ХӨДӨӨ АМРАХДАА хийж болох гайхалтай 10 САНАА


Э.Цовоо | YOLO.MN
2017-06-28

Зуны сайхан улирал эхэлж уншигч хүүхдүүдийн маань ихэнх нь хөдөө явж амардаг билээ. Гэхдээ “тэнд очоод яг юу хийнэ ээ” гэсэн таамаглалтай байгаа бол чамд зориулж хөдөө амрахдаа хийж болох гайхалтай арван зүйлийг хүргэж байна. wink

1. Хөгжилтэй тоглоом тоглох

Гар утаснаасаа түр холдоод гэр бүлийхэнтэйгээ хөгжилтэй тоглоом тогло. Ямар ч тоглоом байж болно. Гэр бүлийн уур амьсгалыг илүү сайхан болгож өгөх зүйл бол хөгжилтэй тоглоом юм. Шагай шүүрэх, цүү хаях, алаг мэлхий өрөх гэх мэт сонирхолтой тоглоомууд байдаг юм шүү.


2. Таван хошуу малтай харьцаж үзэх

Морь унаж, үнээ сааж үзэх бол чиний зайлшгүй хийж үзэх ёстой зүйлсийн нэг юм. Таван хошуу малын үр төл нь яг үнэндээ бидний тэжээдэг нохой муурнаас илүүтэйгээр өхөөрдөм хөөрхөн амьтад байдаг юм шүү. Тугал татаж, хонь ямаа сааж болно шүү дээ.


3. Хээр газар хоол, цай хийж идэх

Монголчууд бид бүхэн хээрийн хоол цай амттай гээд л ярьдаг шүү дээ. Энэ үг үнэхээр үнэн шүү. Хээр хийсэн цай хоол ямар ч хоолноос илүүтэйгээр сайхан амттагддаг. Хээрээс аргал түүж галаа өрдөн, цай хоолоо хийж идээрэй. Аргалын үнэр ч гэсэн үнэхээр таатай гээч. Мөн ургамлын харшилтай хүнд аргалын утааны үнэр ч сайн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг билээ.


4. Усаар байлдах

Зуны халуун өдөр хөдөө усаар байлдах шиг сайхан зүйл үгүй билээ. Хөдөө очиж гол усанд сэлэн усаар байлдан нэг өдрийг гайхалтай өнгөрүүлээрэй.


5. Ааруул хийж идэх

Бид бүхэн ааруулыг иддэг л болохоос өөрсдөө хийж үзсэн нь ховор шүү дээ. Тиймээс хөдөө очин ааруулыг хэрхэн хийдгийг сураад өөрөө хийж үзээрэй. Өөрийн хийсэн юм цаанаа л амттай байдаг шүү.


6. Үзэсгэлэнтэй газруудад очих

Хэсэг ч болов хотын том том барилгууд, машины дуу чимээнээс холдож Монгол орныхоо үзэсгэлэнтэй газруудаар аялах хэрэгтэй. Алсын бараа ширтэн байгалийн сайхныг ажиглах үнэхээр гайхалтай шүү, заавал мэдрээрэй.


7. Тэмдэглэл хөтлөх

Хөдөө аялж байхдаа тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Дараа нь уншихад яг л тэр үедээ оччихсон мэт санагдах болно. Мөн авсан зургуудаа ч хавсаргаж дараа нь сайхан дурсамж өгүүлэх тэмдэглэлийг бий болгож болно.


8. Жимс түүх

Хөдөө очин жимс түүгээрэй. Жимс түүхэд маш хөгжилтэй байдаг ба дараа нь түүсэн жимсээ идэхэд чамд ч гоё байх болно. Харин жимс түүхдээ том хүмүүстэй яваарай. Ойд төөрөх аюултай шүү.


9. Бичлэг хийх

Тухайн очсон газар бүртээ бичлэг хийгээд үзээрэй. Дараа нь тэднийгээ эвлүүлээд чи өөрийн гэсэн кинотой болж болно шүү дээ. Гайхалтай санаа биш гэж үү?


10. Дурсамж өгүүлэх зургууд авах

Дээрх санаануудыг хэрэгжүүлж байхдаа дурсамж бүтээх зургуудыг авахуулаарай. Мөн Монгол орныхоо үзэсгэлэнтэй сайхан байгалийг (нар мандах, жаргах, малын бэлчээр, монгол ахуй гэх мэт) зургийн хальсанд буулгах нь үнэхээр гайхалтай санаа шүү. 

#summer #countryside #amazing