Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Маш шалихгүй жижиг зүйл дээр амархан уйлаад, жоохон зүйл дээр баярладаг болчихсон
Сайн байна уу? Би ойрын үед их сонин болоод байна. Маш шалихгүй жижиг зүйл дээр амархан уйлаад, жоохон зүйл дээр баярладаг болчихсон. Энэ зүгээр сонсогдож байж магадгүй ээ, гэхдээ надад хэцүү байгаа. Жишээ нь, манай дүү миний чихрийг задлаад идчихсэн чинь би гэв гэнэт л уйлчихсан. Энэ яг юунаас болоод байгааг би сайн мэдэхгүй байна? Би яг яах ёстой вэ? Туслаач?
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл санаа чинь огцом тогтворгүй болоод байвал эхлээд дотоод шүүрлийн эмчид хандаад, зөвлөгөө авсан нь зөв
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа . Чи хэдэн настай вэ? Өсвөр насны хүүхэд гэж ойлгоод зөвлөгөөгөө хүргэж байна. Өсвөр насанд бидний биед маш хурдацтай өсөж байдаг. Чамайг унтаж байхад, эсвэл хичээлээ хийж байхад, гудамжинд алхаж байхад хүртэл бие чинь өссөөр байдаг гэсэн үг. Энэ өөрчлөлт нь сэтгэл зүйд нөлөөлж эхлэдэг.
Үүнээс болж сэтгэл санаа тогтворгүй болдог. Сэтгэл санаа чинь огцом тогтворгүй болоод байвал эхлээд дотоод шүүрлийн эмчид хандаад, зөвлөгөө авсан нь зөв. Гэвч бид энэ тогтворгүй сэтгэл хөдлөлөө өөрсдөө бие дааж хянаж сурах нь зүйтэй. Хэдийгээр чамаас өөрөөс шалтгаалалгүйгээр бодисын солилцооны өөрчлөлтөөс болж сэтгэл санаа тогтворгүйтэж байгаа ч энэ үед өөрийгөө хянаад сурчихвал насанд хүрсэн хойно их том давуу тал болно. Хянана гэхээр огт уйлахгүй, уурлахгүй бай гэсэн үг биш. Аль болох л үг хэлээрээ, эвээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж байхыг хичээ гэсэн үг. Жишээ нь: миний уур хүрч байна, яагаад гэвэл... би гомдож байна, яагаад гэвэл... гэх мэт.
Уйлмаар байгаа бол уйлж болон шүү дээ. Сөрөг сэтгэл хөдлөлөө үргэлж дотроо хадгалах нь их буруу юм. Сөрөг сэтгэл хөдлөлөөс сөрөг бодол л ургаж гарч ирнэ тиймээс өөртөө хадгалж өөрийгөө зовоох хэрэггүй. Бусдын өмнө уйлмааргүй байгаа бол хүнгүй газар олоод уйлж болно. Тайвширсныхаа дараа гарсан асуудлыг хэрхэн шийдэх талаарай бодоод үзээрэй.
#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх