ЭЕШ, их, дээд сургуулийн элсэлтийг 06 сарын 15-н гэхэд дуусгасан байна


Цэцээ | YOLO.MN
2020-02-19

-Сурагчдын зуны амралт, ЭЕШ, их дээд сургуулийн элсэлтийн хугацаанд өөрчлөлт орохгүй-

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 29-нийг дуустал сунгасантай холбоотойгоор сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалт болон их дээд сургуулийн элсэлтийн хугацааг хойшлуулахгүй буюу өөрчлөлт орохгүй гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Тэрбээр “Хичээл, сургалтын эхлэх хугацааг дөрвөн долоо хоногоор сунгахаар болсон. Ямар ч байсан хичээл тарах хугацаа, ЭЕШ, конкурс, их дээд сургуулийн элсэлтийг зохион байгуулах хугацааг хойшлуулахгүй гэж үзэж байна. Энэ дөрвөн долоо хоногийн хугацааг III улирлын амралтын нэг долоо хоногийг амраахгүй. Дөрөв, тавдугаар сард амралтгүйн дээр бүх бямба гарагт нь хичээллэнэ.

Анги дэвших болон төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлэн нөхөх боломжтой гэж үзэж байна. Үлдсэн хоёр долоо хоногийн хугацаанд теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулна. Цагаан сарын долоо хоногт иргэний ёс зүйн боловсрол, Монгол ёс, хүмүүжлийн хичээлийг өдөр бүр телевизээр гаргана.

  • Цэцэрлэг болон ЕБС-ийн I-V ангийн сурагчид 6 сарын 1-нээс
  • VI-XII ангийн сурагчид 6 сарын 8-наас амарна.

Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-11-ний өдөр зохион байгуулна. Их, дээд сургуулийн элсэлтийг зургадугаар сарын 15-н гэхэд дуусгасан байна гэж төлөвлөж байна. Их, дээд сургуулийн бүх курсуудыг зургадугаар сарын эхээр дуусгахаар төлөвлөсөн” гэлээ.

Ингэснээр IV, V сарын бүх бямба гарагуудад сурагчид хичээллэхээр болоод байна.

#амралт