Food art буюу хоолон дээр зураг зурж, хоолыг урлагийн бүтээл болгох сонирхолтой хоббитой нэгнийг энэ удаагийн ярилцлагын булангаараа танилцуулж байна. Идэхэд ч хайран эдгээр зургийг Б.Ундрах хэрхэн зурдаг юм бол?
YOLO: Сайн байна уу? Тараг болон кофегоор зурсан зураг нь их сонирхол татсан. Сонирхлоороо зурдаг уу эсвэл мэргэжил нь юм болов уу?
- Сайн байна уу? Намайг Б.Ундрах гэдэг. Текстил дизайнер мэргэжлээр төгссөн. Одоо график дизайнераар ажиллахын зэрэгцээ үргэлжлүүлэн суралцаж байна. Зөөлөн тоглоомын дизайнер болон студид бүтээлч зураачаар ажилладаг.
YOLO: Йогурт дээр хэрхэн ингэж детальчилж зурж байна вэ? Их хэцүү санагдах юм. Өөр юун дээр зурж байсан бэ? Энэ нь цаасан дээр зурахаас сонирхолтой санагддаг уу?
- Анх кофен дээр зурдаг урлаг их сонирхолтой санагддаг байсан. Иймээс гэртээ кофены машингүй ч хэд хэд туршсан. Даанч амжилттай болоогүй болохоор тарган дээр зурж үзэж байлаа. Шингэн бүтэцтэй учраас буруу зурсан бол бараг л арилгах боломжгүй, нямбай ажиллагаа их шаарддаг. Мэргэжлээрээ эсгийгээр шивж зураг зурдаг. Бас хоолны артууд их сонирхолтой санагддаг учраас төрөл бүрээр туршиж үзээд жил орчим болж байна. Хийсэн хоолоо бүхэлд нь зураг болгон чимэглэж байсан. Жигнэмэг хийгээд дээр нь чимэглэж зурж байв. Мөн кофегоор цаасан дээр зурж байсан. Бялууны кремээр зураг зурж байсан. Бас маршмалловоор торт чимэглэж, чихрээр баримал хийж байсан юм байна. Хамгийн сүүлд сэндвичний талхан дээр зурж үзсэн.
YOLO: Ингэж хүнс ашиглаж зурах нь зургийн ямар нэг нэр төрөл үү? Йогурт дээр зурахдаа юу ашигладаг вэ?
- Гадаадад Food Art гэх нэршилтэй бөгөөд артистууд төрөл бүрийн хүнс ашиглан зурж чимэглэдэг. Олон улсад их хөгжсөн салбар л даа. Миний хувьд будгаа хүнсний бүтээгдэхүүнүүд буюу кофе, хүнсний будаг, жимснээс гаргаж авдаг.
YOLO: Танд зураг зурах ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Хобби болгож хийдэг хүмүүс байхад, зарим нь ажил болгож, зарим нь бухимдсан үедээ гээд янз бүр байдаг шүү дээ.
- Ямар нэгэн зүйлийг өөрийн гараар бүтээж байгаа учраас сайхан мэдрэмж төрдөг. Бас заримдаа тайвшрахын тулд зураг зурах дуртай. Ер нь бараг бүх л сэтгэлийн хөдөлгөөн зургаар гаргах боломжтой байдаг. Миний хувьд ажил, хичээл, чөлөөт цаг маань ч зурагтай холбоотой байдаг учир өдөр болгон ямар нэгэн байдлаар зураг зурж бүтээл туурвиж байна.
YOLO: Цаасан дээр зурдаг ямар ч хүн ингэж зурах боломжтой юу? Арга барилаа заасан видео ч юм уу хийх бодол байдаг уу?
- Цаасан дээр зурдаг хүн хоолон дээр зурахад давуу тал болно. Гэхдээ эхлээд хэд хэдэн удаа туршиж үзсэний дараа илүү сайн зурдаг болно. Одоогоор заах бодол байхгүй байна. Хүмүүс ч заалгая гэж холбогдохоосоо илүү магтаалын үг их хэлдэг.
YOLO: Зоосны хэмжээтэй зураг зурсан байсан. Жижиг зүйлийг ингэж зурах их тэвчээр, анхаарал шаарддаг юм шиг. Хэр их цаг ордог вэ?
- Мэргэжлийн онцлогоос болоод ч юм уу олон зүйлсийг туршиж үзэх дуртай. Жижигхэн зураг учраас гэрэл, бийр, харандаа, томруулдаг шил гээд олон зүйл шаардлагатай болдог. Жижиг зураг зурахдаа 0.3 буюу нарийн харандааг үзүүрлэж ашигладаг. Хар зураг 1-5 минут, өнгөт зураг деталиасаа шалтгаалаад 20 минутаас дээш хугацаа шаарддаг.
YOLO: Ном уншсан тэмдэглэлээ мөн зурж хийдэг юм билээ. Номын тэмдэглэл зурж хийхийн ач холбогдол таны бодлоор юу вэ?
- Анх 2018 оноос номын тэмдэглэл хөтлөх гэтэл аргаа олдоггүй байлаа. Иймээс анхны зурагтай номын тэмдэглэлээ хийж үзсэн. Үүнээс хойш уншсан номын тэмдэглэлээ зургаар хөтлөх дуртай болсон. Бас 2020 онд "The book cafe of Mongolia" бүлгэмээс хоёр жилдээ нэг удаа зарлагддаг "Аварга уншигч" уралдаанд оролцсон маань тэмдэглэлээ тасралтгүй хөтлөх нэг шалтгаан болж байв.
YOLO: “Торгон зам 2011” тэмцээний бичлэгийг “Цүнхийг нь хүртэл хийж билээ” гэсэн тайлбартай хуваалцсан байсан. Зурахаас гадна бас хувцас загварын урлагт гар бие оролцож явсан юм шиг. Энэ талаараа ярихгүй юу?
- Манай мэргэжил дотроо их олон мэргэжлийг багтаасан байдаг. Хувцас дизайн, нэхмэл, сүлжмэл, хивс, эсгий, даавуу, даавууг будах хээлэх, торгон зураг, ноос будах гээд төрөл бүрийн хичээл ордог байсан. Иймээс өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллах боломжтой байдаг. Оюутан байхдаа сургуулийнхаа хувцас дизайны тэмцээнд оролцож байсан. Ингэхдээ утас ашиглан материалаа өөрөө хийж, даавуугаа будаж, сүлжээд загвар гаргадаг байлаа. Сургуулиа төгсөөд арьсан эдлэлийн дизайнаар ажиллаж байсан. Бас эсгий эдлэлийн газар дизайнераар ажиллаж байлаа. Одоогоор дижитал арт чиглэлээр түлхүү ажиллаж байна.
YOLO: Цаашдын төлөвлөгөө юу вэ? Ойрын болон хэтийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач.
- Саяхан номын чимэг зураачаар гурав дахь бүтээл дээрээ ажиллаад дууслаа. Удахгүй дараагийн номын ажил руугаа орно. Бас бялууны баримлын чиглэлийг сонирхож туршиж байгаа. Энэ бүхнээ үргэлжлүүлээд хийх төлөвлөгөөтэй байна.
YOLO: Дүү нь бас их авьяастай юм шиг байсан. Ер нь гэр бүлээрээ зурдаг уу?
- Гэр бүлийнхэн маань бүгд гарын ур дүйтэй. Би багаасаа аавыгаа цэцэрлэгийн ханын сонин, жүжгийн баг хийхийг нь харж тусалдаг байсан. Тийм ч учраас их багаасаа гарын ур дүйтэй болсон гэж боддог. Гэр бүлийнхэн маань бүгд энгийн компанид ажилладаг, урлагаас хол хүмүүс. Дүүгийн маань хувьд миний хичээл сонирхолд их тусалдаг. Бас өөрөө зургийн авьяастай ч төдийлөн ил гаргаад байдаггүй.
YOLO: Ер нь зурахад авьяас чухал уу эсвэл сурч болдог зүйл юм болов уу? Хүмүүс 1 хувь авьяас 99 хувь хөдөлмөр гэхэд зарим нь авьяас чухал авьяасгүй бол эртхэн орхих хэрэгтэй гэдэг.
- Аль аль нь чухал. Гэхдээ хэчнээн авьяастай байлаа гээд хөгжүүлэхгүй л бол авьяасгүй хирнээ хичээл зүтгэлээр суралцаж яваа хүмүүсээс хол тасрахыг олон харж байсан. Тэгэхээр хамгийн чухал нь хичээл зүтгэл. Хичээл зүтгэл чинь хэзээ ч чамаас урвахгүй гэдэг шүү дээ.
YOLO: Ихэвчлэн юу зурах дуртай вэ? Зурахад гоё санагддаг, нэг л мэдэхэд зурчихсан сууж байдаг зүйл бий юу?
- Хүн болон амьтан их зурдаг. Ажил дээрээ байнга чихмэл тоглоомны загвар гаргадаг учраас нэг л мэдэхэд амьтан зурдаг болсон доо.
YOLO: Манай ярилцлагыг уншаад "йогурт дээр зураад үзье" гэж бодож суугаа хүн байгаа ч юм бил үү. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
- Шууд оролдоод үзээрэй гэж зөвлөе. Тэгж байж л өөрийн гэсэн арга барилтай болно. Мөн олон удаа турших тусам илүү сайжирна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх