Ганц шөнө унтахгүй байх хүртэл эрүүл мэндэд СӨРГӨӨР нөлөөлөх аюултай


Миау | YOLO.MN
2021-07-26

Сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар ганц шөнө нойргүй хоноход л сэтгэлзүй болон бие физиологийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар бий болдог нь тогтоогджээ.

Насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа 7 цагийн турш унтаж, нойроо авах ёстой байдаг ч ойролцоогоор гурван насанд хүрсэн хүн тутмын нэг нь энэ хэмжээнд хүрч чаддаггүй гэсэн судалгаа бий. Нойр дутуу байснаар ямар сөрөг нөлөө бий болж болзошгүй нь шинжлэх ухааны цөөнгүй судалгаагаар тогтоогдсон байдаг. Жишээлбэл, зүрх судасны өвчин, чихрийн шижин тусах, жин нэмэх, богино хугацааны ой санамжаа алдах зэрэг эрсдэлтэй байна.

Гэсэн ч нойргүй явах нь өдөр тутамд хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа цөөн байдаг тул  Өмнөд Флоридагийн их сургуулийн профессор Soomi Lee-гээр удирдуулсан судалгааны багийнхан энэ талаар судлахаар шийдсэн байна. Тэд уг судалгаандаа 1,958 насанд хүрсэн хүнийг хамруулсан бөгөөд тэдний найман өдрийн турш бичсэн тэмдэглэл дээр голчлон судалгаагаа явуулжээ.

Үр дүнд нь хүн ердөө ганцхан шөнө унтахгүй өнжихөд л сэтгэлзүй болон бие физиологийн эерэг байдалд өөрчлөлт ордог нь тогтоогджээ. Цаашлаад олон өдөр нойргүй эсвэл нойр дутуу явахад бие хөндүүрлэх, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа удаашрах, хоолой өвдөх, нус гоожих зэргээр амьсгалын замын үйл ажиллагаанд өөрчлөлт ордог байна.

Судалгааны багийнхан, “хүмүүс нойр бидэнд хэр чухал гэдгийг мэддэггүй. Тэр ч бүү хэл насанд хүрсэн хүмүүсийн нойрны хэмнэл гэр бүлийн бусад гишүүдэд ч нөлөөлдөг. Тиймээс эрүүл байхад нойр, хооллолт, дасгал хөдөлгөөн гэсэн гурван зүйл хамгийн их нөлөөтэй гэдгийг ойлгохыг зөвлөж байна. Хэрэв чи эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл нойрны чанар чинь ч дагаад сайжрах боломжтой. Мөн тогтмол цагт унтаж, тогтмол цагтаа сэрэх нь чухал гэдгийг ойлгоорой” хэмээн зөвлөжээ.

Эх сурвалж: CNN

#Эрүүл мэнд #Нойр