Хичээлийн үеэр НОЙР СЭРГЭЭХ шалгарсан аргууд


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-02-01

Чи хичээл дээрээ зүүрмэглэж байсан уу? Та нарын ихэнх нь тийм гэж хариулах байх. Гэхдээ энэ нь ичмээр зүйл огт биш юм шүү. Өсвөр насныхан болон насанд хүрэгчид анхаарлаа аливаа зүйлд хамгийн ихдээ 20 гаруй минутын турш төвлөрүүлж чаддаг гэсэн судалгааны үр дүн бий.

Мэдээж хичээл дээрээ унтсанаар багшийн хэлсэн чухал тоо баримт, мэдээлэл, даалгаврыг сонсолгүй өнгөрөөх эрсдэлтэй. Тиймд хичээл дээрээ эсвэл анхаарал зайлшгүй шаардагдах орчинд нойрмоглох гээд байвал дараах аргуудыг туршиж үзээрэй. 

1. ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХООЛ ИДЭХЭЭС ЗАЙЛСХИЙ

Их хэмжээний хоол идсэний дараа бидний нойр хүрдэг. Ялангуяа нүүрс ус ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх үед нойр хүрнэ. Хэдийгээр амттай хоол идсэнээр биед нэгэн төрлийн аз жаргалын серотонин даавар ялгарч эхэлдэг ч энэ даавар хэт их ялгарснаар нойрны үйл ажиллагааг зохицуулдаг мелатонин дааврын ялгаралт ихсэж, улмаар нойрмоглодог байна. 

Үндсэндээ бүх хоол хүнс чиний биед ижил нөлөө үзүүлэхгүй. Зарим хоол хүнс эрч хүчийг чинь нэмэгдүүлдэг бол зарим нь нойрмоглоход хүргэдэг. Харин бага багаар ойр ойрхон идвэл эрч хүчээ тогтвортой түвшинд барих боломжтой.

2. ГАА ХЭРЭГЛЭХ

Гаатай бохь зажлах үед нойр сэргэж хэсэг хугацаанд сайхан мэдрэмж төрнө. Гэвч хичээл дээрээ бохь зажлаад сууж байвал багшийгаа үл хүндэтгэсэнд тооцогдоно. Иймээс бохины оронд гаа хүлхэх нь хичээлийн үеэр нойр сэргээх шалгарсан арга билээ. Учир нь гаа мэдрэхүйг өдөөж, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг байна.

3. УС УУХ

Шингэний дутагдал нь ядрах, залхуурах нэгэн шалтгаан болдог. Хүний биеийн бүхий л эд, эс хэвийн ажиллахад ус голлох үүргийг гүйцэтгэдэг. Иймд шингэний дутагдалд орох нь бие махбодын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахад хүргэх юм. 

Тодорхой тайлбарлавал биед шингэн дутагдахад цусан дахь концентрац өтгөрч, улмаар цусан дахь сийвэнгийн хэмжээ буурна. Цаашлаад зүрхийг хүчилтөрөгч болон шим тэжээлээр хангахад хэцүү болдог. Сулбагар, ядарсан мэдрэмж төрөх нь шингэний дутагдалтай ийнхүү холбогддог байна. 

4. ХЭТ ДУЛААЛАХГҮЙ БАЙХ

Бие махбод хэвийн хэмээ хадгалахын тулд энерги тогтмол зарцуулдаг. Тиймээс халуун, бүгчим орчинд бие махбод сэрүүн байхын тулд энергийг илүү их зарцуулах шаардлагатай болно. Тиймээс л бид дулаахан, бүгчим газар нойрмоглох хандлагатай байдаг байна. 

Хичээлийн үеэр халууцаж нойрмогловол цамцаа нимгэлэх эсвэл ангидаа агаар оруулах зэрэг арга хэмжээг аваарай. 

5. СУНГАЛТ ХИЙХ

Сунгалт хийснээр цусны эргэлт сайжирч, мэдрэлийн систем сэргэн эрч хүч ордог. Ялангуяа хичээл дээр босоод хөдлөөд байж чадахгүй тул сунгалт хийх бол хамгийн тохиромжтой арга. Ширээний ард сууж байхдаа ч энгийн сунгалтын дасгалуудаас хийж болно. Сунгалт хийх үед биеийн энергийн нөөц идэвхжиж, гүнзгий амьсгалахад тусалдаг бөгөөд биеийн амин чухал эрхтнүүд хүчилтөрөгчөөр хангагддаг.

Дараах бичлэгээр сандал дээр суугаад хийж болох сунгалтын дасгалуудыг санал болгож байна.

6. ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ

Дээрх аргуудыг туршиж үзсэн ч нойр чинь хүрч байвал хичээлийн тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Тэмдэглэл нь төгс байх албагүй бөгөөд сэдвийн гол ойлголт, багшаас тодруулах зүйлс, нэмж судлах сэдвүүд зэрэг чухал хэсгүүдийг хамарсан байхад л болно. Хамгийн гол нь хүн бүрийн мэдээллийг хүлээн авч, түүнийгээ цаасан дээр буулгах хэв маяг өөр байдаг тул өөрийнхөө аргыг олтол тэмдэглээд л байгаарай. 

Эх сурвалж: Develop Good Habits

#Зөвлөгөө