Зарим уран зургийг хараад сэтгэл цаанаа л эмтрэх шиг болж, нулимс цийлгэнэх нь бий. Эсрэгээрээ баярлуулж, уурлуулж, тайвшруулдаг зураг ч олон. Түүнчлэн төсөөлшгүй үр дүнд хүргэж, уй гашууд автуулдаг "хараалтай" гэх зургууд ч байдаг ажээ.
"ШАНАЛСАН ХҮН" – ЗУРСАН ЭЗЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ
Дэлхийн хамгийн аймшигтай уран зургуудын нэг “Шаналсан хүн” олон аймшигт түүхийг агуулдаг. Зургийг зурсан зураач хэн болох нь тодорхойгүй ч, уг зураач цусаа будагтай хольсон бөгөөд зургаа зурж дуусаад амиа хорлосон гэдэг.
Харин одоогийн эзэмшигч болох Шон Робинсон энэхүү зургийг эмээгээсээ өвлөж авсан бөгөөд эмээ нь уг зургийг өвлүүлэхдээ хараалтай хэмээж байсан гэнэ. Шон энэ зургийг унтлагын өрөөндөө өлгөсний дараа шивнээ яриа болон уйлах чимээ сонсож, хачирхалтай сүүдэр харж эхэлжээ.
"НЭРГҮЙ ЗУРАГ" - ЗДЗИСЛАВ БЕКСИНЬСКИЙ
Бексиньскийн энэхүү зураг тамыг илэрхийлдэг бөгөөд мөн л хараалтай гэгддэг. Зураачийн амьдрал тийм ч жаргалтай байгаагүй ажээ. Эхнэр нь нас барж, хүү нь амиа хорлосон. Зургаан жилийн өмнө зураачийг алуулсан байдалтайгаар гэрээс нь олсон байна. Түүний зургийг хэт удаан хугацааны турш ширтсэн хүн үхдэг гэсэн яриа ч бий.
"БОРОО ЭМЭГТЭЙ" - СВЕТЛАНА ТЕЛЕЦ
Светлана Телец тус зургийг 5 цагийн дотор зуржээ. Зурж байхад тэр өөрөө биш харин хэн нэгэн түүний гараар зурж байгаа мэт мэдрэмж төрж байсан гэдэг. Худалдаж авсан хүн бүр төд удалгүй зургийг эзэнд нь буцаагаад өгчихдөг байсан гэнэ. Учир нь зургийг харахад нойргүйдэж, уйтгарлаж, зураг тэднийг харж байгаа мэт сэтгэгдэл төрдөг байжээ.
"ХҮН САНАЛ БОЛГОЖ, БУРХАН ЗАХИРДАГ" - ЭДВИН ГЕНРИ ЛАНДСИР
Уг зураг 1845 онд экспедицийн үеэр сураггүй алга болсон Жон Франклины тухай өгүүлдэг. Зураг Лондонгийн Их Сургуулийн Роял Холлоуэйд байрладаг бөгөөд шалгалтын улирал болгонд Британийн далбаагаар хучдаг ажээ. Учир нь 1970-аад онд нэгэн оюутан зургийг ширтээд амиа хорлосон гэх цуурхал бий. Ингэхдээ тэрбээр "Цагаан баавгай намайг ийм зүйл хийхэд хүргэсэн" гэсэн бичиг үлдээсэн гэдэг. Иймээс бусад оюутнууд хажууд нь суухаас эвгүйрхэж, бухимдсан тул далбаагаар халхлах болжээ.
"ГАРНУУД ТҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА" - БИЛЛ СТОУНХЕМ
Билл Стоунхем уг зургийг 1972 онд зуржээ. Зургийн өмнөх эздийн хэлж байгаагаар шөнийн цагаар зурган дээрх хүүхдүүд хөдөлж, жаазнаасаа гарах тохиолдол хүртэл байсан гэнэ. Харин галерейн эзэн, урлаг судлаач хоёр зургийг үзээд нэг жилийн дотор таалал төгссөн гэж тус бүтээлийн зураач мэдэгджээ.
“ХАЙРЫН ЗАХИДЛУУД”-ЫН ХУУЛБАР - РИЧАРД КИНГ
Энэхүү зураг АНУ-ын Техас мужийн Остин дахь “Дрискилл” зочид буудалд өлгөөтэй байдаг гэнэ. Энэ буудалд АНУ-ын хотын захирагчийн охин болох 4 настай Саманта Хьюстон шатнаас унаж 1887 онд нас баржээ.
Хэдий зурагт Саманта дүрслэгдээгүй ч хүмүүс уг зурагт охины сүнс хорогдсон гэж үздэг бөгөөд зураг дээрх охин Самантатай усны дусал мэт адилхан гэдэг. Зургийг харсан хүмүүсийн сэтгэл санаа тавгүйрхэж, бие нь өвддөг байна. Уг буудлын үйлчлүүлэгчид бөмбөгөөр тоглож буй охины сүнсийг харсан гэлцдэг.
"УЙЛЖ БУЙ ХӨВГҮҮН" - ЖОВАННИ БРАГОЛИН
Хайр булаам бяцхан хүүг дүрсэлсэн энгийн нэг уран зураг олон айлыг орох оронгүй болгожээ. 1985 оны есдүгээр ард Йорк хошууны гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн байна. Үнс нурман дундаас өчүүхэн ч гэмтэлгүй “Уйлж буй хөвгүүн” зургийн хуулбар олдсон гэнэ.
Гал сөнөөгчид өмнө нь өөр нэг нурангиас энэхүү зургийг олж байжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээс энэ түүхийг сонссон хүмүүс гэртээ байгаа зургуудаа хаяцгаасан байна. Гэвч зураг байгаа газар түймэр гараад зогсохгүй зургийг устгахад тусалсан хүмүүс түймрийн хохирогч болцгоожээ. “The Sun” сонины редакцад “Уйлж буй хөвгүүн” зургийн хуулбар олон мянга ирснийг устгасан байна. Үүнээс хойш удалгүй сонины байранд их түймэр гарсан гэдэг.
Тэгвэл уйлж буй жаал хүү хэн байсан юм бол? Уг зургийг зурсан Жованни 1969 онд Мадридад амьдарч байхдаа Дон Ванилло хэмээх өнчин хүүг олжээ. Хүүгийн эцэг эх түймэрт осолдож өөд болсон бөгөөд хүү л амьд үлдсэн байна. Олон хүний амь нас авч одсон аймшигт түймрээс амьд гарсан хүүгээс тосгоныхон цэрвэдэг байв. Браголины урлан шатаж үгүй болоход тэрбээр жаал хүүг буруутган зэмлэхэд хүү ихэд гомдон уйлжээ. Тэр цагаас хойш хэн ч хүүг хараагүй гэнэ.
"БЕРНАРДО ДЕ ГАЛЬВЕСИЙН ХӨРӨГ ЗУРАГ" – ХЭН ЗУРСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ
Энэ зураг АНУ-ын Техас мужийн Галвестоны "Galvez" зочид буудалд бий. Буудлын үйлчлүүлэгчид зургийн тухай хачирхалтай зүйлс ярьдаг. Зарим нь Бернардо де Гальвес тэднийг харж байгаа мэт санагддаг бөгөөд зургийн хажууд хүйтэн бас тухгүй байдаг гэлцдэг.
Хамгийн хачирхалтай нь тус бүтээлийн гэрэл зургийг авах болгонд сарнилттай гардаг байна. Ингээд түүнээс зургийг нь дарахыг гуйвал зураг тод гарах болно гэсэн цуу яриа тархжээ.
"ЭЭЖ НАС БАРСАН НЬ" - ЭДВАРД МАНЧ
Энэхүү бүтээлийн зураач Эдвард Манчийг бид алдарт “Хашхираан” зургаар нь сайн мэднэ. Зураг дээрх нас барсан эх, чихээ даран зогсох хүүхэд нь Скандинавыг сүйрүүлсэн сүрьеэ өвчний аймшигт үр дагаврыг илэрхийлэх аж. Зургийг харсан их олон хүмүүс хүүхдийн нүд тэднийг дагаж байгаа мэт харагддаг гэдэг. Мөн зарим үед орны даавуу хөдлөх чимээ сонсогддог гэнэ.
"НЭРГҮЙ ЗУРАГ" – П.ЛАУРА
П.Лаура энэхүү зургийг Жеймс Киддийн 1994 онд авсан гэрэл зургаас сэдэвлэн зуржээ. Киддийн хэлж буйгаар анх тэрэгний хажууд буй толгойгүй хүн зурагт огт байгаагүй бөгөөд зураг дарах явцад гарч ирсэн гэнэ. Харин Лауран "Зургийг зурж дууссаны дараа эргэн тойронд нь юм унаж, ямар нэг зүйл алга болж, хагарч байсан" гэжээ. Гэрэл зураг дээр байсан сүнс одоо уран зурагт орсон гэж үзэх хүмүүс бий.
Эх сурвалж: Bored Panda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх