ЗАХИДАЛ: Аравдугаар сарын захидлын хариу №5


ССҮТөв | YOLO.MN
2020-10-30

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Ингээд л дуусгачихмаар...

Сайн байн уу? Би 18 настай. 2-р курсийн оюутан. Хэд хоногийн өмнө гэрийнхэн, найз залуудаа худлаа хэлээд оюутан ангийнхаа хүүхдүүдтэй хамт шөнө караокэ орчихсон юм. Ядаж байхад утасны цэнэглэгч эвдэрчихсэн болохоор цэнэглээд цэнэглээд 10 хувиас дээш гардаггүй. Ингээд шөнийн 02:00 цагийн үед харих гээд залгах гэтэл чаддаггүй. Гэртээ арай гэж ирээд навс загнуулсан

Би мэдээж хийсэн зүйлдээ маш ихээр гэмшиж байгаа. Даанч хэн ч үүнийг минь хүлээж авахгүй юм. Гэрийнхэн маань надад дахиж итгэхгүй, найз залуу маань ч больж үз гэсэн. Тэгээд надад үнэхээр хэцүү байна. “Миний буруу” гээд өвдөг сөхөрсөн ч үйлчлэхгүй үе гэж байдаг юм байна. Надад одоо бодогдож байгаа зүйл гэвэл “энэ хүмүүсийн хайрыг авах эрхгүй гэдгээ ухамсарлаад, нэмэр болохгүй байж нэрмээс болохын оронд эдгээр хүмүүсээс алга болох нь зөв” гэж дүгнээд сууж байна. Алга болох гэдэг нь хорвоод байх эрхгүй муу хүн гэдгээ ухамсарласан гэсэн үг. Уг нь энэ явдлаас өмнө надад асар том ирээдүй төсөөлөгддөг байсан. Одоо юу ч харагдахгүй байна. Ингээд л дуусгачихмаар... Хамаг биеийн минь эд эсээс авахуулаад намайг үзэн ядаж байгаа юм шиг байна. Надад энэ их өвдөлт энэ их зүйлийг давах тэнхэл байхгүй юм байна. Бурхан хүнд даах зовлонг нь л өгдөг гэж боддог байлаа. Гэхдээ үгүй байж. Энэ явдал надад үнэхээр хүндээр тусаж байна. УУЧЛААРАЙ ДАХИН ДАХИН УУЧЛАЛТ ГУЙЯ. Бүгд миний буруу. Дараа төрөл гэж битгий байгаасай. Өөрийгөө амьд байгаагаар мэдрэхийг үнэхээр хүсэхгүй байна. Бусдын амьдралд гай болсон намайг үнэхээр уучлаарай. УУЧЛААРАЙ гэдэг үг ер нь хүний гэмшлийн талд нь ч хүрэхгүй үг байдаг юм байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Харилцааны асуудал ямагт гарч байдаг

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захиан дээр бусдын бодол зонхилсон байна уу, өөрийн чинь бодол илүү зонхилсон байна уу гэдгийг өөрөөсөө дахиад нэг асуугаад үзээрэй.

Харилцааны асуудал ямагт гарч байдаг. Харилцаанд асуудал гарах үед хэт бусдад буруу өгөх эсвэл хэт өөртөө бурууг авч өөрийгөө шийтгэх нь зөв биш. Надаас хамааралтай зүйл нь юу байв, бусдаас хамааралтай зүйл нь юу байв гэдгийг ялгаж, салгах хэрэгтэй. Өөрийн зүгээс тайлбараа хэлсэн байхад хангалттай. Хэрхэн хүлээж авах нь бусдын асуудал. Бусдын хэрхэн хүлээж авахыг чи шийдэж чадахгүй шүү дээ. Өнгөрсөнд хэт харамсах хэрэггүй. Цаашид ийм асуудал гарахгүй, надад итгээрэй гэж хэлээд дараагийн удаа хэлсэн үгэндээ хүрсэн байхад хангалттай. Өөрийгөө хэт битгий шүүмжлээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ:

Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. Би ойрд их амархан гуниж гутрах боллоо. Үргэлж л өөрийгөө зэмлэж, царай муутай, тарган, муу сурдаг, спортод муу, ямар ч давуу талгүй гэх зэргээр өөрийгөө маш их муулдаг болсон. Бусад олон давуу талтай хүүхдүүдэд атаархаж, өөрийгөө зэмлэнэ. Өөрийгөө тэдэнтэй маш их харьцуулна. Тэгээд өөртөө гомдож өөрийгөө цаасны хутгаар зүсэж, цус гартал маажиж эхэлдэг. Би яагаад ийм муу юм бэ? Би яагаад тэдний талд нь ч хүрэхгүй байгаа юм бэ? гэх мэт бодол л толгойд эргэлдэнэ. 

Ээж маань намайг өөрийгөө гэмтээснийг харчихаад маш их загнасан. Хэрэв та бүхэн “энэ тухайгаа хэн нэгэнд хэл, сэтгэл зүйчид үзүүл” гэх гэж байгаа бол тэр хүмүүс ердөө намайг загнаж, сургуулиас хөөх болно. Манай ангийн нэг охин өөрийгөө гэмтээдэг нь баригдаад, сургуулиас хөөгдсөн. Тиймээс би энэ тухайгаа хүнд хэлж чадахгүй нь. Аль болох өөрийгөө гэмтээж, өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх гэж хичээсэн ч чаддаггүй. Бараг л донтчихжээ. Хэчнээн хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, онцгой гэдгийг мэдэх ч өөрийгөө амьтнаар бол ялаа, бусдыг эрвээхийг хэмээн төсөөлж, ялааны эрвээхийнээс илүү ганц ч гэсэн чанарыг олж харах гэж хичээх болсон. Би урьд нь хэзээ ч өөрийгөө гэмтээдэг хүн болохгүй гэж боддог байлаа гэтэл одоо...

Би ганцхан сайн найзтай. Тэр найз маань намайг өөрийгөө гэмтээснийг олж хараад болихгүй бол багшид хэлнэ гэж айлгасан. Үнэндээ намайг сонсож зөвлөгөө өгөөсэй гэж би хүссэн юм. 

Заримдаа гуниглах үед өөрийгөө зүсэж байж л тайвширдаг болсон. Би бусад хүүхдүүд шиг Фэйсбүүк ухаж, анимэ үздэггүй. Тэдэн шиг волейбол, сагс тоглодоггүй. Бас тэднээс бүх талаараа муу. Заримдаа амиа хорлох тухай ч боддог. Гэхдээ зориг хүрэхгүйг нь мэддэг. Тиймээс надад тусалж, зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө гэмтээж болох эд зүйлсийг өөрөөсөө холдуул

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Амиа хорлох тухай “бодол” орж ирсэн бол өөрт чинь тусламж хэрэгтэй болжээ гэж үздэг. Харин өөрөө “үйлдэл” хийсэн байна. Эргэн тойрноосоо шүүмж ихээхэн сонсох бүрд бид хаагдмал болдог. Бодлоо өөрсдийн дотор нууж эхэлдэг. Бодлоо ил гаргахгүй бол дотроо маш ихээр зовж, шанална. Бодол бол гинжин холбоо шиг үргэлжилдэг. Сайхан зүйл бодоход үргэлжлүүлээд бодоод л байдаг. Үүнтэй адил сөрөг бодол ч ялгаагүй. Таагүй бодлууд өөрт чинь ихээр хуримтлагдсан цагт “эерэг” үйл хөдлөл гарахгүй шүү дээ.

Одоо анхаарах зүйл:

1. Таагүй бодол бий болсон бол зориудаар “одоо зогс” гэж хэлээрэй.

2. Өөрийгөө гэмтээж болох эд зүйлсийг өөрөөсөө холдуул. Өөрийгөө гэмтээснээр угтаа чи л зовно.

3. Өөрийгөө хайрлаарай. Өөрийн чинь бие хаа, гадаад үзэмж байгаагаараа л сайхан гэдгийг өөртөө хэлээрэй. Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Мэдээж энэ их амаргүй. Судалгаагаар өсвөр насны 3 хүүхэд тутмын 2 нь өөрийгөө бусадтай харьцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ их өндөр үзүүлэлттэй тоо баримт. Чамтай адилхан өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхгүй байгаа олон өсвөр насны хүүхдүүд байгаа юм шүү.

4. Хүн бүр чиний хүлээлтэд хүрэх боломжгүй. Энэ их хатуу сонсогдох байх. Бид цаг тутамд харилцааны тал дээр суралцаж байдаг. Хэн нэгэнд зөвлөгөө өгнө гэдэг тийм ч амархан зүйл биш. Магадгүй найз чинь цочирдсондоо болоод өөрийг чинь ойлгоогүй юм шиг санагдсан болов уу. Ээж чинь ч мөн ялгаагүй. Өмнө нь ийм харилцааны туршлагатай байгаагүй болохоор уурласан байх. Эцэг эх ч бас бие хүмүүс. Тэд төгс биш шүү дээ.

5. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах. Өөрийг чинь шүүмжлэх байх, загнах байх гэж битгий бодоорой. Мэргэжлийн хүнд хандах нь сэтгэл зүйн асуудлаа үндсээр нь ойлгох боломж олгодог.

Чамайг ойлгох, туслах хүмүүс ямагт байгаа юм шүү. Өөрт чинь төрж байгаа мэдрэмжээ яриагаараа хэлж чадахгүй бол энэ бичсэн захиагаа уншуулаад үзээрэй. Магадгүй тэд ойлгох байх.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Миний өдрийн тэмдэглэлийг уншчихсан байна 

Сайн уу? Би 19 настай, оюутан. Гадаадад сурдаг болохоор хил хаагдаад хичээлүүдээ Монголдоо онлайнаар үзэж байгаа. Угаасаа хүнд итгэх итгэл үгүй, хүнээс авсан зөвлөгөөнүүд сэтгэлд хүрдэггүй, дотроо нээж чаддаггүй би дандаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг юм. Гэрийнхэн минь харин Монголд ирсэн цагаас хойш намайг үнэхээр хавчиж, найзуудтайгаа ч уулзаж чадахгүй байна. Тэр байтугай орлого зарлага хүртэл хянаж их төвөгтэй байдалтай амьдарч байна. 

Тэсвэр алдаж уйлан байж хэлсний үр дүнд арай гайгүй байсан ч тэр бичсэн тэмдэглэл бүрийг минь ээж утсан дээрээ зургийг нь дараад авчихсан байсныг нь санаандгүй байдлаар олчихсон. Анхны согтож үзсэн өдрөөс авахуулаад, анхны бэлгийн харилцаанд орсон үе, амьдралыг харах өнцөг, үерхсэн хүүхдүүдийн талаарх бодол бүгд бичээстэй байсан. Мэдээж энэ дэвтэр бол миний эрдэнэ, миний найз гэж хэлж болох цорын ганц зүйл. Миний амьдралтай маш их холбоотой амин судас нь байгаа юм. Хэчнээн санаа зовж хавчиж болох ч миний хувийн орон зайд халдах хүртэл байдалд хүрнэ гэж би бодсонгүй. Надад та бүхэнд хандахаас өөр ямар ч сонголт үлдсэнгүй. Миний толгойд одоо амиа хорлохоос өөр ямар ч зүйл бодогдохгүй, тайвширч чадахгүй байна. Амьдралдаа авч байсан том цохилт шархнуудын нэг байж чадсан. Ээж минь миний төрсөн ээж биш ч төрсөн юм шиг дотно байдаг. Энэ явдлаас нь хойш надад танд миний амьдрал ямар хамаатай юм бэ гэж хэлмээр санагдаж байна. Миний явуулсан захиаг цахимд нийтлэлгүй шуурхай хариу өгөөсэй гэж би та бүхнээс үнэхээр их хүсэж байна. Надад тус болооч гуйя.

ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхчүүд хүүхдээ хамгаалж байна гэсэн нэрийн дор хувийн орон зай руу нь ихээр халддаг

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүн бүрд өөрсдийн хувийн орон зай хэрэгтэй байдаг. Хэлэхийг хүсдэг зүйл гэж байхад хэлэхийг хүсдэггүй зүйл гэж бас бий. Хувийн орон зай руугаа халдуулсанд ихээхэн бухимдаж байгаа болов уу? Эцэг эхчүүд хүүхдээ хянаж, хамгаалж байна гэсэн нэрийн доор хувийн орон зай руу нь ихээхэн халддаг. Нэг ёсондоо хүүхдээ хамгаалж байна гэж сайныг бодож хийсэн үйлдэл нь хүүхдийнхээ хувийн орон зайд халддаг. Үүнийгээ тэд хүлээн зөвшөөрдөггүй.

Өөрт чинь гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага ч байгаа, эрх ч бий. Энэ тохиолдолд “үгүй” гэж хэлэх эрх өөрт чинь бий. Чиний юунд хүрч болох болохгүйг өөрийн зүгээс хэлж, хязгаар тогтоож болно. Өөрийгөө ойлгуулж хэлэхэд хэцүү байж магадгүй. Шууд хэлж чадахгүй бол мессеж бичих, захиа бичиж үлдээх гэх мэт дам арга ашиглаж болно. Уурлаж бухимдаж хэлэх үед нөгөө талын харилцагчдад хамгаалах механизм бий болгоод өөрсдийн өнцгөөсөө дайрах гээд байдаг. Тиймээс өөрийгөө сайн тайвшруулж байгаад өөрийн шаардлагаа хэлээрэй. Тэд чамайг ойлгох байх. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би мэргэжлээ сонгож чадахгүй байна 

Би 14 настай эмэгтэй. Намайг А гэдэг. Би мэргэжлээ сонгож чадахгүй эргэлзээд байна. Би уг нь сэтгэл судлаач болъё гэж бодсон ч аав ээж маань “барилгын инженер болбол ирээдүйтэй юм байна. Саяхан манай хамаатан сэтгэл судлаачаар төгсөөд одоо ажилгүй байна” гэж хэлэхээр нь эргэлзээд өөрийн хүслээ дагаж сонголтоо хийе гэж хэчнээн бодсон ч өдөр ирэх тусам илүү эргэлзээд байна би яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Одоогоор өөрт чинь цаг хугацаа байна

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт хийх үед олон хүчин зүйлийг харгалзана үзэх шаардлагатай болдог. Одоогоор өөрт чинь цаг хугацаа байна. Мэргэжлийн зөвлөгөө өгдөг газраас чиглүүлэх зөвлөгөө авах боломжтой. Ямар ч зүйлд давуу тал болоод сул тал гэж байдаг. Мэргэжлийг дан ганц сонирхлоос гадна бусад нийгмийн хүчин зүйлийг харах шаардлагатай. 

Эргэлзээд байгаа бол эргэлзээгээ тайлтал судлаад үзэх хэрэгтэй болов уу. Өөрийн бодож байгаа мэргэжил болоод бусад хүмүүсийн санал болгож байгаа мэргэжлүүдийг судлаад, давуу тал болон сул талуудыг нь эрэмбэлээд үзээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир 


АСУУДАЛ: Маргааш нь нөгөө охинтойгоо хөтлөлцөөд явж байсан

Сайн байна уу? Өдрийн мэнд. Би өөрийнхөө амьдралд болж буй үйл явдал бүрийг адал явдалтай, сонирхолтой эсвэл гунигтай гээд олон талаас нь харж шинжлэх дуртай. Нэг л өдөр би тэр хүнтэй анхны харцаар учирсан. Нэг сургууль, бүр нөгөө анги маань байсан. Хэдэн өдөр нэг нэгнийгээ харалцсаны дараа чаталсан. Тэгээд хэд хоногийн дараа үерхсэн юм. Хайрлахад үнэхээр л цаг хугацаа хамаагүй байдаг юм байна лээ. Хэн хэнээс илүү аз жаргалтай хосууд хэрэлдэж маргалдах шалтгаан байхгүй. Хэнээс ч айж эмээлгүй нэг нэгнээ хайрладаг байлаа. Бид хэн хэндээ анхны бүхнээ өгч цаашдаа хамт амьдрахаа амлаж гэр бүлийнхэндээ хэлж байсан. 

Ингээд нэг жилийн дараагаас итгэл алдах жижиг асуудлууд гарч эхэлсэн. Өөр охинтой чатлах, бүр уулзсан байсан. Энэ бүгдийг нь хэлж ярилцаж байсан ч хагас сарын дараа жижиг зүйл дээр маргалдаж харьцахгүй хэд хоносон ба тэр үед аль хэдийнээ өөр найз охинтой болсон байсан. Мэдээж хоёр жил шахуу үерхсэн байсан болохоор маш хүнд тусаж, нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй, хэсэг өөрийгөө тусгаарлаж ёстой ч нэг эморсон доо. Түүнээс хойш тэр хоёрын аз жаргалтай байгаа мөч бүрийг нь харж, өөрийгөө сэтгэл санаагаар унагаж байсан болохоор өөрийгөө хүчлээд “энэ хүнийг мартана” гээд бүх юмыг нь устгаж, ажил сургуульдаа анхаарлаа хандуулж, найзуудтайгаа цагийг өнгөрүүлж бараг л хайртай байсан сэтгэл минь байхгүй болчихсон сайхан байлаа. 

Хичээл эхлээд өдөр болгон таардаг байсан ч нээх тоодоггүй байсан. 7 сарын дараа над дээр буцаж ирээд бүх зүйлээ ярьж сэтгэлээ нээсэн. “Чамайг санасан, энэ охиныг үнэхээр чам шиг байгаасай гэж их хүссэн, 7 сар би чамайг хардаг л байсан” гээд надад хайртайгаа, надаас холдож чадахгүй үргэлж санадаг байснаа бас чиний хэцүү байсан мэдрэмжийг мэдэрсэн болохоор чамайг хэзээ ч гомдоохгүй гэж хэлсэн. Бас “намайг харж байгаарай, би чиний төлөө бүхнийг хийнэ” гэсэн. Шийдчихсэн байсан миний сэтгэл тэр дороо хувирч би ч бас ямар их санаснаа хэлсэн. Дотор байсан нэг юмыг авчихсан юм шиг санагдаад үнэхээр аз жаргалтай байсан ч маргааш нөгөө охинтойгоо хөтлөлцөөд явж байхыг харсан. 

Ингээд л би дахиад нэг удаа шархалчихлаа. Энэ мэдрэмж үнэхээр хэцүү байдаг юм байна. Хайр гэдэг юмыг тэр хүнээс л мэдэрсэн болохоор хэзээ ч мартаж чадахгүй гэдгийг нь ойлгосон. Би яах вэ? Мартах ёстой юу? Эсвэл хүлээх үү? Харж байгаарай гэсэн болохоор нь харах ёстой юу? Мартаад хичээлээ хийе гэсэн ч дурсамжууд нь бодогдоод болдоггүй. Өөр шинэ хүнтэй учирвал мартах байх гээд хүмүүстэй танилцсан ч үнэхээр түүний хэмжээнд хүрэхгүй байсан. Дахиад мартах гэж оролдвол миний зүрх дийлэхгүй юм шиг санагдаж байна. Би зүрхний өвчтэй. Мартана гэсэн шийдвэртээ бат зогсвол яах бол? Надад туслаач. Би чадах болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Салалтын мэдрэмжийг яах аргагүй туулж гардаг

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хайрласан хэн нэгнээ алдахад маш хэцүү мэдрэмж авдаг. Үгээр тайлбарлахын аргагүй хэцүү санагдаж байгаа болов уу. Салалтын дараах таагүй мэдрэмжийг яах аргагүй бид туулж гардаг. Үүнийг алгасах боломжгүй. Учир нь хайртай хүнтэйгээ хамт байх үед тархин дахь аз жаргалын хэсэг ажиллаж байдаг. Хайртай хүмүүс маань бидний тархийг маш хүчтэйгээр өдөөж, аз жаргалын гормон ялгаруулж байдаг. Гэтэл салалтын үед тархи маань аз жаргалын өдөөлтөө дахиж авахын тулд биднээс хүчтэйгээр нэхэж эхэлдэг. Салалтын үед хүссэн үедээ хайртай хүнтэйгээ хамт байж чадахгүй шүү дээ. Хүсээд байгаа зүйлийн өгөхгүй байгаа болохоор бухимдлын хариу үйлдэл бий болж байдаг. Тархинд бий болсон бухимдлын өдөөлт намжихад цаг хугацаа хэрэгтэй. Ийм учраас хайрласан нэгнээ бид шууд мартаж чадахгүй. Мартахад цаг хугацаа хэрэгтэй.

Нэг хүнийг мартахын тулд өөр хэн нэгэнтэй харилцах нь эрүүл харилцааг бий болгож чадахгүй. Тиймээс сэтгэл санаа чинь тогтвортой биш байхад хэн нэгэнтэй танилцах гээд яараад байх хэрэггүй болов уу? Мөн хоёр хүний хооронд гүйгээд байгаа нэгэн эрүүл хосын харилцааг удаан үргэлжлүүлж чадах болов уу? Эргээд чам дээр ирлээ гэхэд цааш эрүүл харилцаа та хоёрын дунд бий болж чадах уу? Ямар ч үйл явдал болсон хийх сонголт өөрт чинь байгаа. Мөн хэн нэгнийг хайрласныхаа төлөө өөртөө буруу авах хэрэггүй ээ.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter