"423" А.Билгүүн DreamLeague Season 25 тэмцээнд тоглоно


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2025-02-12

Монголоос Dota2-ын олон улсын тавцанд тоглож буй цөөн тоглогчдын нэг Алтангинжийн "423" Билгүүн $1,000,000 шагналын сантай "DreamLeague Season 25" тэмцээнд оролцохоор боллоо.

Энэ сарын 16-аас гуравдугаар сарын 2-ыг дуустал үргэлжлэх тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцоно. Тэдний нэг нь Азийн бүсээс эрхээ авсан "Aurora Gaming" баг байсан ч бүрэлдэхүүнээ тараасан.

Улмаар тус багийн тоглогчид "Moodeng Warriors" нэртэй шинэ баг байгуулж багийн Pos1 байрлалдаа А.Билгүүнийг авсан байна.

А.Билгүүн хамгийн сүүлд "Into The Breach" багт Иван "MinD_ContRoL" Ивановтой хамт тоглосон билээ. Түүний шинэ багийг Өмнөд Солонгосын Ли "SunBhie" Жеон Жэ дасгалжуулж байна.

Багийн ахлагчаар Тайландын Ануча "Jabz" Жиравонг Pos4 байрлалд тоглох бол Pos5 байрлалд Малайзын Чан "Oli" Чон Киен 423-тай хоршиж тоглоно.

Малайзын Тиай "JT-" Жун Вен Pos3 байрлалд тоглох бол Филиппиний Абед "Abed" Юсоп Pos2 байрлалд тус тус тоглоно.

DreamLeague Season 25-ийн 1-р шатанд багууд хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглоно. Тоглолтууд Bo2 журмаар болох ба хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой дөрвөн баг дараагийн шатанд шалгарна. Moodeng Warriors багийн хувьд А хэсэгт багтсан.

#esport