Токсик буюу хортой харилцаа гэж сонсож л байсан биз дээ. Энэ ойлголт дан ганц хайр дээр ч биш бүхий л түвшний харилцаанд байдаг. Солонгосын олон ангит кинонд хортой нөхөрлөлийг харин ч нэг сайн харуулдаг даа. Найзынхаа ар хударгаар найзыгаа бүтэлгүйтүүлэх “хор” найруулж, хайртай хүнийг нь булаагаад л. Бодит амьдрал дээр ч ийм тохиолдлууд олон байдаг. Арыг нь дааж, хамтдаа хөгжиж, жаргалтай, гунигтай бүхий л мөчөө хуваалцдаг сайн найзыг ер нь яаж олдог юм бол? Яаж өөрөө хүний сайн найз болдог юм бол? Хэрхэн хортой найзыг таньж мэдэх болон нөхөрлөлөө эрүүл байлгах талаар уг нийтлэлээр мэдэж авцгаая.
ХОРТОЙ НАЙЗЫН ШИНЖ ТЭМДГҮҮД
Найзтайгаа цагийг өнгөрөөсний дараа ядарч туйлдан эсвэл дандаа л маш гунигтай, санаа зовсон, тухгүй байдалтай байгаад байвал тэрээр “энергийн мөлжигч” байх нь. Уулзах болгондоо хэн нэгнийг шүүмжилж, муулан, эсвэл завсар зайгүй амьдралд гомдоллоод байдаг хүний хажууд эерэг байдлаа удаан хадгалах хэцүү. Яван явсаар таны ч сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж болох юм. Клиник сэтгэл судлалын жилийн тойм сэтгүүлд 2005 онд нийтэлсэн судлаач Хаммений “Стресс ба сэтгэлийн хямрал” өгүүлэлд байнга гомдоллож, шүүмжилдэг хүмүүсийн дэргэд байх нь стрессийн түвшнийг нэмж, түгшүүр, хямралд хүргэдэг гэжээ.
Найзтайгаа хамт байсан сайхан дурсамжаас илүүтэй сөрөг бодлыг нь засах гэж, бусдыг шүүмжилсэн яриаг нь тэсэж сонсох гэж өнгөрүүлсэн үеүд санаанд чинь эхэлж орж байвал байдал хэцүүхэн байгаа бололтой. Мэдээж, зөвхөн жаргалтай үедээ л хамт байдаг хүнийг найз гэхгүй. Найздаа хэцүү цаг мөчөө туулахад нь тусалж, буруу бодлыг нь засаж өгөх нь найзын үүрэг. Гэвч таны зөвлөгөө үр дүнгээ өгөхгүй, эсрэгээрээ та түүнтэй адилхан хүн болж хувираад байвал энэ харилцааг авч үлдэх гэж чармайх нь өөрийн тань сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх юм.
“Чи бүх юмны дарга юм уу, айн?” гэдэг шиг өөрийнхөө утсан хүүхэлдэй, дагалдан мэт байлгах гэдэг харилцаа маш хортой. Энэ байдал зөвхөн заналхийлэх, түрэмгий аашлах зэргээр илрэхгүй. Тантай үргэлж эелдэг харьцдаг ч, инээсэн царай, чихэр шиг үгээрээ танаар “За, тэгье” гэх хариулт хэлүүлж, хүсээгүй зүйлийг чинь хийлгэж болно. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдэг дээ.
Бидний сайн мэдэх, ихэнхийнх нь өсвөр насандаа үзэж байсан “Mean girls” киноны “пластикууд”-ын нөхөрлөл тод жишээ нь. Найзуудынхаа ахлагч болох Режина Жорж өөрийн зохиосон дүрмээр найзуудаа байлгаж, үл тоомсорлон бүдүүлэг аашилдаг шүү дээ. Угтаа нөхөрлөлд “ахлагч” гэх ойлголт байх нь утгагүй юм. Хүн хоорондын харилцаа босоо биш хэвтээ чиглэлд буюу бүгд эн тэнцүү байхдаа бат бөх байдаг. Гэтэл найзуудын харилцаанд нэг нь дарга шиг аашлаад байвал тэнд босоо харилцааны төлөв хэдийн бий болжээ гэсэн үг. Харилцааны хамгийн дээр байгаа хүн бусдыгаа удирдаж байна гэж ойлгож болох юм.
Өөрт нь тулгарсан асуудлыг тантай нийлж, эсвэл бүр зөвхөн танаар шийдүүлдэг хэр нь өөрийг тань хүнд байдалд орсон үед тоодоггүй харилцаа бол жинхэнэ “улаан туг”. Өөрөө асуудалтай үедээ амьдрал нь үүнээс л шалтгаалж байгаа мэт гуйж гувшдаг атлаа таныг асуудлаа ярих үед “Бүгд л зовж байна” гэдэг харилцааг нөхөрлөл хэмээж боломгүй юм.
Хамгийн энгийнээр сурагч байхад хичээлийн даалгавар, шалгалтдаа туслуулдаг ч зөрүүлээд юм асуух үед “Өөрөө хий” гэдэг хүүхдүүд байдаг даа. Бусдад хариу нэхэхгүй тусалж сур л гэдэг. Гэхдээ бид жаргалтай байхын тулд эсвэл зовлонгоо хамтдаа шийдэхийн тулд харилцаанд ордог. Энэ хэрэгцээ хангагдахгүй байвал яах билээ? Бид ганцаараа ч зовж чадна шүү дээ.
Саяхан Фейсбүүкээс “Хүнийг хоёулхнаа байхдаа чамтай яаж харьцаж байгаагаар биш бусад хүмүүсийн дэргэд хэрхэн аашилж байгаагаар дүгнэ” гэсэн үг харсан юм. Хоёулаа байхдаа хамгийн сайн найз байдаг ч, бусдын хажууд үргэлж гоочилж, тоглоом тохуу хийж харьцдаг найзууд байдаг даа. Надад ч хэд хэд байсан. Занг нь мэддэг учраас хүмүүстэй байхад нь уулзахаа больсон. Яваандаа хоёулхнаа ч уулзахыг хүсэхээ байдаг юм билээ. Сайхан ааштай дүрээрээ надаас сонссон зүйлсээ бусдын хажууд байхдаа гаргадаг дүрээрээ хов болгон ярьж байхыг үгүйсгэхгүй учраас л тэр.
Ямар ч харилцаа итгэл дээр суурилдаг. Нэгэндээ итгэдэггүй хүмүүс хамтарч ажиллаж, нөхөрлөж, хайрлаж дурлах боломжгүй. Гэтэл бусдын хажууд өөр хүн болж хувирдаг найз байх нь итгэлцлийг эвддэг. Түүнчлэн найз нь олны дунд өөрөөр аашлах үед найздаа хаячих вий гэсэн түгшүүр төрдөг байна. Найз чинь таныг үнэхээр найзаа гэж үнэлдэг үү эсвэл зарим үед л чамтай найз шиг харьцдаг уу гэсэн эргэлзээ төрж эхэлдэг байна (Leary.M.R. “Interpersonal rejection”. Oxford University Press. 2001).
Амжилтад чинь алга ташин баяр хүргэхийн оронд атаархаж, хойш татах гэж оролддог найзууд ч бий. Бусдын гэрлийг бөхөөлөө гээд таны гэрэл тодрохгүй гэдэг дээ уг нь.. Нийгэм ба эмнэлзүйн сэтгэл судлалын сэтгүүл дэх К.Ж.Ротенбергийн “Ганцаардал ба хүмүүс хоорондын итгэлцэл (1994)” өгүүлэлд “Найзууд бие биеэ байнга өрсөлдөгч гэж үзэх нь эрүүл нөхөрлөлийн үндэс болсон итгэлийг алдагдуулдаг. Өрсөлдөөнт зан авир нь ойр дотно байхад саад болдог” гэжээ. Тухайлбал, нэг найз нь амжилт гаргах юм уу хүнд дурлалаа гэхэд баяр хүргэсэн үг биш атаархлын харц л хариуд нь авахаа мэдэж байгаа учраас өөрийн жинхэнэ мэдрэмж, амжилтаа нууж эхэлдэг байна. Энэ нь тэдний хоорондын холбоог эвдэж болзошгүй юм.
Нөгөө талаасаа найздаа байнга атаархдаг нэгэн өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж эхэлдэг. Байнгын харьцуулалт нь өөрийгөө хангалтгүй гэж үзэхэд хүргэж, хэзээ ч эхлээгүй өрсөлдөөний "ялагдагч" болгодог аж. Атаархагч нэгэн өөрийн үнэ цэнийг найзаасаа илүү гарах л гэж ойлгох нь бий. Энэ нь амжилтад хүрэхгүй, бүтэлгүйтлээс айх, өөртөө итгэлгүй болох зэрэг сөрөг нөлөөг дагуулж байдаг (L. Berkowitz, “Advances in Experimental Social Psychology”.,1988). Найзаасаа л илүү дүн авсан байвал өөрийгөө ухаантай гэж үзэн, найзаасаа л хол гүйсэн бол өөрийгөө спортлог гэж тооцох нь өөртөө тавьж буй хамгийн бага хэмжүүр юм шүү дээ.
Хортой найзууд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх нь ховор. Тэд хэзээ ч уучлалт гуйхгүй, эсвэл ямар нэг зүйл буруугаар эргэвэл тань руу юм уу өөр хэн нэгэн рүү бурууг нялзаахаас буцахгүй. Л.Ю.Абрамсон тэргүүтэй судлаачдын “Хэвийн бус сэтгэл судлалын сэтгүүл”-д нийтэлсэн “Шүүмжлэл ба шинэчлэл” өгүүлэлд “Бүх зүйлд байнга буруутгагдах нь өөрийн үнэ цэн, чадвартаа эргэлзэхэд хүргэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж мэдэрдэг болгодог” гэсэн байна.
Надад ч бүх зүйлд буруутгагддаг харилцаа байсаар ирсэн. Багаасаа найзуудтайгаа муудалцахдаа “уучлаарай” гэх үгийг түрүүлж сонсож үзээгүй би харилцаагаа авч үлдэхийн тулд түрүүлж буулт хийн, миний зөв байсан ч бурууг үүрэн уучлалт гуйдаг байлаа. Энэ байдалтайгаа удах юм бол хосын харилцаанд ч энэ нь илэрч эхэлдгийг анзаарсан. Дассан сурсан зангаараа сайн дураараа бүх юмны буруутан болоод байвал бусад хүмүүс ч буруугаа тохох боломжтой бэлэн бай гэж харж эхэлдэг юм билээ. Цаашлаад өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл гутралд орон, өөрийгөө азгүй амьтан гэж бодон, хамгаас илүү үзэн яддаг хүн маань “би” өөрөө болчихсон байсан. Энэ байдлаас гарах их төвөгтэй бөгөөд “бүтэн цагийн ажил” маань өөрийгөө үзэн ядаж, хямрах л болчихсон байлаа.
Бүх зүйлийн буруутан болдог харилцаанд байх үед дараагийн буруутгал ирнэ гэдгийг мэдэж байгаа учраас үргэлж түгшиж, алдаа гаргахаас айж эхэлдэг. Улмаар тухайн хүнтэй харилцахаас эмээж, аливаа яриа, нөхцөл байдал нь чиний алдаагаар дуусна гэдэгт итгэдэг тул түгшүүр нэмэгдэж, нөхөрлөлөөс зайлсхийн, нийгмээс тусгаарлагдахад хүрдэг байна (Sapolsky,R.M.(2004).Why Zebras Don’t Get Ulcers: The Acclaimed Guide to Stress, Stress-Related Diseases, and Copin).
Хортой найз гэж онцолсон боловч эдгээр хүмүүс ажлын байр, анги хамт олон, хосын харилцаа гээд бүх харилцаанд хортой байх нь мэдээж. Ийм хүмүүс хаана ч байж л байдаг. Бид засах гэж оролдож болох ч эргээд таны эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байвал сайн сайхныг хүсээд холдсон нь дээр юм. Мөн хэрхэн өөрөө сайн найз байх талаар гайхаж байвал эдгээр зан төлөв өөрт тань байгаа эсэхийг эргэцүүлээд, байвал засаж эхлээрэй.
НӨХӨРЛӨЛӨӨ ХЭРХЭН “ЭРҮҮЛ” АВЧ ҮЛДЭХ ВЭ?
Найзтайгаа өөрийн бодол, мэдрэмж, санаа зовж буй зүйлээ илэн далангүй хуваалцаж сурах хэрэгтэй. Найзын тань сөрөг хандлага, ямар нэг зан араншин таалагдахгүй бол эелдгээр хэлэх нь зүйтэй юм. Асуудлыг бүү “өмхийрүүл”. Дотроо хадгалаад, тээгээд байх тусам асуудал улам томорч, та найздаа дутагдлаа засах боломж өгөлгүйгээр нөхөрлөлөө төгсгөхөд хүрч болзошгүй. Шударга харилцаа нь итгэлцлийг бий болгож, бие биеээ илүү сайн ойлгоход тусалдаг. Үүний тулд зөвхөн яригч биш сайн сонсогч байх нь чухал. Найзынхаа яриаг таслалгүй сонсож, туршлага, мэдрэмжийг нь ойлгох сэтгэлтэй бай. Яарч шүүмжлэхээсээ өмнө сайн сонсож, өөрийгөө оронд нь тавьж үзээд хариулсан нь дээр. Заримдаа бидэнд шийдэл биш зүгээр л яриаг маань сонсох хүн хэрэгтэй байдаг шүү дээ.
Хүн бүрд өөрийн гэсэн хил хязгаар бий. Найзынхаа хувийн орон зай, нууцыг хүндэтгэ. Бүх зүйлээ танд ярих албагүй гэдгийг ойлгоорой. Мөн найзууд юм чинь ямар хамаатай юм гэж бодохгүй байх нь чухал. “Миний найз тоглоом ойлгоно” гээд эмзэг сэдвээр нь маазрах, биед нь зөвшөөрөлгүй хүрэх, хамаагүй цохих зэргийг найз тань инээж хүлээж авч болох ч гомдож л байгаа.
Найздаа хүнд хэцүү цаг үед сэтгэл санааны дэмжлэг үзүүлээрэй. Заримдаа зүгээр л дэргэд байж, сонсох нь хангалттай гэж дээр хэлсэн шүү дээ. Найз залуутайгаа муудалцаад хүндхэн байдалтай байхад дэргэд минь байсан найзууддаа би үргэлж талархдаг. Ямар ч шийдэл, шүүмж хэлэлгүйгээр анхааралтай сонсож, сэтгэлийг минь засах гэж дуртай бялуу, халуун шоколадыг минь авч өгөн, караоке дагуулж орж билээ. Сэтгэл гутралтай хүнд цаг үе туулж байх үед нэг найз маань үргэлж санаа тавин, эзгүйд маань хүртэл санаа зовсондоо гэрт ирээд амттан үлдээгээд явж байв. Тэдгээр найзууддаа би үргэлж туслах ёстой юм шиг санагддаг. Мөн хүнд цаг үеэс гадна аз жаргал, амжилтыг нь ч өөрийн мэт хуваалцаж сураарай. Найзынхаа хувийн өсөлт хөгжлийг дэмжиж, зорилго, мөрөөдлөө биелүүлэхэд нь урамшуулж, сайхан үгсийг хэлж байх хэрэгтэй. Таны хэлсэн ганц үг найзын тань шантрах болгондоо санаж, босдог үг болж ч болох юм. Ахлах ангид найзын маань захиандаа бичсэн
“Монголын ирээдүйд санаа зовох хэрэггүй ээ. Чи байгаа юм чинь” гэсэн үг одоо ч миний хичээх шалтгааны нэг болдог.
Эрүүл харилцаа нь харилцан өгөх, авах явдал юм. Биет зүйл, бэлэг сэлт яриагүй шүү. Тусламж, сайхан үгсийг авдаг бол эргүүлээд өгдөг байх хэрэгтэй. Ингэлээ гээд та хоёр нэгнээсээ байнга хамааралтай болно гэсэн үг биш. Найзаасаа хэт хамааралтай байхаас зайлсхийгээрэй. Эрүүл нөхөрлөл гэж хаана ч цуг байдаг хүмүүсийг биш хэн хэн нь бие даан амьдарч, тусдаа байхдаа ч хөгждөг харилцааг хэлнэ.
Итгэлийг тогтвортой харилцаа, найдвартай байдлын ачаар л олж авдаг. Амлалтаа биелүүлж, найдвартай байж, өөрийгөө найдаж болох хүн гэдгээ харуул. Итгэж хэлсэн зүйлийг нь бусдад бүү хэлээрэй. Танд л гэж хуваалцсан нууц шүү дээ. Ярихаа хүрвэл өөрөө хүмүүст ярих л байлгүй. Танд л ганц хэлсэн зүйлээ бусдын амнаас сонсвол хэчнээн муухай байх билээ.
Хорвоо дээрх хамгийн тогтмол зүйл бол өөрчлөлт. Хүн хэзээ ч нэг хэвээрээ байдаггүй, үргэлж өөрчлөгдөж, өөр найзуудтай болж байдаг. Найзыгаа зөвхөн таны өмч мэт аашилж, бусдаас харамлах нь хортой харилцаа юм. Дандаа хамт хичээл, ажилдаа явдаг байсан найз тань нүүж, шилжиж болно. Хамт алхдаг байсан замаараа ганцаараа харих хэдий гунигтай ч өөрчлөлтөөс үл хамааран харилцаа холбоогоо хадгалах арга замыг хайж олоорой. Найз тань өөрчлөгдөж, өсөж байгаагийн адилаар та ч өөрчлөгдөж байгаа. Энэ үед нөхөрлөл тань ч орхигдох биш хамтдаа өсөж хөгжих нь чухал.
Та хоёрын дунд ижил төстэй сонирхол, зан араншин бий болохоор л найзалж нөхөрлөсөн байгаа. Иймээс хамтдаа дуртай зүйлсээ хийгээрэй. Манай найзуудын хувьд ном солилцож уншаад, дараа нь ярилцах дуртай байлаа. Заримдаа зүгээр л утга нь ойлгогдохооргүй юм ярьж, элгээ хөштөл инээдэг байсан. Утгагүй санагдаж болох ч хожим эргээд бодоход хацраа өвдтөл инээсэн дурсамж л хүнд инээмсэглэл бэлэглэдэг юм билээ. Огт өөр сонирхолтой байсан ч нэгнийхээ сонирхдог зүйлийг нэг удаа сонирхоод үзэж болох юм. Таалагдаж ч магадгүй шүү дээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх