ХЭРВЭЭ хуванцар материал зохион бүтээгдээгүй байсан бол...


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-03-19

Бидний амьдарч буй цэнхэр дэлхийг хамгийн их бохирдуулагч хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй пластик буюу хуванцар эд зүйлс билээ. Хэрвээ энэхүү материал хэзээ ч зохион бүтээгдээгүй байсан бол өнөөдрийн бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол? Одоогийн нөхцөл байдал дээрдэх байсан болов уу, аль эсвэл илүү хүнд нөхцөл байдалтай нүүр тулгарах байсан болов уу? Энэхүү асуултын хариултыг "ХЭРВЭЭ" цувралын энэ удаагийн нийтлэлээр хүлээн аваарай. 

1907 онд анх АНУ-ын Нью Йорк хотын Leo Baekeland хэмээх эрдэмтэн хуванцар материалыг зохион бүтээснээс хойш өдгөө 113 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хуванцар хог хаягдал маш их хэмжээгээр үүсч, далай тэнгисээр нэг тархаж, олон зуун мянган далайн амьтдад хор хөнөөлөө учруулаад байгаа билээ. Хуванцар материал байгальд шингэхийн тулд 1000 жил шаардлагатай гэсэн судалгаа бий. 

ХҮН ТӨРӨЛХТӨН 6.3 ТОНН ХУВАНЦАР ҮЙЛДВЭРЛЭСЭН

Гялгар уутыг гэхэд л байгалийн хий болон газрын тосноос гаргаж авдаг байна. Та гялгар уутыг хэрэглэж дуусаад урж эсвэл базаж хаясан ч тэр талх шиг хөгцрөөд байгалийн бордоо болохгүй. Хүн төрөлхтөн 1950 оноос хойш нийтдээ 6.3 гаруй тонн хуванцар гарган авснаас 9 хувийг нь дахин боловсруулж, 12 хувийг нь шатааж чадсан байдаг. Харин үлдсэн 4.9 тонн хуванцар нь хог хаягдал болон байгалийг бохирдуулсаар байна. Хэрвээ энэ их хог хаягдлыг овоолбол Эверест уулнаас ч өндөр болох тул далайд хаядаг аж. Гэвч үүний үр дүнд далайн амьтад хуванцраар хооллохоос эхлээд амь насанд нь хор хөнөөл учруулах хүртэлх эрсдэлүүдийг дагуулдаг.

ХУВАНЦАР БИДНИЙ АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Бидний өдөр тутмын хэрэглээ хуванцартай салшгүй холбогдсон нь эмгэнэлтэй. Бидний эргэн тойронд хуванцар бүтээгдэхүүн байнга л байж байдаг. Кока коланы лаазыг ч нийлэг давирхайнаас гаргаж авдаг. Хэрэв уг лаазыг бүтээхэд давирхай ороогүй бол кола ундаа гурав хоногийн дотор л лаазыг зэврүүлж орхино. Би хуванцраас татгалзан цаасан аяга хэрэглэдэг. Гэвч үүнд ч мөн хуванцар материал бага хэмжээгээр орсон байдаг гэнэ. Бидний өдөр тутамдаа үйлчлүүлдэг дэлгүүрийн бараануудаас эхлээд өдөр тутмын ихэнх хэрэглээтэй хуванцар материал салшгүй холбоотой. 

Гэвч хуванцар материалыг сайшааж болох ганц давуу тал нь хоол хүнсийг муутгахгүйгээр хадгалах чадвар юм. Улирлын чанартай ургадаг жимс, ногоо болон бусад богино хугацаанд мууддаг хоол хүнсийг цаасан уутнаас илүү пластик материалтай уутанд хийснээр илүү удаан хугацааны турш хадгалах боломжтой байдаг байна. 

1910 ОНООС ХУВАНЦРЫГ ЭРЧИМТЭЙ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛСЭН

Сүүлийн 100 жилийн хугацаанд хуванцар материалыг байж болох бүхий л хувилбараар ашигласан нь одоо бидний эргэн тойронд байгаа зүйлүүдээс хуванцар ороогүй зүйл гэж бараг байхгүй болоход хүргэсэн байна. Хамгийн анх 1910 оноос эхлэн хуванцрыг электрон хэрэгсэлд ашиглах болсон нь цахилгааныг тусгаарлаад ч зогсохгүй хямд төсвөөр бүтээхэд тусалдаг аж. Уг материалыг яг ямар ямар бүтээгдэхүүнд ашигладаг гэдгийг дурдвал өнөөдөр дуусахгүй биз.

Хэрвээ бид хуванцрыг зөв зохистой байдлаар ашиглаж чадвал байгальд эерэг нөлөө үзүүлж чадна. Ядахад л 1 удаагийн аяга, соруул гэх мэт шаардлагагүй зүйлсийг хэрэглэхгүй байснаар хуванцар хаягдлын хэмжээг багасгаж болно. Улмаар далайд амьдардаг 700 төрөл зүйлийн амьтад эрүүл аюулгүй байдлаар амьдрах боломжтой.

Тайландад гялгар уут хэрэглэхийн хорьсон тул...

Зарим үетэй харьцуулахад сүүлийн жилүүдэд дэлхий даяараа хуванцар хог хаягдлын эсрэг эрчимтэй тэмцэж байна. Нэг удаагийн халбага, сэрээ, соруул ашигладаг түргэн хоолны газруудаас эхлээд нэг удаагийн аяга ашигладаг кофешопууд ч энэ тал дээр дорвитой алхмуудыг хийсээр байгаа билээ. Мөн Хонг Конг, Энэтхэг, Тайван, Бангладеш зэрэг маш олон улс орнууд 1 удаагийн гялгар уутны хэрэглээг хорьсон байна. Та бүхэнд нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгахад хуванцрыг хаягдалтай тэмцэх нэг арга нь дэнгийн эрвээхийн авгалдай гэнэ. Учир нь 6000 дэнгийн эрвээхийн авгалдай 1 цагийн дотор 1 бүтэн гялгар уутыг устгаж чаддаг байна. 

Та бүхэн "Ганц хүн гялгар уут, нэг удаагийн халбага сэрээ ашиглахгүй байлаа гээд ямар ялгаа гарах юм?" гэж бодон энэ асуудлыг тоохгүй өнгөрч хэрхэвч болохгүй шүү. Харин гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхондоо нөлөөлж ядахдаа л шаардлагагүй хуванцрын хэрэглээнээс татгалзаарай. 

Эх сурвалж: What If, Wikipedia

#What If #Хэрвээ #Хуванцар