"Хүн бүр өөрөө өөртөө уран илтгэгч бас мэтгэлцэгч байдаг"


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-06-16

“Энэ дэлхий дээрх бүх том өөрчлөлтүүдийг агуу бичигч нар биш агуу илтгэгч нар хийсэн” гэх Адольф Гитлерийн үг байдаг.

Өнөө үед залуучууд илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэх нь элбэгшин олон чадварлаг илтгэгчид төрөн гарсаар байна. Энэ удаа ярилцлагын буландаа тэдгээр залуу илтгэгчдийн нэг 2019 оны оюутны аварга шалгаруулах “Оюуны давалгаа” улсын уран илтгэлийн тэмцээн, мөн энэ оны сурагчдын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээний тэргүүн байрын шагналт Б. Ариунзаяа, М. Мөнхзаяа нарыг урилаа. Та бүхний мэлмий сонорыг баясгана гэдэгт итгэж байна

YOLOСайн байцгаана уу? Юуны өмнө уншигчдад маань өөрсдийгөө танилцуулахгүй юу.

Б. Ариунзаяа: Намайг Батжаргалын Ариунзаяа гэдэг. Одоогоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 1-р түвшний оюутан.

М. Мөнхзаяа: Намайг Мөнх-Итгэлтийн Мөнхзаяа гэдэг. Нийслэлийн 47-р сургуулийн 11-р ангид сурдаг.

YOLOНэг нь оюутны улсын аварга шалгаруулах “Оюуны давалгаа III тэмцээнд, нөгөө нь сурагчдын аварга шалгаруулах Оюуны давалгаа VIII” тэмцээний тэргүүн байрын эзэд болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

Б. Ариунзаяа: Энэ удаад анхны жилдээ “Оюуны давалгаа” оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Өмнө нь сурагчдын тэмцээнд нь ч оролцож байгаагүй. Маш их догдлол хүлээлт сандралтай байсан. “Би чадахгүй байх. Гэхдээ яахав. Эхний жилдээ оролцоод туршлага хуримтлуулаад үзье” гэж шийдээд оролцсон. Ингэж бодож оролцоод тэргүүн байрын эзэн болсондоо баяртай байна.

М. Мөнхзаяа: Миний хувьд “Оюуны давалгаа” тэмцээнд хоёр дахиа оролцсон. Оролцсон эхний жилдээ улсын шилдэг 30 илтгэгчдийн нэгээр шалгарсан. Энэ удаагийн тэмцээндээ тэргүүн байрын эзэн болсон. Хамгийн их хүндэлж хайрладаг тэмцээндээ тэргүүн байр эзэлсэндээ үнэхээр их баярлаж байна. Хариу хэлэх мөчид клубийн найзууд маань “Чи л аварга авсан байх” гэж надад асар их итгэл найдвар хүлээлгэсэн. Тэр их итгэлийг нь дааж багш нар, найзуудыгаа баярлуулсандаа сэтгэгдэл өндөр байна.

YOLOИлтгэх урлагаар хичээллээд хэр удаж байгаа вэ?

М. Мөнхзаяа: Би 2016 онд 9-р ангидаа Манлайллын Боловсролын Үндэсний Төвийн дэргэдэх +300 клубд орсноос хойш илтгэх урлаг мэтгэлцээнээр өнөөдрийг хүртэл тасралтгүй хичээллэж байна.

Б. Ариунзаяа: Би энэ жилээс л илтгэх урлаг мэтгэлцээний клубд харьяалагдаж байгаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Berkeley болон Интимима клубийн гишүүн. Үүнээс өмнө ахлах сургуульдаа сургуулийнхаа аварга шалгаруулах илтгэлийн тэмцээнд л оролцож байсан.

YOLOАнх яагаад илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэж эхэлье гэсэн шийдвэрт хүрсэн бэ?

М. Мөнхзаяа: Анх сайн найз маань сургуулийнхаа мэтгэлцээний клубд явж байгааг сонсоод  сонирхон хамтдаа явж эхэлсэн. Тэр үеэс эхлэн илтгэх урлаг мэтгэлцээний амтанд орж 9-р ангидаа клубд харьяалагдан хичээллэх болсон. Миний хувьд багадаа олон зүйлээр хичээллэж байсан. Төгөлдөр хуур, цэнгээнт бүжгийн дугуйлан, гар бөмбөгийн секцэнд явдаг байсан хэрнээ алинд нь ч тууштай явалгүй дундаас нь гарчихдаг байсан. Харин илтгэх урлаг мэтгэлцээн бүх зүрх сэтгэл цаг заваа гарган хичээллэж байгаа миний анхны зүйл.

Б. Ариунзаяа: Миний анхны суурь уран илтгэлээр хэдий тавигдаагүй ч гэсэн сэдлийг олгосон зүйл “Шинэ иргэншил” дээд сургуулиас зохион байгуулсан түүхийн эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээн байсан. Тухайн үед нэгэн түүхийн доктор илтгэлээ хэлэлцүүлээд дуусахад минь над дээр ирж гараас минь атгаад баяр хүргэж байсан. Тэр мөчөөс хойш би хүмүүсийн өмнө ярьж чадах юм байна гэсэн урам зориг авч тэмцээнд оролцож эхэлсэн.

YOLOЭнэ жилийн “Оюуны давалгаа III” оюутны аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн анхан болон ахисан түвшний илтгэгчид гэсэн хоёр ангиллаар болдог шүү дээ. Тэмцээнийхээ явцаас сонирхуулаач.

Б. Ариунзаяа: Энэ жил уг тэмцээн маань 3 дахь удаагаа болж байна. Миний хувьд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний анхан шатны илтгэгчдийн зоонд орж өрсөлдөн улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авсан. Би анхлан илтгэгчдийн тэмцээнд оролцсон ч гэсэн ахисан түвшний илтгэлийг сонссон л доо. Одоо үеийн нийтлэг хандлагаараа илтгэгчид худлаа үнэн хоосон юм ярихаасаа илүүтэй өөрийнхөө амьдрал дээрх бодит явдал, өөрийн хийж бүтээсэн зүйлсээ  жишээ татан ярих болсон байна. Мөн энэ жил нийслэлийн аваргаас шалгарсан илтгэгчид бүгд өөрсдийн илтгэлээр богино хэмжээний видеонд оролцон тэр видеогоороо сошиалд өрсөлдөн хамгийн өндөр оноотой нь 33 сэдвээс түрүүлж өөрийн дуртай сэдвийг сонгох боломжтой болсон. Ингээд илтгэгчид эхлээд өөрсдийн сонгосон сэдвээр илтгэж шилдэг арван хоёр хүүхэд шалгаран тэдгээр арван хоёр хүүхэд хоёр хоёроороо хоорондоо battle хийсэн. Ингэхлээр нийт зургаан илтгэл явсан гэсэн үг. Нэг илтгэгч нь нэг минут гучин секунд илтгээд буунгуут нөгөө илтгэгч нь өмнөх илтгэгчийнхээ ярьсан зүйлийг дэмжиж ч болно, няцааж ч болно. Өөрөөр хэлбэл өмнөх илтгэл дээр дөрөөлөөд өөрийн илтгэлээ хэлэлцүүлнэ. Хамгийн сүүлийн шатанд илтгэгчдээ өөр өөр газарт оруулаад сэдэв өгсөн. Гэвч бүгдийнх нь сэдэв ижилхэн байсан юм билээ. Бидэнд тэрийг нь мэдэгдээгүй. Энэ шатны илтгэлээ нэг минутад бэлдээд нэг минутад илтгэсэн. Үнэхээр сонирхолтой  их онцлогтой тэмцээн болсон.

М. Мөнхзаяа: Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн өмнөх жилийнхээс тодорхой хэмжээнд өөр болсон. Өмнө нь бид сэдэв сугалж илтгэдэг байсан бол энэ жил сэдэв сугалалгүйгээр бидэнд газар зүй, биологи, хими гэх мэт шинжлэх ухааны холбогдолтой сэдэв оноож өгсөн. Ингэснээр бид илүү ихийг уншиж, судлах хэрэгтэй болсон. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр шаттай байсан бол энэ удаа гурван шаттай болсон. Бүх илтгэгчид илтгэлээ хэлэлцүүлсний дараа шилдэг арван таван илтгэгч шалгаран сэдэв сугалж илтгэн үүний дараа шилдэг дөрвөн илтгэгч шалгаран нэг минутад аятай илтгэл хэлэлцүүлсэн. Ер нь энэ жилийн тэмцээн их содон боллоо.

YOLOИлтгэлийн тэмцээний эхний шатанд гэртээ сонгосон сэдвийнхээ дагуу бэлдэж ирээд оролцдог. Харин дараа дараагийн шатуудад шууд сэдэв сонгоод нэгээс гурван минутад бэлддэг. Энэ үед зарим илтгэгчид маш чадварлаг байдаг бол зарим нь илтгэлийн санаагүй болох нь олонтаа. Та хоёрын хувьд энэ шатанд хэрхэн илтгэлээ бэлддэг вэ?

М. Мөнхзаяа: Тэмцээн дээрээ бэлдээд илтгэх тохиолдолд ихэнх илтгэгчид бүр өмнө нь бэлдчихсэн байдаг. Тодорхой тооны олон салбаруудын тухай мэдээ мэдээлэл, ном зохиол уншин судалж түүн дээрээ дөрөөлөөд илтгэлээ хэлэлцүүлдэг. Ер нь хүн их юм уншсаны хэрээр чөлөөтэй сэтгэдэг учраас олон зүйлийг уншиж судлах хэрэгтэй.

Б. Ариунзаяа: Мэтгэлцээний туршид хоёр баг хоорондоо баталгаа нотолгоог дэвшүүлэн харилцан няцаалт хийгдэж байгаа учраас үзэгчид болон танхимд сууж байгаа хүмүүс үнэн зөв зүйлийг шүүж тунгаах бололцоотой байдаг. Харин уран илтгэлийн явцад зөвхөн би ганцаараа индэр дээр илтгэж байгаа нөхцөлд намайг няцаах хэн нэгэн байхгүй учраас маш их үүрэг хариуцлагыг ухамсарлах хэрэгтэй. Тийм учраас надад бэлтгэлийн үе их чухал байдаг. Тэмцээнд миний амжилт гаргах эсэх яг тэмцээний цаг мөчид биш харин өмнө нь шийдэгдчихсэн байдаг. Сэдэв өгөгдчихсөн байгаа тохиолдолд би маш сайтар бэлдэнэ. Харин өгөх сэдэв, хугацаа нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд М. Мөнхзаяагийн адилаар олон салбарын мэдээлэл уншиж тархиа цэнэглэхийг хичээдэг. Мөн дотор хүнтэйгээ ямар ч хамаагүй сэдвээр өдөрт заавал ярилцдаг. Энэ маань ч тэмцээнд маань их бэлтгэл болдог доо.

YOLOТэмцээнийхээ илтгэлийг хэрхэн бэлддэг вэ? Илтгэл бэлдэхэд орчин чухал уу?

М. Мөнхзаяа: Яг ямар сэдэв сонгосноосоо шалтгаалаад янз янзаар бэлддэг. Жишээлбэл миний “Хоёрхон алдаа” гээд илтгэл байдаг. Тэр илтгэлийг өөрийнхөө амьдралд тохиолдож байсан бодит явдлаас жишээ татан бэлдэж байсан бол улсын аварга дээр оноож өгсөн “Фермент” сэдвийг бэлдэхдээ эмч мэргэжлээр сурдаг найзаасаа асууж сураглаж ном уншиж интернетээс мэдээлэл хайж эх сурвалж ихтэйгээр бэлдсэн. Орчин нөхцөлийн хувьд би чимээгүй тайван орчинд ганцаараа сууж байгаад бэлдвэл илүү үр дүнтэй байдаг.

Б. Ариунзаяа: Би сэдвээ сонгосныхоо дараа өөртэйгөө сайн ярилцаж үздэг. Ингээд маш олон санаануудаасаа тухайн танхимд илтгэхэд хүмүүст хамгийн их мэдээлэл түгээх нэгийг ухааруулах санааг сонгон түүнийгээ цаашид дэлгэрүүлэн бэлддэг. Би улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд “Экспортыг орлох бүтээгдэхүүн” сэдвээр бэлтгэсэн. Ингэхлээр эхлээд эдийн засгийг, дараа нь энэ цаг үед Монголд экспортыг орлох бүтээгдэхүүн яг юу байна вэ гэдгийг судлах шаардлагатай болно. Би JCI central байгууллагын “Би идэвхтэй иргэн” төслийн хүрээнд зохион байгуулагдсан илтгэлийн тэмцээнд оролцохдоо сонгосон сэдэв маань миний амьдралтай ойрхон байсан учраас өөрийн амьдрал дээрх жишээг татан илтгэлээ бэлдсэн.

YOLOJCI central байгууллагын илтгэлийн тэмцээн видео уралдаан, илтгэлийн тэмцээн, мэтгэлцээний тэмцээн гээд их өргөн хүрээнд зохиогдох шиг болсон. Тэмцээнийхээ талаар сонирхуулаач?

Б. Ариунзаяа: Ярилцлага өгөхөөр ирэхээсээ өмнө энэ тэмцээний талаар ярьчих юмсан даа гэж их бодсон. Яагаад гэвэл уг “Би идэвхтэй иргэн” төсөл нь аль болох олон хүнийг хамруулах, аль болох олон хүнд тогтвортой хөгжлийн арван долоон зорилгыг таниулах зорилготой. Эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд тогтвортой хөгжлийн арван долоон зорилгыг цаашид баримтлах ёстой гэсэн үүднээс их дээд сургуулийн оюутнуудыг хамруулан уг төслийг зохион байгуулсан. Нийтдээ гурван үе шаттай. Эхнийх нь тогтвортой хөгжлийн арван долоон зорилгоос дөрвийг нь онцолсон бөгөөд тэр дөрвөн зорилгоос аль нэгийг нь сонгоод багаараа олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой бичлэг хийж түүнийгээ цахим ертөнцөд тараана. Дараа нь “Ядуурлыг бууруулах, ээлтэй хотыг бүтээх” гэх мэт санааг агуулсан шийдлүүд дээр мэтгэлцээний тэмцээн явагдсан. Гурав дахь нь “Ядуурлыг бууруулах миний нэг шийдэл” гэх мэт тогтвортой хөгжлийн зорилготойгоо уялдсан сэдвүүдтэй “Би идэвхтэй иргэн” илтгэлийн тэмцээн. Уг төслийн хамгийн гол зорилго нь бид тогтвортой хөгжлийг сайтар таньж мэдээд амьдрал дээрээ энгийн зүйлс дээр ч үүнийгээ тусгах боломжтой гэдгийг ойлгуулах байсан. Үнэхээр гайхалтай гоё тэмцээн болсон.

YOLOИлтгэл хэлэлцүүлэхэд та хоёрын хувьд юу хамгийн чухал вэ? Уран илтгэлд яруу найраг шиг онгод гэдэг зүйл хэрэгтэй байдаг юм болов уу?

М. Мөнхзаяа: Миний бодлоор яруу найраг шиг онгод гэдэг зүйл их хэрэгтэй юм шиг санагддаг. Орчин нөхцөл нь бүрдсэн үед санаа орж ирэн түүнийгээ илтгэл болгон буулгадаг. Илтгэлээ бэлдэхэд бусад хүмүүсийн үзэл бодлыг сонсоод, уншаад маш их зүйлийг уншиж судлах шаардлагатай юм шиг санагддаг.

Б. Ариунзаяа: Уран илтгэл гэхээр зарим хүмүүс хүний зүрхийг догдлуулж баярлуулаад, чихийг нь баясгаж “хөөх” гэж дуу алдтал уран илтгэх ёстой гэж боддог. Миний бодлоор уран илтгэл тархийг нь л баярлуулах ёстой гэж боддог. Манай “Хэл ярианы соёл” хичээлийн багш “Илтгэл нь агуулга болон хэлбэртэй байна. Агуулгыг чи сайн бэлтгэж байж тэндээс хэлбэр гарч ирнэ. Тийм учраас хүмүүстэй юм ярьж байгаа шигээ л ярихад болно. Хамгийн гол нь агуулга. Ярьж байгаа зүйлийн чинь агуулга л хүний тархийг баясгана” гэж хэлдэг. Надад илтгэл бэлдэхэд орчин тийм ч хамаатай байдаггүй. Дүү хажуугаас тоглоё, зодолдъё гэсэн ч хамаагүй. Миний хувьд онгод гэхээсээ илүү чи өдөр тутамдаа сайн юм боддог байх нь л чухал. Илтгэл чиний бодсон зүйлсээс чинь гарч ирж байгаа болохоор сайн л бод.

YOLOБ.Ариунзаяа маань төгсөх ангидаа “Шилдэг бизнес төсөл тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан. Уг тэмцээнийхээ талаар уншигчдад сонирхуулахгүй юу?

Б. Ариунзаяа:  Би бас ярих юмсан гэж их бодож байлаа, баярлалаа. Миний хайртай тэмцээнүүдийн нэг л дээ.  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн нийт ахлах ангийн сурагчдын дунд уг тэмцээнээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Би өмнө жил оролцон тэргүүн байрын шагналыг хүртсэн. Миний төсөл “Аргалан шахмал түлш” байсан. Төслийнхөө гол санааг аав эмээ өвөөтэйгөө зөвлөлдөж байгаад олсон. Энэ тэмцээний хамгийн сүүлийн шат нь илтгэл хэлэлцүүлэх байсан. Тэгэхээр яах аргагүй надад нөгөө илтгэл хэлэлцүүлэх чадвар маань хэрэг болж байгаа юм. Би уг тэмцээнээс хойш хийх ёстойгоо хийгээд хөлөө олчихсон хүмүүс залуучуудаа дэмжиж байхад залуучууд яагаад нэгнээ дэмжиж болохгүй билээ гэж их бодох болсон. Энэ тэмцээнээр их зүйлийг ойлгож мэдэж авсан. Ер нь ихэнх залуучууд нийгмийн ухааны чиглэлээр явах гээд байдаг хандлагатай байдаг. Ирээдүйд бүгд л өрх гэр толгойлж айлын аав ээж нар болох учраас бизнес сэтгэлгээтэй болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

YOLOБ. Ариунзаяа маань энэ жил шинэ оюутан болсон. Сурагчдын илтгэх урлаг мэтгэлцээний тэмцээн, оюутны тэмцээн хоёрт ямар ялгаа байна вэ?

Б. Ариунзаяа: Сурагч байхдаа сургуулийнхаа илтгэлийн тэмцээнд д оролцож байснаас биш өөр том тэмцээнд оролцож байгаагүй. Энэ жил оюутны болоод оролцсон хамгийн эхний тэмцээн маань Berkeley клубийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Хэдий би байр эзэлж чадаагүй ч надад маш их зүйлийг ухаарсан. Багш нар “Багш бол чиглүүлэх үүрэгтэй. Оюутан өөрөө сурах л ёстой” гэж хэлдэг. Энэ жил тэмцээнүүдэд оролцохдоо оюутан хүн өөрөө бие дааж судлах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан.

YOLOМиний хувьд илтгэх урлаг мэтгэлцээнийг арга билэг хоёр гэж боддог.  Гэвч зарим хүүхдүүд “Илтгэл хэцүү, мэтгэлцээн амарханМэтгэлцээн хэцүү, илтгэл амархан гэж их ярьдаг юм билээ. Энэ талаар та хоёрын хувьд ямар бодолтой байдаг вэ?

Б. Ариунзаяа: Би сурагч байхдаа уран илтгэл гэхээсээ илүү мэтгэлцээний тэмцээнүүдэд их оролцдог байсан. Манай багийн нэрийг “Debabdabal” гэдэг байлаа. Багийн хамтрагч Б. Дуулга найзаасаа би их зүйлийг суралцсан. Ерөнхийдөө миний бодлоор илтгэл мэтгэлцээн хоёрыг хослуулбал их үр өгөөжөө өгнө байх. Илтгэж чаддаг хүн мэтгэлцэж чадна. Мэтгэлцэж чадаж байгаа хүн илтгэж чадна гэж би боддог. Зарим мэтгэлцдэг хүмүүс үргэлж баталгаа нотолгоо няцаалттай ярьдаг учраас илтгэл гэхээр хүмүүсийг уярааж догдлуулах ёстой гээд айчихдаг юм шиг. Яахав хүмүүсийн илтгэж байгаа арга өөр л дөө. Зарим нь зүрх рүү чиглэж, зарим нь тархи руу чиглэж ярина. Мэтгэлцээний туршид л илтгэж байгаа тиймээс мэтгэлцэж чадаж байгаа л бол илтгэж чадна.

М. Мөнхзаяа: Би “Анир” багийн нэгдүгээр гишүүнээр мэтгэлцдэг. Миний хувьд илтгэх урлаг, мэтгэлцээн хоёулаа эн тэнцүү, хоёулаа сонирхолтой. Заримдаа мэтгэлцээний шүүгчдийнхээ шүүмжийг сонсоод байхад зарим илтгэгчдийг “Арай дэндүү уран илтгэл чиглэл рүү орчихлоо” гэж байдаг. Тийм болохоор хоёуланг нь хослуулаад тэнцвэртэй авч явах ёстой гэж боддог.

YOLOУншихаа боливол сэтгэхээ болино гэдэг. Та хоёр ч сая их унших хэрэгтэй гэж хэллээ. Та хоёрыг хамгийн их өөрчилсөн хамгийн их мэдлэг өгсөн ямар ном байдаг вэ?

М. Мөнхзаяа: Би уран зохиолын ном ихэвчлэн уншдаг. Бас би подкаст сонсдог. Жишээлбэл “Unlock” подкастын “21-р зуунд зайлшгүй сурах ёстой дадал чадварууд” подкастыг сонсоод мэтгэлцээндээ ашиглах маш гайхалтай олон санаа авч байсан. Мөн “Жек Магийн бүтээсэн Алибаба” номыг уншаад их зүйлийг ойлгож авсан. Уран зохиолын номноос хамгийн дуртай ном гэвэл Л. Өлзийтөгсийн номнуудад их дуртай. Яг миний мэдэрч байгаа зүйлийг биччихсэн юм шиг санагддаг.

Б. Ариунзаяа: Би дунд ангидаа түүхийн олимпиадад их оролцдог мөн аав маань түүх судлах дуртай байсан учраас гэрт номын тавиур дээр түүхийн ном их байдаг. Түүхийн ном их уншдаг байсан болохоор тэр нь мэдлэгийг их тэлсэн гэж боддог. Хичээлийн номоо уншиж, хичээлээ хийхийн хажуугаар заавал уран зохиолын ном уншихыг хичээдэг. Надад хамгийн их мэдлэг өгсөн ном гэвэл дунд ангид байхдаа уншсан С.Нарангэрэл хуульчийн Чингис хаан, түүний ёс суртахууны тухай ном байдаг. Тэр номыг уншаад би 13-р зууны үеийн эзэнт гүрний хүч чадал, Чингис хааны байлдан дагуулал ёс суртахуундаа л байсан юм байна шүү дээ гэдгийг ойлгосон. Тэр ном надад академик мэдлэгээс гадна гол нь ёс суртахууны талаар асар их мэдлэг өгсөн гэж боддог. Уран зохиолын номын хувьд Д.Норовын “Тэжээвэр” тууж маш таалагддаг. Мөн Японы зохиолч Кан Хан /сүүлд Норвегийн ойд очиж өөрийнхөө номыг булшилсан гэж их яригдаж байсан/-ы бүтээлүүд тогтсон хэв маягийг эвдмээр санагдаад цаанаасаа хүсэл нь булгилаад байдаг юм шиг санагддаг.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаад үг хэлэхгүй юу.

Б. Ариунзаяа: Юуны өмнө Yolo.mn сайтдаа мөн оюутан сэтгүүлч Б.Намуундаа маш их баярлалаа. Бид хоёрт ийм их боломжийг олгосонд баярлалаа. Уншигчдадаа хандаад хэлэхэд, хүн болгон уран илтгэл, мэтгэлцээнээр хичээллэх боломжтой. Хүн бүр өөрөө өөртөө уран илтгэгч бас мэтгэлцэгч байдаг. Хүн дандаа өөрөө өөртэйгөө зөрчилдөж байдаг шүү дээ. Заримдаа өөртөө урам өгөхийн тулд уран илтгэгч ч болдог. Тиймээс дотроо байгаа тэр бодлоо нээн гаргаж байгаа болохоос биш тийм айхавтар өөр хол зүйл биш. Тэгээд үр нь ямар байна. Үр дүн нь тийм байна. Хүн өөрөө хичээж зүтгэн, хөдөлмөрлөвөл эерэг үр дүн бий болох болно оо.

М. Мөнхзаяа: Миний хувьд хүнийг амжилтанд хүрэхэд хүрээлэл их нөлөөлдөг юм шиг санагддаг. Хүн сайн баг бүрдүүлж, мундаг хүмүүсээр хүрээлүүлбэл хүссэн хүсээгүй хамтдаа хөгждөг. Мөн цагийн менежмент сайтай байх хэрэгтэй. Хүн болгон өөрийнхөө хүссэн зүйлийг хийхэд чухал нөлөөлдөг зүйл нь чөлөөтэй сэтгэж, хэнд ч баригдалгүйгээр чөлөөтэй хийх нь чухал.  Анх Yolo.mn сайтаас Н.Булгантамир ах болон клубийнхээ ах эгч нарын илтгэлийг уншаад нэг өдөр бас ингээд ярилцлага өгөх юмсан гэж их боддог байлаа. Эцэст нь хэлэхэд Yolo.mn сайтын Б.Намуундаа бид хоёрыг урьж ярилцлагадаа оруулсанд баярлалаа.

#Илтгэх_Урлаг #Мэтгэлцээн