“Хэт залуугаараа үхмээргүй байна
Хийх зүйл их байгаа
Би камерны өөдөөс инээмсэглэдэггүй
Зөвхөн чамд л зориулж инээмсэглэнэ
“Attention” - Joji
Долоо хоног бүрийн пүрэв гараг бүр бидний бэлтгэн хүргэдэг “Artist of the Week” булангийн энэ удаагийн дугаарт дуучин, реппер, хөгжмийн зохиолч Joji буюу George Miller онцлогдлоо.
Түүний жинхэнэ нэрийг George Kusunoki Miller гэдэг бөгөөд тэрээр 1992 оны есдүгээр сарын 18-нд Япон улсын Осака хотод мэндэлсэн аж. Австрали, Японы эрлийз тэрээр Япон улсын Кобэ хотод байрлах Олон улсын ахлах сургуулийг дүүргэснийхээ дараа АНУ руу нүүж байжээ.
Удаан хугацааны турш дэмжсээр ирсэн шүтэн бишрэгчид нь түүнийг Joji хэмээх тайзны нэрээр уран бүтээлээ туурвиж эхлэхээс нь өмнө “Filthy Frank” болон “Pink Guy” гэдэг нэрээр нь сайн мэддэг байлаа. Харин үүнийг нь мэдэхгүй хүмүүс “Яг юу хийдэг байсан юм бол?” гэж гайхаж магадгүй.
Joji эдгээр дүрүүдээрээ одоогийн R&B болон Lofi хөгжмийн хослол болсон дуунуудыг дуулж, хүн гэхэд итгэмээргүй хачирхалтай контентуудыг бүтээдэг байсан. Үүнд нь комеди, реп болон төрөл бүрийн challenge-ууд багтна.
Харин 2017 оны сүүлээр өөрийн Youtuber-ийнхээ карьерыг эцэслэхээс өмнө гурван ч Youtube сувагтай байжээ. 2016 онд комеди төрлийн контентууд нь интернэт ертөнцөд эрчийг авч байсан түүний зарим контентууд одоо ч алдартай хэвээр...
Joji "DizastaMusic" сувгийн нэг хэсэг байх үедээ “Pink Guy” хэмээх дүрээ бүтээж байсан. Та бүхэнд сонирхуулахад тэд 2015 онд дэлхий дахинаа тренд болоод байсан “Harlem Shake” хэмээх бүжгийн анх санаачилсан гэдэг.
Тэгвэл өөрийн албан ёсны Youtube хаяг болох “TVFilthyFrank” сувагтаа "Food" (和食ラップ), "Japanese 101", "Wild Games" зэрэг олон цуврал контентууд хийдэг байжээ. Түүний “The Filthy Frank Show”-д “h3h3Productions”, “JonTron”, “Micheal Stevens” болон “PewDiePie” зэрэг олон алдартай Youtuber-үүд зочноор оролцож байсан түүхтэй.
Харин түүний гурав дахь суваг болох “TooDamnFilthy” нь 2014 онд нээгдсэн бөгөөд эдгээр хуудсууд нь одоогийн “meme culture” буюу орчин үед интернэт орчинд хамгийн их хэрэглэгддэг алдартай комеди хэлбэрийг үүсэхэд ихээр нөлөөлсөн гэгддэг.
Miller 2017 оны есдүгээр сард өөрийн анхны ном болох “Francis Of The Filth" хэмээх номондоо эдгээр Youtube сувгуудад дурдагдаагүй зарим нэг зүйлсийг багтаан олны хүртээл болгож байв. Харамсалтайгаар тус оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас дахин комеди хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Түүнийг ахин “Filthy Frank” дүрээрээ эргэн ирээсэй гэж хүсдэг хүмүүс бишгүй байдаг ч одоогийн шүтэн бишрэгчид нь өөр бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл Youtube-ийн алгоритмд хийгдсэн шинэ шинэ өөрчлөлтүүдтэй холбоотойгоор тус сайтад бүх насныханд зориулсан контентууд илт давуу дэмжигддэг болсон тул түүнийг одоогийнх шигээ дуугаа үргэлжлүүлэн хийхэд л хангалттай гэж үздэг хүмүүс цөөнгүй байдаг аж.
Харин түүний дуу хөгжмийн карьер "Pink Guy" нэрээр реп хийж эхэлснээр тавигдсан гэж хэлж болно. Угаасаа л дуу зохиох дуртай байсан гэдгээ хэд хэдэн ярилцлагадаа ч дурдсан байдаг. Гэвч “Pink Guy” нэрээрээ гаргасан цомогт нь багтах дуунууд ихэнх нь комеди маягаар хийгдсэн нь Youtube сувгийнхаа контентуудтай урсгалыг нь тааруулахаар оролдсон явдал байсан юм.
2015 оны сүүлээр тэрээр “Filthy Frank”-г үздэг, хөгжилтэй, “сонин” гэмээр контентууд хүлээдэг үзэгчдээсээ нуух зорилгоор хуурамч нэрийн дор “Thom”, “You Suck Charlie” нэртэй дуунуудаа цацжээ. Гэвч энэхүү санаа нь амжилт олоогүй бөгөөд сонсогчид нь үүнийг Miller байсныг удалгүй олоод мэдчихсэн. Ийнхүү тэрээр 2017 оноос эхлэн одоогийн Joji нэрээрээ уран бүтээлүүдээ туурвиж эхэлсэн ажээ.
Joji “88rising” буюу Ази дуучдыг дэмжин ажилладаг лэйблтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд “I Don’t Want To Waste My Time”, “Rain On Me”, “Will He” зэрэг дуунуудаа олны хүртээл болгосноор цоо шинэ урлагийн замналынхаа эхлэлийг тавьсан юм.
“Уруул чинь миний үнсэлтийн амтыг санах болов уу?
Дурлал чинь чамайг яг л над шиг энхрийлэх болов уу?
Би үүнийг мэдэх хэрэггүй
Зүгээр л чамайг зүгээр байгаа эсэхийг шалгамаар байна”
“Will He” - Joji
Харин Joji нэрээр гаргасан дуунууд нь “Filthy Frank” дүрээр бүтээдэг байсан контентуудаас тэнгэр газар шиг ялгаатай гэж хэлж болно. Маш олон хүнийг инээлгэж, үргэлж л хөгжилтэй хөгтэй зүйл сэдэж явдаг байсан хүнээс ийм их сэтгэл өвтгөм, гуниг дүүрэн дуу гарсан нь үнэндээ цочирдом явдал байсан юм. Тиймдээ ч одоо хүртэл түүний дуунуудын сэтгэгдэл хэсэгт:
- “Заримдаа түүнийг бариу ягаан хувцас өмсчихөөд, бургер өгөөч гээд орилоод зогсож байсан залуу гэдэгт итгэж чадахгүй юм”
- “Бусдыг үргэлж инээлгэдэг хүмүүс дотроо хамгийн их шархалсан байдаг…”
- “Өдөржин найзуудыгаа инээлгэдэг тэр ганц хүн нь орой гэртээ ирчихээд ингэдэг байх даа” гэх мэт сэтгэгдэлүүд олон байдаг.
Харин Joji-гийн зүгээс анх хөгжмийн карьераа өргөжүүлэх үүднээс л өмнөх Youtube хуудсуудаа нээж байсан ч контентийнх нь комеди агуулга өөрийнх нь төсөөлж байснаас нь ч илүү хөгжчихсөн гэж тайлбарладаг.
Мөн Billboard-д өгсөн ярилцлагандаа тэрээр:
- “Одоо бол би өөрийн сонсохыг хүссэн зүйлээ хийж чадна. Joji бол "Pink Guy" эсвэл "Filthy Frank" шиг ямар нэг дүр биш. Тэр л ялгаа нь байх. Энэ бол зүгээр л би” хэмээсэн юм. Үүнээс харахад тэрээр одоогийн туурвиж буй уран бүтээлдээ илүү нээлттэй, "үнэн" ханддаг бололтой.
Түүний 2017 оны арванхоёрдугаар сард гаргасан “Demons” дууг зарим шүтэн бишрэгчид нь "Pink Guy"-аас Joji болсон цаг хугацаатай холбоотой байж магадгүй гэж үздэг. Энэхүү дууныхаа клипэнд тэрээр ягаан, томоос том хослол өмсч, хөлнөөсөө гинжлээстэй сууж буйгаар дүрслэгдсэн байдаг. Тиймээс л үүнийг нь "үнэндээ хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй, “Pink Guy” дүр дотроо хүлүүлчихсэн байсан гэдгээ илэрхийлж байна" гэж үздэг.
“Намайг одоо явуулаач
Би хангалттай ихийг үзчихлээ”
“Demons” - Joji
2018 онд цацагдсан “Slow Dancing In The Dark” дуу бол түүний хамгийн алдартай дуунуудын нэг. Joji-гийн дууны үгнүүдийг минималист ч гэж тодорхойлж болохоор. Түүний дуунууд олон хэрэггүй үгс бус, цөөхөн хэдий ч маш их мэдрэмж болон утга санааг агуулсан үгнүүдээс бүрддэгээрээ онцлог.
“Чи түүнтэй байх хэрэгтэй
Би өрсөлдөж ч чадхгүй
Чи надруу яг л
Өөр нэгнийг ширтэж буй мэт харсан.
Харахгүй байна уу?
Би ганцаар харанхуйд бүжихийг хүсэхгүй байна”
“Slow Dancing In the Dark” - Joji
Joji ийнхүү зоригтой алхмууд хийн, өөрийн гэсэн орон зайг бүтээж чадсанаар урлагийн карьер нь маш амжилттай яваа. Тэрээр Billboard чартын "Шилдэг R&B ба Хип Хоп" дууны жагсаалтыг тэргүүлсэн анхны Ази уран бүтээлч болсон.
Харин түүний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Run” нь энэ оны нэгдүгээр сарын 30-нд олон нийтийн хүртээл болсон бөгөөд энэ дуугаараа тэрээр Jimmy Fallon-ийн “The Tonight Show”-д оролцон телевизийн дебютээ хийсэн юм.
Ингээд та бүхэндээ уламжлал ёсоороо Miller буюу Joji-гийн зарим уран бүтээлүүдээс санал болгож байна!
SANCTUARY
YEAH RIGHT
WANTED U
NO FUN
I DON'T WANT TO WASTE MY TIME
HEAD IN THE CLOUDS
MIDSUMMER MADNESS (88RISING)
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх