Өдөр бүр шүршүүрт орох нь зөв үү?


Миау | YOLO.MN
2021-01-12

Өдөр бүр шүршүүрт орох нь эрүүл мэндэд тийм ч эерэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг судлаачид дараах байдлаар тайлбарлажээ.

Ойролцоогоор гурван америк хүн тутмын хоёр нь өдөр бүр шүршүүрт ордог гэсэн судалгаа бий. Австраличуудын хувьд энэ үзүүлэлт 80 хувь буюу таван австрали хүн тутмын дөрөв нь өдөр бүр усанд ордог байна. Гэвч Хятадын хувьд нийт хүн амынх нь тал гаруй хувь нь долоо хоногт дунджаар хоёр удаа шүршүүрт ордог гэжээ.

БИД ӨДӨР БҮР ШҮРШҮҮРТ ОРОХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

Ихэнх хүмүүс дараах шалтгаануудын улмаас өдөр бүр усанд ордог байна. Үүнд: 

- Биеэс ялгарах эвгүй үнэрийг дарахын тулд
- Нойроо сэргээхийн тулд
- Дасгал хийсний дараа хөлсөө угаахын тулд.

Хүмүүс усанд орохыг ариун цэврээ хадгалахын тулд хийж болох хамгийн үр дүнтэй арга гэж боддог ч долоо хоногийн долоон өдөр усанд орох нь харин ч эрүүл мэндэд муу байж болох талаар судлаачид анхааруулж байна.

ӨДӨР БҮР УСАНД ОРСНООР ГАРАХ СӨРӨГ ҮР ДАГАВАР:

Эрүүл арьсан дээр тос, ашигтай бактери болон бусад микро организмаас бүрдсэн давхарга байдаг. Мэдээж савангаар үрж угаахад энэхүү давхарга алга болно. Үүний үр дүнд дараах үр дагавар бий болно. Үүнд:

- Арьс хуурайших, цочрох, загатнах.

- Хуурай, хагарсан арьсны завсраар бактери болон харшил үүсгэгч организмууд нэвтэрч, арьс харшлах үндсийг бий болгох.

- Бактерийн эсрэг саван бие дэх “хэвийн” бактерийг ч үгүй хийдэг. Улмаар арьсны бичил биетийн тэнцвэр алдагдаж, биед сөрөг үр дагавар үзүүлдэг бактериуд антибиотикт улам тэсвэртэй болдог.

- Хүний биеийн дархлааны систем санах ой бий болгохын тулд өөр дээрээ ердийн бичил биетүүд болон орчны бохирдлыг тодорхой хэмжээнд байлгах ёстой байдаг. Энэ шалтгааны улмаас хүүхдийн болон арьсны эмч нар хүүхдийг өдөр бүр усанд оруулахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс олон жилийн туршид өдөр бүр усанд орох нь бидний дархлааны системийн хэвийн ажиллах чадварыг бууруулдаг байна.

- Зарим хүмүүс угаалтуурын усанд давс, хүнд металл, хлор, фтор, пестисид болон химийн бусад бодисууд агуулагддаг байж болзошгүй гэж үздэг.

- Та усанд хэчнээн олон давтамжтай орно, төдий чинээгээр ус үрж байна гэсэн үг. Мөн усанд орох бүрд хэрэглэдэг үсний шампунь, ангижруулагч, биеийн саван, үнэртэй ус зэрэг нь хувь хувьдаа эрүүл мэндийн асуудлуудыг үүсгэх боломжтой. Эдгээр бүтээгдэхүүний үнэ тарифыг бүр дурдаад ч хэрэггүй биз.

ТЭГВЭЛ ЯМАР ДАВТАМЖТАЙГААР ОРОХ НЬ ЗӨВ БЭ?

Хүн долоо хоногт яг тэдэн удаа усанд орох нь тохиромжтой гэсэн нарийн тоо байхгүй. Бие хэдий хугацаанд усанд орох шаардлагатай болтлоо бохирддог нь тухайн хүний биеийн онцлог, амьдарч буй орчин, хийдэг ажил зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг шүү дээ. Гэхдээ арьсны ихэнх эмч нар тухайн хүн хэр хэмжээнд хөлөрдгөөс хамааран долоо хоногт дунджаар 2-3 удаа усанд орохыг зөвлөдөг.

Хүйтний улиралд өдөр бүр усанд ордог хүн тэр бүр байдаггүй ч хэрэв та дулааны улиралд өдөр бүр усанд ордог бол энэ давтамжаа багасгахыг зөвлөж байна. 

Эх сурвалж: Harvard Health Publishing

#Эрүүл мэнд #Шүршүүр #Зөвлөгөө