10 хүүхэд тутмын 6 нь интернетийг аюулгүй ашиглах аргыг мэддэггүй


Б.Дариа | YOLO.MN
2022-04-07

Бидний эргэн тойрон өдрөөс өдөрт дижитал хэлбэрт шилжин тэр хэрээр хүн бүр Instagram, Facebook бусад олон төрлийн сошиал платформыг өдөр тутамдаа идэвхтэй ашиглаж байна.  Цахим орчноор дамжуулан шинэ найз нөхөд, хүрээлэл бий болгох, мэдээлэл солилцох, хуваалцах, компаниудад маркетингийн шинэ боломжуудыг бий болгож байгаа билээ. Цахим орчин гэдэг олон талаар технологийн дэвшил боломжийг өгч байгаа ч  сошиал платформуудыг аюулгүй зөв ашиглах мэдээлэл дутмагаас үүдэн хүүхэд, залуус цахим халдлагын эрсдэлд  өртсөөр байна. Баримт дурдахад 2019 онд “Монгол улсад 10 хүүхэд тутмын 6 нь интернетийг аюулгүй ашиглах аргыг мэдэхгүй байна” гэсэн судалгаа гарчээ.  

Тиймээс энэхүү нийтлэлээрээ чамд Юнител компаний зүгээс цахим орчинд хэрхэн өөрийгөө болзошгүй халдлага, аюулаас сэргийлэх тухай мэдээлэл өгч байна. 

1.БИ ЧАМАЙГ МЭДМЭЭР БАЙНА

Хэн нэгэнтэй харилцаа үүсгэж, чатлах гоё тийм ээ? Шинэ найзтай болж байгаадаа баярлан шөнө ч унталгүй хоёр биенээ таньж мэдэх гэж яаран чатлаж байсан л биз? Тэгэлгүй яах вэ. Гоё байдгийг чинь үгүйсгэж чадахгүй. Гэхдээ чи түүнд итгэж хувийн мэдээллээ өгвөл дараа нь чамд юу тохиолдох тухай  бодолцож үзсэн үү? 

Шийдэл: Чи түүнийг огтоос танихгүй бол сурдаг сургуулиа танилцуулж, хаана, хэнтэйгээ амьдардаг гээд хувийн мэдээллээ өгөх нь сайхан санаа биш л болов уу. Хэчнээн олон зурагтай, чамд итгэхээс аргагүй өөрийгөө танилцуулсан ч чи заавал хариу өөрийгөө мэдүүлэх шаардлагагүй шүү дээ. Тэр хүн үнэхээр өөрөө мөн эсэхийг гэрчлээгүй тохиолдолд дэлгэцийн цаана хэн ч байж болзошгүйг үргэлж санаж байгаарай. Хэрвээ чи хэн нэгэнд хувийн мэдээллээ алдсан, чамтай зүй бусаар харьцсан, чамд гэм хохирол учруулсан тохиолдолд 108 утас үргэлж чиний төлөө ажиллаж байгаа шүү. Цахим орчинд чамд хэн нэгэн муухай хандвал залгаж мэдэгдэн, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

2.НАДАД ЗУРГАА ӨГӨӨЧ

Чи магадгүй чиний найз хэн нэгэнтэй олон сар чатласны үр дүнд түүнд итгээд нүцгэн зургаа өгчихсөн үү? Магадгүй нүцгэн зургаа өгөхөөс аргагүй байдалд оруулж, түүнийгээ чиний, чиний найзын сул тал болгон ашиглаж байна уу? 

Шийдэл: Хамгийн түрүүнд хүнд нүцгэн зургаа өгнө гэдэг буруу. Гэхдээ чамд туслах арга замыг хайж байгаа болохоос шүүмжлэх гээгүй юм шүү. Нэгэнт чамайг аюулд оруулж болзошгүй зураг тэр хүний гарт орсон бол, хэнд хаана хандахаа мэдэхгүй байвал ЭНД дарж мэдээлээрэй.  

3.НАМАЙГ ДОРОМЖИЛСОН, МИНИЙ ЗУРГАНД ЭВГҮЙ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭСЭН

Саяхан нэгэн охин дуртай хамтлагийн гишүүнийг нь гей гэж хэлсэн учраас постны эзэнтэй  comment хэсэгт маргажээ. Удалгүй постны эзэн охин руу чат бичин элдвээр харааж, зүхэн, өөрийнх нь зургийг, хамтлагийн гишүүний зурагтай элдвийн үг ашиглан тайлбар бичиж facebook дээр нийтэлсэн тухайгаа хэлсэн юм. Тэр түүнээс хойш сэтгэлээр унаж, мөнхийн айдастай, ахиж элдэв постон доор сэтгэгдэл үлдээхээ больсон гэнэ.

Шийдэл: Мэдээж үйлдэл хийхээсээ өмнө тунгаан бодох нь зүйтэй. Тэр хүний бодол, чинийхтэй яг цав адилхан байх боломжгүй шүү дээ. Түүнийг чи хүлээн зөвшөөрч, наад цаадахыг нь сайтар тунгаан бодож байх хэрэгтэй. Гэхдээ чамайг доромжлох, элдвээр хэлэх, хувийн зургийг чинь зөвшөөрөлгүй ашиглахыг зөвшөөрч болохгүй. Цахим орчинд чиний нэр хүндэд халдсан үйлдэл гаргавал тэр хүнд бүр хуулийн хэмжээнд авах арга хэмжээ байдаг юм шүү. Энэ тухай чи мэдэхийг хүсвэл ekids.mn-д зочлоорой. Чамд бүгдийг тайлбарлаж өгөх болно.

4. ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ

Бусдыг дээрэлхэгчдийн үйлдэл тэдэнд өөрсдөд нь тулгардаг асуудлаас урган гардаг гэдгийг мэдэх үү? Ийм хүүхдүүдийн эцэг эх нь анхаарал халамж бага тавьдаг, хичээл сургуульдаа дуртай биш, түгшүүр, сэтгэл гутралтай байх нь түгээмэл байдаг. Тэд сэтгэл хөдлөлөө хянах, дүрэм журам дагахдаа муу. Гэхдээ өөрийн сэтгэл зүй, ухамсарыг удирдаж чадах хүн чамаас өөр байхгүй. Чи тэдний нэг байж болохгүй шүү.

Хүүхдүүдийн дунд цахим орчинд дарамт, дээрэлхэлт үүсэж буй шалтгаан:

Нэрээ нууцлах—Цахим орчинд дээрэлхэж буй хүнтэйгээ нүүр нүүрээ харж харьцахгүй учир зориг бага шаардаж, баригдахгүй гэсэн төөрөгдөл үүсдэг.

Үр дагаврыг бодолцохгүй байх—Хүүхдүүд хөгжилтэй гэж боддог учир цахим орчинд нэгнээ дээрэлхэж, шоглох нь түгээмэл. Дээрэлхүүлж буй хүний хариу үйлдлийг нүдээр хардаггүй учир ямар их сэтгэл зүйн хохирол учруулж байгаагаа мэддэггүй.

Нийгмийн дарамт—Зарим хүн тэдний энэ үйлдэл нь хэвийн, нийгэмд байж болох үзэгдэл гэж боддог. Найз нөхдийн нөлөө, ятгалга их нөлөөлдөг.

Чи үе тэнгийнхэндээ, эсвэл цахим орчинд хэн нэгнээс дарамт шахалт, айдас мэдэрч дээрэлхүүлбэл хэнд хандах ёстой вэ гэж үү?

Шийдэл: Хамгийн түрүүнд аав ээждээ хэлж ярилцаарай. Ихэнх хүүхдүүд эхлээд найз нөхдөдөө хэлж ярилцахыг илүүд үздэг. Үүнийг буруутгахгүй ч том хүмүүс гарцаагүй хамгийн зөв шийдлийг олж өгч чадна гэдэгт итгээрэй. Мөн уг асуудлыг хуулийн хэмжээнд хүлээн авч шийдвэрлэдэг цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, тусламж хүсэж болох юм.

5. ХЭН НЭГЭНТЭЙ ЯРИЛЦМААР БАЙНА

Чамд хэнтэй ч ярилцаж чадахааргүй асуудал тулгарч, эцэг эх, найз нөхдөөсөө өөр хэн нэгэнтэй ярилцах, тэднээс тусламж хүсэх шаардлага гарч, олон сөрөг бодлуудад дарагдаж, дотор чинь бугшсан, гарах гарцгүй болсон мэт мэдрэмж төрж байна уу? 

Шийдэл: Хэрэв чамд тийм зүйл тохиолдож байгаа бол зөвлөгөө өгч чадах мэргэжлийн сэтгэл зүйчтэй 108 утсаар холбогдож болно гэдгийг мэдээгүй яваа юм биш биз. Чамайг 24 цаг хүлээж байгаа, чи хүссэн үедээ залгаж зөвлөгөө авч болно шүү.

Эцэст нь хэлэхэд хэрэв чи цахим гэмт хэргийн хохирогч эсвэл гэрч болвол цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба, хүүхдийн 108 утас, ekids.mn сайт руу холбогдож мэдээлээрэй.

#Мэдээ