Сурагч Б.Маргад сумын сургуулийнхаа веб сайтыг зохион бүтээж, улсын олимпиадад түрүүлжээ


Сондор | YOLO.MN
2022-04-28

Говь-Алтай аймгийн Тонхил сумын 12 дугаар ангийн сурагч Б.Маргад /2021 он/

Мэдээллийн технологийн салбарын охидын олон улсын өдөр өнөөдөр /2022.04.28/ тохиож байна.

Эрэгтэйчүүд давамгайлсан энэ салбарт охид, бүсгүйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, охид, бүсгүйчүүд "өөрчлөлтийн хүчирхэг төлөөлөгч" байх боломжийг олгох зорилгоор энэ өдрийг дэлхийн 150 гаруй улс оронд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсын хувьд 2021 онд "Код бичих охидын хөтөлбөр"-ийг санаачилж, 21 аймаг 9 дүүргийн нийт 30 охиныг хөтөлбөрт хамруулсан билээ.

Тус хөтөлбөрт хамрагдсан 30 охины долоо нь дэлхийн томоохон их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа. Мөн Говь-Алтай аймгийн оролцогч Б.Маргад Тонхил сумын ЕБС-ийн веб сайтыг зохион бүтээж, мэдээллийн технологийн улсын олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн байна. Түүний зохиосон вэб сайтыг ЭНД  дарж сонирхох боломжтой.

Мөн Хан-Уул дүүргийн оролцогч Б.Анударь сургууль дээрээ код бичих клуб байгуулан, өөрийн сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж байгаа.

Харин Сүхбаатар аймгийн оролцогч Н.Мөнхжин “И-Монгол” академид өнгөрсөн өвлийн амралтаараа дадлага хийж, мэдлэгээ улам гүнзгийрүүлж, хоёр аппликейшн зохион бүтээсэн юм. Энэ мэтчилэн “Код бичих охидын хөтөлбөр”-т хамрагдсан 30 охин сурсан мэдлэгээ бусадтай хуваалцаж, өөрсдийн ур чадвараа сайжруулж, бусад охиддоо үлгэр жишээ болж явна.

Энэ жил тус хөтөлбөрт нийт 50 охиныг хамруулахаар зорьж байна. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт гурван  үе шаттай явагдах бөгөөд бүртгэл нь 2022 оны тавугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам

#Мэдээ