YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
GOT7 ХАМТЛАГ ТАРАХГҮЙ
GOT7 хамтлагийн долоон гишүүн JYP энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцалж, бие даасан үйл ажиллагаа явуулахаар болсон. Олон нийт GOT7 хамтлагийг тарна хэмээн бодож байсан ч хамтлагийн ахлагч JB энэ талаар албан ёсны мэдэгдэл хийжээ.
Тэрээр өөрийн Инстаграм хаягийг албан ёсоор нээж шууд дамжуулалт хийсэн бөгөөд “GOT7 хамтлаг тараагүй бас тарах ч үгүй. Цаашид хамтран ажиллах арга замаа эрэлхийлэх болно” хэмээсэн юм. Мөн GOT7 хамтлагийн нөхөрлөлийг юу ч салгаж чадахгүй хэмээн шүтэн бишрэгчдээ тайвшруулжээ.
GOT7 хамтлаг 2014 онд байгуулагдаж, 2021 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Тэд тайзан дээрх үзүүлбэрийн гүйцэтгэлээрээ кпоп ертөнцийн шилдэг хамтлагуудын нэг гэдгээ нотолж чадсан юм. Гэсэн хэдий ч энэ оны эхээр хамтлагаараа гэрээгээ сунгахгүй гэж шийдсэн нь олон хүнийг цочирдуулсан билээ.
BIGBANG ХАМТЛАГ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
BIGBANG хамтлаг удаан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй боловч “SMA” шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн байна.
Нэгдүгээр сарын 31-ний өдөр “30th High1 Seoul Music Awards” (SMA) болж өнгөрсөн бөгөөд энэ жил тус наадмын гучин жилийн ой тохиосон юм. Ийнхүү Super Junior хамтлагийн Hee Chul, Shin Dong болон SNSD хамтлагийн Sooyoung нар наадмыг хөтөлж, кпоп ертөнцийн шилдэг одод хүрэлцэн иржээ. Тус наадам гучин жилийн ойдоо зориулж “Legend Grand Prize” хэмээх тусгай шагнал гардуулахаар төлөвлөсөн ба BIGBANG, Girls' Generation, TVXQ, Seo Taiji N Boys, PSY, Wonder Girls, BTS, EXO зэрэг 22 уран бүтээлчийг нэр дэвшүүлжээ. Ийнхүү сая гаран санал цугларч BIGBANG хамтлаг шагналын эзнээр тодорсон байна.
Харин BIGBANG хамтлагийн зүгээс уг наадамд хүрэлцэн ирж шагналаа гардан аваагүй бөгөөд наадмын зохион байгуулалт нь олон хүний дургүйцлийг хүргэжээ. Тухайлбал тэд BIGBANG хамтлагийг зарлахдаа тус хамтлагийн 2008 онд дээд шагнал гардаж авч буй бичлэгийг тоглуулсан бөгөөд ингэхдээ T.O.P болон Seungri нарыг царайг бүдгэрүүлсэн байжээ. Ийнхүү BIGBANG хамтлагийн шүтэн бишрэгчид “SMA” наадмын зохион байгуулагчдыг уучлалт гуйхыг шаардсан байна.
BIGBANG хамтлаг нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгосын соёл урлагийг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нэг юм. Харин 2017 оноос эхлэн хамтлагийн гишүүд нь цэргийн алба хааж, хамтлагийн үйл ажиллагаанаас завсарлага авчээ.
ELKIE CLC ХАМТЛАГААС ГАРЛАА
Хоёрдугаар сарын 3-ны өдөр Cube энтертайнментаас CLC хамтлагийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн мэдэгдлийг хийжээ. Тус мэдэгдэлд:
- “Сайн байцгаана уу? Cube энтертайнментаас мэндчилж байна.
Бид та бүхэн Elkie-тэй хийсэн гэрээгээ цуцалсан талаараа мэдэгдэж байна. Гэрээ цуцлагдсан учраас Elkie CLC хамтлагийг орхихоор боллоо. Энэ шийдвэр нь бидний олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд гарсан юм. Elkie-г дэмжиж байсан бүх шүтэн бишрэгчдэд нь талархал илэрхийлье. Түүний шинэхэн эхлэлийг халуун дулаанаар дэмжиж өгөөрэй”.
Elkie Chong нь 1998 онд төрсөн бөгөөд 2016 оноос CLC хамтлагийн гишүүн гэдгээрээ олон нийтэд танигджээ. Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сард Cube энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцлах хүсэлтээ өгсөн юм.
ШҮТЭН БИШРЭГЧИД НЬ STRAY KIDS ХАМТЛАГИЙН ГЭР ЛҮҮ НЬ НЭВТРЭХИЙГ ОРОЛДЖЭЭ
Хоёрдугаар сарын 5-ны өдөр JYP энтертайнментаас Stray Kids хамтлагтай холбоотой мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд:
- “Манай уран бүтээлчдийн хувийн орон зайд халдаж, компанийн гадаа хүлээж, биед нь хүрэхийг завдаж буй хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авахуулах болно” гэжээ.
Мөн Stray Kids хамтлагийн гишүүдийн амьдардаг байшин руу нэвтрэх гэж оролдсон хэсэг шүтэн бишрэгчдээс болоод тус хамтлагийн гишүүд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгааг онцолжээ. Тиймээс хяналтын камерын бичлэгийг шалгаж Stray Kids хамтлагийн гишүүдийн амьдардаг байшин руу нэвтрэхээр оролдсон шүтэн бишрэгчдийг нь хуулийн байгууллагад өгч шалгуулна гэсэн байна.
KAI BCC БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЛОО
EXO хамтлагийн гишүүн Kai “BlackYak Climbing Crew” буюу BCC брэндийн нүүр царайгаар сонгогджээ. Тус брэндийн төлөөлөгч:
- “Хором мөч бүрд дахин давтагдашгүй өвөрмөц сонголтоороо хил хязгаарыг эвдэж байдаг Kai нь цаашид BCC брэндийг залуу үеийнхэнд харуулж чадна гэж итгэж байна” хэмээжээ.
Ийнхүү BCC брэндээс Kai-тай хамтран ажиллахаа мэдэгдэж, албан ёсны вебсайтаас нь худалдан авалт хийсэн хүн бүрд гишүүнчлэлийн оноо өгөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл худалдан авагчид гишүүнээр элсэж, худалдан авалт бүрээсээ оноо цуглуулах аж.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх