Б.Наранзаяа: Өөрийгөө залуу бас туршилгагүй гэж голж болохгүйг ойлгосон


О.Батхишиг | YOLO.MN
2023-09-21

YOLO.MN сайт эрхэм уншигчиддаа зориулж салбар салбарт дуу хоолойгоо өргөж буй залуу үеийн төлөөллүүдийн ярилцлагыг хүргэж байна. Бид эхний ярилцлагаа НҮБ-ийн Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч, МУИС-ийн программ хангамжийн хөтөлбөрийн дөрөвдүгээр курсийн оюутан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн цахим харилцаа холбооны дадлагажигч Батсайханы Наранзаяатай хийлээ. Тэрээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 28 дугаар Бага Хуралд (COP28) оролцохоор Монголоос тэнцсэн хоёр оролцогчийн нэг юм. 

 

YOLOӨөрийн тань хувьд байгаль орчны чиглэлийн олон төсөл ажлуудад идэвхтэй оролцдог. Хэрхэн энэ салбартай холбогдсон бэ?

Би Хөвсгөлд аймагт төрөөд гурван настайдаа хотод орж ирсэн. Манай хамаатан Хөвсгөл нуурын эрэг дээр гэр буудал ажиллуулдаг тул бага байхдаа аав ээжтэйгээ зуны амралт болгоноор аялахаар очдог байсан.  Жилээс жилд  амралтын газрын тоо олширч, гол мөрний хэмжээ ширгэж буй нь надад байгаль орчны асуудлыг чухалчилж үзэхэд  нөлөөлсөн. Байгаль цаг уурын энэ мэт өөрчлөлтөд хамгийн их өртдөг нь хүүхэд залуучууд шүү дээ. Би арван жилийн сурагч байхдаа хичээлээс гадуурх ажилд төдийлөн оролцдоггүй хүүхэд байлаа. Харин Монгол Тэмүүлэл ахлах сургуульд арваннэгдүгээр ангид байхад нэг найз маань  Global Youth Entrepreneurship Challenge хөтөлбөрт багийн гишүүн болох санал тавьсан. Тухайн үед би маш их айдастайгаар саналыг хүлээж авсан. Харин энэ тэмцээнээр дамжуулж тогтвортой хөгжлийн 17 зорилго, түүний ач холбогдлыг маш сайн ойлгож авсан.Үүний дараагаар нэгдүгээр курстээ Green Entrepreneurship Programm-д агаар, ус, эрчим хүчний салбарт ямар асуудал байдаг талаар  мэргэжлийн хүмүүсээс мэдэж авсан даа. 

YOLOНҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороонд хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Энэ жил Уур Амьсгалын Өөрчлөлт ба Залуучууд чуулганд оролцсоны хувьд дэвшүүлсэн чухал асуудлууд юу байв?
Би өнгөрсөн жил НҮБ-залуучуудын зөвлөх хорооноос зохион байгуулсан Тогтвортой Хөгжилд Залуус гэх  найман сарын хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрийн хүрээнд долоо хоног бүр сонирхолтой сургалтад хамрагдахын дээр сайн дурын ажил хийн, хөтөлбөрийн төгсгөлд багт хуваагдаж төсөл санаачлан хэрэгжүүлэх байсан. Тухайн үед манай баг “Зүрхэл” төслийг хэрэгжүүлж байлаа. Энэ төслөөрөө бид сонсголгүй иргэдийн соёлыг түгээх аяныг өрнүүлж, улсын тусгай хэрэгцээт 29-р сургуулийн ахлах ангийн сурагчдын чадварыг дээшлүүлэх зорилготойгоор баг хамт олноороо хамтарч ажилласан. Энэ үеэс л НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо надад маш том үнэ цэнийг бүтээсэн дээ. Ингээд гишүүний шалгаруулалтад тэнцэж элссэн. Манай хороо нь НҮБ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. НҮБ-аас Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг хүүхэд өсвөр үеийхэн залуучуудад таниулахаас гадна төлөвлөлт хэрэгжилтэд залуучуудын дуу хоолойг хүргэх чиглэлээр ажилладаг. Гол зорилго нь утга учиртай оролцоог дэмжих,  шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 
Хийж бүтээх хүсэл зорилгоор нэгдсэн залуучуудтай хамтран нийгэм, хүрээлэн буй орчиндоо хэрэгтэй үйл ажилд гар бие оролцохын зэрэгцээ амьдралын найзууд болсон. Сүүлд манай хорооноос НҮБ-аар дамжуулан АНУ, Солонгос, Тайланд, Филиппин зэрэг улсууд руу олон улсын чуулга уулзалтуудад залуучуудаа төлөөлж явах боломжууд нээгдэх болж, гишүүд маань эхнээсээ амжилттай оролцож ирлээ. Бид нар шинэ элсэлтээ зарласан байгаа тул Тогтвортой хөгжлийн зорилгууд болон залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй уншигч залуучуудыг өргөдлөө явуулаасай гэж хүсэж байна.

 


YOLOУур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орон бол Монгол. Тиймээс залуучууд хэрхэх ёстой гэж хардаг вэ?

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол дахь Нэгдсэн Үндэсний Байгууллага зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд олон улсын чуулга уулзалт хоёр дахь жилээ зохион байгуулагдсан. Энэ жилийн  чуулганы гол зорилго нь Монголд Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөлийн мөн “Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэрэг” Засгийн газар хоорондын тунхаг бичигт нэгдэх уриалгыг дахин гаргалаа. 2019 онд уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 25 дугаар уулзалт болж тунхаг бичгийг баталсан. Үүгээр эрүүл орчинд амьдрах нь хүүхдийн эрх гэдгийг тодотгож олон улс залуучуудын дуу хоолойг сонсож тунхагт нэгдсэн. Одоогоор 32 улс энэхүү тунхаг бичигт нэгджээ. Манай улс энэхүү тунхаг бичигт нэгдэх нэн шаардлагатай. Тунхаг бичигт нэгдсэнээр Засгийн Газарт долоон амлалт өгнө. Амлалтад залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх механизмыг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт санхүүжүүлэлтийн хөшүүргийг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг боловсролыг олгох юм. Тунхаг бичигт зайлшгүй нэгдэх шалтгаан нь ердөө цаасан дээрх бичиг, санал санаачилгаа бодит ажил хэрэг болгох боломж бүрдэнэ гэсэн үг. 

YOLOЗалуучуудын оролцооны тухайд?

Зун болохоор үер болчих вий гэж айх,  хавар ойн түймэр гарах вий гэж санаа зовнидог, өвөл агаарын бохирдол, угаараас болж түгшдэг.  Бидний аав ээжийн үед хэдэн хэдэн томоохон байгалийн гамшиг болсноос бус одоогийнх шиг хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж ойрхон давтамжтай том асуудлууд үүсдэггүй байсан. Цаашид байгалийн сөрөг үр дагаврыг илүү хүндээр мэдрэх хүмүүсийн хувьд залуучуудын дуу хоолой чухал байна. Гагц уур амьсгалын өөрчлөлт гэлтгүй өөр бусад асуудлуудад ахимаг насны хүмүүс бидний өмнөөс ярьдаг. Угтаа энэ бүхэн бидэнд хэрхэн нөлөөлж буйг тэд төдийлөн сайн мэдэхгүй шүү дээ.Тиймээс бидний төлөөлөл чухал. Манай улсын нэг онцлог нь гурван хүн тутмын нэг нь залуу хүн байдаг. Тиймээс энэ онцлог боломжоо бүрэн л ашиглах хэрэгтэй байна.Үүний тулд түрүүн хэлсэнчлэн тунхаг бичигт нэн тэргүүнд нэгдэх зэрэг арга хэмжээнүүд авах нь чухал. 

YOLOБайгаль орчны олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Гэвч үр дүн нь төдий их биш. Таны хувьд энэ юутай холбоотой гэж хардаг вэ?

Олон шинэлэг санаа гаргаж, залуучууд ийм бодолтой байна гэх зөвлөмж хүргүүлдэг ч үр дүн хангалттай биш байгаа нь үнэн.Үүнд ЗГ-ийн дорвитой ажил хэрэг ус агаар мэт хэрэгтэй байна. Тухайлбал төлөвлөлтөд залуучуудыг оруулж ирэн, асуудлыг нь сонсъё.Тэгж байж л хамтдаа асуудлыг ажил хэрэг болгоно шүү дээ. Асуудлыг шийдвэрлэх явцдаа залуучуудыг гаргачихдаг нь өрөөсгөл санагддаг. Тус тунхаг бичигт нэгдэж чадвал, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулбал энэ байдалд ахиц дэвшил гарна гэж харж байна.

 

 


YOLOБайгаль орчны чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, судалж мэдсэний хувьд зайлшгүй өөрчлөх чухал асуудлыг юу гэж харж байна?

Би аливаа зүйлсийг сууриас нь эхлэх ёстой гэж боддог. Тиймээс манай улсын хувьд чухалчлан авч үзэх асуудал бол ирээдүй хойч үеэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход бэлдэх юм. Уур амьсгалын өөрчлөлтөд гэж чухам юу болох талаар мэдээлэл түгээх, тогтвортой хөгжлийн талаар таниулах яагаад чухал болохыг нь ойлгуулах явдал.Төсөл хөтөлбөрийг өөрсдөөр нь хэрэгжүүлэхэд туслах хэрэгтэй. Хүн мэдэж авах тусмаа ойлгож шийдэл хайж эхэлдэг. Ямар ч суурь мэдэгдэхүүнгүй хүн юуг ч хүсээд хийж чадахгүй. Боловсролд хөрөнгө зарцуулах юм бол түүний үр дүн нь  хожуу гардаг. Гэхдээ ингэж зарцуулснаараа илүү их үр ашиг хүртдэг. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд хүүхдүүдийг чадавхжуулах нь чухал гэж үзэж байна. 

YOLO: Өөрийн тань хамтарсан төсөл хөтөлбөрүүдээс арван жилийн сурагчдад чиглэсэн ямар шинэлэг санаа байсан бэ?

Зориг сангийн Young Leadership Program YLP хөтөлбөрийн багаас санаачилсан Болгоё багийн төсөлд анх график дизайнер дадлагажигчаар орж байхад манай хамт олон их үр өгөөжтэй санаачилга гаргасан. Бид Suistanable School Hackathon гэх тавь гаруй хүүхдүүдийг арван баг болгож сургуулиа яаж  тогтвортой  болгох вэ гэх шийдэл санаачлах төслийн уралдаан санаачилсан.Үүгээр бид уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүүхдүүд үнэхээр санаа зовнидог юм байна, гэхдээ хаанаас яаж эхлэхээ мэддэггүй болохыг ойлгосон. Харин чиглүүлж өгөхөд өгөөжтэй шинэлэг санаа гардгийг ойлгосон. 

YOLOЭнэ жил хэрэгжсэн Зориг Сан болон Болгоё төсөл хамтран хэрэгжүүлсэн Junior Climate Leader  хөтөлбөрийн үр дүн ахлах ангийн сурагчдад ямар эерэг өөрчлөлтийг авчирсан бэ?

Манай Болгоё төсөл Зориг Сангийн дэргэд хөтөлбөр болон өргөжөөд энэ жил анх удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөрт 10-12 дугаар ангийн хорь гаруй сурагч хамрагдсан.  Нийт дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн төслийн эцэст сурагчид дөрвөн багт хуваагдан сурч мэдсэнээ эргээд хүүхдүүдэд заасан. Ингэхдээ нийслэл болон орон нутгийн хоёр аймгийг хамраад нийт 1100 хүүхдүүдэд сургалт орсон бахархууштай үр дүнг үзүүлсэн.Үүнээс үзэхэд хүүхдүүд үе тэнгийнхэндээ нөлөөлдөг гэх сайн үр дүнг олж харсан.Тиймээс хүүхдүүдэд боломж олгох хэрэгтэй. 

 


YOLO: Маш олон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан хүний хувьд өөртөө суулгасан ур чадвар мэдлэгээ хэрхэн дүгнэх вэ?

Анх байгаль орчны чиглэлээр хөтөлбөрүүдэд хамрагдаж эхлэхэд дэлхий цаашдаа оршин тогтнох уу гэх айдас,  юуг ч өөрчилж чадахгүй мэт мэдрэмж төрдөг байсан. Харин хамтарч баг болоод төсөл хэрэгжүүлэх үед шийдэл бий гэдгийг олж харсан. Мөн өөрийгөө залуу бас туршилгагүй гэж хэзээ ч голж болохгүй гэдгийг ойлгосон. Цаашлаад чадварлаг, сэтгэлтэй хичээнгүй хамт олны дунд нэгдсэн. Нэг хүн биш нийтээргээ, хамт олноороо нэгдэх нь  тулгамдаж буй асуудлыг шийдэх асар том хүч юм байна лээ. 

YOLO: Байгаль орчны чиглэлээр хийж буй ажлуудаас мухардалд орж халшрах үе байсан уу? 

Хүн үйлдэл хийж, оролдож үзэж эхлэх үед өөрийн итгэл үнэмшилээ олж авдаг.  Уур амьсгалын өөрчлөлт гэх том сэдвийн хүрээнд жижиг асуудлуудыг шийдвэрлэж эхлэх үед заримдаа үнэхээр тодорхойгүй нөхцөл байдлуудад хүрч, шантрах үе байдаг.  Юуны төлөө хийж буй нь мэдэгдэхгүй сайн дурын ажил, хичээлээ л хийхийг зөвлөх гэр бүлийхэн гээд багагүй зүйл тохиолдоно. Гэхдээ ингэж явах үедээ л юу хийж чаддаг бас чаддаггүй, юу бодож, хийж, үйлдэхэд зүрх илүү хурдан цохилдгийг анзаардаг. Сүүлд ээж аав миний хийж байгаа сайн дурын ажлын үнэ цэнийг ойлгоод, улам илүү дэмжих болсон. Гэр бүлийхэндээ миний хүссэн зүйлийг хийлгэдэгт баярлалаа гэж хэлмээр байна. Эргээд харахад гэр бүлийнхэндээ хүртэл нөлөөлж чадсан байсан. Хүн өөрийн дуртай зүйлсээ, хийж эхлэх үедээ л мэддэг, үйлдэл хийхгүй үед хэзээ ч мэдэж чадахгүй гэдгийг ойлгосон.

Ярилцсанд баярлалаа.
 

 

#ярилцлага