2024 оныг тодорхойлох найман бүтээгдэхүүн


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2024-01-09

Удаан хүлээлгэсний эцэст хэрэглэгчийн зах зээлд чиглэсэн технологийн бүтээгдэхүүнүүдийн “өндөр жил” энэ онд тохиохоор байна.

“Apple” сүүлийн жилүүдэд байгаагүй олон шинэ бүтээгдэхүүн танилцуулах бол тус компанийн хуучин ажилтнуудын байгуулсан нэгэн стартап ухаалаг гар утсыг орлох амбиц бүхий зүүж хэрэглэдэг хиймэл оюунт төхөөрөмжөө борлуулж эхлэх юм. Хэд хэдэн консолын шинэ хувилбар видео тоглоомчдын гарт очиж магадгүй байна. Мөн Засгийн газрын “Хар жагсаалт”-д тултлаа ширүүссэн АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөний үр дүнд зарим онцгой технологи мэндлэхийг үгүйсгэх аргагүй.

“Apple Vision Pro”

Дэлхийг өөрчилнө гэж гарч ирсэн бүхий л AR, VR төхөөрөмжүүд бүтэлгүйтээд буй ч энэ оны эхний хагаст танилцуулагдах “Apple”-ийн шинэ төхөөрөмжийн хүлээлт асар өндөр байна. Хэдий тийм боловч 3500 ам.долларын үнэ, мөн нийлүүлэлтээ яаравчлахгүй байх “Apple”-ийн тактик нь тус төхөөрөмж салбартаа хувьсгал хийх магадлалыг бууруулж байгаа юм. Ямартай ч “Vision Pro” АНУ-д ирэх хоёрдугаар сарын хоёрны өдөр худалдаанд гарна хэмээн “Apple” мэдэгдээд байна.

Дараагийн “GPT”

 

“iPhone”-ийн анхны жилүүдэд шинэ загвар бүр нь технологийн шинэ эринийг эхлүүлж буй мэт байдаг байв. Тэгвэл өдгөө “OpenAI” компанийн “ChatGPT”-ийн хиймэл оюуны загварууд яг тийм сэтгэгдэл төрүүлж байна. Энэ онд тус компани бүтээгдэхүүндээ томоохон шинэчлэл хийж магадгүй ч одоогоор баталгаажсан мэдээлэл алга байна.

Шинэ "Nintendo Switch"

Хэдийгээр “Nintendo”-ийн зүгээс тоглоомын консолын төлөвлөгөөнийхөө талаар юу ч дурдаагүй ч энэ оны өвлийн амралтын үеэр “Switch”-ийн шинэ загвар гарах бүх нөхцөл  бүрэлджээ. Харин шинэ загвартай холбоотой хоёр асуулт хариултгүй хэвээр байна. Анхны хувилбарынхаа өвөрмөц дизайныг хадгалах уу? Бас одоогийн тоглоомууд нь таарах уу?

"Tesla"-ийн "Cybertruck"

 

Анхны нийлүүлэлтүүд нь цөөн тоогоор хийгдэж эхлээд буй ч “Tesla”-ийн шинэ автомашины хувьд 2024 он бол “амьдрах уу, арчигдах уу” гэдгийг шийдэх жил байх юм.

"Qi2" утасгүй цэнэглэгч

 

Зарим ухаалаг гар утаснууд аль хэдийн утасгүй цэнэглэгч дэмждэг болоод буй ч саяхан танилцуулагдсан, илүү хурдан бөгөөд аюулгүй “Qi2” технологи нь удахгүй бүх гар утасны нэгдсэн стандарт болж, хэрэглэгчдийг орооцолдсон залгууруудаас салгах тэмцэлд эцсийн цэг тавих төлөвтэй.

Дискгүй "Xbox"

 

“Sony”-ийн “PlayStation” 2023 онд зөвхөн татаж авсан тоглоом дэмждэг консол гаргасан бол энэ онд тэдний алхмыг “Microsoft” мөн дагахаар төлөвлөж буй нь компанийн баримт бичгээс ил болжээ.

"Humane"-ийн "AI Pin"

 

Үнэ нь 700 ам.доллароос эхлэх, энгэртээ зүүж хэрэглэдэг тус төхөөрөмж таны гарын алган дээр мэдээлэл цацан (проектор мэт) харуулахаас гадна дохио зангаа, дуу хоолойгоор удирдагдана. “AI Pin” үнэхээр ухаалаг гар утсыг орлож чадах эсэх нь энэ оны эхээр нийлүүлэлт нь эхлэх үед мэдэгдэнэ.

"Huawei"-ийн дараагийн гар утас

“Huawei Technologies” компани наймдугаар сард БНХАУ-д бүтээгдсэн чип бүхий ухаалаг гар утсаа танилцуулж, тус улсын технологийн ололт амжилтыг батлан харуулсан нь АНУ-ын эрх баригчдыг “шок”-д оруулж байв. Хэрэв “Huawei Technologies”-ийн шинэ загварын гар утаснууд энэ эрчээрээ АНУ-ын бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцсэн хэвээр байвал геополитикийн хувьд энэ оны хамгийн өндөр ач холбогдолтой технологи болох нь дамжиггүй.

#нийтлэл