О.Тэнүүнжаргал: Хөдөлмөрийн мөлжлөгөөс сэргийлцгээе найзууд аа!


Б.Чимэг | YOLO.MN
2023-10-23

Аяны хүрээнд 6-12-ар ангийн хүүхдүүдийн дунд “Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс хамгаалах нь” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан. Уралдааны 6-9-р ангийн ангиллын I байрт нийслэлийн Хан-Уул дүүргийн “Шинэ өнөөдөр” сургуулийн 8а ангийн сурагч О.Тэнүүнжаргал шалгарсан юм. Түүний бичсэн эсээг та бүхэнд хүргэж  байна.  

Хүнийг хүн болгоно гэдэг амаргүй шүү! Манай эмээгийн ярианаас...

Хүн  худалдаалах гэмт хэргийн талаар миний ойлголт хангалтгүй байсныг энэ уралдаанд оролцох явцдаа  мэдлээ. Би бага насны хүүхдүүдийн эд эрхтэнг нь авах зорилгоор хийж буй үйлдлийг хүний наймаа гэж ойлгож байсан.

Хоёр  жилийн өмнө ээжээсээ шинэ утас нэхэж уйлах үед ээж минь Хятадад Iphone 13-тай  болохын тулд эцэг эхээсээ нууцаар бөөрөө зарж улмаар амиа алдахад хүрсэн хүүхдийн бичлэгийг үзүүлснээс үүдэлтэй. Ажлаа өгөөд удаагүй байсан ээжээсээ утас нэхсэндээ одоо жаахан харамсаад л байна.

Хүний наймаа нь хүн төрөлхтний аюулын үүдийг нээгээд удаж байгаа асуудал  бөгөөд  арга ажиллагаа нь нарийсаж, илрүүлэхэд тун төвөгтэй  болсоор байгаа юм билээ.

Монгол улсын Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд: 3.1.1."хүн худалдаалах" гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эс, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг; хэмээн заажээ.

1990 оноос эхэлсэн шилжилтийн хүнд бэрх байдлаас улбаалсан ажилгүйдэл, ядуурал нь хүмүүсийг, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг улс орны дотоодод болон хилийн чанадад худалдаалах суурь шалтгаан болсон билээ. Монголд албан ёсоор мэдэгдэж байгаагаар 2001 онд хүн худалдаалах гэмт хэрэг нэг гарсан бол 2008 оны байдлаар 300 гаруй хэрэг бүртгэгдэж, шалгагдсан байна. Гэвч энэ нь бодит байдлыг харуулсан тоо биш юм. (Эх сурвалж: Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн талаархи тайлан 1 дэх тал)

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг дараах хэлбэр, төрлөөр голчлон үйлдэгдэж байна. Үүнд:

a. Бэлгийн мөлжлөг

b.Хөдөлмөрийн мөлжлөг

c. Захиалгат гэрлэлт

Эдгээрээс би өөрийн сайн мэдэх хөдөлмөрийн мөлжлөгийн жишээнүүдийг хуваалцахыг зорьж эссэгээ бичлээ. Орон нутагт эмзэг бүлгийн  хүүхдүүд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх нь элбэг. Манай ангийн Хүрэлээ дөрөвдүгээр ангид орсон намраа  багш нарт их загнуулсан даа. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг бөгөөд зусангаа мянгат малчин нагац ахынхаа хурдан морийг унаж, багийн өдөрлөг, сумын болон бүсийн наадмуудаас гурван түрүү, арваад айраг хүртсэн юм. Ах нь түүнд амласан хичээлийн хэрэгсэл, мөнгөн шагналаа өгөөгүйгээс болж ийнхүү хичээлийн хэрэглэлгүй ирсэн гэж багш нарт зэмлүүлсэн.

Сургуулийн нийгмийн ажилтан мянгат  малчин Н-тай уулзаж, нөхцөл байдлыг сануулахад ихэд уурлаж агсам согтуу тавин, манай сургуулийг бужигнуулсан түүхтэй. Уурлаж, уурлаж  сүүлдээ Хүрэлээг зодож, хэдэн дэвтэр, өмд авч өгсөн билээ.

“Нэр хорлосон” хэргээр Хүрэлээг зодсоноос болоод хөл гар нь хөхөрсөн ирснийг манай ангийнхан үзсэн боловч дахиад хэрэг мандана гээд нуугаад өнгөрсөн дөө. Жижиг суманд  зовлон их байдаг. Хүн бүр биенээ таньдаг болохоор хэл ам хийснээс чимээгүй байх нь дээр  байх тохиолдол бий.

Тавдугаар ангид орсон намар манай ангийн Жанцанд тохиолдсон үйл явдал бас хөдөлмөрийн мөлжлөг байсныг одоо л би ойлгосон.  Зуны гурван сар танил ахындаа хөлсөөр хонь хариулсан боловч бас л  сэтгэл дундуур ирсэн билээ. Зуны аагим халуун өдрүүд, усан бороо шамаргатай гээд нэг ч өдөр өнжилгүй хонинд явсан боловч гэртээ ганц хонины мах, таван литр сүүнээс өөр зүйлгүй ирсэн билээ. Уг нь мөнгө аваад өөртөө зарцуулах гэсэн боловч  ар гэрт чинь хэрэгтэй зүйлийг өгнө, чи мөнгөөр яадаг юм гээд  загнуулсан. 

Өдрийн ажлын хөлс хамгийн багаар буюу 30 мянган төгрөг гэж үзвэл багадаа 900 мянган төгрөг авах боломжтой байсан. Тухай үеийн  хөдөө сумын ханшаар тооцоод үзвэл төлөгний мах, таван литр сүү  нь 150 мянган төгрөг болох нь ээ. Хүүхдэд амласан цалин хөлсөө бүрэн өгөхгүй  байгаа нь нэг төрлийн хөдөлмөрийн мөлжлөг юм  билээ. Үлдэгдэл 750 мянган төгрөгөө авч чадаагүй өнгөрсөн.

Зургаадугаар ангид орох намар манай ангийн Сараа аймгаас сэтгэл дундуур ирсэн нь бас л хөдөлмөрийн мөлжлөгийн жишээ болох болов уу. Аав ээжийнхээ танилын  хүнсний дэлгүүрт зуны гурван сар ажиллаад 25ширхэг дэвтэр, 25 ширхэг хавтас, 2 4ширхэг запастай ирсэн түүхтэй. Бид сониучирхан түүнээс яагаад тэгснийг асуувал уг нь 1.400.000 төгрөгийн цалин гарсан л даа.

Аавын тавьсан архины, ээжийн тавьсан цагаан сарын өрийг төлөөд надад  үлдсэн нь ердөө тэр гэсэн. Урам муутайхан суусан найзыгаа би өрөвдөж билээ. Ээж аавынхаа өрийг төлсөн нь ач буян гэж бодмоор байгаа ч үеийн хүүхдүүд нь аймаг дээр төрөл бүрийн зуны сургалтад суугаад баяр хөөртэй гүйлдэж байхад туранхай мөртлөө өдөржин том савтай ус, ундаа зөөж, түүндээ түүртэхийн сацуу дэлгүүрийн эгчийн ааш аягийг олох гэж хөлсөө дуслуулан, нуруугаа өвтгөж зогссон найзыгаа өрөвдөөд  сэтгэл их хэцүү байсаан.

Энэ тухай хэлбэл аав ээж хоёр минь бухимдаж “Арчаагүй шаарууд хүүхдээ  мөлжихөөс ичдэггүй юм байх даа” гэцгээсэн.

Долдугаар ангид ордог намраа би хот руу шилжээд ирсэн. Одоо тэд маань яаж байгааг сайн мэдэхгүй байна.  Аав ээжийнхээ хайраар маш гоё амьдардаг хөдөөний хүүхдүүд  зөндөө,  би цөөхөн бараан жишээг л нэрийг нь өөрчлөөд авсан байгааг бодоорой. Бүгд  тийм биш ээ.

Дүгнэлт 

Хөдөлмөрийн мөлжлөгт зөвхөн хүүхдүүд биш томчууд ч, хүйс хамаарахгүй  өртдөг юм билээ.  Хөдөө, хот, гадаад дотоод  хаа сайгүй байгааг анхаарах ёстой. Хамаатны ах минь хотод ажил хийхээр ирээд  өдрийн 80 мянгаар тохирсон боловч ажлын хөлсөө авч чадаагүй. Нөгөө хүн нь утсаа хаагаад, блоклоод явсан жишээ бас байна. Тэгэхээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөхгүйн тулд дараах саналыг дэвшүүлж байна.

Хөдөлмөрийн мөлжлөгт өртөж буй хүүхдүүд, томчууд бүгдээрээ ажилгүй ядуу гэр бүлээс  гаралтай байна.  Аав ээж нь ажил орлого муутай болохоор хүүхдүүд ажил хөдөлмөр эрхэлж, түүнээсээ үүдээд хөдөлмөрийн мөлжлөгт өртөөд байна. Иймээс  хүн бүрийг ажилтай, орлоготой болгочихвол энэ байдал багасна.

Хүүхдүүд зуны амралтаараа ажил хийхээр бол цалин хөлсөө их сайн тохирч, гэрээ байгуулах нь зөв шүү. Хүүхдэд зориулсан хуулийн мэдлэг олгохоор аппликэйшн бүтээвэл аав ээжийнхээ өрийг төлөх, эд бараа  авах  зэргээр хөдөлмөрөө мөлжүүлэх нь буурна.

Хүүхдийн хөдөлмөрийг үнэлгээтэй, өдрийн болон цагийн хөлсний тогтсон жишигтэй болгомоор байна. Тодорхойгүй байдал эрсдэл илүү ихээр үүсгэдгийг тогтоожээ.

Хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг зөвхөн гадаадад бус бидний дэргэд байна. Огт танихгүй хэн нэгэн бус таньдаг ойр дотнын хүмүүс эмзэг байдал дээр нь дөрөөлж, энэ хэргийг үйлдэж байна. Эмзэг байдлыг бууруулах нь гол анхаарах зүйл билээ. Шаардлагагүй хэн нэгэнтэй дотносох, санаагаа  ярилцах нь дэмий  болсоон.

Хүүхэд бүр жаргалтай, өөртөө итгэх итгэлтэй амьдрах  сайхан  улс эх орныг мөрөөдөг. Найзууд аа, энэ сэдвийг  судалж, өөрийгөө болон  бусдыгаа эрсдлээс хамгаалцгаая! Заавал цаг гаргаж судлаарай.

#нийтлэл