Аминчхан яриа 10: ЭЦЭГ ЭХЧҮҮД хүүхэдтэйгээ хэрхэн бэлгийн харилцааны талаар ярилцах вэ?


Уншигч та бүхнийхээ бэлгийн боловсролд хөрөнгө оруулахаар бэлтгэн хүргэдэг “Аминчхан яриа” цуврал маань энэ удаагийн дугаартаа өсвөр насныхан бэлгийн харилцаа, амьдралын талаар гэр бүлийнхэнтэйгээ илэн далангүй ярилцахад туслах зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн бэлгийн амьдралын талаар ярилцах талаар дэлгэрэнгүй уншиж сонирхоорой.

ЭВГҮЙ ЯРИА БУС ХҮСЭМЖИТ ЯРИА

Өсвөр насныхан үерхэл, бэлгийн харилцааны талаар эцэг эхтэйгээ нээлттэй ярилцахаас зайлсхийдэг мэтээр томчууд ойлгох нь түгээмэл байдаг. Гэтэл яг үнэндээ өсвөр насныхан бэлгийн харилцааны талаар илүү их чиглүүлэг авч, ярилцахыг хүсэж байдаг. Ийм насны хүүхдүүд бэлгийн харилцааны талаар хангалттай сайн ярилцаж, зөв мэдээллийг авч чадаагүйгээсээ болоод бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, үүнийг үйлдэх шалтгаан болж байна хэмээн Харвардын их сургуулийн судалгаанд дурджээ. Тиймээс үүнийг шийдэхийн тулд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хайр дурлал, бэлгийн харилцаа, зөвшөөрлийн тухай бага наснаас нь гүнзгий ярилцдаг байх нь чухал.

ЭРТ БАС БАЙНГА ЯРИХ

Эцэг эхчүүд хүүхдийнхээ бэлгийн болон үерхлийн амьдралд хэр их нөлөө үзүүлдэг гэдгээ төдийлөн сайн анзаардаггүй. Хүүхэдтэйгээ бэлгийн харилцааны талаар ярилцах нь нэг удаагийн эвгүй яриа байх бус тогтмол, энгийн яриа байлгахыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ талаар байнга тогтмол ярилцах нь бага наснаасаа бэлгийн боловсролыг хэвийн зүйл гэдгийг ойлгож насанд хүрсэн хойноо эрсдэлтэй алхам хийхгүй байхаас сэргийлдэг.

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ БЭЛГИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭРХЭН ЯРИЛЦАХ ВЭ?

Бага насны хүүхэдтэйгээ бэлгийн амьдралын талаар ярилцаж болох талаар эцэг эх бүр ялгаатай байр суурь, ойлголттой байдаг. 3-7 насны хүүхдүүд бие эрхтнийхээ нэрийг зөв нэрлэж чаддаг байх нь бэлгийн харилцааны талаарх гутаан доромжлолыг багасгахад тусалдаг бөгөөд ямар нэгэн асуудал тулгарвал ээж аавдаа, эмчид, мэргэжлийн хүнд хандах чадварыг бий болгодог байна.

Бие махбодын бие даасан байдал, зөвшөөрлийн талаар ярихад хэзээ ч эртэднэ гэж байдаггүй. Бага насны хүүхдүүд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хүний юмыг авахгүй байх талаар мэддэг тул өөрсдийн бие махбодод хэн нэгэн хүрэхдээ зөвшөөрөл авах ёстойг, бусдын биед хүрэхдээ зөвшөөрөл авах ёстой талаар ойлгуулахад тусалдаг. Үгүй гэж хэлсэн бусдын үзэл бодол, хил хязгаарыг хүлээн зөвшөөрдөг байхад нь энэ үеэс эхлэн суралцаж болно.

ДУНД НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ БЭЛГИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭРХЭН ЯРИЛЦАХ ВЭ?

Эцэг эхчүүд 9-10 настай хүүхдүүддээ нөхөн үржихүйн бие эрхтэнд нь ирээдүйд гарах өөрчлөлтийн талаар заах хэрэгтэй. Мөн энэ насанд үерхэл нөхөрлөл, харилцааны талаар ярилцах нь чухал. Хэдийгээр энэ насны хүүхдүүд хараахан болзож эхлээгүй байх боловч ирээдүйд тохиох романтик харилцааны талаар суурийг тавих нь чухал юм.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ БЭЛГИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭРХЭН ЯРИЛЦАХ ВЭ?

Бэлгийн амьдралын талаар эцэг эх нь ярилцахыг хүссэн ч “Сонсохгүй байна. Би мэднэ ээ” гэж чихээ дараад, бүхнийг мэддэг мэт аашилдаг хүмүүс бол өсвөр насныхан юм. Энэ талаар ярилцахад эвгүй мэдрэмж төрүүлж болох ч эцэг эхтэйгээ ярилцахыг чухлыг сануулсаар байх хэрэгтэй. Зүгээр л эцэг эхийнхээ яриаг сонсохыг хүсэж ч болно.

Бэлгийн харилцааны талаар ярилцах гэдэг нь зөвхөн жирэмслэлтээс хамгаалах тухай төдийгүй, аюулгүй бэлгийн харилцааны талаар ярилцах нь мөн чухал юм.  БЗДХ бол бэлгийн амьдралд тохиолдож болох энгийн эрсдэл болохоос гэм нүгэл биш гэдгийг зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Асран хамгаалагчид БЗДХ-ын амьдралд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар байнга ярих нь эсрэгээрээ бэлгийн идэвхтэй амьдралтай өсвөр насныхныг шинжилгээнд хамрагдахгүй байх үр дагаварт хүргэж ч болзошгүй.

ГАР ХАНГАЛГЫН ТАЛААР ХЭРХЭН ЯРИЛЦАХ ВЭ?

Биеийнхээ эмзэг хэсэгт хүрэх нь тааламжит мэдрэмж төрүүлэхийг гар хангалга хэмээн энгийнээр нэрлэж болно. Гэхдээ гар хангалгыг нууцаар, ганцаараа байхдаа хийх хэрэгтэйг ойлгуулах нь чухал. Биеийнхээ эмзэг хэсгүүдэд хүрэхдээ тааламжит мэдрэмж авч байгаа нь хэвийн зүйл бөгөөд бэлгийн бойжилтын үед гар хангалга хийх нь бие махбодоо илүү сайн таньж мэдэх, аюулгүй бэлгийн арга зам гэдгийг ярилцаарай.

ЭРҮҮЛ ХАРИЛЦААНЫ ТАЛААР ТАЙЛБАРЛАХ

Өсвөр насныхан өөрсдийнхөө мэдрэмжийг хайр уу, дурлал уу эсвэл зүгээр шохоорхол эсэхийг таньж мэдэж чаддаггүйгээс гадна эрүүл болон эрүүл бус харилцааны талаар ч хангалттай сайн ойлгодоггүй. Тиймээс энэ талаар эцэг эхчүүд өөрсдийн амьдрал дээр жишээ авч ярилцаж болно. Эдгээр яриа нь бие биенээ илүү хүндэтгэж, итгэл найдвартай харилцааг бий болгоход тусалдаг юм шүү.

Хосуудын харилцаа, бэлгийн амьдралын талаарх шийдвэр гаргалтынхаа талаар хүүхдээ мэргэжлийн хүнтэй ярилцаж зөвлөгөө авахуулахыг хүсвэл 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж сэтгэл зүйчээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв” Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай.

Эх сурвалж: Healthline

 

 

 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа #бэлгийн харилцаа