"Би найзынхаа СУЛ ТАЛЫГ ЗАСАХ гэдэг ч үгийг минь хүлээж авахгүй юм"


ССҮТөв | YOLO.MN
2017-02-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Өөрөөр нь алдааг нь хэрхэн засуулах вэ?

Бусад хүүхэд ч түүний муухай занг нь байнга дурсаж, намайг яаж түүнтэй найзалдаг байна аа гэж гайхдаг. Үнэхээр л заримдаа тэр соёлгүй занд нь үнэхээр дургүй хүрдэг. Надад энэ тал дээр сэтгэлзүйчээс ирэх зөвлөгөө хэрэгтэй байна л даа.

Сайн байна уу, би эхлээд найзынхаа тухай ярихаас өмнө өөрийгөө ярья. Би хүн шүүмжилж, бусдыг буруутгадаг хүн биш. Учир нь би хэллээ гэхэд тэр хүн хэзээ ч надад сайн санахгүй. Харин найз минь яг эсрэгээр бусдын бодлыг булзайруулна. Өөрийнхөө санааг тулгана, хэт их мэдэмхийрч, хүмүүсийн яриаг гүйцэд сонсдоггүй дандаа дундуур нь тасалдуулаг хүн. Ер нь хүн хүндлэхдээ маруухан л даа.

Би найзыгаа залруулахыг хүсдэг. Юу гэж хэлж найздаа юм бодогдуулах вэ? Өөрөөр нь алдааг нь хэрхэн засуулах вэ? гээд л... Гэвч миний бодоод хэлсэн зүйлсийг өөртөө тусгадаггүй. Бусад хүүхэд ч түүний муухай занг нь байнга дурсаж, намайг "яаж түүнтэй найзалдаг байна аа" гэж гайхдаг. Үнэхээр л заримдаа тэр соёлгүй занд нь үнэхээр дургүй хүрдэг. Надад энэ тал дээр сэтгэлзүйчээс ирэх зөвлөгөө хэрэгтэй байна л даа. Энэ асуудал дээр минь тусалж өгөөч.


ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд сайн сайхан зан чанараас нь эхэлж яриарай

Найзууд гэдэг бие биенийхээ сайн чанараас суралцаж, муу чанаруудыг засах талаас нь анхаарал тавьдаг гэдгийг хэлэх нь зүйтэй.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Юуны өмнө найзынхаа зан ааш, харилцаанд санаа тавьж байгаа чамд дахин баярлалаа гэж хэлье. Хүнд хэрэгтэй хүмүүсийн нэг бол яахын аргагүй найз нөхөд. Гэхдээ найз нөхдөө зөв сонгох нь их чухал. Найзын чинь хувьд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, бусдын үгийг сонсдоггүй сөрөг талтай юм байна. Чи хичнээн хэлж ойлгуулах гээд нэмэр болохгүй байвал үйлдлээрээ үлгэр дууриалал үзүүлээд тайлбарлан ойлгуулах гэж үзэх хэрэгтэй.

Мөн найзад чинь чамд таалагддаг ямар зан чанар байна, давуу суралцмаар зан араншин, тал юу байна гэдгийг бодож үзээд найздаа алдаа дутагдлыг нь хэлэхдээ эхлээд сайн сайхан зан чанараас нь эхэлж ярин дараа нь миний найз ийм ийм сайхан чанаруудтай гэхдээ иймэрхүү жаахан засах зүйл байгаа болохоор ингээд засаад үзвэл яаж байна гэх мэтээр асуувал найзын чинь чиний яриаг хүлээж авах байдал өөрчлөгдөнө. Найзууд гэдэг бие биенийхээ сайн чанараас суралцаж, муу чанаруудыг засах талаас нь анхаарал тавьдаг гэдгийг хэлэх нь зүйтэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Зөвлөгөө өгсөн Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers #Friends #School