Захидал: Нэг л мэдэхэд маш ууртай, жижиг зүйлд стресстдэг, зүгээр сууж байгаад уйлчихдаг болсон


ССҮТөв | YOLO.MN
2024-01-18

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. 

Асуудал 1: Яаж бусдад таалагдаж найзтай болох вэ?   

Зөвлөгөө: Бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлж сурахын өмнө эхлээд өөрийгөө таньж мэдэх нь чухал 

Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Найз нөхөдтэй болох хүсэлтэй байгааг нь ойлголоо. Найз нөхөдтэй болоход юу асуудал болж байна гэж бодож байна вэ? Ямар асуудал тулгарч байна вэ?  

Найз нөхөдтэй болоход бусадтай харилцах, өөрийгөө бусдад ойлгуулж илэрхийлэх байдаг. Бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх нь ур чадвар юм. Тиймээс суралцаж болно гэсэн үг. Бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлж сурахын өмнө эхлээд өөрийгөө таньж мэдэх нь чухал. Чиний онцлог давуу чанарууд юу вэ? Сайжруулах шаардлагатай байгаа тал юу байна вэ? Юунд дуртай вэ? Юу сонирхдог вэ? Аливаа зүйлсийн талаар ямар үзэл бодолтой байна вэ? гэх мэт. Өөрийгөө таньж мэдэхийн тулд олон зүйлийг турших хэрэгтэй болно. Тухайлбал сайн дурын ажил хийх, олон нийтийн клуб, сургууль номын клуб, спорт, урлаг, гар урлал гэх зүйлсийг туршиж болох юм. Дараагийн удаа захидал бичихдээ нас, хүйс болон асуудлаа дэлгэрэнгүй бичиж илгээвэл илүү дэлгэрэнгүй, чамд тохирсон захидлын хариу илгээх боломжтой юм шүү. Амжилт хүсье.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан  

Асуудал 2: Хэрхэн аливаа зүйлээс жаахан ч гэсэн эерэг талыг хардаг болох вэ? 

Захидлыг минь хүлээн авч уншиж байгаад баярлалаа. Би 18 настай, эмэгтэй. Энэ жил ахлах сургуулиа төгссөн. Төгсөөд гадаадад сурах талаар үргэлж бодож ирсэн ч нэг л бүтэлгүйтээд, хамгийн гол нь мэргэжил сонголтоо хийж чадаагүй. Тийм болохоор 12 жил зөндөө л хичээл хийлээ хэсэг амаръя бас шинэ зүйл туршъя гэж  завсар жил авч есдүгээр сарыг өөдрөг эхлүүлсэн. Даанч бүх зүйл санаснаар болсонгүй. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод сургалтад явж чадсангүй, ажил хийж ч үзсэнгүй. Бараг дөрвөн сар гэр, эмнэлэг хоёроос өөр газраар явсангүй. Найзууд маань хичээл сургууль, ажил гээд  өдөржин завгүй гүйж байхад би ганцаараа гэртээ өвдөөд хэвтэж байгаадаа уур хүрдэг болов. Эрүүл мэнд чухал, зүгээр болчихвол олон гоё зүйлсийг хийх болохоор тэвчээртэйнхэн даваад гарах хэрэгтэй гэсэн бодол эхэндээ байлаа. Гэвч өдөр бүр нэгэн хэвийн үргэлжилсээр гэрийнхэнтэйгээ маргалдах болсон…

Нэг л мэдэхэд маш ууртай, жижиг зүйлсэд стресстдэг, зүгээр сууж байгаад шууд уйлчихдаг болов. Болж байгаа зүйл нэг ч байхгүй мэт. Би дотроосоо бага багаар устаж алга болж байгаа юм шиг мэдрэмж төрж эхлэв. Бодол ч тэр, үг ч тэр, орчин маань ч тэр сөрөг, хар бараан. Би нэрээ солиод “Сөрөг” гэх нэр өгчихмөөр сөрөг хүн болсон байв. Өөрийгөө болон бүх зүйлийг үзэн ядаж, бүх энергиэ үзэн ядалт, уур хилэнд зарж байгаагаа анзаарсан. Тусламж гуйхыг хүсэж байгаа ч хэн ч надад тусалж чадахгүй юм шиг санагдаж байв. Бясалгал, шинэ хобби, дуу сонсох, ном унших, талархах гэх мэт аргуудыг туршиж үзсэн ч нөлөөлсөнгүй. Стресстчихвэл амьсгал дутуу авч, толгой эргэж эхэлдэг. Хэрхэн аливаа зүйлээс жаахан ч гэсэн эерэг талыг хардаг болох вэ?  

Зөвлөгөө: Танд төрж буй мэдрэмж танийг тодорхойлохгүй гэдгийг санаарай 

Өдрийн мэнд. Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрт төрж буй сэтгэл хөдлөл, мэдрэмжүүддээ бусдад хэлж ярилцах, хуваалцах хэрэгтэй байгаа юм шиг санагдлаа. Заримдаа бүх зүйлс бидний төсөөлж байсан шиг байдаггүй. Гэнэтийн саад бэрхшээлүүд тулгарч төлөвлөсний дагуу болохгүй байх нь бий. Энэ үед хүмүүс сэтгэлээр унах аль эсвэл уурлаж бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Гэхдээ танд төрж буй мэдрэмж таныг тодорхойлохгүй гэдгийг санаарай. Учир нь бидэнд төрж буй ямар ч мэдрэмж үүрд үргэлжилдэггүй. Дээрх мэдрэмжүүд нь харьцангуй богино хугацаанд үргэлжлээд хэвийн байдалд ордог. Үүнийг түр зуурын сөрөг мэдрэмж гэдэг бол удаан хугацаагаар үргэлжилбэл, тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй бие сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.Чиний хувьд эдгээр асуудлыг анхаарч үүнээс гарах олон алхмуудыг хийсэн нь сайн боловч тийм ч үр дүнтэй санагдаагүй бололтой.

Бидний бие үүссэн хөнгөн хэлбэрийн гэмтэл бэртлийг ( хуруугаа эсгэх ) бид өөрсдөө эмчилж чаддаг шүү дээ. Харин хүндэрсэн үед нь мэргэжлийн эмчид хандан эмчлүүлэх нь хамгийн зөв байдаг. Үүнтэй ижил танд тохиолдоод байгаа сэтгэл зүйн асуудал таныг өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд саад болж байгаа бол, тэрийг шийдэх оролдлого хийсэн ч нэг л болохгүй байгаа тохиолдолд хэн нэгний тусламж хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс мэргэжлийн сэтгэл судлаачид хандан ярилцаж, сэтгэл зүйн тусламж авахыг санал болгож байна.  Иймд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг зарим сэтгэл зүйн төвүүдийн мэдээллийг үлдээе. Танд амжилт хүсье. 

  • Сэтгэл Судлалын Үндэсний Төв – 77324233
  • Focus On The Family – 88834343   
  • Монгол Өрх Сэтгэлзүйн хүрээлэн – 70145145 
  • Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн – 77208998
  • Positive Dadal – 750711100   

Сэтгэл Судлалын Үндэсний Төв  

Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан  

 

#нийтлэл