Орой орондоо ороод, хөнжлөө хүзүүгээ хүртэл хуччихаад унтах гээд хэвтэж байхад тань гайхалтай санаанууд ар араасаа хөврөн орж ирдэг үү? Тэгвэл та ганцаараа биш шүү. Харин яагаад сайхан санаанууд ихэвчлэн унтах гээд хэвтэхэд, зүүдэнд, шүршүүрт орж ирдгийг энэхүү нийтлэлээрээ тайлбарлая.
Судлаачид хүний танин мэдэхүйн чадварыг судлах явцдаа “pattern recognition” хэмээх үзэгдлийг олж харжээ. Энэ нь хүний оюун санаа тайвширсан үед тархи шинэ шинэ холболтуудыг хийж, мэдрэлийн шинэ замуудыг үүсгэж буй үзэгдэл аж. Энгийнээр тайлбарлавал энэ үед л бид өмнө нь хэзээ ч бодож байгаагүй сайхан санаануудыг бодож олж, шийдэж чадахгүй байсан асуудлуудаа шийдэх шийдлийг олж чаддаг байна.
Мөн унтах үед тархи аливаа ойлголтуудыг тасралтгүйгээр боловсруулж, улмаар сэрүүн үед сэтгэж чадах хэмжээнээсээ ч илүү дээд түвшинд сэтгэж чаддаг байна. Тиймээс яг ажил, хичээлээ хийж дуусчхаад орондоо ороход, шүршүүрт ороход, мөн унтаж байхад сайхан санаанууд төрдөг нь ийм учиртай байх нь.
Үүнийг батлах нэгэн судалгаа Их Британид хийгджээ. Судалгаанд ойролцоогоор 2000 хүн хамрагдсан бөгөөд тэдгээр хүмүүсийн ихэнхэд нь яг унтах гээд нойр нь хүрсэн үед, өглөө сэрэх үед, мөн шөнө дундын үед сайхан санаанууд орж ирдэг гэжээ. Мөн судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 40 гаруй хувь нь унтлагын өрөө болон орыг бүтээлч сэтгэхүйгээ ажиллуулахад хамгийн тохиромжтой орчин гэж үзэв. Бүтээлч сэтгэхүйгээ ажиллуулахад хамгийн үр дүнтэй үеүд:
1. Орондоо хэвтэх
2. Гадуур алхах
3. Дуу сонсох
4. Шүршүүрт орох
5. Машин барих
Бид нэгэнт л тархи хэзээ хамгийн бүтээлчээр ажилладгийг нь мэдсэн учир энэ үед ямар арга хэмжээ авбал илүү үр дүнтэй байх талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Үүнд:
1. НОМ УНШИХ
Орой унтахынхаа өмнө утсаараа Фэйсбүүк ухах, бичлэг үзэхийн оронд анхаарал төвлөрөлт шаардсан ном уншихыг зөвлөж байна. Нэгэнт л утас, зурагт, таблетаас ялгарах цэнхэр туяа нойр хүргэхэд гол үүрэг гүйцэтгэдэг мелатонин дааврын ялгаралтыг бууруулах сөрөг нөлөөтэй учир унтахынхаа өмнө хэдхэн хуудас ном уншчих.
Ингэснээр өглөө сэрэхэд тань өмнө нь хэзээ ч төрж байгаагүй гайхалтай санаанууд төрөх магадлал ихсэх юм.
2. АСУУЛТ АСУУХ
Унтахынхаа өмнө хариултыг нь олж чадахгүй байгаа асуултыг өөрөөсөө асуугаарай. Хачирхалтай сонсогдож магадгүй ч унтах явцад таны тархи энэхүү асуултын хариултыг бодож олох боломжтой гэнэ. Хамгийн гол нь асуултаа асуучхаад үргэлжлүүлэн бодоод байлгүйгээр шууд мартчихаарай.
Ингэснээр мөн л өглөө сэрэхдээ өнөөх асуултынхаа хариулт, шийдлийг нь олох магадлалтай байна.
Эх сурвалж: Pop Sugar, Study Finds
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх