ЗАХИДАЛ: Долдугаар сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-07-22

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Найзуудаасаа хөндийрнө гэхээс айж байна 

Сайн байна уу? Би одоо төгсөх ангид орно. Төгсөөд гадаад руу явах учраас сэтгэл их түгшиж байна. Гадаад явчихвал найзуудаасаа холдоно, хөндийрнө, бидний дунд ямар нэгэн хоосон орон зай үүснэ гэхээс айж байна. Хэдийгээр бид олон жилийн турш нөхөрлөсөн учраас хөндийрөхгүй гэж бодож байгаа ч цаанаасаа л айдас, түгшүүр мэдрээд байх юм. Бас би өөрт байгаа нөөц бололцоог дутуу үнэлж, өөртөө хатуурхаж, өөрийгөө өчүүхнээр мэдрэх болсон. Ингэж болохгүй гэж өөртөө итгүүлэх гэсэн ч цаанаасаа нэг л болж өгөхгүй байна. Энэ талаар хэнтэй ярилцахаа мэдэхгүй болохоор өөрөө өөртэйгөө ярилцаж, бодолтойгоо зөрчилдсөөр байтал сүүлдээ ядраад, стрессдээд байх юм. Яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Гадаадад сурсан хүн бүр энэ айдсаа даван туулсан байдаг

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Дасаж өссөн орон гэр, сургууль, гэр бүл болон найз нөхдөөсөө холдож байгаа тул тэднийг санаж, ганцаардсан мэдрэмж төрөх, танихгүй орчин болон тодорхойгүй байдлаас айж түгших зэрэг нь хэвийн зүйл. Гадаадад сурсан хүн бүр энэ мэдрэмж, айдсаа даван туулсан байдаг гэхэд болно.

Хуримтлагдаад байгаа сэтгэл санааны энэ түгшүүрээ дотроо хадгалахаас илүүтэй найзууддаа, итгэдэг хүмүүстэй хэлж гадагшлуулаарай. Өөрийн мэдрэмжийг дотроо хадгалж бусадтай хуваалцдаггүй хүмүүсийн стрессийн түвшин илүү өндөр байдаг.

Мөн ойр дотны хүмүүсээсээ хол байх нь хэцүү ч гадаадад сурах үедээ шинэ хүмүүстэй танилцах, шинэ төрлийн хоол идэж үзэх, урьд өмнө нь үзэж байгаагүй зүйлсийг шинээр үзэх гэх мэтээр юм үзэж, нүд тайлах, өсөн дэвжих олон боломжийг олгодог. Ирээдүйд тодорхойгүй байлаа гээд дан таагүй сөрөг зүйл болно гэсэн үг биш шүү дээ. Зөвхөн сөрөг зүйл бодож өөртөө бодлын алдаа битгий үүсгээрэй. Таагүй зүйл бодох нь бидний мэдрэмж болоод үйл хөдлөлд нөлөөлдөг тул үүнийг анхаараарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Одоо найзууд маань намайг гадуурхаад байгаа юм шиг...

Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Байрныхаа хүүхдүүдтэй нийлдэг. Гэхдээ ойролцоогоор 2 сарын турш уулзаагүй байж байгаад 3, 4 хоногийн өмнө найзуудтайгаа уулзахад гоё байсан ч миний утас алга болоод бүгдээрээ гэртээ орж чадахгүй эвгүй явдал болсон юм. Дараа нь утсаа олсон ч одоо найзуудтайгаа уулзъя гэхээр намайг гадуурхаад байгаа юм шиг санагдах боллоо. Намайг “гарах уу” гээд асуухаар бүгд л тойруу замаар үгүй гэдэг болсон. Харин тэдний нэг нь их шударга болохоор надад “хэдийгээр утсаа алдсан нь чиний буруу биш ч одоо уулзахад эвгүй байна байх” гэж хэлсэн. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн зүгээс хийх боломжтой зүйлсээ хийгээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Таагүй мэдрэмж авсны дараа харилцаанд хамгаалалт үүсээд өмнөх шигээ нээлттэй, чөлөөтэй байж чадахгүй байх тохиолдол байдаг. Болсон үйл явдлыг хүмүүс хэр хүндээр тусгаж авснаас шалтгаалж энэ үе хэр удаан үргэлжлэх, цаашлаад өмнөх шигээ найзууд байж чадах эсэх нь шалтгаалдаг.

Энэ үед чи өөрийн зүгээс хийх боломжтой зүйлээ л хийж чадна. Тиймээс таагүй мэдрэмж өгсөндөө уучлал хүсэх нь зөв арга зам болов уу. Харамсаж байгаагаа найзууддаа илэрхийлэхгүй бол тэд мэдэхгүй шүү дээ. Эхний оролдлогоор найзууд чинь магадгүй хүлээн зөвшөөрөхгүй байж ч болно. Тиймээс эхний оролдлого бүтэлгүйтлээ гээд сэтгэлээр унах хэрэггүй дараа дараагийн оролдлогоо хийсээр байгаарай. Чамайг сэтгэл, бодлоо илэрхийлсний дараа үлдсэн шийдвэрийг тэд гаргана. Найзуудынхаа шийдвэрийг ч хүндлээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Найзуудтайгаа байнгын харилцаатай байдаг ч ганцаардаад байх юм

Сайн байна уу? Би 16 настай. Надад найзууд байдаг л даа. Тэдэнтэй байнгын харилцаатай байдаг ч үнэхээр ганцаардаад байх юм. Бүр уйлмаар санагдаад яах аргаа олохгүй байна. Бас жижигхэн зүйлийг ч хэт их мэдрээд гутраад байх юм.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн мэдрэмжийг нуух биш, ил гаргаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Дараагийн удаа захиа бичихдээ илүү дэлгэрэнгүй бичээрэй. Хэзээнээс ийм мэдрэмж төрөх болсон бэ? Хэр удаан үргэлжилж байгаа вэ? Ямар үед энэ мэдрэмж чинь илүү давамгайлж байгаа вэ? гэдгийг өөрөөсөө асуугаад болж өгвөл тодорхой хариулт өгөөрэй. Тэгвэл чи өөрийгөө ойлгох болно. Бидний мэдрэмж, бодол, үйлдэл бие биентэйгээ холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл чамд төрж буй мэдрэмж чиний бодол болон хийдэг үйлдэлтэй чинь холбоотой гэсэн үг. Тиймээс чиний даалгавар бол ямар бодол, үйлдлүүд чамд ганцаардсан мэдрэмж өгөөд байгааг мөн олох юм. Ямар нэг таагүй мэдрэмж төрсөн үед шалтгааныг нь олж, өөрийгөө ойлгохоос гадна тэр мэдрэмжээс гарах үйлдэл хийх нь чухал байдаг. Хэн нэгэн биднийг сонсож байгааг ойлгох үед бид тайвшрах мэдрэмж авдаг. Тиймээс өөрийн мэдрэмжийг нуух биш ил гаргаж итгэдэг хүмүүстэйгээ ярилцаарай. Хэрвээ чамайг хангалттай сонсох, ойлгох хүн байхгүй мэт санагдвал сэтгэл зүйчтэй биечлэн уулзаж болно шүү дээ. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би юу хийх дуртайгаа мэдэхгүй байна

Сайн байна уу? Би 17 настай, одоо 12-р ангид орно. Манай ангийн багш намар хичээлд орж ирэхээсээ өмнө мэргэжлээ сонгоорой гэж зөвлөсөн ч би мэргэжлээ олоогүй л байна. Хүмүүс бол дуртай юмаа хийх хэрэгтэй гэж зөвлөдөг. Хамгийн гол нь би яг юу хийх дуртайгаа мэдэхгүй байна. Би яаж мэргэжлээ сонгох вэ? Яавал дуртай зүйлээ олж мэдэх вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хангаттай зүйл туршиж, судалж үзээгүйтэй холбоотой болов уу

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Дунд болон ахлах ангид сурагчид: Би хэн бэ? Би ямар чадвартай вэ? Би юу хүсэж байна? гэдэг асуултад хариулах буюу өөрийгөө олох, “том хүн” байх байр сууриа тодорхойлох амаргүй үетэй тулгардаг. Хийж, туршиж үзэхгүйгээр өөрийн дуртай зүйлийг олох хэцүү. Чи юунд дуртайгаа мэдэхгүй байгаа нь хангалттай зүйл туршиж, судалж үзээгүйтэй холбоотой болов уу. Их сургуулуудийн цахим хуудсаар орж мэргэжлүүдийн хөтөлбөрүүдтэй танилцаж болно. Тухайн хөтөлбөр ямар хичээлүүд үздэг болохыг судлаад үзээрэй. Мөн мэргэжлийн чиглүүлэг, зөвлөгөө өгдөг байгууллага дээр очиж өөрийн бие хүний онцлогт тохирсон оношилгоо хийлгэж, зөвлөгөө авч болно. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Мартахыг хичээж байгаа ч улам хайртай болоод байна

Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Миний сайн хөвгүүн надаас 1 насаар ах. Би түүнд сэтгэлээ илчилж чадалгүй дотроо хадгалсаар аль хэдийнэ 2 жил өнгөрсөн байна.

Би 2 жилийн өмнө одоогийн сурч буй сургуульдаа шилжиж ирсэн. Ерөнхийдөө хамгийн анхны даамны хичээл орох үеэр нэг хөвгүүн миний нүдэнд туссан юм. Тухайн үед манай ангид надтай нийлээд гуравхан хүүхэд байдаг байсан учраас дээд ангийнхантайгаа хамтдаа даамны хичээлдээ суудаг байсан.

Тэр ах сургууль дээр үргэлж л миний нүдэнд өртдөг байсан. Харц тулгарахаар сэтгэл догдлоод нэг л биш болдог. Ингээд бага багаар шохоорхсоор сүүлдээ нэлээн хайртай болсон. Мэдээж сайн юм чинь тэр хүндээ таалагдах гээд байдгаараа хичээж, гоёдог байсан. Нэг хэсэгтээ л ингэж явсаар өөрийнхөө үнэ цэнийг умартчихсан явсан. Тэгээд дотроо нуугаад байхаар их хэцүү байсан болохоор ганц сайн найздаа хэлтэл найз маань ч бас тэр ахад сайн байсан юм билээ. Тэгээд яах ийхээ мэдэхгүй байсан болохоор тэр ахдаа зориулж шүлэг, захидал бичдэг болсон. Гэвч санаандгүй байдлаар доод ангийнхаа 2 охинд захидал, бүх юмаа уншуулчихсан. Тэгээд айсандаа хүнд битгий хэлээрэй гэж чин сэтгэлээсээ гуйж байтал тэр охид надаас булааж авч яваад ахад уншуулчихсан. Гэхдээ тэр ах энэ явдлаас өмнө намайг өөрт нь талтай байсныг гадарлаж байх шиг байсан. Би үнэхээр сэтгэл санаагаар унаж, ичиж байснаас гадна хүнд итгэхээ байсан. Тэгээд эцэст нь би тэр хүнийг мартахыг оролдсон ч ямар ч нэмэр байгаагүй. Гэхдээ тэр ахын найзууд нь байнга л үнэн худал нь мэдэгдэхгүй сонин сонин зүйл (чамд сайн, үерхэх хэрэгтэй) гэх маягаар ярьж явдаг болсон.

Тэгээд зун боллоо. Даанч би тэр ахыг мартаж чадахгүй бодож, санасаар л. Тэгээд намар болж хичээл орох боллоо. Нэг мэдсэн чинь би аль хэдийн дунд ангид орох болсон байлаа. Зуны 3 сарын дараа би хайртай хүнээ мартах гольдролруугаа орж байсан ч есдүгээр сарын 1 болж хичээлдээ ортол тэр ахыгаа хараад буцаад л зүрх догдлоод сайн болоод эхэллээ. 6-р ангид ороход зөндөө хүүхдүүд шилжиж ирж олон ч найзуудтай боллоо. Энэ тухайгаа шинэ найзууддаа хэлтэл "Чи одоо тэр сармагчин шиг царайтай хачин юманд сайн болоод" гээд л тоглоом тохуу болгож, сайн гэдгийг чинь хэлнэ гэж сүрдүүлдэг болсон. Тиймээс би найзууддаа хайр дурлалынхаа талаар хэзээ ч ярихаа больсон.

Тэгээд өвөл болоход манай ангийн нэг хөвгүүн надад үерхэх санал тавилаа. Би тэр хүүхдэд сайн биш, зүгээр л найз байсан ч сэтгэлийг нь, анги нийтээ бодоод хайргүй хүнтэйгээ үерхлээ. Үнэхээр аймшигтай! Хэдий би үерхэж байгаа ч нөгөө сайн хүнтэйгээ л хамт байж, үерхэхийг л хамгийн ихээр хүсэж байсан. Гэхдээ ойролцоогоор 1 сар үерхээд салсан. Хааяадаа тэр хүн надад сайн ч юм шиг санагддаг. Заримдаа интернетээс дурласан хөвгүүний шинж гэж хайхаар ихэнх шинж нь таарч байсан ч би итгэхгүй хэвээр л байлаа. Тэр хүнд би сэтгэлээ илчлэх хэрэгтэй юу? Илчилсэн чинь намайг шоолбол яах бол? Тэр хүн надад сайн болов уу? гэх олон бодлууд толгойд эргэлдээд их хэцүү байна. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцъя гэхээр ерөөсөө тоохгүйгээс гадна намайг анхаардаггүй. Тиймээс яах эсэхээ мэдэхгүй байсан болохоор танай сайтад хандаж байна аа. Надад туслаач. Би тэр хүнийг мартахыг хичээж сэтгэлээ татаж авах гэж байдгаараа мэрийж байгаа ч эсрэгээрээ улам л хайртай болоод байна аа.

ЗӨВЛӨГӨӨ: Хайрласан хүнээ зориудаар мартаж чаддаггүй ч мартах боломжгүй гэсэн үг биш

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бид хэзээ? Хаана? Хэнд? хайртай болохоо зориудаар шийдэж чаддаггүйтэй адил хайрласан хүнээ зориудаар мартаж чаддаггүй. Гэхдээ мартах боломжгүй гэсэн үг биш. Мартахад цаг хугацаа хэрэгтэй. Хэн нэгнийг хайрласныхаа төлөө өөрийгөө буруутгаж “үнэ цэнэгүй” гэсэн шошго наах нь буруу юм. Хүн бүр дурлах, хайрлах эрхтэй байдаг.

Түүнд сэтгэлээ илчлэх эсэх нь өөрийн чинь сонголт. Гарах үр дагаврыг нь хэт ургуулж бодох нь зоригийг чинь мохоож байгаа болов уу. Өөрийг нь хайрласан шиг намайг эргүүлж хайрлахгүй бол яана? Гэж бодох нь нөхцөл тавьсан хайр юм. Хэрэв хэт их нөхцөл тавиад байгаа бол сэтгэлээр унах нь их байдаг. Ямар ч үр дүн гарсан хүлээж авч чадах уу? Сэтгэлээ илчилж чадахгүй харамсаж суух уу? эсвэл сэтгэлээ илчлээд өөрийн доторх мэдрэмжийг гаргахыг хүсэж байна уу? Энэ бол өөрийн чинь сонголт.

Түүнчлэн чиний насны хүүхдүүд бусдын нууцыг хүндэлж хадгалах талаар хангалттай ойлголт, туршлагатай биш байдаг. Гэхдээ цаашдаа ч мөн ийм байна гэсэн үг биш. Мэдээж хүнд итгэх үгүй нь чиний сонголт ч нэг, хоёр удаа тохиолдсон үйл явдлаар нийт хүмүүсийг дүгнэх нь буруу байдаг. Энэ талаар мөн бодоорой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ээж маань өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсноос хойш...

Сайн байна уу? Би өнгөрсөн 1 жилийн хугацаанд үнэхээр их стресстэй байлаа. Ээж маань өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Би олон жил дүүгүй явсан болохоор надад үнэндээ л туршлага гэх зүйл байгаагүй ээ. Тиймээс нялх хүүхэд их арчилгаа шаардана. Хувцас, муухай болгосон хивс, шалыг нь угаах, дээр нь өдөрт 1 хоол хийж иддэг байсан бол одоо дүүдээ бас нэмж хоол хийж өгнө. Мэдээж бас хэрэглэсэн аяга тавгийг нь угаах гэх мэт манай гэрт хийх гэрийн ажил хэзээ ч дуусахаа больсон. Дүүтэй болохоос өмнөхөөсөө хэд дахин их загнуулдаг болсон. Гол нь ээжийн нөхөр нь өөрөө цэвэрлэдэггүй юм байж хүүхэн шиг тогоо шанаганы асуудалд их оролцож, ээжтэй нийлж байнга загнах болсон. Би ээжийн нөхөртэй таарамжгүй харилцаатай байдаг. Намайг дандаа ээжид үнэн худлаа ховлож загнуулдаг. Би юу буруу хийсэн болоод нөхөр нь намайг тэгтлээ их үзэг яддаг юм болоо.

Нэг удаа нөхөр нь намайг алгадаж байсан. Тэр үед магадгүй миний буруу байсан байх гэхдээ тэгэхэд ээж ердөөсөө намайг өмөөрөөгүй. Албан ёсоор ч гэрлээгүй, сайн танихгүй эрэгтэй өөрийнх нь төрсөн охиныг алгадаж байхад огтхон ч өмөөрөөгүй. Ээж минь өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна. Нэг өдөр өглөө хичээлдээ явж байхад ээжийн нөхөр нь ардаас цонхоор тэр чигтээ зайлаарай гэж орилсон. Би өдөр нь хичээлээ тарж ирээд над руу тэгж орилсон гэж хэлсэн ч ээж бас л тоогоогүй. Бас намайг өрөөндөө хичээлээ хийж байхад гэрээ цэвэрлэ, наад дэвтэр номыг чинь шатаачихсан шүү гэж ээжийн нөхөр хэлсэн.

Ээж маань надад анхаарал тавих нь багассан. Ээж тэр хоёр намайг найзуудтай маань уулзуулж гадуур гаргахаа больсон. Дүүгээ харах шалтгаанаас үүдэн хичээлийг минь ч нэлээн олон удаа таслуулж байсан. Юу хийхийг минь дандаа тушааж надтай хүн биш юм шиг л харьцдаг. Хэрэглээний ч мөнгө өгөхөө больсон. Өсвөр насны охинд авах зүйл их л байдаг шүү дээ. Би цагийн ажил хайсан боловч олдохгүй шинжтэй юм байна лээ. Энэ урт 1 жилийг арай гэж ардаа орхиод дүү маань том болж цэцэрлэгт орно бүх зүйл сайхан болно гэж бодсон боловч ээж дахиад жирэмсэн болж энэ сар төрнө. Би яг галзуурлаа. Дахиад л хийх гэрийн ажил, угаах хүүхдийн хувцас, дүүгээ хар гэдэг үг нь нэмэгдэж, миний найзуудтайгаа уулзах цаг улам багасаж, хичээл хийж байх үед сатааруулж, тэрийг ч хий энийг ч хий гэж загнаж дүүгээ хар гээд хичээлийг минь ч улам их таслуулах байх. Би зүгээр л хуучин ээжтэйгээ хоёулаа сайхан амьдармаар байна. Надад намайг хайрладаггүй ийм гэр бүл хэрэггүй.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн зүгээс хийж болох зүйлсийг хийгээрэй. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэцүү өдрүүдийг туулсан байна. Хайрлагдаж, найзуудтайгаа цаг хугацааг сайхан өнгөрөөж өөрийгөө хөгжүүлэх өдрүүдээ алдсан юм шиг л санагдаж байгаа байх. Гэр бүлийн харилцаа бол дан ганц чамаас шалтгаалдаггүйгээрээ их төвөгтэй байдаг. Эцэг эхээс эдийн засгийн хувьд ч тэр эрх мэдлийн хувьд ч тэр хамааралтай байдаг. Дүү нартаа болж өгвөл буруу битгий өгөөрэй. Тэд чиний цаг завыг аваагүй, харин хойд аав болон ээж чинь чамд хариуцлага өгч байгаа гэдгийг ойлгоорой. Мэдээж хариуцлага хүлээлгэж байна гээд чиний сурах эрхийг хаах ёсгүй.

Өөрийн зүгээс чи юу хийж чадах вэ? 

  • Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх. Өнгөрсөн цагийг эргүүлж авчирч чадахгүй. Ээжтэйгээ хоёулханаа байх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч одоо цагийг хүлээн авахаас өөр сонголтгүй.
  • Ээждээ туслах. Ээж чинь төрсөн тул сэтгэл санаа нь тогтворгүй байдалтай байгаа байх. Тиймээс ээждээ чадах чинээгээрээ тусална, гэхдээ сурах үйл явцаа орхигдуулж чадахгүй гэдгээ хэлээрэй. Хэн ч чиний сурах эрхийг чинь хаах ёсгүй юм шүү. Дүү нараа харж байгааг хэрэггүй, цаг үрсэн ажил гэж хүлээж авахаас илүү хүүхэд асрах гэдэг том ур чадварт суралцаж байна мөн дүүдээ хөрөнгө оруулж байна гэж хандвал сэтгэлд илүү амар байна.
  • Хойд аавтайгаа харилцаа таарамжгүй байгаагаа ээждээ хэлээрэй. Ээж чинь магадгүй та хоёрын харилцааг зохицуулж чадахгүй байгаа болохоор өөрийн чинь үгийг тоохгүй байгаа юм шиг санагдаж байгаа ч байж магад. Гэвч тэр дотроо шаналж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ээждээ юу бодож, мэдэрч байгаагаа хэлж, тусламж хүсээрэй.
  • Энэ харилцаа чамаас мөн ээжээс чинь хамаарахаас гадна хойд аавын чинь харилцаа хандлагаас шууд хамаарна. Өөрт чинь таагүй харилцаж байгаа нь их хэцүү санагдаж байна гэдгээ хойд аавдаа илэрхийлээрэй. Гол нь хүнээс яг юу хүсэж байгаагаа тодорхой хэлбэл хүн түүнийг биелүүлэх магадлал огцом өсдөг. Бас ганцхан бусдаас хүсээд байх биш бас хариуд нь ямар нэг тус хүргэх, буулт хийх хэрэгтэй байдаг. Аавдаа одоогийнхоос арай дотно элэгсэг хандаад үзвэл ямар вэ?
  • Ихэнх үед том хүмүүс өөрийн бодлыг зөв гэж хүүхдүүдэд тулгадаг. Ингэснээр хүүхдүүд их хэцүү байдалд ордог. Тэр үед хүүхдүүд өөрийн мэдрэмжийг илэрхийлэхээ больж улам их ганцаардаж хэцүү байдалд ордог. Магадгүй хэд хэдэн удаа өөрийн бодлыг хэлсэн ч чамайг тоохгүй байж магадгүй. Үүнд бэлтгэлтэй байгаарай. Тэглээ гээд өөрийн бодлыг илэрхийлэхээ зогсоож болохгүй шүү. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ:

Сайн уу? Энэ өдрийн мэнд. Би 15 настай, эмэгтэй. Надад тулгараад байгаа асуудал бол крашаа мартаж өмнөх амьдралаа амьдрах.

Краш минь надаас 3 насаар ах. Дурлаж үзээгүй би 6-р ангидаа анх тэр ахыг харж, сэтгэл хөдөлсөөр 4 жилийг ардаа орхихдоо захиа хүртэл өгч байлаа. Энэ жил тэр маань сургуулиа төгсөөд явна гэж бодохоор өөрийн эрхгүй гуниглаад байна. Бас нэг өдөр крашийнхаа Фэйсбүүк рүү нь ороод хартал үерхэж байгаа тухай пост оруулсныг хараад би бараг 10 гаруй хоног уйлж, зүрх зогсох шиг болсон. Тэр өдрөөс хойш сэтгэлээ татахыг хичээж, үерхдэгийг нь мэдсээр байж өдөр болгон бодсоор, зургийг нь хадгалсаар сүүлдээ өөрийгөө яагаад байгааг ойлгохоо больчихлоо. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ:

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хайрлаж байсан хүнээ шууд мартмаар байна гээд мартаж чадахгүй. Өөрийн жинхэнэ мэдрэмжийг дарах гэж оролдох тусам тухайн мэдрэмж илүү хүчтэй болдог. Тиймээс мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөрэй. Түүнийг хайрласан, гэхдээ амжилттай харилцаа үүсгэж чадаагүй гэсэн үнэнтэй нүүр тулах нь зөв. Энэ хугацаанд чи үйлдэл хийгээгүй биш үйлдэл хийсэн байна шүү дээ. Хүн бүр сайн болсон хүндээ захиа өгдөггүй шүү дээ. Харин чи өгч чадсан байна. Энэ бол чи зорилгынхоо төлөө үйлдэл хийдэг зоригтой хүн гэдгийг харуулж байна. Чи түүнийг хайрласантай адил тэр бас хэн нэгнийг хайрлах сонголттой юм шүү. Үнэхээр хатуу сонсогдож байгаа байх. Гэсэн хэдий ч үүнийг хүлээн зөвшөөрч эвлэрэх хэрэгтэй болов уу. Бид хэн нэгнийг хайрласан үед түүнээс өөр хүн байхгүй юм шиг санагдаж, өөр хэн нэгэн гарч ирэхгүй юм шиг л үйлдэл гаргадаг. Ирээдүйд чамайг гэх хүмүүс гарч ирнэ. Энэ хэсэгхэн хугацааны хүнд байдлыг даван туулах хүчтэй байгаарай. Хэн нэгнийг хайрласныхаа төлөө өөрийгөө битгий буруутгаарай. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter