Стресс бидний гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-30

Стресс бидний сэтгэцийн эрүүл мэнд төдийгүй бие махбод, гадаад төрхөд сөргөөр нөлөөлдгийг хүн бүр мэддэг. Хэдийгээр бид огт стресстэхгүй амьдрах боломжгүй боловч стрессийг зохицуулж сурах хэрэгтэй. Хэрвээ стрессээ зохицуулахгүй бол гадаад төрхөд дараах өөрчлөлтүүд гардаг аж. 

БАТГА

Хэт их стресстэх үед бидний биеэс кортизол хэмээх даавар ялгардаг. Ийнхүү кортизолын нөлөөгөөр CRH гэх даавар ялгарч эхлэх ба энэ нь өөхний булчирхайг идэвхжүүлдэг. Ингээд өөхний булчирхайгаас тос их хэмжээгээр ялгарснаар арьсны нүх сүв бөглөрч батга гардаг. 2017 онд 22-24 настай Саудийн Арабын Анагаах Ухааны Их Сургуулийн эмэгтэй оюутнуудын дунд судалгаа явуулахад стрессийн түвшин өндөр байх тусам батга гарах магадлал ихтэй байгааг тогтоожээ. Мөн 2011 онд Өмнөд Солонгосын 1236 хүнийг хамарсан судалгаа явуулахад стресс, нойргүйдэл, алкохол, сарын тэмдэг зэрэг нь батгыг улам хүндрүүлж байгааг тогтоосон байна. 

НҮДНИЙ ДООД ЗОВХИ ХАВАГНАХ

Нас ахих тусам нүдний эргэн тойрны булчин сулардаг учраас нүдний доод зовхи хавагнах хандлагатай болдог. Гэсэн хэдий ч үүнийг зөвхөн настай холбож тайлбарлах нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл, нүдний доод зовхи хавагнах нь нойргүйдлээс үүдсэн стрессийн нэг шинж тэмдэг болдог. 

АРЬС ХУУРАЙШИХ

Арьсны эвэрлэг давхарга буюу өнгөн хэсэг нь арьсны эсийг чийгшүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн энэ нь арьсны бусад давхаргыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү зохих үүргээ гүйцэтгэхгүй, хэт их хуурайшаад байвал стрессээс үүдсэн байх магадлалтай. 

2014 онд John Lyga, Ying Chen нарын хулгана дээр хийсэн туршилтын үр дүнгээс үзэхэд стресс нь арьсны өнгөн давхаргын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгааг тогтоожээ. Мөн стресс нь арьсны үрэвсэл болон бусад шархыг эмчлэх үйл явцыг удаашруулдаг аж.

АРЬСАН ДЭЭР ТУУРАЛТ ГАРАХ

Стресс хүний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдгийг бид мэднэ. Дархлаа суларснаар бидний ашигтай бактерийн тэнцвэр алдагддаг. Улмаар арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг үүсдэг. 

ҮРЧЛЭЭ

Стрессээс болж хүний арьс хуурайшдаг учраас үрчлээ үүсэх магадлал нэмэгддэг. Нөгөөтээгүүр, уурласнаас болоод хөмсгөө "зангидаад" байвал дух амархан үрчлээтнэ.

ҮС УНАХ, ЦАГААН ҮС УРГАХ

2020 онд Bing Zhang, Sai Ma нарын 17 эрдэмтэн хамтарч хийсэн судалгаагаар, стрессээс үүдэн меланоцит үүсэх нь багасдаг бөгөөд улмаар үс цайдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн архаг стресс нь үс ургах үйл явцыг удаашруулдаг ба үс их хэмжээгээр унах нэг шалтгаан болдог аж.

Стресс тайлах аргуудын тухай унших бол ЭНД дарна уу. 

 

Эх сурвалж: Healthline

#Эрүүл мэнд #Стресс