Хүнийг хөлдөөж хадгалаад, буцаан амилуулах чиглэлд найдлага төрүүлж буй стартап


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2024-07-05
 

Лаура Деминг хүний насыг уртасгах технологид өсвөр наснаасаа эхлэн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд элдэв жигтэй, бүтэшгүй гэмээр санаануудаар дүүрэн тус талбарт ялгарч чадаж буй хөрөнгө оруулагчдын нэг болжээ.

Лаура Деминг өдгөө венчур хөрөнгө оруулагч байхаа больж, нас уртасгах технологийн хамгийн маргаан дагуулдаг чиглэлээр өөрийн стартапаа байгуулсан байна. Гурван жил нууцаар ажиллуулсан түүний “Cradle Healthcare” компани нь өвчтөний биеийг хөлдөөж, ирээдүйд тухайн өвчнийг эмчлэх аргыг боловсруулсан үед буцаан амилуулах “крионик” технологийг хөгжүүлэхэд чиглэж байгаа аж. 

Судлаачид болон компаниуд крионик технологийг олон арван жил судалж буй ч хэрэглээнд нэвтрэх боломжтой болох хүртэл олон тооны туршилт, нээлт хийх шаардлагатай байгаа юм. “Бусад компаниуд биеийг хөлдөөн хадгалахад их анхаарч, буцаан амьдруулах үеийг орхигдуулах хандлагатай байдаг. Харин бид хүнийг буцаан амьдруулах боломжтой крионик технологи дээр ажиллаж байна. Энэ нь биеийг хадгалах, аюулгүйгээр гэсгээх үйл явцыг мөн бүтээнэ гэсэн үг” гэж Лаура Деминг онцолж байлаа.

Хэдий ховор ч гэсэн крионик технологи практик дээр хэдийн ашиглагдаж эхэлжээ. Тухайлбал: IVF буюу үр шилжүүлэн суулгах ажилбарт үр хөврөлийг криопротекторын уусмалд хийж, дараа нь шингэн азотод хадгалснаар ашиглах цаг нь ирэх хүртэл олон жил хадгалах боломжтой болдог.

Саяхан Миннесота их сургуулийн судлаачдын баг хархны бөөрийг 100 хоногийн турш хөлдөөж, дараа нь гэсгээн өөр харханд суулгахад сарын дараа бөөр хэвийн ажилладаг болсон байна. 

Аливаа эрхтэн, тархи эсвэл биеийг бүхэлд нь хөлдөөхөд тулгардаг гол бэрхшээл нь эдгэрэх боломжгүй гэмтэл үүсгэхгүй байх явдал юм. Хөлдөөх явцад үүсдэг мөсөн талстууд нь эсийг зүсэх, хагалах эрсдэлтэй байдаг. Иймд эд, эрхтнийг  маш хурдан хөлдөөж, криопротектор химийн уусмалд хийн талстжих үйл явцыг удаашруулах замаар хамгаалалтын арга хэмжээ авдаг байна. 

Харин бүтэн биед тус технологийг ашиглах хэцүү аж. Учир нь биеийн дотор эрхтнийг хурдан хугацаанд хөлдөөхөд хүндрэлтэй байдаг байна. Хүмүүс крионикийн технологийг шинжлэх ухааны уран зөгнөл гэж харах нь элбэг. Эрхтэн шилжүүлэх мэс ажилбарт зориулж эрхтнийг хадгалж болно гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг ч тархи юм уу биеийг бүтнээр нь хөлдөөнө гэхээр хүмүүсийн санаанд багтдаггүй. 

Лаура Деминг болон “Cradle” компанийн хамтран үүсгэн байгуулагч, ахлах судлаач Хантер Дэвис нарын төсөөлж буйгаар крионикийн төгс аргачлал нь томоохон хэмжээний дээжийг Цельсийн -130 хэмд хөлдөөж, мөсөн талст аль болох бага үүсгэх аж. Хэрэв зөв хөлдөөвөл дээж доторх шингэн нь мөсөн талст бүрэлдэх шатыг алгасаж, шууд л зунгаг хэлбэрт барьцалдан хөлдөх юм байна. 

“Хасах 130 хэмд бүх зүйл бүрэн зогсоно. Эд доторх шингэн хув юм уу шил шиг аморф төлөвт ордог” хэмээн Хантер Дэвис өгүүлж байлаа. Үүний тулд хорт бодисгүй криопротектор химийн уусмал хэрэгтэй байгаа нь салбарт тулгарч бус бас нэгэн томоохон сорилт аж.

#технологи #ииноваци #bloomberg