Б. Оюунбилэг: Аливаа зүйлийг хийхдээ ИРЭЭДҮЙД ХЭР ҮР ӨГӨӨЖТЭЙГ нь хардаг байгаасай


Нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулж, өөрчлөлтийг авчрах хүсэлтэй олон залуусын төлөөлөл болсон Б.Оюунбилэг энэ удаагийн ярилцлагын маань буланд уригдан оролцлоо. "The Guardian of Hope" сангаас түүний хичээл зүтгэл, хувь нэмрийг өндрөөр үнэлэн “Азийн охидын шагнал”-ын “Олон нийтийн хөгжлийн шагнал”-ыг гардуулжээ. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналд “Дарагдсан амьдрал” төслөөрөө шалгарсан бөгөөд 1500 ам.долларын санхүүжилт авч төслөө хэрэгжүүлэх боломжтой болоод байгаа юм. Ингээд түүнтэй “Дарагдсан амьдрал” төслийн тухай болон охидод тулгамдаж буй асуудлын талаар ярилцсаныг маань хүлээж авна уу.


YOLOУрилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

- Намайг Оюунбилэг гэдэг. 19 настай. Сэн Лизэ ахлах сургуулийг 2019 онд төгссөн. Одоогоор завсар жил буюу gap year авсан байгаа.

YOLOЮун түрүүнд  “Азийн охидын шагнал”-ын Олон нийтийн хөгжлийн шагналыг авсанд чинь баяр хүргэе. Энэ ямар учиртай шагнал вэ?

- Тайваны "The Guardian of Hope" сангаас жил бүрийн “Олон улсын охидын эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Азийн охидод Хүний эрхийн шагнал (Human Rights Award), Олон нийтийн хөгжлийн шагнал (Community Development Award),  Нийгмийн инновацийн шагнал (Social Innovation Award) гэсэн гурван төрлийн шагнал өгдөг. Шагналаа олгохдоо тухайн шагналд нэр дэвшигчийн сайн дурын ажлын туршлага болон ирээдүйд хийх гэж буй төсөл дээр нь анхаардаг юм билээ. Энэ жилийн хувьд Япон, Сири, Турк, Тайланд, Тайван, Монгол, Непал, Филиппин зэрэг нийт 8 улсын охид өрсөлдсөн.

Хэдийгээр “Азийн охидын шагнал” гэж байгаа боловч хэрэгжүүлж буй төсөл нь заавал охидын эрхийн асуудал хөндсөн байх шаардлагагүй байдаг. Жишээлбэл энэ жил Нийгмийн инновацийн шагнал авсан тайланд охины төсөл ЛГБТ хүмүүст хэрхэн туслах, тэд нарыг нийгэмд хэрхэн эерэгээр харуулж болох талаар байсан. Товчхондоо хэлбэл энэхүү шагнал нь охидод өгдөг шагнал боловч зөвхөн охидын эрхийн асуудлыг хөндсөн байх шаардлагагүй гэсэн үг.


YOLOЧиний хувьд энэхүү шагналд “Дарагдсан амьдрал” төслөөрөө нэр дэвшсэн шүү дээ. Төслийнхөө тухай танилцуулбал.

- “Дарагдсан амьдрал” төсөл маань сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн. Хүний мөрөөдөл заавал агуу том байхаас илүүтэйгээр энгийн, заримдаа бүр инээдтэй ч байж болдог юм байна гэдгийг ойлгосон. Энэ үеэс эхлэн өсвөр насныхны төлөө юу хийх вэ, тэд нарт яаж нөлөөлөх вэ гэдэг зорилгоо илүү гүнзгий бодох болсон.

Бүх зүйлийн үндэс суурь болсон сэтгэл зүйн дархлааны асуудал Монголчуудад дутагдалтай байдаг юм байна, хэн ч энэ талаар мэдлэг өгдөггүй юм байна гэдгийг судалж мэдээд “Дарагдсан амьдрал” төслөө бичиж байлаа. Төсөл маань хэд хэдэн зорилготой. Одоогоор мэргэжлийн сэтгэл зүйч нартай хамтран подкаст хийж байна. Мөн ЕБС-иудад сэтгэл зүйн клубийг байгуулах, сурагчдад гарын авлага тараахаар ажиллаж байна. Эдгээр клубийн гол зорилго бол сурагчид том хүний туслалцаагүйгээр бие биенийхээ асуудалд туслах юм. Эхний ээлжид нэг сургууль дээр төвлөрч ажиллаад, хэрвээ үр дүн нь амжилттай байвал дүүргийн хэмжээнд ажиллана гэж бодож байна. Мөн өсвөр үеийнхэн зөвхөн бие биентэйгээ ажиллаад байх нь учир дутагдалтай учраас мэргэжлийн хүмүүстэй хамтарсан подкаст хийж байгаа юм.

YOLOСэтгэл зүйн ямар төрлийн асуудал өсвөр насныхны дунд давамгайлж байгаа талаар судалсан уу?

- Сэтгэл зүйн асуудал хүйсээрээ ялгаатай байдаг. Тиймээс охид руу чиглэсэн асуудалд анхаарлаа түлхүү хандуулж байна. Хэд хэдэн сургуулийн охидоос “Өөртөө итгэлтэй юу? Гадуурхагдаж байсан уу? Ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн үү?” зэрэг асуулгыг асуухад тэдэн дунд гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхах, дээрэлхэх тохиолдол их байсан. Ялгаварлан гадуурхалт сэтгэл зүйн эмгэг үүсгэдэг, тэр нь маш удаан үргэлжлэхээс гадна цаашлаад амиа хорлоход хүргэж ч болдог. Хүмүүс бэлгийн хүчирхийлэл гэхээр хүчин л гэж ойлгоод байдаг. Гэтэл хүчин гэдэг нь бэлгийн хүчирхийллийн хамгийн хүнд хэлбэр бөгөөд биед нь зөвшөөрөлгүй хүрэх, ширтэх нь хүртэл хүчирхийлэлд тооцогддог гэдгийг мэддэггүй. Эмэгтэй хүүхэд бүр ямар нэг байдлаар ийм хүчирхийлэлд өртөж байсан, тэр нь сэтгэл зүйд нь нөлөөлдөг гэдгийг анзаарахгүй байна. Ийм учраас амархан сэтгэлээр унадаг, өөрийгөө бусдаас тусгаарладаг гэх мэтчилэн зан чанарын өөрчлөлтүүд гарч байгаа юм. Хувь хүний зан чанар болон өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг ийм чухал зүйлийг орхигдуулж хэрхэвч болохгүй.


YOLOСурагчид сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг хаанаас авдаг вэ? Үүнтэй холбоотой агуулга хичээлийн хөтөлбөрт нь байдаг болов уу?

- Яагаад сургууль бүрд сэтгэл зүйч байхгүй байна вэ? Нэгдүгээрт, боловсон хүчин хангалтгүй байна. Хоёрдугаарт, сэтгэл судлаачид өсвөр үеийнхний сэтгэл зүйг судлах хүсэлгүй байдаг юм байна гэдгийг олж харсан. Ингээд ЕБС-ийн багш нар нь өөрсдөө сэтгэл судлаач байж болдоггүй юм уу гэдгийг судалж үзсэн юм. Багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд нэгдүгээр курсдээ сэтгэл судлалын хичээл үздэг юм байна лээ. Гэхдээ тухайн хичээлээр сэтгэл судлалын талаар гүнзгий мэдлэг олж авах боломжгүй байдаг. Мөн сэтгэл зүйн асуудал гэхээр “надад ямар хамаатай юм”, “би галзуу биш шүү дээ”, “миний сэтгэл зүй асуудалгүй” гэдэг нийгмийн хандлага, сэтгэлгээ нь асуудал болж байна. 

YOLOТөслөө яагаад дарагдсан амьдрал гэж нэрлэсэн юм бэ?

- Хөндөж байгаа асуудал маань их хүнд. Тэгээд ч хүн бүрийн амьдралд ямарваа нэгэн асуудал, ачаа, дарагдсан зүйл байдаг учраас энэ нэр таалагдсан. Бүгд л өөр өөрсдийнхөө амьдралын ачааг үүрээд, харах хязгаар нь хүртэл сүүдрээс нь хэтэрдэггүй нийгэмд бид нар амьдардаг. Надад ч, танд ч асуудал байгаа. Гэхдээ эргэн тойрондоо юу болоод байгааг анзаардаг хүмүүс олон байвал хэчнээн сайхан бэ? Залуучууд маань аливаа зүйлийг хийхдээ надад ямар ашигтай вэ гэж биш, ирээдүйн өр өгөөжийг нь харж хийдэг байгаасай гэж хүссэн учраас өөрөөсөө эхлэхийг хүссэн.


YOLOӨмнө нь хийж байсан ажлууд чинь энэ төслийг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн үү?

- Энэ төсөлтэй “Гүнж” төв салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл энэ газар надад үеийнхээ охидын хүсэл эрмэлзэл, тэмүүллийг олж харахад маш их тусалсан. Мөн Women for change, MONFEMNET зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас авч байсан зөвлөгөө ихээхэн нөлөөлсөн. Би сайн дурын ажил хийхдээ тэдгээрийгээ хэдхэн хоног, сарын хугацаанд үргэлжлээд дуусдаг, аль эсвэл сертификат авахын төлөө хийхийг хүсээгүй. Тийм учраас төслийн санаагаа маш удаан бодож олсон.

YOLOХөтөлбөрийн үйл ажиллагаа Тайванд зохион байгуулагдах байсан боловч онлайн хэлбэрээр явагдсан. Бусад орны охид ямар төсөл, санаачлагуудыг гаргаж байв?

- Шагнал гардуулах ёслол Тайванд болох байсан ч цар тахлын улмаас шагналыг маань Тайваны Монгол дахь төлөөлөгчийн газарт гардуулсан. “Азийн охидын шагнал”-аас гадна “Азийн охидын зуслан” хэмээх үйл ажиллагаа зохион байгуулагддаг юм. Энэ нь олон улсын охидтой интернетээр холбогдоод, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргадаг үйл ажиллагаа юм. Энэ жил Монгол улсаас нийт дөрвөн охин оролцсон. Бид багаараа ЕБС-ийн охидын хууль, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдлэггүйгээсээ болоод хохирч буй асуудлыг бууруулах зорилготойгоор гар утасны апликэйшн хөгжүүлсэн. Энэхүү аппликейшн маань шалгарч багаараа нэгдүгээр байр эзэлсэн.


YOLO"Олон улсын охидын эрхийн өдөр"-өөр шагналаа гардан авсан шүү дээ. Чиний бодлоор Монгол улсад охидын эрх хэр их хангагдаж байгаа вэ?

- Хэрвээ чамд асуудал байгаа бол дуу хоолойгоо нэгтгээд, үүнийгээ илэрхийлэх хэрэгтэй. Гэтэл охид өөрсдийнхөө төлөө дуугардаггүй. Би саяхан Монгол улсад хүүхэд, охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын тайлан уулзалтад оролцсон юм. Гэтэл тэнд нэг ч залуу хүн байгаагүй. Дандаа л ээжийн минь насны хүмүүс бид нарын төлөө дуугараад байгааг харах их эмзэглэмээр санагдсан. Бид нар өөрсдөө хаагуур яваад байгаа юм бэ? Яг үнэндээ эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зөвхөн Монголд хөндөгдөж байгаа зүйл биш. Энэ асуудлыг дэлхий даяараа хэдэн зууны турш ярьж байна. Нөгөөтээгүүр, Азийн соёлд хоолоо хийж гэрээ цэвэрлэдэг охидыг сайн охин гэж үздэг. Гэтэл орчин үед охидыг өөр олон төрлийн авьяас чадвартай, өөр сэтгэлгээтэйгээр өсгөхгүй бол ирээдүйд оршин тогтнож чадахгүй. Гэхдээ бид нар нэгэнт насанд хүрчихсэн хүмүүсийг өөрчилж чадахгүй учир өөрсдийгөө хэрхэн өөрчилж чадах талаар бодох хэрэгтэй. Техник технологийн тусламжтайгаар эрхийнхээ тухай судлаад, зөрчигдөж байгаа эсэхийг нь мэдэх бүрэн боломжтой болсон байна шүү дээ. 


YOLOӨмнө нь охидын эрх гэлтгүй нийгэмд чиглэсэн ямар сайн дурын ажил, төслүүд хэрэгжүүлж байсан бэ?

- Би 7-р ангиасаа эхлээд сургуулийнхаа “Эко клуб”-д “Дахин боловсруулах хог хаягдлаар хэрхэн бүтээл хийж болох вэ?” гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Харин шилжиж ирсэн сургуульд маань “Эко клуб” байгаагүй ч уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хувь нэмрээ оруулахыг хүссэн учраас “Эко дэлгүүр” нээсэн. Манай дэлгүүрт дахин ашиглах боломжтой соруул худалдаалагддаг. Бөмбөлөгтэй цай /Bubble tea/, кофе уух бүрдээ хуванцар соруул хэрэглэхийн оронд дахин ашиглах боломжтой соруул хэрэглэвэл хуванцрын хэрэглээ багасна. Үүнийгээ дагаад хог хаягдал ч буурна. Мөн дэлгүүр орох бүрдээ гялгар уут худалдан авахын оронд даавуун тороо авч яваад сурчихвал энэ нь бага гэлтгүй өөрчлөлт авчрах юм. Эдгээрийн хажуугаар гадаадад суралцах зорилготой 10-15 насны хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг. Өөрийн сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж, бусдад туслахыг хичээдэг дээ.

YOLOЧамайг энэ шагналыг авсан тухай хамгийн анх ээжийн чинь Фэйсбүүк нийтлэлээс харж байлаа. “Чамайг маш их зүйл уншдаг, эргэцүүлж боддог” хэмээн бичсэн байсан. Энэ шагнал ч бас үүний үр дүн юм болов уу гэсэн бодол төрж байсан юм. Чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

- Яг үнэндээ надад чөлөөт цаг гэж байдаггүй. Эсвэл бүр байлгахыг хүсдэг ч үгүй байх. Хийж буй төсөл, ажиллуулж байгаа дэлгүүр маань миний чөлөөт цаг гэж боддог. Бүр үнэхээр амармаар үедээ ном уншина. Нэг хэсэг гадаад хэлээ сайжруулах гээд бүх төрлийн номыг шимтэн уншдаг байсан. Олон ном уншсаны дараа юу унших эсэхдээ их шүүлтүүртэй ханддаг болчихдог юм билээ. Харин одоо бол уншихаасаа өмнө тухайн номоо их судалдаг болсон.


YOLOЧиний мөрөөдөл юу вэ?

- Би ирээдүйд сэтгэл судлалын чиглэлээр суралцахын хажуугаар урлаг руу чиглэсэн мэргэжил эзэмшинэ гэж боддог. Яг одоогоор гадаадын их сургуульд элсэж орох нь л чухал байна. Харин их сургуульд орсны дараа ямар зорилго урган гарахыг хэлж мэдэхгүй юм.

YOLOОхидод ээлтэй, аюулгүй нийгмийг бүтээхийн тулд хүн бүрийн оролцоо чухал боловч төрөөс заавал шийдээсэй хэмээн хүсэж буй нэг асуудлыг нэрлэвэл?

- Багш мэргэжлийг эзэмшиж буй оюутнууд чанартай боловсон хүчин болоосой гэж хүсэж байна. Тэгэхийн тулд багш нарыг бэлдэж байгаа хөтөлбөр нь өөрөө чанартай байх хэрэгтэй. МУБИС-д ЭЕШ-ын хамгийн доод оноотой хүүхдүүд ордог байх ёсгүй. Үүн дээр төр болон Боловсролын яамны зүгээс илүү их анхаарч ажиллаасай. Сэтгэл зүйч хүрэлцээгүй байж болно. Харин багш нар нь сэтгэл зүйч байж яагаад болохгүй гэж? Тухайн багшид бага насны таагүй дурсамж, эсвэл ямар нэгэн сэтгэл зүйн эмгэг байгаа эсэхийг нь эртнээс оношлоод, сурагч нартай ажиллахаас нь өмнө бэлддэг байх хэрэгтэй. Хүүхдийн өсвөр насанд тавигдсан сууриар ирээдүйд хэн болох нь тодорхойлогддог учраас багш гэдэг мэргэжлийг гоё болгоцгооё.


YOLO: "Би болж байна" гэдэг сэтгэлгээгээр бус охидын дуу хоолой нь болж, бага гэлтгүй өөрчлөлт авчрахаар хичээж байгаа зүрх сэтгэлд чинь маш их талархаж байна. Төсөлд чинь амжилт хүсье!

- Төсөл дээр маань хамтарч ажиллах, энэ асуудлаар хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүмүүс надтай холбогдоорой. Баярлалаа.

Дарагдсан амьдрал төслийн цахим хуудас: Дарагдсан Амьдрал / The BuriedLife /Нэрэн дээр дарахад тухайн хуудас руу шууд үсэрнэ./

Б.Оюунбилэгтэй холбоо барих:

Фейсбүүк хаяг - Oyunbileg Bazar  /Нэрэн дээр дарахад тухайн хуудас руу шууд үсэрнэ./

Имейл хаяг – oyunbileg.bazarz@gmail.com 


#Ярилцлага #Төсөл #Охид #Сэтгэцийн эрүүл мэнд