Техник, технологи болон интернэт орчны хөгжилтэй зэрэгцээд одоогийн хүүхэд залуусын ч мэдлэг, чадвар, эрмэлзэл, хандлага ч түүнийгээ дагаад өсчээ. Тэдний нэг болох Д.Түшигт-Эрдэнэ хүүг та бүхэндээ танилцуулж байна.
YOLO: Уншигч хүүхдүүдэд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
Намайг Д.Түшигт-Эрдэнэ гэдэг. Би Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургуулийн 12в ангид сурдаг. Одоо 17 настай. Би гурван эгч хоёр эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү. Аав минь зургийн багш харин ээж маань бүжигчин мэргэжилтэй. Гэхдээ мал маллаад олон жил болж байна. Хүүхэд нас маань хөдөө нутагт хурга ишгэнд дунд л өнгөрсөн. Сонирхолтой нь гэвэл би цэцэрлэгт явж байгаагүй, таван настайдаа сургууль орсон боловч гэрээ санасан гэх шалтгаанаар гараад дараа нь долоон настайдаа уншиж, бодож чаддаг болчихоод сургуульд орж байсан юм.
YOLO: Саяхан АНУ руу ямар шугамаар явчихаад ирсэн бэ?
Монгол дахь АНУ-ын ЭСЯ-аас хэрэгжүүлсэн “Mongolian-United State Student Envoy” хөтөлбөрт нэг сарын хугацаатайгаар хамрагдаад ирлээ. Энэ нь залуу үеийн манлайллыг дэмждэг хөтөлбөр юм. Тэнд олон улсаас цугласан хүүхдүүд хоорондоо туршлага судалж, солилцож, сургалтад хамрагддаг. Хөтөлбөрийн төгсгөлд хүүхдүүд эх орондоо очоод олон нийтийн ажил хийх ёстой байдаг.
YOLO: Хамрагдсан хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй яриач?
Энэ хөтөлбөр нь хамгийн анх удаагийнх бөгөөд Монгол дахь Америкийн элчин сайдын яамнаас зохион байгуулагдсан. Зургадугаар сард материалаа аваад наймдугаар сард ярилцалганд орсны дараагаар Монголоос тэнцсэн нийт 20 хүүхэд явсан. Материал авахад тодорхойлох захидал хоёр ширхэг, хичээлийн дүн, анкет, богино асуултууд болох эссе зэрэг зүйлс шаардагдаж байсан. Хөтөлбөрийг гол зорилго нь Америкт байдаг олон нийтийн байгууллагуудаас олж авсан туршлагаа ашиглаад Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явдал юм. Хэрвээ бид 20 сайн төсөл, олон нийтийн ажил хэрэгжүүлж чадвал дараа жил Монголоос дахиад энэ хөтөлбөрт хүүхдүүд хамрагдах боломжтой болох юм.
2016 оны аравдугаар сард АНУ, Индианаполис
YOLO: Төлөвлөж байгаа тэрхүү олон нийтийн ажил нь юу вэ?
Би хүүхэд залууст зориулсан goodyouths.com сайтыг нээсэн юм. Тиймээс олон нийтийн ажлаа би энэхүү сайтан дээрээ тулгуурлаж хийх бодолтой байна. 2015 оны есдүгээр сараас эхлэн би өөрөө гадаадын сургуулиудад бүртгүүлэхээр мэдээлэл хайж эхэлсэн. Гэтэл монгол хэл дээр энэ төрлийн мэдээ мэдээлэл маш ховор, байсан ч гэсэн мэдээлэл нь маш дутмаг санагдсан. Эсвэл аль нэг сургалтын төв өөрсдийн хэрэгцээндээ зориулж зарын чанартайгаар бичсэн байсан.
Тиймээс аравдугаар сараас нь эхлэн wordpress.com дээр блог ажиллуулж энэ талаарх мэдээллийг би өөрөө орчуулж бэлтгэдэг болсон. Би тухайн үед англи хэлийг дөнгөж сурч эхэлж байсан болохоор англи хэлнээс орчуулга хийх нь ч гэсэн надад хэлээ сайжруулах боломж болж байсан. Түүнээс гадна хүүхэд залуус ч мөн бэлтгэж байгаа мэдээллийг маань ч их сонирхож, бусадтайгаа хуваалцдаг болсон. Мөн өөр сайтад орчуулагчаар ажиллаж, тухайн хугацаандаа сайтын талаарх бага зэргийн судалгаа хийгээд, ажиллаж олсон мөнгөөрөө хост, домэйн худалдаж авч энэхүү сайтаа энэ оны тавдугаар сард нээсэн дээ.
YOLO: Сайт нээх гол зорилго юу байсан бэ?
Гадаадын их дээд сургуульд монгол хүүхдүүд зөндөө сурдаг ч, тэдэн шиг мөн сурахыг хүсдэг зөндөө хүүхдүүд байдаг. Харин тэд хаанаас, юунаас эхлэхээ мэддэггүй. Тиймээс хаанаас ч мэдээлэл авч болохыг нь бодолцоод сайт нээхээр болсон. Ялангуяа би өөрөө орон нутгийн сургуульд сурдаг болохоор би сайтаа өөрөө хаанаас ч удирдаж болно. Өөрөөр хэлбэл өөрийн туршлага дээр үндэслэн хүүхүүдэд тусалъя гэж бодож байна. Сайтын маань баг 10 орчим гишүүнтэй бөгөөд тэд бүгд арван жилийн сурагчид байдаг. Яг өнөөдрийн байдлаар зургаан сарын ой маань тохиож байна. Энэ хугацаанд манай нийтлэлийг давхардсан тоогоор нийтдээ яг нэг сая хүн үзэж сонирхжээ.
YOLO: Мэргэжлийн орчуулга хүртэл хийдэг гэхээр чиний англи хэл нэлээд сайн юм шиг байна. Хөдөө орон нутагт англи хэлний сургалтын төв түгээмэл бишийн дээр сурах нөхцөл боломж ч хотынх шиг биш байдаг байх. Харин чи англи хэлийг хэрхэн ийнхүү сайн сурав аа?
Сургуульд заадаг англи хэлний хичээл хэдий багш сайн байлаа ч өөрийн практик байхгүй бол их уйдах хандлагатай болдог. Цаг үргэлж л дүрэм үзээд байвал тийм ч сонирхолтой биш шүү дээ. Тиймээс би жил хагасын өмнөөс өөрөө өөртөө цаг гаргаж англи хэлийг илүү сонирхолтой байдлаар дараах дөрвөн аргаар сурах болсон.
Нэгд, хамгийн энгийн хэрэглээ болох фэйсбүүкээс эхэлсэн. Ингэхдээ би монгол хэл дээрх хэрэггүй пэйжүүдийг дагахаа больж харин үүний оронд англи хэл дээрх мэдээ мэдээлэл, сонирхолтой зүйлс хүргэдэг пэйжүүдэд лайк дарж, дагаж эхэлсэн. Тэгээд ирэхээр миний фэйсбүүкт зөвхөн англи хэл дээрх зүйлс харагдаж, түүнийг уншиж, ойлгохгүй бол орчуулдаг болсон. Орчуулгын явцдаа шинэ үгсээ цээжилнэ, харин дараа нь өнөөх үг өөр мэдээний дунд явж байх юм бол надад л давуу тал болж байгаа юм.
Хоёрт, би маш их зүйл орчуулдаг байсан. Гэхдээ үүнийг хичээлтэй холбож бодох вий, би өөрийнхөө хүслээр чөлөөт цагаараа л хийдэг байсан зүйл маань юм. Ялангуяа өнгөрсөн зуны дөрвөн сар би сургалтын төвд явахдаа орчуулга их хийсэн. Эхэндээ юу ч ойлгохгүй байсан ч орчуулга хийх тусам бага багаар ойлгодог болсон.
Гуравдугаарт, би англи хэл дээрх кино үзэх дуртай. Эхэндээ хадмал орчуулгатайгаар нь үздэг байсан ч яваандаа сайжрахын хэрээр хадмал тайлбар шаардлагагүй болсон. Би өөрөө Харри Поттерийн "улаан" фэн, тиймээс энэхүү киноны долоон цувралыг дахин дахин үзсэн, одоо бараг үг бүрээр нь чээжилчихсэн байх (инээв)
Дөрөвдүгээрт, би хүүхэлдэйн кинонд их дуртай. Тиймээс Cartoon network, Nickelodeon зэрэг хүүхэлдэйн киноны сувгуудыг их үзнэ. Тэдгээрт гарч байгаа харилцан яриа нь ойлгоход их амархан, мөн үйл явдал нь ч их сонирхолтой байдаг. Эдгээр дөрвөн аргыг уйгагүй хэрэглээд англи хэлээ эрчимтэй сайжруулсан даа.
YOLO: Тэгэхээр жил хагасын өмнө чиний англи хэлний түвшин тийм ч сайн биш байжээ. Маш богино хугацаанд огцом сайжруулж чадсан байна.
Ингэж сурахаасаа өмнө би англи хэлийг тийм ч их сонирхдоггүй байсан. Эхэндээ математик, IQ зэргээр их дагнасан хүүхэд байсан. Гаргаж байсан хамгийн том амжилтууд гэвэл "Kangaroo" олон улсын математикийн олимпиадын 1 алт 2 мөнгө 2 хүрэл медалтай, сэтгэх чадварын улсын олимпиадын 2 алт 1 мөнгө 1 хүрэл медалтай. Гэсэн ч англи хэл дээрээ энгийн дүрмээ ч мэдэхгүй, наад захын харилцан яриа ч хийж чаддаггүй байсан.
2016 оны тавдугаар сард, Сэтгэх чадварын улсын 14-р олимпиадад 2-р байр мөнгөн медаль хүртжээ
YOLO: Сурахаар төлөвлөсөн дараагийн гадаад хэл байна уу?
Бид 11-р анги хүртлээ орос хэл үздэг байсан ч больчихсон. Тиймээс би энэхүү хэлээ гүйцээж үзэхийн тулд өөрөө бие дайн онлайнаар сурч байгаа. Түүний дараагаар испани эсвэл итали хэл гээд үзэх бодолтой л байна. Гэхдээ Монголд залуус маань дан ганц англи хэлтэй байгаад давуу тал болж чадахааргүй болсон, дор хаяж гурван хэлтэй байсан цагт амжилттай байж чадна гэж би боддог.
YOLO: Ирээдүйн мэргэжлээ сонгочихсон уу?
Би өмнө нь мэдээллийн технологийн чиглэлээр ажиллана гэж боддог байсан. Гэхдээ сүүлийн үед би өөрөө сайн дурын үйл ажиллагаанд их оролцоод энэ төрлийн ажил хийвэл надад яг тохирох юм шиг санагдаад байгаа юм. Яг мэргэжлээ нарийн сайн сонгоогүй байгаа ч хүрье гэсэн олон зорилго бий. Жишээ нь би motivational speaker буюу хүмүүст урам зориг өгдөг илтгэгч болохыг хүсдэг. Мөн илбэчин болно гэж боддог. Бас тоглоомы аппликэйшн хөгжүүлдэг хүн болох ч бодолтой байна.
YOLO: Сайн дурын ажилд оролцохын давуу тал нь юу байдаг вэ?
Олон нийтийн ажил буюу сайн дурынхны үйл ажиллагаа тухайн хүнд туршлага хуримтлуулах их боломж болдог. Мөн л түрүү жилийн есдүгээр сараас эхлэн би сайн дурын ажилд хамрагдах болсон. Дэлхийн оюутны байт харвааны тэмцээн, Сумо сонирхогчдын тэмцээн, Азийн оюутны сагсан бөмбөгийн аваргын тэмцээн болоход сайн дурын хөтөч хийсэн. Гадаадын тамирчдыг бид тус бүрдээ хариуцаад авчихдаг юм. Тэгээд шаардлагтай байгаа зүйлсийг нь олж өгөх, зохион байгуулагчдад дамжуулж хэлэх эсвэл монгол хэл дээрх тэмцээний мэдээллийг тэдэнд англи хэл дээр буулгаж өгөх гэх мэтчилэн ажил үүрэгтэй байсан.
2016 оны зургадугаар сард, Оюутны дэлхийн байт харвааны аварга шалгаруулах тэмцээн,
Коста Рика улсын багийг хариуцсан сайн дурын хөтөч орчуулагчаар ажилласан
2016 оны есдүгээр сард Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн,
Хятад улсын багийг хариуцсан сайн дурын хөтөч орчуулагчаар ажилласан
2016 оны наймдугаар сард Сумо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
Герман улсын багийг хариуцсан сайн дурын хөтөч хийсэн
Цалингүй зөвхөн хоол унааны мөнгө л авдаг байсан ч би эндээс маш их туршлага, шинэ зүйлсийг сурч мэдсэн нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Иймэрхүү маягаар зургаан ч олон улсын тэмцээнд ажилласан. Мөн мэдээж танилын хүрээ ихсэнэ, сайн найзууд болсон зөндөө хүн байгаа. Хэрэв би эх оронд нь очлоо гэж бодоход буудаллах газар байхгүй бол найзындаа очиж болно. “Чи намайг Монголд их сайхан байлгалаа. Хэрэв чи Германд ирэхээр бол надад заавал хэлээрэй, би ч бас чамайг тавтай тухтай байлгана аа” гэж найз минь хэлсэн.
Бас нэг давуу тал нь тэвчээртэй болно. Учир нь өглөө үүрээр гарсан хүн орой 8, 9 гээд харих нь элбэг. Энэ хугацаанд тэднийг Тэрэлж руу дагуулж явна, юм үзүүлж танилцуулна, зарим тохиолдолд бүтэлгүйтнэ гээд асуудал мэр сэр гарна. Тэр болгоныг яаж шийдэх вэ, хэрхэн зохицуулах вэ гэсээр тэсвэр тэвчээр сууж, хувийн зохион байгуулалттай болдог.
YOLO: Олон нийтийн ажил гэхээр бүгдэд нь оролцоод явах мэтээр зарим хүүхэд боддог. Нэг үгээр тодорхой зорилгогүйгээр бүгдэд нь хамрагдахыг хүсээд байх шиг ажиглагддаг. Чиний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Зарим хүүхэд гадаадын их сургуульд бүртгүүлэх намтар танилцуулга дээрээ л их зүйлс бичих гэж сайн дурын ажилд хамрагдаад байдаг. Энэ тийм ч муу зүйл биш л дээ. Гэхдээ тухайн сайн дурын болон олон нийтийн ажилд хамрагдсанаар дараа нь чамд үлдэх үр дүн нь их чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Чи сэтгэл хангалуун үлдээд, их туршлага хуримтлуулж чадаж л байвал сайн хэрэг. Тэрнээс нэр төдийхнөөр хийвэл хэзээ ч чамд хэрэг болохгүй, цагийн гарз болно.
Чадахгүй ч гэсэн шинэ зүйлийг оролдож үз, танихгүй ч гэсэн хэн нэгэнтэй яриа эхлүүлээд үз. Аливаа зүйлсийг facebook, instagram, сургууль, гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд бодож болохгүй. Томоор сэтгэ, товчоор хэлбэл жижиг нуурын том загас биш том нуурын жижиг загас бай, нэг л өдөр чи том загас нь болох болно!
YOLO: Манай редакцид “Би хүнтэй чөлөөтэй ярьж чадахгүй байна, биеэ их барьдаг, хүний өөдөөс эгц харж чаддаггүй” гэхчлэнгээр харилцаандаа сэтгэл хангалуун бус хүүхдүүдээс захиа их ирдэг. Харин чиний хувьд нээлттэй, чөлөөтэй ярьдаг чадвараа хэрхэн олж авсан бэ?
Би математикаар их хичээллэдэг байсан гээд түрүүн хэлсэн дээ. Тэр үедээ олон цагаар ганцаараа тоогоо бодоод их сууна, бусадтай харьцах шаардлага тэр бүр гардаггүй, цаг ч их амархан явна. Их удаан хугацаанд тийм байдалтай байсан. Гэтэл сайн дурын ажил хийгээд шинээр танилцсан олон хүүхдийн дунд ороод ирэхээр харилцаа маань ч сайжирсан. Тэр дунд маш олон төрлийн хүмүүс байдаг. Тэдэнтэй ярихгүй, харьцахгүй яваад байж болно. Гэхдээ сайн дурын ажил дуусахад чи хэнтэй ч харилцахыг хичээгээгүй нэгэн л болж хувирна.
Харин эсрэгээрээ хичнээн ичимхий байсан ч өөрөө хичээгээд бусадтай сайхан харилцаа үүсгээд, ярилцаад байх юм бол сонирхол нэгтэй маш мундаг хүмүүстэй таардаг юм. Надтай нас чацуу ч маш туршлагатай хүүхдүүдтэй таардаг, нуугаад яах вэ надад цагаан атаархал төрдөг. “Би яагаад энэ хүүхэд шиг байж болохгүй гэж” хэмээн бодоод өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах аргаа улам ихээр хайж эхэлдэг. Тиймээс шинэ хүмүүстэй танилцаж ярихаас эмээдэг зангаа эртнээс л хаясан нь дээр. Зориглоод өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж хэлмээр байна. Гэхдээ заавал сайн дурын үйл ажиллагаанд гэлтгүй, сонирхол нэгтэй хүмүүстэйгээ уулзаж танилын хүрээгээ тэлж байх хэрэгтэй юм.
YOLO: Чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Утасны тоглоом их тоглоно. Гэхдээ үүгээрээ өөрийгөө зугаацуулах гэж биш санаа авах гэж, “энэ нь ийм байдаг юм байна, ингэвэл зүгээр юм байна” гэх байдлаар сонирхож их тоглоно. Би номд шимтэгч биш ээ (инээв). Харри Поттероос өөр ном миний сонирхлыг татдаггүй юм. Одоо сүүлийн зохиолыг нь англи хэл дээр уншаад эхэлчихсэн.
YOLO: Дунд сургуулиа төгсөөд аль их сургуульд элсэх төлөвлөгөөтэй байна вэ?
Би сургуулиа төгсөөд “gap year” буюу нэг жилийн чөлөө авъя гэж бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл ирэх оны есдүгээр сард их сургуульд орохгүй өнжих юм. Би энэ талаар маш сайн бодож үзсэн. Ингэх болсон хэд хэдэн шалтгаантай. Гадаадын их сургуульд элсэхийн тулд надад TOEFL, IELTS, SAT-ийн шалгалтууддаа энэ хугацаанд маш сайн бэлтгэх хэрэгтэй байна. Сонирхуулж хэлэхэд АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн охин Малиа Обама Харвардын их сургуульд тэнцсэн ч гэсэн нэг жилийн чөлөөний дараа элсэж орсон, өөрийгөө бэлтгэх гэж тэр шүү дээ. Тэгэхээр нэг жилийн чөлөөндөө өөрийгөө сайн бэлтгэж чадах юм бол маш том давуу тал болдог.
Бид 12-р ангиа маш стресстэй төгсөнө, тэр бол тодорхой (инээв). Шалгалт шүүлэг, ЭЕШ, хонхны баяр, төгсөлт гээд нэлээн завгүй байдаг. Түүний дараагаар зуны гурван сар амарсан болчихоод дахиад л сурч эхэлнэ. Тэгэхээр миний бодлоор ахлах сургуулийн сурагч, их сургуулийн оюутан хоёр огт ялгаагүй болчихдог юм шиг санагддаг. Тэгээд дөрвөн жил дахин суралцаж төгссөний дараа ажил дээр гараад л... өөрийгөө хөгжүүлж таних боломж олголгүй энэ бүгд зогсолтгүй үргэлжилнэ. Тиймээс “gap year”-ийг зөв ашиглаж чадвал өөрийнхөө юу дуртайг хийн хөгжиж боловсроод, бүр боломж байвал гадны орнуудаар аялаад, үнэхээр ирээдүйн мэргэжил нь мөн үү гэдгээ мэдэхийн тулд тэр дагуу дадлага хийж үзэх боломжтой байдаг. Тэгээд дараа нь оюутан болвол үеийн хүүхдүүдээс арай их туршлагатай болсон, нэг алхмаар илүү, ачаалал даах чадвартай болсон байх болно.
YOLO: Нэг жилийн чөлөөндөө юу хийх бодолтой байна вэ?
Бодсон хэд хэдэн зүйл байна. Хэрэв бүтвэл АНУ руу яваад хэдэн сар ажил хийх бодолтой байна. Эсвэл Энэтхэг улс руу аялаад ирнэ. Би өөрөө бясалгал хийдэг, тиймдээ ч бурхны орон гэдэг утгаараа энэ улсад зочлохыг хүсдэг. Мөн боломж гарвал тэнд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр сургалтанд хамрагдаад мэдлэгээ дээшлүүлнэ. Намайг нутагтаа урьсаар байгаа Герман найз дээрээ очиж магадгүй. Гээд бодож төлөвлөсөн маш их зүйл байна, нэг жилийн хугацаанд амжуулж чадах нь уу үгүй юу гэдэг л байна (инээв)
2016 оны аравдугаар сард, АНУ Блумингтон (Монголын элч сурагч хөтөлбөр)
YOLO: Танай гэрийнхэн чиний энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
Аз болоход гэрийнхэн маань миний үзэл бодлыг хүндэтгээд зөвшөөрсөн. Тэд маань намайг их дэмждэг. Зарим найз маань надтай адил нэг жилийн чөлөө авахыг хүссэн ч гэрийнхэн нь дургүйцээд зөвшөөрөөгүй. Дунд сургуулиа төгссөн бол тэр намар нь заавал их сургуульд орох ёстой гэсэн хэвшмэл ойлголт манайхан дунд байдаг. Адаглаад л хамаатан садан, таньдаг хүмүүс нь муу сурдаг, их сургуульд тэнцээгүй гэж бодно гэдэг. Тэгээд л зарим хүүхэд зүгээр байснаас дээр гээд нэг сургуульд сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд дөрвөн жилийг өнгөрөөх тохиолдол байдаг.
YOLO: Чиний ирээдүйн зорилго?
Сайтынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх бодолтой байна. Хөрөнгө босгоод сайтаа илүү мэргэжлийн түвшинд хүргэнэ. Мөн хувь хүний тал дээр гадаадад сайн боловсрол эзэмшээд эх орондоо ирж сурсан мэдсэнээ ашиглаж ажиллах болно.
YOLO: Үе тэнгийн өсвөр үеийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?
Энэ хавар дөрөв дэх жилдээ зохиогдсон “TEDxBaruun-Urt 2016” үйл ажиллагаанд би “The Golden Snitch” гэсэн нэртэйгээр англи хэл дээр илтгэл тавьсан. “Golden snitch” гэдэг нь Харри Поттер дээр гардаг далавчтай, нисдэг бөмбөлөг байдаг даа Харри тэрхүү бөмбөлөгийн хойноос хөл гараа бэртээн байж, маш их бартаа саадыг туулсаар цуцалтгүй хөөсний эцэст барьж авдаг.
2016 оны тавдугаар сард, "Tedx Baruun-urt" үйл ажиллагаанд
"The golden snitch" илтгэлээ тавьж буй нь
Тэрхүү алтан бөмбөлөгийг би боломжтой зүйрлэсэн. Тэд хоёул маш хурдан бөгөөд жижигхэн, нүд ирмэхийн зуур л өнгөрч мэдэх тэр боломжийг өөрийн чадвараа дайчлан барьж авах хэрэгтэй. Чи хэцүүг сөрж олон зүйлсийг золиослоод барьж авч чадах л юм бол эцсийн мөчид ялагч болно. Тэгэхээр үеийнхэндээ хандаж хэлэх үг маань боломжийг хэзээ ч бүү алд, эргэн тойронд байгаа боломжуудаа анзаарч хар, түүнийг өөрийн болгож барьж ав гэж хэлье.
Мөн миний үеийн одоогийн залуус маш мундаг болжээ. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг болж, олон хэлийг нэг дор эзэмшиж байна. Гэхдээ мундаг бөгөөд чадварлаг болохыг хүн үнэхээр хичээвэл чадна. Харин хэдий чадварлаг бөгөөд мундаг болсон ч хүн чанараа бүү гээгээсэй гэж хүсдэг. Ядаж л танил хүнтэйгээ таарвал гар бариад мэндчилдэг, гудамжинд хүнийг санамсаргүй мөргөчихвөл уучлалт гуйдаг эсвэл ил задгай шүлсээ хаяхгүй байх гэхчлэнгээр маш энгийн зүйлсээс л хүн чанар эхэлдэг. Амжилтанд хүрэх гэж хэт хичээхдээ зарим нь хүн чанараа мартах тохиолдол байдаг. Тиймээс хичнээн амжилтанд хүрсэн ч хүн чанараа л бүү гээгээрэй.
Үеийнхэндээ хандаж хэлэх бас нэг зүйл бол өөрийн хүрээллээсээ гарж хорвоо ертөнцтэй танилцаарай. Чадахгүй ч гэсэн шинэ зүйлийг оролдоод үз, нэг алдвал дахиад л оролд, танихгүй ч гэсэн хэн нэгэнтэй яриа эхлүүлээд үз яваандаа чи нүүр хагарна. Аливаа зүйлсийг facebook, instagram, сургууль, гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд бодож болохгүй. Томоор сэтгэ, товчоор хэлбэл жижиг нуурын том загас биш том нуурын жижиг загас бай, нэг л өдөр чи том загас нь болох болно!
YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдынх нь амьдралд амжилт хүсье ээ.
Баярлалаа. Yolo.mn сайтын хамт олондоо мөн ажлын амжилт хүсье
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх