Ж.Тана: ЗОРИЛГОТОЙ, МӨРӨӨДӨЛТЭЙ бай. Хамгийн гол нь...


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-08-23

Харвардын их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан анхны  Монгол төгсөгч Ж.Таныг мэдэхгүй хүүхэд залуус ховор байх. Тэрээр эдийн засаг, Зүүн Ази судлалаар суралцаж төгсөн, 2015-2016 онд Оксфордын их сургуульд мастерийн зэргээ хамгаалсан бөгөөд өдгөө "Монголын залуу оюутан" хөтөлбөр болон "Монгол мөрөөдөл" ТББ-н үүсгэн байгуулагчаар ажиллаж эх орондоо томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ. Энэхүү хөдөлмөрч бүсгүйтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
- Сайн. Сайн байна уу? Энэ сайхан сайтын ярилцлагын буланд урьж оролцуулж буйд баярлалаа.

YOLOМастераар төгсөж эх орондоо ирээд хэдийн нэг жил болжээ. Одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?
- Би одоогоор "Монгол мөрөөдөл" ТББ, "Монголын залуу оюутан" хөтөлбөр дээр төвлөрч ажиллаж байна. Намраас Казахстан руу жилийн хугацаатайгаар ажиллахаар явна.

YOLOТаны бодлоор "Монгол мөрөөдөл" гэж юу вэ?
- Монгол мөрөөдөл бол заавал ч үгүй байх ёстой зүйл. Гэхдээ би монгол мөрөөдлийг яг юу вэ гэдгийг хэлж чадахгүй нь. Нийт Монголчуудын дуу хоолой, үзэл бодол дээр суурилан тодорхой хэмжээгээр бидний түүх өв соёл, цаашдын зорилго, нийгмийн байдал бүгд багтах ёстой тийм зүйл гэж бодож байна. Яг миний хувьд ямар монголыг мөрөөддөг вэ гэвэл шинэлэг дэвшилтэт зүйлсийг Монголдоо цаг тухайд нь нэвтрүүлж чаддаг, эргээд өөрсдийнхөө өв соёлыг улам сайжруулаад хадгалан үлдэж үр хойчдоо өвлүүлэн үлдээх тийм улс байхыг хүсдэг.

YOLOЯагаад "Монгол мөрөөдөл" ТББ-аа байгуулахаар шийдсэн бэ?
- Өнгөрсөн жил Оксфордын их сургуульд хамт сурч байсан Н.Эрдэнээ хэмээх залуутай хамтран энэ байгууллагаа байгуулсан. Тухайн үед бид хоёр Монголдоо очоод юу хийх үү? Сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрхэн ашиглах уу? гэж их ярилцдаг байлаа. Янз бүрийн санаа гарсны эцэст улсын зорилго, мөрөөдөл байх хэрэгтэй гэдэг дээр тогтсон.

Зорилготой, мөрөөдөлтэй бай. Хамгийн гол нь зорьсон, хүссэн, эрмэлзсэн сэтгэл байх хэрэгтэй.

Ж.Тана


YOLOМөрөөдөл, зорилго хоёрын ялгаа нь юу гэж боддог вэ?
- Мөрөөдөл нь илүү том хэтийн зүйл. Магадгүй хэзээ ч мөрөөдөлдөө хүрэхгүй байж мэдэх хэдий ч түүнийхээ төлөө үргэлж явж байдаг. Зорилго гэдэг нь арай богино хугацааны зүйл. Ямар ч гэсэн зорилт дэвшүүлээд төлөвлөөд зорилгодоо хүрнэ.

YOLOМонголд яг одоо тулгамдаж байгаа асуудал таны бодлоор юу вэ?
- Хэт хурдацтай хотжилт, агаарын бохирдол, эдийн засгийн хямрал гээд асуудал олон бий.  Гэхдээ эдгээрээс нэгийг онцолвол иргэдийн оролцоо. Бид эргэн тойрноо мэдээд шүүмжлээд байгаа хэрнээ дор бүрдээ юу ч хийдэггүй. Энэ бүх асуудлуудад бидний буруу ч бий. Түүнээс биш хэсэг бүлэг хүмүүс төрийн ордноос утаа гаргаад байгаа юм ч биш. Тийм болохоор иргэдийн оролцоо их чухал.

YOLOТа Харвардын их сургуулийг Зүүн ази судлалаар суралцаж төгссөн. Судалгааны явцад Зүүн Азийн бусад орнуудтай харьцуулахад Монгол улсын давуу ба дутагдалтай тал юу байсан бэ?
- Хамгийн түрүүнд Монгол улс Азийн улс ч гэлээ бусад Азийн улсуудаас их өөр гэдгийг ойлгосон. Бид нүүдэлчин улс гэдгээрээ бидний соёл түүх, нийгэм, хүмүүсийн сэтгэлгээ асар их ялгаатай. Давуу тал нь гэвэл бид эрх чөлөө, биеэ даасан байдлыг эрхэмлэдэг. Дутагдалтай тал нь бид нэг зүйл дээр нэгдэж нийлээд хийхдээ тааруу.

YOLOМонголын боловсролын систем бусад Азийн орны боловсролын системээс их ялгаатай. Аль нь илүү үр өгөөжтэй юм бол?
- Улсын зорилгоосоо шалтгаална. Япон бол чанарыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Энэ нь бараа бүтээгдэхүүн дээр нь ч мэдэгддэг. Энэ нь боловсролын системд нь уялдаж байдаг. Миний хувьд монголд сурч байхад хичээлийн хөтөлбөр дэндүү их бөгөөд хэтэрхий шахаж байгаа мэт санагддаг байсан. Ингэхээр хүний хүлээн авах чадварт бас их асуудалтай.

YOLOБи хувьдаа Монгол мөрөөдөл гэж нэг хүний мөрөөдөл биш нийт монголчуудын мөрөөдөл гэж ойлгодог. Тэгвэл яаж Монголчуудыг нэг мөрөөдөлтэй болгох вэ?
- Тийм ээ. Маш олон хүмүүсийн мөрөөдлийг сонсоно. 3 сая хүний мөрөөдлийг сонслоо гэхэд 3 сая өөр санаа гарч ирэхгүй. Тэрэн дотор сайндаа л 20 өөр сэдвээр хүмүүс ярих болно. Эндээс шигшээд нэг үндсэн санаа гарна.

YOLOСаяхан би Зүүн Азийн зуслан цугларалтанд оролцоод ирсэн. Тэнд байх хугацаандаа өөр өөр улсын өөр өөр соёл хүмүүжилтэй хүүхдүүд ч нэгдэж нийлвэл нэг зүйлийн ард хамтдаа гарч чаддаг юм байна гэдгийг мэдсэн. Яг үүн шиг. Таны хувьд Монголын мөрөөдөл гэлээ. Тэгвэл Азийн мөрөөдөл гэж гаргах талаар бодож үзсэн үү?
- Тэгэлгүй яахав, үнэхээр зөв ярьж байна. Азийн мөрөөдөл цаашлаад дэлхийн мөрөөдөл гэж байж ч болно. Дэлхийн аль ч өнцөгт байсан нэгэнтэйгээ холбогдох боломжтой болсон. Хүн төрөлхтөний мөрөөдлийн талаар аль хэдийн дэлхий даяар яригдаад эхэлчихсэн.

YOLOСуралцах хугацаандаа тухайн улс орныхоо байгууллага компанид ажиллаж байсан уу?
- Би гадаадад ажиллаж туршлага хуримтлуулъя гэж бодсон. Бакалаврын зэргээ хамгаалаад Австрали руу нүүж уул уурхайн компанид хоёр жил ажилласан. Эх орондоо ирээд туршлагаараа ажиллая гэж бодсон учраас тухайн үедээ уул уурхайг сонгож байсан. Би гадаадад ажиллаж туршлага хуримтлуулахыг их зөв гэж боддог. Гэхдээ цалин мөнгөнд нь болж биш эргээд эх орондоо яаж ашиглах вэ гэж бодож үзэх хэрэгтэй.


YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч Б.Намуун болон "Монгол мөрөөдөл" ТББ-ын тэргүүн Ж.Тана

YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч Б.Намуун болон "Монгол мөрөөдөл" ТББ-ын тэргүүн Ж.Тана


YOLOГадаадад ажиллаж байгаад буцаж ирэхэд тэндээ ажиллаж байсан бол гэсэн эргэлзээ төрсөн үү?
- Тийм бодол огт төрж байгаагүй. Австралид ажиллаж байхдаа энийг сайн хийж сурвал монголд хэрэгтэй гээд дандаа юм цуглуулж байгаа юм шиг ажилладаг байсан болохоор тэгж бодож үзээгүй. Гадаадад амьдрах мэдээж сайхан. Гэхдээ нэг юм дутуу санагддаг. Хэтэрхий хөгжчихсөн оронд бүх юм хэтэрхий амархан байдаг. Амархан байна гэдэг хэдий сайхан ч адал явдал, миний хувь нэмэр дутагдаад байдаг юм. Би үнэхээр онцгой мундаг л биш бол тэр хөгжчихсөн нийгмийг өөрчилж чадахгүй. Харин эх орондоо бол юу ч хийсэн маш их нэмэртэй юм шиг санагддаг.

YOLOХарвардын их сургуульд элсэн ороход хамгийн хүндрэлтэй асуудал юу байсан бэ?
- Яг элсэн орсны дараа надад хэтэрхий эрх чөлөөтэй санагдсан. Би өмнө нь АНУ-д суралцаж байсан ч дотуур байртай сургууль байсан л даа. Тэнд дэглэм их хатуу, дүрэм журамтай. Гэтэл их сургууль огт өөр. Шөнийн хэдэн цагт ч гарч орж болно, хичээлээ хийсэн ч хийгээгүй ч хамаагүй, тасалсан ч болно. Нэг бодлын их гоё мөртлөө нөгөө бодлын ямар нэгэн зүйл хяналттай байхдаа илүү гоё байдаг юм шиг. Тэр үед ээж аавыгаа их санадаг юм билээ. Хурдан ир, хоолоо ид гэдэг байсан тэр цаг үеэ их санасан. Хэт их эрх чөлөө их хэцүү санагдсан даа.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд залуу үедээ хандаж үг хэлэхгүй юу?
- Зорилготой, мөрөөдөлтэй бай. Хамгийн гол нь зорьсон, хүссэн, эрмэлзсэн сэтгэл байх хэрэгтэй. Дээрээс нь нийгмийн идэвх оролцоотой бай. Ганц өөрийгөө бодоод явах биш нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулаад нийгмээ өөрчлөөд шинэчлэхийг эрмэлзээрэй.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Harvard #High school #Bachelor #Mongolia #Girl