Танд бодол санаа, сэтгэл хөдлөл, амьдарч буй орчин, ой санамж, дурсамжуудаасаа хэтэрхий холдсон мэт санагдаж байна уу? Тэгвэл та "Dissociation" буюу биеэс салах мэдрэмжид өртөж байж болзошгүй юм.
БИЕЭС САЛАХ МЭДРЭМЖ ГЭЖ ЮУ ВЭ?
Олон хүн амьдралдаа энэхүү мэдрэмжид автсан байх магадлалтай байдаг. Их хэмжээний стресстэй байгаа үед, сэтгэл зүйд тань эмзэг тусахаар зүйл тохиолдсоны дараа уг мэдрэмж төрж болно. Гаднын нөлөөнд үл автаж биеэсээ салсан мэт мэдрэгдэх нь бидний онцолж буй “Dissocaition” юм. Харин энэ мэдрэмж даамжирч, давтагдсаар “Dissociative Identity Disorder” буюу “Бие хүн хуваагдах эмгэг” болох боломжтой.
Тэгвэл биеэс салах мэдрэмжийн үед таны биед ямар шинж тэмдэг илэрч болох вэ?
МАРТАМХАЙ БОЛОХ
Энэ бол үндсэн шинж тэмдгүүдийн нэг юм. Ажил эсвэл сургууль дээрээ ирчихсэн байгаа ч, яаж очсоноо санахгүй байх тохиолдол байдаг уу? Биеэс салах мэдрэмж эхэлсэн мөчөөс таны эргэн тойронд юу ч тохиолдсон хэдхэн хормын дараа мартаж, эргэн санахад хүндрэлтэй болно. Гэхдээ ямарваа нэгэн зүйлийг мартсан тохиолдол бүр уг мэдрэмжийн шинж тэмдэг гэсэн үг биш шүү!
БОДИТ БАЙДЛААС ТАСРАХ, ТӨСӨӨРӨХ
Зүүдлээд ч байгаа юм шиг, эргэн тойрны юмс нэг л цайвар, гундуу, бүүдгэр мэт санагдах нь бодит байдлаас тасрах, төсөөрөх буюу үүний нэгэн шинж тэмдэг билээ. Ихэвчлэн сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн үед уг шинж тэмдэг илэрдэг ч биеэс салах мэдрэмжийн үед ч мөн илэрдэг байна. Мөн бодит байдлаас тасрах, төсөөрөх нь хүний ухамсарт үйлдэл гэдгээрээ бусад сэтгэц болон сэтгэлзүйн өвчний шинж тэмдгээс ялгардаг аж.
ТОЛГОЙ ЭРГЭХ, ОРОН ЗАЙН МЭДРЭМЖ АЛДАГДАХ
Алхаж байгаад толгой эргэж дайвалзах, орон зайн мэдрэмж алдагдах нь бас нэгэн шинж тэмдэг юм. Энэ үед тархинаас явуулж буй ухамсаргүй үйлдлээс болж хүний орон зайн мэдрэмж болон тэнцвэрийг хариуцдаг “Vestibular” систем алдагддаг байна.
БИЕ МАХБОДЫН ӨВДӨЛТ МЭДРЭХГҮЙ БАЙХ
Биеэс салах мэдрэмж нь даамжирвал дан ганц сэтгэл зүйд бус таны бие махбодод нөлөөлж эхэлдэг. Хүчтэй газар унасан ч, гараа зүссэн ч өвдөхгүй мэт санагдах болно. Улмаар та ямар ч өвдөлт мэдрэхгүй болж ч магадгүй.
ӨӨРИЙГӨӨ АЖИГЛАЖ БУЙ МЭТ САНАГДАХ
Ямарваа нэг шийдвэрийг таны өмнөөс хэн нэгэн гаргаж, өөрийнхөө бүх үйлдлийг толинд харж байгаа мэт санагдах нь биеэс салах мэдрэмжийн шинж тэмдэг юм. Сэтгэл зүй, бодол санаа, амьдрал чинь танаас хол байгаа юм шиг санагдах үед энэ шинж эхлэх ба цаг хугацаа өнгөрөх тусам өөрийнхөө бие, үйлдэл, бодол, сэтгэл зүйг удирдаж чадахгүй гэх мэдрэмж төрдөг.
Биеэс салах мэдрэмжийн шинж тэмдэг илэрсэн үед сэтгэл зүйн эмчилгээ, эмийн эмчилгээ зэрэг цөөнгүй эдгээх арга зам бий. Хэрэв танд дээрхээс хоёр болон түүнээс дээш шинж тэмдэг илэрсэн бол сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Psych2Go
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх