ГОНГБАНГ буюу "хичээлээ хамтдаа хийх" трэнд


Э. Тэгш-Амгалан | YOLO.MN
2021-05-04

Ямар нэг зүйлийг хазах, зажлах, хагалах зэрэг олон төрлийн чимээгээр дамжуулан сайхан мэдрэмж бий болгодог ASMR бичлэгийн тухай бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

Тэгвэл сүүлийн үед ASMR бичлэгийн нэгэн төрөл болох гонгбанг нь оюутан, сурагчдын дунд ихээхэн алдартай болоод байна. Яагаад гэдгийг энэхүү нийтлэлээрээ тайлбарлая.

ГОНГБАНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь гонгбү буюу судлах суралцах, банг-сонг буюу дамжуулалт, нэвтрүүлэг гэх утгатай үгсийн товчлол бөгөөд нийлээд гонгбанг буюу “суралцах нэвтрүүлэг” гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.

ГОНГБАНГ ХААНААС ГАРАЛТАЙ ВЭ?

Хамгийн анх 2017 оны сүүл үеэс цагдаагийн академид шалгалт өгөхөөр бэлдэж буй 노잼봇Nojambot хаягтай YouTube хэрэглэгч хичээл хийж буй үйл явцаа дүрсжүүлэн өөрийн сувагт байршуулсан ба дараа оны эхэн үе гэхэд түүний дагагчдын тоо 300,000 хүрснээр гонгбанг алдаршиж эхэлжээ. Хэдийгээр энэ төрлийн бичлэг нь анхандаа Өмнөд Солонгосын оюутан сурагчид дунд алдартай байсан ч удалгүй Англи, Аргентин, Сингапур зэрэг улсад, цаашлаад дэлхий даяар өргөн тархжээ.

Гонгбанг нь энгийнээр бол залуус олон цагийн турш хичээл хийж, шалгалтдаа бэлдэж буй бичлэгээ сувагтаа байршуулах, шууд дамжуулалтын үеэр хичээлээ хийх үзэгдэл билээ. Бичлэгийн явцад хичээлийн тэмдэглэл хөтлөх, ном, сурах бичгээ уншиж судлах, интернетээс хайлт хийх, бодлого бодох гээд хичээл хийх бүхий л үйл явцаа бичиж авсан байдаг ажээ.

ГОНГБАНГ ТӨВЛӨРӨХӨД ТУСАЛДАГ

Гонгбанг бичлэг нь ихэвчлэн 2-3 цагийн урттай байдаг ч 9-12 цагийн турш үргэлжлэх бичлэгүүд ч цөөнгүй тааралдана. Ингэж олон цагаар хичээл хийх нь Өмнөд Солонгосын ахлах ангиа төгсөх гэж буй сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтдаа өдөрт 12-оос дээш цагийн турш бэлддэг соёлтой ихээхэн холбоотой.

Тэгвэл энэ төрлийн бичлэгт удаан хугацаанд хичээлээ тууштай сууж хийхэд туслах Помодоро аргыг өргөн ашигладаг. Энэхүү техникийг ашиглан хичээл хийж буй бичлэгийн ачаар үзэгчид олон цагийн турш суусан ч хичээлээ үр дүнтэй хийх өөрт тохирсон арга барилыг олж авах давуу талтай. Заримдаа бид олон цагаар суусан ч эргээд харахад онц зүйл хийгээгүй байдаг шүү дээ.

Помодоро аргын талаар илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.

ЯАГААД ASMR ГЭЖ?

Энэ төрлийн контент бэлтгэгчид бичлэгээ ихэвчлэн ASMR төрлөөр хийдэг. ASMR бичлэг үзэх үед бидний зүрхний цохилт тогтворжиж тайвшрах хандлагатай болдог байна. Үр дүнд нь стресс, уур уцаар багасгах зэрэг эерэг нөлөөтэй болох нь цөөнгүй тооны судалгаагаар нотлогдсон байдаг.

Ямар нэгэн зүйлсийг хазах, зажлах, базах, хагалах зэрэг чимээ бүхий бусад ASMR-аас ялгаатай нь гонгбанг бичлэгт номын хуудас эргүүлэх, цаасан дээр үзгээр бичих, компьютерийн товчлуур товших зэрэг чимээгээр дамжуулан сайхан мэдрэмж өгдөг болохыг үзэгчид онцолжээ.

БИД ХАМТДАА

"COVID-19" цар тахлын улмаас дэлхийн ихэнх улс орны оюутан, сурагчид хөл хорионд орж, сургуульдаа явж чадахгүй болсон нь гонгбанг бичлэг улам алдарших үндсэн шалтгаан болжээ. Бүгд гэрээсээ суралцах шаардлагатай тулгарсан энэ үед гонгбанг нь ганц тайвшрах мэдрэмж өгөх биш хичээлдээ төвлөрөх, ганцаардлыг даван туулах зэрэг олон давуу талыг олгож байна. Энэ төрлийн бичлэгийн доор нэгэн YouTube хэрэглэгч:

- “Хэн нэгэн надтай хамт хичээл хийж байна гэхээр энэ хоёр цагийн турш хичээлээ тэвчээртэй сууж хийх огтхон ч хэцүү байсангүй. Хичээл хийх найзтай байх нь хичээлдээ төвлөрөхөд их тусалдаг шүү” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

Ингээд та бүхэндээ гонгбанг бичлэг бэлтгэн хүргэдэг хамгийн алдартай YouTube сувгуудаас танилцуулж байна. /Нэрэн дээр дарахад YouTube суваг руу нь шууд үсэрнэ./

1. 민스윗MINSWEET

Уг сувгийг хөтлөн явуулдаг Ким Дон Мин нь бичлэгээ кафе, номын сан, ил галын дэргэд зэргээр өөр өөр орчин нөхцөлд хийдэг тул бичлэг бүрээс ялгаатай мэдрэмж мэдрэх боломжтой.

2. MERVE

Одоогоор 233,000 орчим дагагчтай энэ сувгийг Merve хэмээх шотланд охин хөтлөн явуулдаг. Чи хичээлээ хийхдээ үзэгдэх орчин, эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг бол энэ хуудсаар зочлоод үзээрэй.

3. THE STRIVE STUDIES

Помодоро техникийг бичлэг бүртээ ашигладаг энэ суваг арын хөгжимтэй болон хөгжимгүй гэсэн хоёр төрлийн бичлэг бэлтгэн хүргэдгээрээ онцлог билээ.

#Боловсрол #Сурах арга #Техник #Хичээллэх