YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Хэсэг хугацаанд завсарласан ч дахин захиа хүлээн авах боломжтой боллоо. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Нэг мэдэхэд л утсаараа оролдчихсон сууж байх юм. Яаж залхуурлаа ялан дийлэх вэ?
Сайн байна уу? Би одоо 16 настай эмэгтэй сурагч. Гэр бүл салалт, мөнгөний асуудалтай тул дугуйлан секцд хамрагдаж чаддаггүй. Найзуудыгаа харахаар дандаа боломжтой айлын хүүхдүүд, хоёр гурван ч дугуйланд явчихдаг. Уг нь би боломжтой бол дугуйлан байтугай өөр зүйлсийг ч туршиж үзэж өөртөө, ирээдүйдээ хөрөнгө оруулахыг хүсдэг. Дүү минь надаас 2 насаар дүү. Төгөлдөр хуур тоглох их авьяастай, концерт, тайзан дээр тоглож үзэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч ямар ч багш, дугуйлангүй тул сэтгэлээр их унадаг. Үүнд нь тусалж чадахгүйдээ би ч их гутардаг. Би ч яахав, аливаа зүйлийг өөрөө сурахад "гайгүй". Гэр бүлийнхээ боломжгүй байдлыг ойлгож байна. Гэрийнхэн минь сайн хүмүүс. Чадахаараа хичээдэг ч боломжгүй. Үүнийгээ ч бид хоёрт хэлж санаа нь зовж гэмшдэг. Надад ч өөрт минь буруу бий. Залхуу, бараг л юм хийдэггүй. Гэхдээ одооноос ирээдүйдээ санаа зовж, төлөвлөж өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байна. Гэхдээ заримдаа ийм сэтгэлээр унасан үед яах вэ? Мөн гэнэт жин нэмж язралт үүсэх, зүс минь гандах, өөрт байгаагаа инстаграм дахь хөөрхөн охидуудтай харьцуулж сэтгэлээр унах зэрэг тохиолдол юм. Би яах ёстой вэ? Үнэхээр өөртөө ийм учраас, тийм учраас гээд тайлбарлахаар мэдрэгдээд буй итэр шаналал арилахгүй юм. Заримдаа бүр өөрийгөө анзаарахаар бодит байдлаас зугтаж байна уу гэмээр хөсөр хаячихдаг. Зүгээр л утсаараа оролдоод юу ч бодохгүй, амьдралдаа, өөртөө ч анхаарахгүй улам л дордоод л. Би эсвэл тийм "суга" юм болов уу. Одоо жаахан өндиймөөр байгаа ч надад байнга мэдрэгдээд байгаа "шаналал" -аас болж нэг мэдэхэд л хэвтчихсэн утсаар оролдоод байж байдаг. Үр дүнд нь миний анзаарснаар сүүлийн хэдэн сар би жин нэмж, арьс өнгө зүс гундаж, сурлага ч нэлээн муудсан. Би яавал, юунаас эхлэвэл дээр вэ? Мөн ингэх юм сан тэгэх юм сан, энийг сурах юмсан гэх мөртлөө юу ч хийдэггүй залхуу байдал минь одоогоор миний хамгийн том сул тал, бас намайг эмзэглүүлдэг зүйл бололтой. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хэт хүчлэхгүйгээр бага багаар үйлдэл хийх төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн санхүүгийн асуудал бол өөрийн чинь хяналтанд барих боломжгүй зүйл. Өөрийн чинь нас бол боловсролд илүү чиглэж анхаарлаа төвлөрүүлэх үе. Өөрийн хяналтанд байх боломжтой зүйлс дээр эхний ээлжид төвлөрөөрэй.
Үнэхээр юм хийх хүсэлгүй бол өөртөө амралт өгөөд аливаа зүйлийг хийхгүй байж болно. Өөртөө чөлөө олгох хугацаа гаргаж болно. Гэсэн ч хүний тархи аливаа зүйлд дасахдаа амархан тул өөртөө олгосон чөлөө чинь залхуурал болохоос сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд өөрийгөө хүчлэх хэрэгтэй. Хүчлээд, гүрийгээд, тууштай, тэвчээртэй үйлдэл гаргах хугацаагаа өөрөө л гаргах хэрэгтэй. Аливаа хийх ёстой үйлдлээ хийж эхэлж өөртөө дадал бий болгоорой. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл амрах нь хүртэл хэцүү санагдаж өөрийгөө буруутгах байдал нэмэгдэх эрсдэлтэй юм шүү. Тиймээс өөрийгөө хэт хүчлэхгүйгээр бага багаар үйлдэл хийх төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээрэй. Төлөвлөгөөний дагуу явахгүй үе гэж бий. Залхуурна, гэнэтийн зүйлс гарч ирнэ, шантарна, хэвтмээр санагдана. Түр амраад эргээд төлөвлөгөөндөө ороорой. Тархи, бие одоо амрах, юу ч хийхгүй байхад дасчихсан байх магадлалтай учир түүнээс гарахад дасан зохицох тодорхой хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй юм шүү. Бусад хүн өөрийг чинь сэдэлжүүлэх гээд чиний өмнөөс үйлдэл гаргахгүй шүү дээ.
Хийж буй үйлдлүүдийнхээ давтамжийг ажиглаарай. Санаа зовнил маань бидний үйлдэлтэй ихээхэн холбоотой байдаг. Идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийхгүй бол жин нэмнэ, хүсээгүй жин дээр байгаа тул сэтгэл санаагаар унана. Өдөрт 25 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэсэн зорилго тавиад үзээрэй. Үйл хөдлөлөө өөрчилснөөр бага ч болов сэтгэлийг чинь тайвшруулах үйл явдал бий болно. Бага багаар үйлдэл хийж эхлээрэй. Мөн үргэлжлүүлсээр байгаарай.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Бид хамаатан гэдгээ мэдээд салсан ч түүнийг мартаж чадахгүй байна
Сайн байна уу би багаасаа нэг хөвгүүнд сайн байсан. Тэр ч бас надад сайн байсан учраас бид хоёр ахлах ангиасаа үерхэж эхлсэн юм. Үерхээд гурван жил болох гэж байлаа. Гэвч бид хоёрын ээж хамаатан болохоор салсан. Маш их хайртай болохоор хэцүү байсан. Одоо салаад жил болсон ч түүнийг бодсоор л байдаг. Ээж учраас хамаатан байсан ч гэрлэж болдог байх гэсэн бодол бас төрсөн гээч. Гол асуудал минь түүнийг мартаж чадахгүй байна. Хэрэв бид хамаатан биш байсаэн бол гэрлэх байсан байх. Би одоо яах ёстой вэ? Түүнийгэ бодоод л уйлаад байдаг.
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл хөдлөлөөр биш бодит үр дагаврыг бодож шийдвэр гаргаарай
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Ирээдүйд бүтэхгүй, эрүүл ураг төрлийн харилцаа үүсгэх боломжгүй харилцаа гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Бодит байдлыг үнэлэн дүгнэхдээ сэтгэл хөдлөл дээрээ биш бодит үр дагаврыг бодож шийдвэр гаргах үеүд амьдралд олон тохиолддог. Энэ бол өөрийн чинь тэр үе гэж ойлгоорой. Хайрласан болохоор түүнийг санаж байгааг төсөөлж байна. Гэсэн ч түүнийг өөрөөсөө тавьж явуулах хүчийг өөрөөсөө гаргаарай.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Найзуудтайгаа хамт байр түрээслэмээр байгаагаа аав ээждээ хэрхэн хэлэх вэ?
Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй.Өнгөрсөн жил оюутан болж эгчийндээ амьдрах болсон юм. Эгчийнх сургуулиас минь хол байдаг болохоор их ядардаг. Найзуудтайгаа гарч орох гэхээр хол бас автобус зогсчих байх гээд чаддаггүй. Түүнээс болоод найзуудтайгаа харилцах маань багасах болж холбоо бараг тасарлаа.
Энэ жилээс найзуудтайгаа хамтдаа байранд байж, сургуульдаа ч ойртож, цагийн ажил хийж, биеэ дааж сурах санаатай байгаа юм.
Үүнийгээ ээж аавдаа яаж тайлбарлах вэ гэдгээ ойлгохгүй байна. Эгч хувьдаа дэмий гэж байна лээ. Яаж тайлбарлавал өөрийн бодлоо ойлгуулж чадах вэ?
Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Нарийн төлөвлөгөө гаргаад нухацтай ярилцаарай
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийн гэсэн хүрээлэлдээ аль болох ойрхон байдлаар биеэ дааж амьдрах хүсэлтэй байгааг чинь ойлголоо. Хэрэв гэр бүлийнхэн чинь зөвшөөрвөл чи хаана байр түрээслэх бодолтой байгаа вэ? Байр түрээслэх, эсвэл оюутны байранд ороход ямар шаардлагууд тавигдсан байдаг вэ? Энэ талаар судалж үзсэн болов уу? Хэдийгээр биеэ дааж найзуудтайгаа амьдрах нь олон давуу талуудтай юм шиг боловч түүнтэй ижил сул талууд ч бий. Тиймээс биеэ дааж амьдрахын давуу болон сул талыг тооцоолоорой. Мөн энэ жилээс тусдаа гарч биеэ дааж амьдрах нь чиний одоогийн нөхцөл байдалд хэр зэрэг тохиромжтой вэ? Ямар учраас тохиромжтой эсвэл тохиромжгүй гэж бодож байна вэ? Эдгээр асуултуудад хариулж нарийн төлөвлөгөө гаргах нь гэр бүлийнхэндээ тайлбарлаж энэ талаар хэлэлцэхэд илүү ул суурьтай, нухацтай хандахад туслах боломжтой. Хэрэв гэр бүлийнхэн чинь зөвшөөрөөгүй бол тэд ямар учраас зөвшөөрөхгүй байгаа буюу чамд ямар шаардлага тавьсан учраас зөвшөөрөхгүй байгааг нь асууж аль болох нээлттэй ярилцахыг хичээгээрэй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач: Д. Намуун
АСУУДАЛ: Хүмүүстэй хэрхэн харилцаж сурах вэ?
Сайн байна уу? Би 16 настай, introvert төрлийн хүн. Гэртээ 24 цагийн 24-т нь байдаг байх. Зуны амралт эхэлснээс хойш байнга гэртээ байх болсон. Ээж минь намайг гэрээсээ гар, найз нөхөдтэй бол гэдэг ч би чаддаггүй. Хүмүүстэй ер нь нийлээд байх нь ховор. Гэхдээ яг дотны гэсэн гурван найзтай. Тэд нартайгаа амралт эхэлснээс хойш уулзалдаагүй. Аялал зугаалга, секц дугуйлан гээд их л завгүй хүүхдүүд дээ. Би 2018 оноос хойш сайн найзын хамтаар жил бүр зуслан явдаг байсан юм. Тэр бүртээ өөр өөр хүүхдүүдтэй танилцана. Найзтайгаа явдаг болохоор тэр ч үү би хүүхдүүдтэй гайгүй нийцтэй байдаг байсан. Харин энэ зун би ганцаараа зуслан явахаар болчихсон. Тэр өдөр нь хүртэл дөхөөд байдаг. Би ч санаа зовж айгаад л сууж байна. “Бусадтай нийцэхгүй байвал яах уу? Хүүхдүүдтэй хэрхэн танилцах вэ?” гэх мэтээр толгойгоо гашилган хэтрүүлж бодоод л. Ийм байдалтай зөндөө удлаа. Толгойноос гардаггүй ээ. Энэ айдсаа хэрхэн яаж дийлэх вэ? Ер нь хүмүүстэй яаж харьцаж сурах уу?
ЗӨВЛӨГӨӨ: Энгийн зүйлсээс эхлэн ярилцаж, харилцаа үүсгээрэй
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Захидалд яг дотны 3 найзтай гэж бичжээ. Дотны найзуудтайгаа хамгийн анх хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ? Тэр үед ч мөн адил чамд эдгээр айдсууд төрж байсан уу? Мөн захидлаас уншихад бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гэдэгт санаа зовж байгаа юм шиг санагдлаа. Тэгвэл бусад хүмүүс чамд ямар санагдаж байна вэ? Энэ бодолдоо төвлөрөөд үзээрэй. Ямар нэгэн зүйл бусад хүмүүст таалагдах эсвэл таалагдахгүй байх вий гэдгээс урьтаж эдгээр нь чамд таалагдаж байна уу, үгүй юу гэдгийг түрүүлж бодохыг хичээгээрэй.
Түүнчлэн шинэ орчинд орох, шинэ хүмүүстэй танилцахад хүн бүр тодорхой хэмжээгээр стрессийг мэдэрдэг. Тиймээс чамд төрж байгаа мэдрэмжүүд хэвийн зүйл юм шүү. Шинэ орчинд ороход дараах сэдвээр бусадтай яриа өрнүүлэх боломжтой. Хобби, дуртай спорт, аялал, хоол, дуу хөгжим гэх мэт. Мөн эргэн тойронд байгаа зүйлс, цаг агаарын талаар яриа өрнүүлэх боломжтой. Эдгээр сэдвүүдийг баяжуулан ярилцаж, харилцаж байгаа хүнийхээ дуртай зүйлсийг асууж дэлгэрэнгүй ярилцаж сонсохыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Өөрийнхөө хийх дуртай зүйлийг мэдэж чадалгүй төгсөх ангид орчихлоо
Сайн байна уу? Өдрийн мэнд. Би одоо 17 настай. Энэ намар 12 дугаар ангид орж байна. Асуудал нь өөрийнхөө дуртай зүйлийг ч мэдэж чадахгүй арай мөнгө олоход ойр юм гээд бизнесийн чиглэлийг сонгочихсон. Эхлээд "шалгалтаа өгөөд үзье дээ" л гэж бодож байна. Бас би сургуулиа төгсөөд Солонгос улс руу явж сурах хүсэлтэй. Шууд төгсөөд явна гэхээр хэлээ ч сайн мэдэхгүй болохоор 1 жилийн чөлөө авч сураад шалгалтаа өгнө, эсвэл 2+2 хөтөлбөртэй сургуульд орно гэж бодож байгаа. Гэхдээ аль нь дээр бол? Эсвэл зүгээр л цаг хугацаа бүгдийг нь харуулна гэдэг шиг хүлээж байсан нь дээр үү?
Бас өөр нэг байгаа асуудал гэвэл үерхлийн тухай юмаа.Би өмнө нь эрэгтэй хүүхэдтэй нэг их харилцаж байгаагүй. Саяхнаас нэг хүүхэдтэй харьцаж,хэдэн удаа уулзсан. Надад зүгээр л таалагддаг, хайртай биш. Харин нөгөө хүн маань надад сайн гэдэг л дээ. Надаас 1 насаар дүү. Тэгээд ер нь үерхээд гэрлэчихвэл би Солонгос явна гэсэн бодолтой байгаа. Өөрт нь хэлсэн л дээ. Би явна, сүүлд нь харамсмааргүй байна гэж хэлсэн ч явуулна гэж байна лээ. Гэхдээ арай үерхээгүй байгаа болохоор, эхлэхээс нь өмнө больсон дээр ч юм шиг.
Бид хоёр харилцаад хоёр сар л болж байгаа юм. Миний орхиж чадахгүй байгаа шалтгаан бол тэр хүүг их өрөвдөж байна. Тэрэнд одоо үнэхээр хэцүү байгаа. Гэр бүл нь асуудалтай, өөрөө ч бэртчихсэн.Тийм болохоор үнэхээр орхиж чаддаггүй ээ. Би одоо юу хийсэн нь дээр вэ? Миний захидлыг уншсанд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн зорилгоо тодорхой болгохыг хичээгээрэй.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрт тулгарсан асуудлаа яаралтай шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм шиг санагдлаа. Захидлаас уншихад чамд
Бидний өдөр тутамдаа гаргадаг сонголт, шийдвэр бүр өөрийн гэсэн зорилготой байдаг. Тиймээс өөрийн зорилгоо тодорхой болгохыг хичээгээрэй. Үүний тулд зорилго чинь юу вэ? зорилго чинь хэр зэрэг биелэгдэх боломжтой вэ? зорилгодоо хүрэхийн тулд ямар алхмууд хийх боломжтой вэ? ямар давуу тал болон эрсдэл үүсэх боломжтой вэ? зорилгодоо хүрсэн гэдгээ хэрхэн хэмжих вэ? хэдий хэр хугацааны дараа зорилгодоо хүрсэн байх вэ? Мөн чи үнэхээр үүнийг хүсэж байна уу? гэдгээ өөрөөсөө асуугаарай.
Мөн захидлаас уншихад, чи өөрийнхөө мэдрэмжийг хойш нь тавьж бусдыг түрүүлж боддог юм шиг санагдлаа. Бусдыг бодох нь чухал ч гэсэн үүнтэй зэрэгцээд өөрийнхөө мэдрэмжийг ч орхигдуулахгүй байх нь чухал юм шүү. Мөн үерхлийн асуудал дээр заавал яаран шийдвэр гаргах шаардлагагүй юм шүү. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх