Цагдаагийн байгууллагаас “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ


YOLO.mn | YOLO.MN
2018-04-03

Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байна.

 Энэ оны эхний 1 дүгээр улиралд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн нийт 140 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хэрэг буюу 40.9 хувиар буурсан, 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс 80 буюу 23.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах чиглэлээр олон талт ажил зохион байгуулж буй хэдий ч хүүхдээс үйлдэж байгаа болон хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байгаа учраас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн сарын хугацаатай зохион байгуулж эхэллээ.

 Арга хэмжээний хүрээнд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд “Хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ, “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдрийг тэмдэглэнэ. Мөн “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулан илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцхоос гадна ЕБС-ийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сурагчдын дунд “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм, “Сургуулийн эргүүл” /School police/-ийн үйл ажиллагааг эрчимжүүлхээр төлөвлөн ажиллаж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

#Police #Event