YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Энэ хугацаанд тэр аль хэдийнэ хоёр хүнтэй үерхсэн
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 17 настай. Нэг охинд сайн болоод хоёр жил болж байгаа юм л даа. Түүнтэй 2-р ангиасаа найзалсан болохоор дотно байсан, ингэж дурлана гэж мэдээгүй.
Би сургуулиас шилжихээс өмнө зориг гаргаад сэтгэлээ илчлээд гуйтал өөрөө Солонгос улс руу сурахаар явах гэж байгаа учраас хэрвээ одоо үерхвэл чатны үерхэл болчихно, эгч нь чатны үерхэл хол явдаггүй гэж хэлж байсан болохоор хоёулаа дэмий байх гэж байсан юм. Би ч түүнийг нь ойлгоод найз хэвээрээ байя гэсэн.
Тэгсэн ч би хүлээж байгаад, бага багаар дотносож байгаад нийлж чадах байх гэсэн горьдлоготой байлаа. Гэхдээ түүнийг залхаах, эсвэл өөрийгөө бүр гүн дурлуулж, нэг бүтэлгүйтвэл хагацаж чадахгүй болохоос сэрэмжилж хэт дотносохоос зайлсхийсэн. Хааяа энгийн найзууд шиг, хааяа хосууд шиг эрхлүүлж харьцаж байсан юм.
Нэг удаа "Хэрвээ 30 нас хүрэхэд хоёулаа ганц бие байвал үерхээд гэрлэх үү?" гэж ч асууж амжсан. Тэр тодорхой хариулт өгөөгүй ч өөрийгөө надтай тохирох байх гэж хариулсан. Би тэр үедээ дэмий солиотой асуулт асуучихлаа гэж бодсон ч хариултыг нь сонсоод надад боломж байгаа юм байна гэж зориг орсон юм.
Гэвч түүнээс хойш нэг жил өнгөрлөө. Ямар ч амжилтгүй санагдаад байна. Би л ганцаараа яриа өдөөд, тэр сэтгэл гаргаж харилцан ярилцахгүй, өөрийнхөө тухай, өдөр тутмын сонины талаар юу ч ярихгүй, би ганцаараа л сонин сонирхуулаад байхаар таагүй санагдаад байна. Тэр над руу зөвхөн хичээл асуух тохиолдолд л сураглаж байх юм.
Тэр өөрөө бага насны гурван дүүтэй. Мөн ээж нь төрөх дөхөөд гэрийн ажил ихтэй байгаа учраас даалгавраа хийх гэсээр байгаад хааяа хоёр гуравхан цаг унтдаг болохоор зав гардаггүй юм болов уу гэж боддог. Гэхдээ завтай үедээ найзуудтай групп чатанд тоглоцгоож харагддаг.
Мөн энэ хугацаанд тэр аль хэдийнэ хоёр хүнтэй үерхээд салчихсан. Одоо би ингэж хүлээгээд цаг заваа үрж сэтгэлээ зориулах хэрэг байгаа эсэхэд эргэлзэж эхэллээ. Би яах ёстой юм бол? Энэ хэвээр байхад өөртэй нь нийлэх боломж байгаа юу, эсвэл энэ тухай мартаад больсон нь дээр үү?
ЗӨВЛӨГӨӨ: Үйлдлүүдийг нь ажиглаад үзээрэй
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Тэр охиныг удаан хугацаанд сэтгэлдээ тээсэн ч хүссэн хариултаа авч чадахгүй байгаа нь чамайг таагүй болгож буй мэт санагдлаа. Энэ нь чамд тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа бололтой.
Хүмүүс ихэвчлэн ойр дотно, хайртай хүмүүстээ халуун дулаан мэдрэмж төрүүлэхийн тулд мэдэгдэхүйц үйлдлүүдийг хийдэг. Тухайлбал, санаа тавьж халамжилж, хамтдаа цагийг өнгөрөөх гэж хичээж, сайхан үгс хэлж, бодол, мэдрэмжээ хуваалцаж, мөн чамд тохиолдсон зүйлсийн талаар сонирхон сонсохдоо таатай байдаг. Тиймээс чи түүний үйлдлүүдийг ажиглаад үзээрэй.
Мөн та хоёр анх найзууд байхаар тохирсон ч үүнээс хойш чи түүнтэй найзын үүднээс харилцаж байгаагүй гэж ойлголоо. Энэ нь та хоёрын дунд үл ойлголцол үүсгэсэн байх магадлалтай. Учир нь тэр охин чамайг одоо хүртэл найзын үүднээс өөртэй нь харилцаж байна гэж ойлгож байх талтай. Чамайг өөрт нь сайн хэвээрээ гэдгийг мэдэхгүй байгаа ч юм билүү? Тиймээс өөрсдийн харилцаагаа тодорхой болгоорой. Ингэснээр үл ойлголцлоо шийдвэрлэх боломжтой. Үүний тулд өөрийн бодол мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж ярилцах эсвэл захидал бичиж болно.
Гэвч чиний сэтгэлийг хүлээж авах нь тэр хүний сонголт учир бидний зүгээс хариулах боломжгүй. Тиймээс хэрэв харилцаагаа тодорхой болгож дахин сэтгэлээ илчлэхээр шийдвэл түүний ямар ч хариу үйлдэлд бэлэн байгаарай. Хэрвээ тэр охин үгүй гэвэл шийдвэрийг нь хүндэтгээрэй. Бид хэн нэгний сэтгэлийг хүчлэх боломжгүй шүү дээ. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Итгээд үерхэх үү?
Сайн байна уу? Би 17настай. Би нэг хөвгүүнтэй үерхдэг байлаа. Ёстой л хүмүүсийг атаархтал удаан, нандин, бие биедээ халамжтай үерхсэн. Гэхдээ хөл хорионы үеэр салчихсан. Саяхнаас бид уулзаж бие биедээ эргээд татагдах боллоо. Гэвч одоо эргээд үерхэх зориг, итгэл алга. Бас би эцэг эхээсээ үерхлийн асуудлаа нуудаггүй боловч энэ удаад үнэхээр хэлж чадахгүй эмээж байна. Хүлээж чадахгүй салсан байж эргээд нийлэх нь зөв үү аль эсвэл итгээд үерхээд үзэх ёстой юу?
ЗӨВЛӨГӨӨ: Хүмүүс ялгаатай зүйлсээс хайрыг мэдэрдэг
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Хүмүүс ялгаатай зүйлсээс хайрыг мэдэрдэг. Зарим хүмүүс биеэр уулзаж, тэвэрч, гараас нь атгаж байж хайрыг мэдэрдэг бол зарим хүмүүс бэлэг авахаас эсвэл сайхан үгс сонсохоос хайрыг мэдэрдэг.
Бидний хайрыг мэдрэх байдал ялгаатай байдгаас үүдэж үл ойлголцол үүсэх магадлалтай байдаг. Тиймээс үерхдэг байсан найз хөвгүүн чинь чиний ямар үйлдлээс хайрыг мэдэрдэг байсан талаар эргэцүүлээрэй. Учир нь хөл хорионы үе тохиож чамтай уулзахгүй байсан болохоор сэтгэл санаа нь тогтворгүй байсан байх магадлалтай шүү дээ.
Мөн өөрийгөө ч бас үерхдэг байсан найз залуугийнхаа ямар үйлдлээс нь хайрыг мэдэрдэг байсан талаараа эргэцүүлээрэй. Тэр хүн тухайн үед ямар шалтгаанаас болж чамаас салсан бэ? Тэр үед та хоёрт ямар мэдрэмж төрж байсан бэ? Цаашид дахин ийм асуудал үүсвэл яах вэ? Хэрэв энэ талаар хоорондоо ярилцаагүй бол ярилцахыг хичээгээрэй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: 800 оноо авахгүй бол яана гэх айдсыг төрүүлж байна
Сайн байна уу? Би 18 настай, эмэгтэй. Энэ жил 12-р ангиа төгсөнө. Математик, физикийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлдэж байна. Суурь сайтай болохоор багш нар их дэмждэг. Гэвч сүүлийн үед энэ дэмжлэг нь дарамттай санагдах болсон. Намайг “800 оноо авна биз дээ, сайн бэлдээрэй” гэж байгаа нь 800 оноо авахгүй бол яана гэсэн айдсыг төрүүлж байна.
Тест бодлого бодоод бэлдээд байгаа ч чанар минь улам муу болж байгаа юм шиг санагдаад сүүлдээ шантарч байна. Бага ангиасаа тоо бодох тухтай байсан ч сүүлийн үед амархан тооноос уйдаад залхуурч, хэцүү тоог бодохоос шантарч хойш суугаад байна. Энэ бодол минь надад муугаар нөлөөлөөд байгаа юм болов уу? Яг яах ёстой вэ? Зөвлөгөө өгөөч. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн гол зорилгодоо анхаарал хандуулаарай
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Бусдын дэмжлэг нөгөө талаараа шалгалтдаа хамгийн өндөр оноог авах ёстой гэж шаардаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байгааг ойлголоо.
Чиний ЭЕШ өгөх гэж байгаа гол зорилго юу вэ? Багш нарынхаа урмыг хугалахгүйгээр хамгийн өндөр оноог нь авахын тулд өгөх гэж байна уу? Эсвэл өөрийнхөө хүссэн сургууль, мэргэжлээ сонгож суралцахын тулд өгөх гэж байна уу? ЭЕШ өгөх гэж байгаа өөрийнхөө гол зорилгодоо анхаарлаа хандуулахыг хичээгээрэй.
Багш нартаа “800 оноо авна биз дээ” гэж хэлж байгаа нь чамд дарамт юм шиг санагдаж, санаа зовж төвлөрч чадахгүй байгаагаа хэлсэн үү? Магадгүй багш нартаа юу мэдэрч бодож байгаагаа хэлчихвэл тэд арай дэмжиж буйгаа өөр үгээр илэрхийлэх ч юм бил үү?
Захидлаас чамайг тоо бодох дуртай гэж ойлголоо. Математикийн ЭЕШ-д чиний бодох дуртай тэдгээр тоо, бодлогууд л орж ирнэ шүү дээ. Тийм болохоор өөрийгөө хэт их шахахгүйгээр дуртай зүйлээ хийж байна гэж бодоод хөнгөн бас хөгжилтэй байдлаар шалгалтдаа бэлдээрэй. Энэ нь тархийг илүү идэвхжүүлж, суралцах үйл ажиллагааг сайжруулдаг. Шалгалтдаа бэлдэж байгаа ч өөртөө амрах, хичээлээс бусад хөгжилтэй зүйлс хийх тодорхой цаг гаргаарай. Энэ нь анхаарал төвлөрөлтөд сайнаар нөлөөлдөг юм шүү. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: хэнийг ч найзаа гэж харахаа больсон
Сайн байна уу? Би 21 настай, эмэгтэй. Би бусдын нүдэнд эсвэл бодогдох харилцах талаасаа аюулгүй автобусны буудал шиг санагддаг байх. Яагаад аюулгүй автобусны буудал гэхээр хэн нэгэн хүнд хэцүү үедээ над дээр ирэхэд би аль чадахаараа дэмждэг ч тэд надад ямар байгааг сонирхдоггүй. Ингээд асуудал нь шийдэгдчихсэн бол боллоо, баярлалаа гээд л явчихдаг.
Би өөрөө интроверт төрлийн хүн. Бусдыг сонсдог, яриа биш төрлийн хүн болохоор тэгдэг юм болов уу? Ихэнх найзалсан хүмүүс маань дээрх маягаар явчихдаг. Үүнээс болоод хүнд итгэл хүлээлгэж чаддаггүй. Бусдад сайн хандчихвал “дэндүү сайн хандчихав уу даа” гэж эргэлздэг. Хэнийг ч найзаа гэж харахаа больсон. Би тэдний сэтгэлийг дээрдүүлдэг ч намайг эргээд сонсох бодолгүй хүмүүстэй цаашид найзлах хэрэг байгаа юу? Би яах вэ? Сүүлдээ ямар ч хүнээс хурдан залхдаг болчихсон.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хүчлэх хэрэггүй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бид хэний дэргэд тайван амгалан байдаг вэ? Биднийг сонсож чаддаг хэн нэгний дэргэд байх үедээ тайван байдаг. Бидэнд нэн түрүүнд зөвлөгөө өгдөг гэхээсээ илүүтэй сонсож чаддаг нэгэн л хэрэгтэй байдаг. Чи ойр тойрныхоо хүрээлэлд яг тэр л нэгэн нь болов уу. Бусдад тус хүргэснийхээ төлөө яагаад өөрийгөө зэмлэнэ вэ?
Бусдыг сонсох, бусадтай ярилцах нь сонголт юм. Хэрэв үнэхээр тэднийг сонсоход хэцүү эсвэл сонсохыг хүсэхгүй байгаа бол сонсохгүй байж болно. Чи бусдын өмнө хариуцлага хүлээгээгүй, өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өнөөдөр найз нь өөрийг чинь сонсож ярилцах боломжгүй байна учир нь надад ч бас хүнд өдөр байлаа гэх мэтчилэн өөрийн бодлоо илэрхийлж байгаарай. Хэн ч бодол уншиж чадахгүй. Өөрийгөө найзууддаа илэрхийлж байж л найзууд чинь чамайг ойлгоно шүү дээ.
Мөн яриа биш, хүмүүс ярих зүйлсээ ярьчхаад л яваад өгдөг гэх мэт бодлууд дараа дараагийн хүнтэй найзлахад хаалт болж байж магадгүй юм. Энэ нь "угаасаа" гэдэг бодлын алдаа байх магадлалтай байна. Бидний бодол бидний хандлага, үйлдэлд нөлөөлж байдаг. Энэ хүн угаасаа ярих зүйлсээ ярьчхаад л яваад өгнө гэж бодоод л байх юм бол бусдад улам л итгэж чадахгүйд хүрнэ.
Мөн би сонссон юм чинь энэ хүн намайг сонсоно гэж битгий хүлээлт тавиарай. Хүн бүр адилгүй шүү дээ. Тиймээс угаасаа гэдэг бодлын алдааг засахыг хичээж өөрт хэрэгцээтэй байгаа зүйлсээ найз нөхдөдөө илэрхийлдэг байгаарай.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх