Фэйсбүүк, инстаграм гэх мэт “холыг ойртуулж, ойрыг холдуулагчид” ихээр бий болж, хүмүүс ч олноор ашиглаад удаж. Би тэр л хэрэглэгчдийн нэг нь. Интернетээр дамжин цахим гэмт хэрэг, луйвар их гардаг ч өдгөө хүмүүс интернетээс хүссэн мэдээ мэдээллээ хурдан шуурхай авах болсон.
Өөрийнхөө зургийг тал талаас нь авч, зуу хэдэн мянган “Таалагдлаа” гэсэн гозойсон эрхий хуруунууд, хөөрхөн сайхныг нь магтаж бичсэн сэтгэгдлүүд, бүх л амьдралаа хүүрнэн бичиж өдрийн тэмдэглэлээ болгосон статусаар дүүрсэн цахим ертөнц. Энэ бол бидний амьдардаг хоёр дахь ертөнц. Би ийнхүү “хоёр ертөнц”-н хооронд явсаар нэлээн хугацаа өнгөрүүлжээ. Интернетээс урам авах зүйл уншин ухаарч, бусадтай өөрийгөө жишин голж гутарч ч явсан удаа бий.
Одоогоор би хоёр дахь байдалд нь байгаа. Өөрийнхөө үеийнхнийг амжилттай явж байгааг харж аль хэдийн олны танил болсонд нь атаархаж өөрийгөө яагаад ийм арчаагүй байгааг бодоод бодоод олж чадахгүй явах ямархан сэтгэлийн дарамтад оруулдгийг өсвөр насыг тойрч биш дайраад гарсан хүн бүр мэдэх буй за.
Миний бага нас Баянзүрх дүүргийн 16-р хороололд өнгөрсөн. Өнгөрсөн ч гэж дээ. Одоогоор хөгшрөх болоогүй болохоор үргэлжилсээр байгаа гэвэл зохистой байх. Цахим найзууд маань бүгдээрээ өсвөр насныхан дундаа цаашлаад улс орондоо танил болсон мундаг хүүхдүүд. Ийм хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх хүсэлгүй хүн гэж хаана байх вэ. Шинэ танилтай болоход хаана амьдардгаа хэлэх болно. “16-р хороолол” гэхэд минь “-Аан, цайз 16 юу?” гэж хариулт нэхсэн асуулт асууна. “Тийм” гэж хариулж болохгүй. Хэрвээ тэгвэл дахиж харьцдаггүй юм. Гэр хорооллынх гэж бодоод голдог юм байгаа биз. “Өссөн төрсөн газраар нь хүнийг ялгаж болно гэж үү? Хүн бүрт унасан газар угаасан ус нь чухал шүү дээ. Тэглээ ч 16-р хороолол бол гэр хороолол биш орон сууцтай газар юм шдээ” гэж бодогдоод сэтгэл дотор уур буцалж чаддагсан бол “Гэр хороололд амьдардаг байхаараа яадаг юм? Хүнтэй найзалж нөхөрлөж болдоггүй хүмүүсээр дүүрсэн тахал гарчихсан газар юм уу?” гээд асуучихмаар санагддагсан.
Ингээд зогсохгүй хэний ч мэдэхгүй цифрүүдээс бүрдсэн сургуулийнхаа дугаарыг хэлнэ. Дахиад л нөгөө ядаргаатай асуулт... “Хаана байдаг юм?” Хариуд нь нөгөө хүүхдүүд нь “Elite, Hobby, Орчлон, Шинэ Монгол” гээд урсгаж эхэлнэ. Уг нь манай сургууль дүүрэгтээ нэр хүндтэй тэргүүний сургууль. Өндөр төлбөртэй “лаг“ сургуулийн “лаг” сурагчид дүүргүүдийнхээ тухай мэдээллээр хомс байдаг юм шиг ээ.
Хотын төвийн олон давхар өндөр орон сууцнуудыг харахад миний амьдардаг 5 давхар модон тагттай, тэр нь хүчтэйхэн салхинд нураад уначихмаар нэг өрөө байр минь даанч инээдтэй. Бага ангиасаа төлбөртэй хувийн сургуульд сурсан бол өдийд хэчнээн мундаг явах байсан бол гэж бодохоор тааруухан амьдралаа тээршааж, эцэг эхдээ гомдоллоно.
Зуны амралтын сүүлийн долоон хоногт дахиад нэгэн мундаг олны танил болсон хүүхэдтэй танилцав. Тэр төлбөртэй сургуульд сурч, хичээлээс гадуур сургалтад хамрагддаг, гадаад хэлээр ярьдаг, төгөлдөр хуур тоглодог, спортлог хүүхэд. Нэг тэнгэрийн дор амьдарч нэгэн агаараар амьсгалдаг хэдий ч өөр өөрийн ертөнцтэй, огт өөр түвшний шинэхэн танил. Түүний бусдаасаа ялгарах зүйл нь хувийн амьдрал руу минь хэт өнгийж хаана амьдардгийг минь шалгаагаагүй юм.
Хувийн амьдралыг минь сонирхоогүйнхээ хариуд намайг түүнээс ч хүнд байдалд оруулахаар зүйлс ярина. Бидний яриа ихэвчлэн улс төр, үзэл бодлын хүрээнд өнгөрдөг байв. Өдийг болтол өөрийгөө хангалттай мэдлэгтэй, их хичээж хөдөлмөрлөдөг гэж боддог байсан бодол маань түүнтэй ярилцахад хаана нь ч үл хүрэлцэнэ. Надтай бараг л Англиар харьцчих гээд байдаг түүний ярианаас ойлгоогүй зүйлсээ толь бичиг барьж суугаад орчуулдаг байлаа.
Хичээлийн шинэ жил ч ойртож аавынхаа өгсөн мөнгийг халааслаад дуудлагын такси шиг санах болсон микрондоо суугаад ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь байх “Нарантуул” зах руу хичээлийн хэрэглэлээ авахаар явав. Хэрэгтэй зүйлсээ цуглуулаад өнөөх унаандаа сууж “-Би цаашаа, чи наашаа” гэж шахалдсаар цонхон талд наранд шарагдан нүдээ онийлгон суутал урд талын суудал дээр суусан хар шил зүүж гартаа Бамбар зайрмаг барьсан хүүгийн яриа анхаарал татав.
-Аз жаргалын амт icemark хэмээн гаран дахь зайрмагаа шунахайран долоох авч гарыг нь даган аарц урсана. Тэр болгонд эмээ нь хүүгийнхээ гарыг арчиж өгсөөр. Хүү хар нүдний шил зүүсэн нь түүнийг гадуур гарахдаа “ихэд гангалжээ” гэх бодлыг төрүүлэв.
-Энэ зайрмаг амттай юм аа. Энэ цэнхэр өнгөтэй байна уу цагаан өнгөтэй байна уу? Эмээ та идчихсэн юм уу? гэж чанга ярих нь хүмүүст тээртэй байгаа бололтой ярвайж хоорондоо шивнэлдэх нь надад онцгүй санагдана. Эмээ хариуд нь:
-Эмээ нь идчихсэн. Миний хүү цэвэрхэн идээрэй. Сэрүүцэж байна уу? гэж асуунгаа саяхан хүүгийнхээ гаран дахь аарцыг арчиж байсан цэнхэр цэцэг хатгасан алчуурынхаа ар талаар магнайнхаа хөлсийг арчин нохой гаслам халуунд их л бүгчимдсэн бололтой нүдээ онийлгоно. Тэр хоёрын яриаг сонсож явсаар буух буудлаа өнгөрөөчихжээ. Өөрийн эрхгүй эмээ хүү хоёрыг дагаад шар хадны эцсийн буудалд буув. Би одоо л бүхнийг ухаарав. Хүү яагаад зайрмагийнхаа өнгийг мэдэхгүй эмээгээсээ асууж идсэн эсэхийг нь шалгааж байсныг... Хүү цагаан таягаар газар цохин инээмсэглэн зайрмагийнхаа модон ишийг атган алхална. Явж явж ядарсан бололтой будаг нь хуурч халтартсан эвгүйтвэл гуя руу өргөс хатгахаар модон сандал дээр зэрэгцэн суулаа. Хүү:
- Эмээ хоёулаа дахиад зайрмаг авч идэх үү? гэхэд эмээ энгэрээ уудалж уудалж санаа зовсон байдалтай
- Эмээгийнх нь мөнгө дуусчихжээ гэж аяархан хэлээд намайг гэнэт анзааран гайхан харав. Би ч тэдэн дээр очиж хамт суухад эмээ:
- Микронд байсан охин уу даа? Миний муу бор хүү чанга ярьж их л тавгүйтүүлсэн байх даа. Уучлаарай, эмээгээ гэж царайчлангуй хэлэхэд хэдэн жилийн өмнө зэрэгцэж суугаад нэгнээрээ оньсого таалгуулж хөгжилдөн байсан жижигхэн буурал эмээтэй минь даанчиг адилхан санагдаад нүдний аяга дүүрээд ирсэн нулимсаа буруу харж гарынхаа араар шувтраад
- Зүгээрээ эмээ санаа зоволтгүй гэв. Эмээ хүү рүүгээ харж
- Энэ маань төрөхөөсөө л орчлонг харах мэлмийгүй. Өчигдөр зурагтаар хүүхдүүдийн “Аз жаргалын амт Ice mark” гэсэн сурталчилгааг сонсоод “Эмээ энэ зайрмагийг авч идье л дээ” гэж шалгаахаар нь өнөөдөр авч өгсөн юм. Их л таалагдсан бололтой гэж яриагаа дуусгалаа. Хүү хажуудаа дуугарах болжморын жиргээнийг сонсоод инээмсэглэн байв. Халаасандаа үлдсэн мөнгөөр хажуугийн мухлагаас хоёр зайрмаг аваад эмээ хүү хоёрт өгөөд явахаар боллоо. Эмээ хүү хоёр баярлалаа баярлалаа гэсээр үлдэв. Зам дагаад зугуухан алхлаа. Одоо надад микро байтугай автобусанд суух мөнгө үлдээгүй.
Жаахан цаахнатай харагдах 16-р хороолол маань их л өнгөлөг сүрлэг сайхан харагдах юм. Аавынхаа өдөржин халуунд халж хүйтэнд хөрөн төмөр зүлгэж олсон мөнгөөр нь авсан хичээлийн хэрэглэлээр дүүрсэн цүнхээ ахиулан нэг үүрээд халаасаа тэмтрэв. Халаас хоосон ч сэтгэл дүүрэн инээмсэглэн нэг өрөө “хааны ордон” руугаа явлаа. Одооноос миний амьдрах амар амгалан бөгөөд ганц ертөнц бол энэ.
2016.08.23
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх