Дэлхийн дулаарал, агаарын бохирдол, усны нөөц гээд хүн төрөлхтний асуудал мундахгүй их болж байна. Энэ бүх асуудлыг шийдэж, эх дэлхийгээ "урт наслуулахын тулд" хүн бүрийн оролцоо хамгийн чухал бөгөөд миний бас таны хийж чадах найман зүйлийг танилцуулъя.
1. МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ
Эргэн тойрныхоо хүмүүст, найз нөхөд, гэр бүлийнхэндээ дэлхийн дулаарал, байгаль орчны асуудлын талаар ярих хэрэгтэй. Ингэхдээ хангалттай мэдлэгтэй, мэдээлэлтэй байх шаардлагатай тул цаг үеийн мэдээллийг заавал уншиж байгаарай.
2. ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАХ
Та болон таны гэр бүлийнхэн хариуцлагатай аялж сурснаар байгаль орчноо хайрлаж буйн илрэл юм. Хариуцлагатай аялах нь хогоо хаяхгүй байхаас л эхэлнэ шүү.
3. ХОГ ХАЯГДЛАА БАГАСГАХ
Бидний өдөр тутмын хог хаягдал хүртэл эх дэлхийд маань ачаа болдог гэдгийг та мэдэх үү? Дэлхий дээр минут тутамд нэг сая ширхэг хуванцар савтай бүтээгдэхүүн зарагддаг гэсэн статистик мэдээ бий. Эргээд ийм хэмжээний хуванцар хог хаягдал бий болно гэсэн үг. Гэтэл хүн төрөлхтөн жилд нийт хуванцар хог хаягдлынхаа есөн хувийг л дахин боловсруулж чаддаг ба үлдсэн 91 хувь нь хог болж үлддэг. Иймээс бид эх дэлхийн хог хаягдлыг багасгахын тулд наад зах нь хуванцраас татгалзах хэрэгтэй.
4. ХУДАЛДАН АВАЛТДАА АНХААРАХ
Юу худалдаж авч байна гэдгээ шалгаж сурцгаая! Дэлхийн хог хаягдлыг багасгахын тулд худалдан авалтаа урт хугацаанд хэрэглэх чанартай, дахин боловсруулсан эсвэл дахин боловсруулах боломжтой материалтай бүтээгдэхүүн авахыг зөвлөж байна. Мөн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн сонгож байгаарай.
5. БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ ХОЛБООТОЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦДАГ БАЙХ
Гол ус, нуур цөөрөм ширгэж, дэлхий тодорхой хэмээр дулаарлаа зэрэг цаг үеийн чухал судалгааны материалтай танилцах нь таны эх дэлхийгээ хайрлах эхний алхам юм. Эдгээр нь бүгд дэлхийн ирээдүйтэй холбоотой чухал асуудлыг хөнддөг учраас заавал цаг гаргаж уншаарай.
6. УСАА ХЭМНЭХ
Дэлхийн 70 хувийг ус эзэлдэг гэдэг ч үүний 0,03 хувь нь л цэнгэг ус байдаг. Тиймээс бидний хэрэглэж буй ус тодорхой хэмжээтэй гэсэн үг.
7. МОД ТАРИХ
Мод бол эх дэлхийн төдийгүй хүн төрөлхтний амь амьдралын нэг хэсэг. Иймээс модны ашиг тусыг дурдаад дуусахгүй их ээ. Харин бидний хийж чадах зүйл бол модоо хайрлахаас гадна мод тарьж эх дэлхийдээ туслах юм шүү.
8. ЦААСАА ХЭМНЭХ
Хүн төрөлхтөн өдөрт 80,000-160,000 модыг зөвхөн цаас хийхийн тулд огтолдог гэх судалгаа бий. Энэ бол ердөө л ганцхан өдөрт устгаж буй модны хэмжээ юм. Тиймээс бид цаасаа хэмнэж чадсанаар сая сая модыг аврах боломжтой гэсэн үг. Цаасыг хэмнэх маш амархан! Сурагч, оюутнууд маань улирлын эхэнд, хичээлийн жилийн эхэнд хичээл болгон дээрээ шинэ дэвтэр нээх хандлагатай байдаг шүү дээ. Үүнийгээ өөрчилж, залгамж холбоотой хичээлийг дуусаагүй дэвтэр дээрээ үргэлжлүүлэн хийх, дэвтрээ дуустал нь ашиглах, дэвтэртээ зай гаргахгүй байх зэргээр жижигхэн зүйлээс эхлээрэй. Түүнчлэн, зарим тэмдэглэлээ шаардлагатай биш бол онлайнаар хөтлөхөд ч гэмгүй.
Эх сурвалж: Voices of Youth
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх