ФОТО: Дахин давтагдашгүй, хүйсгүй загваруудыг эрэгтэй моделууд танилцууллаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-06-19

Нэг загварын хувцсаа олон тоогоор гаргадаггүй Минерва Годдис брэнд анхны бие даасан загварын шоугаа хийлээ.

"Minerva Goddis street fashion show 2023" нь зөвхөн эрэгтэй моделтой монголын анхны загварын шоу гэдгээрээ онцлог бөгөөд нийт 32 загварын хүйсгүй хувцсыг 16 модел танилцуулав.

Шоуны үеэр Дуучин Маралжингоо, BLMD буюу Balmad хамтлаг, дуучин Анури, реппер Молтогчин, Saitoma гэх уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Минерва Годдис брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Г.Анударь "Байгуулагдаад хоёр жилийн дараа загварын шоу хийсэн брэнд байхгүй байх. Монголд зөвхөн эрэгтэй моделтой шоу болж байгаагүй учраас ингэж шийдсэн. Манайх хүйсгүй хувцас хийдэг. Хүйс харгалзахгүй өмсөх боломжтой гэсэн үг. Ийм төрлийн хувцас өдөр тутамдаа өмсөх боломжтой сул, загварлаг байдаг. Хүн өдөр болгон бариу, биедээ тухгүй хувцас өмсөх хэцүү шүү дээ.

Би энэ 32 загварыг ганцаараа ямар ч ажилтангүйгээр 10 хоногийн дотор хийсэн. Хүмүүс итгэхгүй байх л даа. Дизайнеруудын хувьд эхлээд бодож төлөвлөөд, зураад, эсгүүр гаргаад, өнгө материалаа судална гэх зэргээр хугацаа шаарддаг. Харин миний ажиллах арга барил бусад дизайнеруудаас ялгаатай. Эдгээр үйлдлүүдээ зэрэг хийчихдэг.

Мөн дэлхийн загваруудыг харж санаа авдаггүй. Хүн ямар нэг зүйл хараад байхаар дуурайх гээд байдаг. Тиймээс бодол, харсан өнгөнөөсөө санаа аваад шууд бүтээдэг. Өдөрт 2-3 загварыг ганцаараа сууж байгаад бүтээдэг. Хувцас болгон ямар нэг утгаа санаатай. Ихэвчлэн зүүдэндээ харсан ямар нэг учир нь тайлагдаагүй зүйлийг бэлгэдэл болгож оруулсан. Мөн онцгой байлгахыг хүссэн учраас эдгээр загварын цор ганц бүтээлийг худалдаална. Үнийн мэдээллийг сонирхсон хүнд нь дэлгэнэ" гэв.

Тус загварын шоу нь "чөтгөрийн" гэмээр хар, өвөрмөц хэв маяг, агуулгатай бөгөөд бүдэг гэрэлд өндөр хэмнэлтэй аянд алхаж байснаараа анхаарал татав.

Шоуны ерөнхий найруулагчаар Г.Норовдаян ажилласан бөгөөд түүний найруулсан анхны шоу нь энэ юм. Тэрээр “Гэрлийн хувьд хувцасныхаа өнгийг тодотгохын тулд элдэв янзын өнгө тавиагүй нь энгийн атлаа зөв шийдэл. Монголд болдог ихэнх загварын шоунаас ажиглахад гэрлийнхээ өнгөнд алдаа гаргадаг.

Үндсэн хувцасныхаа өнгийг нялаад олон янзын гэрэл өгчхөөр тухайн дизайнерын загвар болоод үндсэн өнгө нь алдагдчихдаг. Онцгой зүйл ашиглахгүйгээр дизайнерынхаа хувцсыг тод харуулахыг хичээсэн. BLMD хамтлаг болон дуучин Маралжингоо зэрэг ховор уран бүтээлчдийг урьснаараа мөн онцлогтой” хэмээв.

Шоуг зохион байгуулахад уран бүтээлчид, арын албаныхантайгаа нийлээд нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.

BLMD хамтлаг

"Minerva Goddis street fashion show 2023"-ын дахин давтагдашгүй загваруудыг гэрэл зургаас үзээрэй.

/Суман дээр дарж хажуу тийш гүйлгэн үзэх боломжтой/

#Мэдээ