Mangione-ийг хэрэгт гүтгэгдсэн гэх хүмүүсийн давалгаа ихсэж байна


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-05-01

АНУ даяар хэрэгт гүтгэгдсэн байж болзошгүй хэмээн олны анхаарлыг татан, хэрэгт нэр холбогдоод буй Mangione-ийн шүүх хурал үргэлжилж байна. Mangione нь нэр хүндтэй гэр бүлийн гишүүн, Пенсильванийн их сургуулийг төгсөн олон нийтэд амжилттай яваа залуугийн нэрээр танигдаж байсан нэгэн.

Гэтэл тэрээр одоо Нью-Йорк хотод “UnitedHealthcare” компанийн Гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг буудаж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн Бруклиний хорих ангид хоригдож байна.

Mangione нь Пенсильванийн их сургуульд компьютерын шинжлэх ухааны бакалавр болон магистрын зэрэг хамгаалжээ. Түүнийг таньдаг, мэддэг хүмүүс ухаалаг, бусадтай соёлтой, зөөлөн харилцдаг гэж тодорхойлсон байна. Гэвч 2024 оны сүүлээр тэрээр Нью-Йорк хотын зочид буудлын гадаа аллага үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. Мөн хэрэгт нотлох баримт болох галт зэвсэг, хуурамч бичиг баримт, мөн түүнд холбогдох бичвэр тэмдэглэлүүд түүний биеэс олдсон гэж мэдээлсэн байна.

Гэхдээ  Mangione-гийн өмгөөлөгчид энэ хэргийг улс төрийн шоу гэж үзэн, түүнийг холбооны болон мужийн прокуроруудын хоорондох “тоглоомын золиос” болж байна гэж мэдэгдэв.

Мөн “Mangione-ийг чөлөөл, гүтгэгдэх ёсгүй.” гэсэн хүмүүсийн давалгаа сошиал орчноор ихсэн, шүүх хурлын гадаа хүмүүс жагсаал хүртэл хийгээд байгаа байна.

Mangione-ын Goodreads болон Reddit дахь постуудаас үзэхэд тэр  “Unabomber”-ын Теодор Казинскиг “улс төрийн хувьсгалч” гэж үзсэн байх нь анзаарагджээ. Мөн бусад улс төртэй холбоотой үзэл бодлоос шалтгаалан гүтгэгдсэн байж болзошгүй гэж хүмүүс үзэж байна.

АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди түүнийг “Хүйтэн цуст алуурчин” хэмээн нэрлэж, цаазын ял оноохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Гэсэн хэдий ч 2025 оны 4-р сарын 26-нд Mangione шүүх хуралдаанаар бүх  хэрэгт миний бие гэм буруугүй гэж үгүйсгэн мэдүүлэг өглөө. Түүний хэргийг муж болон холбооны хэргийн зэргийн 2 шүүхээр шийдвэрлэх бөгөөд холбооны хэргээр бол цаазын ял оноох магадлалтай.

Шүүгч 6-р сарын 27-ны дотор цаазаар авах ялыг эсэргүүцсэн баримт бичгийг дахин бүрдүүлж гаргахыг түүний өмгөөлөгчдөд даалгажээ.

Шүүхийн дараагийн хурал 12-р сарын 5-нд болох ба энэ өдөр хэрэг тодорхой болно. Гэхдээ хэргийн цар хүрээ, нотлох баримтын  хэмжээ болон өмгөөлөгчдийн давхар үүрэгт ажил зэргээс хамааран 2026 оноос нааш шүүх ажиллагаа эхлэхгүй байх магадлалтай байна.

Эх сурвалж: BBC

#Mangione