ болон дээд үеийнхэнтэйгээ уулзах цэг байж болох юм. Одоо жишээ нь би эмээтэйгээ бол энэ тоглоомоос өөр хоорондоо ярья гэхээр ярианы сэдэв нэг их байдаггүй. Би анх тоглоомоо хийчхээд эмээ дээрээ очиж үзүүлсэн. Дээд үеийнхэнтэй холбогдох холбогдох ярианы сэдэв нь болох юм болов уу гэж бодож байна.
YOLO:- Эцэст нь зохион байгуулдаг эвэнтийнхээ талаар хэлж өгөөч. Сонирхож байгаа хүн байвал яаж оролцох вэ?
-Тоглоомоо сурталчлахын тулд хүмүүст биетээр мэдрүүлэх нь зүйтэй юм болов уу гээд эвентүүдээ хийж эхэлсэн. Согтууруулах ундаа уухгүйгээр зүгээр ирээд л тоглож болно. Тогтмол зарлагддаггүй ч инстаграм дагаад хамрагдаж болно.
Инстаграм хаяг: toglomore
YOLO: -Ярилцсанд баярлалаа.









5751






