Ажлаас халшрах хам шинжийн үед илрэх шинж тэмдгүүд, тэдгээрийг таних арга


Бид өмнөх дугаартаа бие хүний шинж, амьдралын хэв маяг, ажлын байран дахь стресс, тэдгээрийн тэнцвэр алдагдах нь ажлаас халшрах хам шинжид өртөх гол хүчин зүйлс болдог талаар мэдээлэл хүргэсэн билээ.

Харин энэ удаагийн дугаарт ажлаас халшрах хам шинжийн үед илрэх шинж тэмдгүүд, тэдгээрийг хэрхэн таних тухай мэдээллийг хүргэж байна.

АЖЛААС ХАЛШРАХ ХАМ ШИНЖИЙН 5 ҮЕ ШАТ

Вайнона их сургуулиас хийсэн судалгаанаас харахад ажилдаа дургүй болох, ядарч туйлдаа хүрэх үзэгдэл нь хүний амьдралын аль ч үед тохиолдож болох хэдий ч ихэнх хүмүүс дунджаар 32 насандаа ажлаас халшрах хам шинжид өртдөг ажээ. Мөн илрэх шинж тэмдэг нь хүн бүрд харилцан адилгүй ч дараах 5 үе шат хамгийн түгээмэл ажиглагддаг байна.

1. БАЛ САР

Хамгийн эхний үе шатыг бал сар хэмээн нэрийдсэний учир нь хүн аливаа шинэ ажлыг урам зориг, эрч хүчээр дүүрэн хийж эхэлдэг. Ялангуяа шинэхэн ажилтнууд болон шинэ бизнес эхлүүлж буй хүмүүс энэ үеийг туулдаг. Мэдээж стрессдэх үе гарч ирэх боловч эрч хүчээ алдалгүйгээр ажлаа хийж гүйцэтгэх, зөв стратеги баримталж ажиллах нь дараагийн үе шатууд руу орохоос сэргийлдэг байна. Илрэх шинж тэмдгүүд:

- Ажилдаа сэтгэл хангалуун байх

- Хариуцлагатай ажиллах

- Энергиэ алдахгүй байх

- Хязгааргүй өөдрөг үзэлтэй байх

- Өөрийгөө нотлон харуулах

- Чөлөөтэй сэтгэх

- Аливаад бүтээлч хандах

2. СТРЕССИЙН ЭХЛЭЛ

Энэ үе шатанд хүмүүс зөвхөн амралтын өдрийг л хүлээж ажиллах нь элбэг ажээ. Ажлын өдрүүдэд стрессдэж, өөдрөг үзэл аажмаар алга болж, бие махбод болоод сэтгэл санааны хувьд удааширсан мэдрэмж төрдөг байна. Илрэх шинж тэмдгүүд:

- Анхаарал төвлөрөлт муудах

- Цочимтгой болох

- Нойрны хэмнэл алдагдах

- Нийгмийн харилцаанаас татгалзах

- Ажлын байрандаа сэтгэл ханамжгүй болох

- Ажлын бүтээмж буурах

- Зүрхний хэмнэл өөрчлөгдөх

- Зүрх дэлсэх

- Цусны даралт ихсэх

- Сэтгэл түгших

- Шийдвэр гаргахаас зайлсхийх

- Хоолны дуршил буурах

- Жин нэмэх, хасах

- Ядрах

- Мартамхай болох

- Толгой өвдөх

- Унтаж байхдаа шүдээ хавирах

3. АРХАГ СТРЕСС

Хоёр дахь шатанд илэрч буй шинж тэмдгүүд удаан хугацааны турш үргэлжлэх нь архаг стресс үүсгэдэг. Ажиллах хүсэл эрмэлзэл, баяр баясал үгүй болно гэсэн үг. Илрэх шинж тэмдгүүд:

- Дуртай зүйлсдээ дургүй болох

- Ажлыг цагийг нь тулгаж хийх эсвэл хугацааг нь хэтрүүлэх

- Өглөө ядарч сэрэх

- Амархан өвдөх

- Ажилдаа байнга хоцорч очих

- Дотнын хүмүүсээсээ харилцаагаа таслах

- Гэртээ очихыг хүсэхгүй байх

- Уурлаж, уцаарлах

- Бэлгийн дур хүсэл буурах

- Архаг ядаргаанд орох

- Асуудлыг үгүйсгэх

- Сандрах, аюул заналхийлэл байнга мэдрэх

- Мансууруулах бодис хэрэглэх

4. АЖЛААС ХАЛШРАХ

Энэ үеийг даван туулах маш хэцүү бөгөөд эргээд хэвийн байдалдаа ороход их хугацаа зарцуулдаг байна. Ийм нөхцөл байдалд орсон үед дотнын хэн нэгний туслалцаа хамгийн чухал юм. Илрэх шинж тэмдгүүд:

- Хоосон мэдрэмж төрөх

- Ажил, хувийн амьдралд дээрх асуудлуудаас болж хэт их шаналах

- Гутранги болох

- Бие махбодод илрэх шинж тэмдгүүд хүндрэх

- Өөртөө эргэлзэх

- Зан төлөв өөрчлөгдөх

- Толгой байнга өвдөх

- Ходоод, гэдэсний үрэвсэлтэй болох

- Хувийн хэрэгцээгээ үл тоомсорлох

- Гэрээсээ оргох

- Нийгмийн харилцаанаас бүр мөсөн тасрах

- Найз нөхөдгүй болох

5. ДАДАЛ

Хамгийн эцсийн шат буюу дадал нь ажлаас халшрах хам шинж байнга давтагдаж, улмаар амьдралын тань салшгүй нэгэн хэсэг болохыг хэлнэ. Энэ шатанд стресс, архаг ядаргаа мэдрэхээс илүүтэйгээр оюун санаа, бие бялдрын хувьд байнгын асуудалтай тулгарч амьдрах юм. Илрэх шинж тэмдгүүд:

- Уйтгар гуниг

- Сэтгэлийн хямрал

- Ажлаас халшрах синдром

- Сэтгэцийн архаг ядаргаа

- Бие махбодын архаг ядаргаа

АЖЛААС ХАЛШРАХ ХАМ ШИНЖИЙН НИЙТЛЭГ ШИНЖ ТЭМДГҮҮД

БИЕ МАХБОДОД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

- Ядарч, сульдах

- Дархлаа суларч, амархан өвдөх

- Хоол болон нойрны хэм алдагдах

- Толгой булчин чилж өвдөх

СЭТГЭЦЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

- Ажил бүтэхгүй, бүтэмжгүй байгаа мэт санагдах

- Идэвхгүй болж, ажил хийх хүсэл сонирхол төрөхгүй байх

- Аливаад хандах хандлага сөрөг болж өөрчлөгдөх

- Ажлын байран дээрх сэтгэл ханамж буурах

- Эрч хүч, урам зориггүй болох

ЗАН ҮЙЛЭЭР ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

- Өгсөн үүрэг, хариуцлагаас зугтах

- Бусдаас өөрийгөө тусгаарлах

- Ямар нэгэн зүйл хийхэд хэтэрхий их цаг зарцуулж бүрэн дуусгаж чадахгүй байх

- Хэт их хоол идэх

- Мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх

- Ажлаа шалтгаангүй таслах, хоцрох, эрт тарахыг хүсэх

- Стрессдэх

- Бид дараагийн дугаарт ажлаас халшрах хам шинжид өртсөн эсэхээ мэдэх сэтгэл зүйн тестийг бэлтгэн хүргэх болно.

-Эх сурвалж: Right Mind Solutions, Helpguide

#Сэтгэлзүй #Ажлаас халшрах #Хам шинж