Цахим ертөнцөөс түр завсарлага авч өөртөө хөрөнгө оруулалт хий


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-20

Та өмнө нь цахим орчны хэрэглээгээ багасгая гэж бодож байсан уу? Хэрэгжүүлмээр байвч олон нийтийн сүлжээгээ огт шалгахгүй байх нь хэцүү байсан уу? Дэлхий дээр 3.96 тэрбум хүн Фэйсбүүк, Инстаграм, Твиттер гэх мэт олон нийтийн сүлжээг ашигладаг бөгөөд өдөрт дунджаар 144 минутыг цахим орчинд өнгөрүүлдэг гэх судалгаа бий. Цахим орчин биднийг хэрхэн донтуулдгийг хүн бүр мэдэх биз ээ.

Тиймээс цахим орчин дахь хэрэглээгээ багасгаж, олон нийтийн сүлжээнээс завсарлага авах нь өөрийнхөө эрүүл мэндэд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болно. Яаж гэж гайхаж байвал дараах нийтлэлийг уншаарай.

ЯАГААД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНЭЭС ЗАВСАРЛАГА АВАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Харвардын Эрүүл Мэндийн Их сургуулийн доктор Neha Chaudhary, “Олон нийтийн сүлжээ бол яг л хоёр талдаа иртэй хутга. Нэг талаасаа биднийг бусадтай холбож, ганцаардлаас аварч байна. Энэ бол давуу тал бөгөөд оюутнуудын дунд явуулсан судалгаагаар олон нийтийн сүлжээний ачаар ганцаардах мэдрэмж багасдаг нь тогтоогдсон. Гэвч нөгөө талаасаа цахим гадуурхалт, доромжлол зэргээс бидний амар тайван байдлыг эвдэгдэж, сэтгэцийн эрүүл мэндэд маань хор хөнөөл учирдаг” хэмээсэн юм.

Харин олон нийтийн сүлжээ таны эрүүл мэндэд эерэгээр нөлөө үзүүлдэг гэж бодож байвал энэ нь таны ухаалаг хэрэглээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл та өөрийгөө удирддаг, олон нийтийн сүлжээнээс завсарлага авч чаддаг гэсэн үг.

Олон нийтийн сүлжээ биднийг суугаа байдалд дасгаж байдаг. Найзуудтай ярьж, дотнын хүмүүстэйгээ холбоо тогтоодог ч бай өөрийнхөө хил хязгаарыг мэдэхгүй бол амьдралынхаа ихэнх цагийг зөвхөн ухаалаг хэрэгслүүдтэй ярьж өнгөрүүлж байна гэсэн үг. Нэмж дурдахад, олон нийтийн сүлжээн дэх бусдын амьдралыг өөрийнхөө амьдралтай жишээд эхэлбэл цаашлаад стресс, сэтгэл гутралд орох эрсдэлтэй.

XHALE программыг бүтээгч Katara McCarty, “Олон нийтийн сүлжээ биднийг өөртөө итгэлгүй болгоход хүргэдэг. Бас олон цаг ашиглавал өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахаа больж, бодит амьдралаас ч таашаал авахаа больдог” хэмээв.

Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал цахим хэрэглээгээ багасгах шаардлагатай болжээ.

- Хөгжилтэй санагдахаа больсон. Фэйсбүүк, Инстаграмаар дамжуулан гэр бүлийнхээ гишүүд болон найзуудтайгаа холбогдож хөгжилдөх хэрэгтэй. Гэвч танд тийм ч хөгжилтэй санагдахгүй, бусадтай холбоо тогтоох ч сонирхолгүй болсон бол цахим хэрэглээнээс завсарлага авах шаардлагатай болжээ.

- Өөрийгөө бусадтай харьцуулах. Хэрвээ та цахим сүлжээ үзэж байхдаа өөрийгөө хангалттай мундаг биш, хөөрхөн биш, амжилттай яваа ч биш гэж бодож эхэлсэн бол үнэхээр муугийн дохио. Олон нийтийн сүлжээнд аз жаргалтай байхаас илүү өөрийгөө голж, дарамттай санагдаж эхэлсэн бол яг одооноос бодит амьдралдаа эргэж орох цаг нь болжээ.

- Цахим хаягаа зогсоо зайгүй шалгах. Фэйсбүүк рүүгээ ороод “гялс” гүйлгээд харчихъя гэж боддог ч нэг л мэдэхэд өчнөөн цаг өнгөрчихсөн байдаг уу? Энэ үйлдлийг бид ухамсаргүйгээр хийсээр л байдаг.

- Шөнө утас оролдох. Унтахаасаа өмнө утсаа оролдох нь таныг улам сэргээж, цаашлаад нойргүйдэлд хүргэдэг. Утасны дэлгэцээс ялгарч буй цэнхэр гэрэл нь өдрийг санагдуулж, улмаар таны тархи автоматаар “өдөр болж байна” хэмээн хүлээж авдаг. Тиймээс унтахаасаа өмнө аль болох утсаа оролдохгүй байхыг зөвлөе.

Хэзээ, хэрхэн ашиглахаа мэддэг, өдөрт хэдхэн минутыг л цахим хаягаа шалгахад зарцуулчихдаг бол танд ямар ч асуудал алга. Гэвч олон нийтийн сүлжээг хэсэг хугацаанд ч гэсэн ашиглахгүй байж, сэтгэл санаагаа тайвшруулъя гэвэл дараах зааврыг уншаарай.

Олон нийтийн сүлжээнээс хэрхэн завсарлага авах вэ?

Мэдээж эрүүл мэндийнхээ төлөө олон нийтийн сүлжээнээс татгалзмаар байвч эхэн үедээ хэцүү санагдах нь гарцаагүй. Ихэнх хүмүүс “дэлгэцийн донтолт”-той болсон байдаг учраас энэ зуршлаасаа салахад багагүй хугацаа шаардагдана.

1. Цахим хаягуудынхаа мэдэгдлийг унтраах. Тэр таны зураг дээр лаяк дарлаа, сэтгэгдэл бичлээ гэсэн мэдэгдэл /notification/ ирээд байвал таны тархинд “өдөөлт” үүсэж байна гэсэн үг. Ийнхүү ухамсаргүйгээр өнөөх мэдэгдлийн дагуу аппликейшнээ шалгаж эхэлнэ! Тиймээс бүх аппликейшнийхээ мэдэгдлийг унтраагаарай.

2. Өөртөө анхаарал тавих. Утсаа ширтэж өдрийг өнгөрүүлэхийн оронд агаарт гарч алхах, ном унших, дуртай хоолоо хийж идэх зэргээр өөртөө илүү их анхаарал тавиарай. Энэ нь таныг утаснаас хол байлгахад тусална.

3. Хэрэгцээт зүйлээ л хардаг байх. Танд ямар агуулга сайхан мэдрэмж төрүүлж, ямар нь таагүй мэдрэмж авчирдаг вэ? Үүнийгээ ялгаж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс танд таагүй мэдрэмж төрүүлж байгаа зүйлсээс зайлсхийж сурах нь чухал. Сөрөг мэдрэмж, сэтгэл түгшүүр өгч байгаа зүйлсээс хол байж илүү эерэг зүйлсийг дагаарай.

4. Орой унтахаасаа өмнө утсаа холдуул. Унтахын өмнө утсаа үздэг муу зуршлаасаа салахын тулд холхон тавьчих. Энэ нь таныг олон нийтийн сүлжээнээс авдаг сөрөг мэдрэмжээс сэргийлж тайван унтаж амрахад тусална.

5. Цахим хэрэглээг хянах аппликейшн ашиглах. Та өөрийн утсан дээр цахим хэрэглээг хянахын тулд Freedom, Social Fever, App Detox, Anti-Social зэрэг аппликейшнээс суулгаарай. Долоо хоногт болон өдөр бүр хэдэн цагийг цахим ертөнцөд зарцуулж байгаагаа мэддэг болчихвол олон нийтийн сүлжээг хэрэглэх тань багасах болно.

6. Утсан дээрх аппликейшнүүдээ устгах. Фэйсбүүк, Инстаграм зэрэг хамгийн их хэрэглэдэг аппликейшнүүдээ устгах хэрэгтэй. Харин зайлшгүй ашиглах шаардлага гарсан үед комьпютерээр ороорой. Олон нийтийн сүлжээнээс олон хоногоор завсарлага авахыг хүссэн үед энэ арга нь тохиромжтой.

7. Гар утас ашиглахгүй өдөртэй болох. Бид ухаалаг технологийн эрин зуунд амьдарч байгаа учраас утас ашиглахгүйгээр амьдрах нь бараг л боломжгүй зүйл. Гэхдээ өөрийн цахим хэрэглээг хянахаар шийдсэн бол долоо хоногийн аль нэг өдрийг огт гар утас хэрэглэхгүй өдөр болгож сонгоорой. Эсвэл олон нийтийн сүлжээг огт ашиглахгүйгээр утсаар ярих зэрэг бусад төрлийн гар утас дээрх хэрэгцээт зүйлээ ашиглаж болох юм.

8. Шинэ зуршилтай болох. Шинэ зуршил бүтээх нь санаснаас урт хугацаа шаардана. Гэхдээ л бидний олон нийтийн сүлжээнд зарцуулж буй хугацаатай харьцуулбал “амархан” санагдах болно. Ном уншдаггүй байсан бол ном унш, шинэ хэл сур, эсвэл рубикийн шоо эвлүүлэх, иогоор хичээллэх, бясалгал хийх гэх мэт олон шинэ зуршил бүтээх боломжтой.

Өөртөө цаг зав гаргаж олон нийтийн сүлжээнээс завсарлага авах нь эрүүл сонголт юм. Тиймээс утаснаасаа хэдэн өдөр ч болтугай холдож эрүүл мэндээ дэмжээрэй.

Эх сурвалж: Insider, Healthline

#Зөвлөгөө #Цахим ертөнц