Х.Тамир: Босго оноонд тэнцээгүй 5000 сурагч их, дээд сургуульд элсэх боломжгүй


Г.Тэгшсүрэн | YOLO.MN
2022-06-28

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 23-26-ны өдрүүдэд улс, орон даяар зохион байгуулж дууслаа. Үргэлжлүүлэн их, дээд сургуулиудын элсэлт эхэлж байна.

БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "ЭЕШ дууссан тул их, дээд сургуулиудын элсэлтийг зохион байгуулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Яамнаас өгсөн чиглэлийн дагуу орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулахаар байна.

Хувийн хэвшлийн их, сургуулиуд сурталчилгаагаа заавал заавал явуулах албагүй, орон, нутагт очиж хийж болно. Харин МУИС, МУБИС зэрэг томоохон их сургуулиуд 100 хувь онлайнаар элсэлтээ зохион байгуулах ажлыг эхлүүлжээ.

Элсэгчид болон тэдний эцэг, эхчүүдэд анхааруулахад жишээ нь танай хүүхэд таван хичээлээр ЭЕШ өгөөд бүгдэд нь 480-аас доош оноо авсан бол их, дээд сургуульд элсэх боломжгүй гэдгийг анхаараарай. Аль ч хичээл дээр 480 оноо авч чадаагүй 5000 орчим хүүхэд байна. Босго оноо авч чадаагүй хэр нь намар хичээлийн жил эхлэхэд сандрах, хүндрэл учирдаг. Үндэсний хэмжээний босго оноо тогтоосон, үүнтэй холбоотойгоор мэргэжил сонголтоо хийгээрэй гэж анхааруулж байна" гэв.

Энэ жил ЭЕШ өгсөн нийт шалгуулагчийн 20 гаруй хувь нь босго оноонд тэнцээгүй байна.

#Мэдээ