Алтнаас ч "үнэтэй" металл


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-30

“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг шүү дээ. Анх нээгдсэн үедээ туг барьж, харин дараа нь тугал хариулдаг болсон нэгэн металлын тухай түүхийг энэ удаагийн дугаараар бэлтгэн хүргэхээр шийдлээ. Энэ бол хөнгөн цагаан.  

Хөнгөн цагааныг мэдэхгүй хүн гэж үгүй. Нэрийг нь сонсоход л бүх зүйл нь ойлгомжтой болох энэхүү мөнгөлөг цагаан өнгөтэй, маш хөнгөн металлыг бид нээн илрүүлснээсээ хойш техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, гэр ахуйн бараа гэх мэт маш олон эд зүйлсийн бүтээн байгуулалтад ашиглах болсон. Тэр ч бүү хэл эм, вакциний найрлагад хүртэл багтдаг гээд бод доо. 

ХӨНГӨН ЦАГААН ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь үелэх системийн 13 дахь элемент юм. Дэлхийн царцдасны 8 орчим хувийг эзэлдэг буюу дэлхийд хамгийн өргөн тархсан металл боловч хүн төрөлхтөн үүнийг ердөө хоёрхон зууны өмнө л цэврээр нь гарган авч чадсан гэдэг. 

Хөнгөн цагаан бол тасалгааны температурт хатуу төлөвт оршдог, идэвхтэй металл. Цахилгаан дамжуулах чадвар сайтай, агаарт хялбархан исэлдэж оксидон бүрхүүл үүсгэдэг учир зэвэрдэггүй гэх зэрэг олон давуу талтай учир одоо үед энэхүү металлын хэрэглээ төмрийн хэрэглээнээс ч их болжээ. 

АЛТНААС ҮНЭТЭЙ БОЛСОН НЬ

Хамгийн хямд үнэтэйд тооцогддог металлуудын нэг болох хөнгөн цагаан нь цагтаа алтнаас ч илүү үнэд хүрч явсныг дурдах нь зүйтэй. 1825 онд данийн химич, физикч Ханс Кристиан Эрстед хөнгөн цагааны хлоридыг калийн амальгамаар ангижруулан цэвэр хөнгөн цагааныг гарган авсан цагаас хойш Европын бүхий л язгууртан дээдсүүд бусдаасаа илүү байхын тулд энэхүү металлаар хийгдсэн сав суулга, гоёл чимэглэлээр "гангарах" болсон гэдэг. Тухайн үеийн Францын хаан хүртэл өөрийн хамгийн эрхэм зочдодоо хөнгөн цагаанаар, харин бусад зочдодоо алтаар хийсэн сав суулгыг бэлэглэдэг байсан байна. Цагтаа ийм л үнэтэй эрдэнэ байж шүү дээ. 

Оргил үедээ алт болон бусад металлуудаас ч илүү үнэд хүрсэн энэхүү металлын нэг килограмм нь ойролцоогоор 1,300 орчим ам.доллараар үнэлэгдэж байсан гэдэг. Харин ихээр үйлдвэрлэгдэх боломжтой болсны дараа нэг килограмм нь нэг доллар ч хүрэхгүй үнэтэй болжээ.

ХӨНГӨН ЦАГААНЫ ХЭРЭГЛЭЭ

Хөнгөн цагааны хэрэглээнд хязгаар гэж үгүй. Хамгийн түгээмэл жишээ бол тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлтэд ашиглах явдал юм. Энэхүү металл хөнгөн жинтэй, уян хатан шинж чанартай учраас бага хэмжээний хүчээр их хэмжээний хурд авах боломжтой. Ингэснээр түлш ч бага зарцуулагддаг.

Мөн цахилгаан дамжуулах тал дээр зэсээс хоёр дахин их хүчин чадалтай тул газар доорх цахилгааны утсыг ч хөнгөн цагаанаар хийдэг байна. Бүх төрлийн хоолой, барилга байгууламж, сансрын хөлөг гээд энэхүү металлд оролцохгүй юм гэж байхгүй дээ. 

#Хөнгөн цагаан #Металл