Залуус "Монгол бахархлын өдөр"-ийн тухай ингэж боддог


Б.Марал | YOLO.MN
2022-11-24

Өнөөдөр Монгол Бахархлын өдөр тохиож байна. Энэ өдөр манай улс Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан орон даяараа  бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Yolo.mn залуус энэ өдрийн тухай юу бодож, юугаараа бахархаж явдагийг асууж ярилцлаа.

Д.Ганхүрэл, 27 настай, МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш

Монгол бахархлын өдрийн онцлогийн хувьд билгийн тооллоор тоологддог учир жил бүхэн өөр өөр өдөр тохиодог. Энэ өдрийг бүх нийтийн баяр, амралтын өдөр болгож байгаа нь гол ач холбогдлын нэг хэсэг нь. Монголчуудад, яалангуяа хүүхэд ,залуучуудад илүү өргөн хүрээнд ач холбогдолтой. Магадгүй энэ өдрийг тохиолдуулан хүүхдүүд ээж ааваасаа “Яагаад энэ өдөр амарч байгаа юм бэ?” зэргээр асууна. Тэр үед нь Чингис хааны тухай, хэрхэн Хамаг Монголыг нэгтгэн улсаа байгуулсан зэрэг түүхийн бахархалт хуудсын тухай эргүүлэн хүүхдүүддээ ярьж өгөх нь хамгийн чухал.

Өнөө үеийн бид Чингис хааны үеийн Монгол шиг хүчирхэг байна уу гэвэл мэдээж үгүй. Дэлхийд700,800 жилийн өмнө мундаг байсан шүү гэж хэлбэр талдаа харуулах гэхээсээ илүүтэй яг дотроо алдаа, оноогоо хамтад нь дэнслэх нь маш чухал. Түүх бол өнгөрсний сургамж. Тэгвэл бид түүхэндээ юун дээр нь, яг ямар асуудал дээр нь өнгөцхөн хандаж алдсанаа ойлгож хойч үедээ ч тэр ухаарлыг ямар нэгэн хэлбэрээр дамжуулан ойлгуулах ньбидний үүрэг. 
Манай эрдэмтэн судлаач, багш нар хэлдэг зүйлсийн нэг бол өнгөрсөнд  бидний ёс суртахуунд нэгнээ гэх хүнлэг зан чанар илүүтэй байсан бол одоо үед хэт нэг хэсэг нь амин хувиа хичээж өөрийн эрх ашгийн улсын эрх ашгаас дээгүүр тавин үзэх болсон алдаа байна.

Ц.Цэлмүүн, 20 настай, оюутан

Заавал бүх нийтээр амарч байж баярладаг гэх ойлголт байхгүй. Ажлаа хийж байхдаа ч уг бахархалт өдрийг бүх нийтээрээ хүндэтгэн баярлаж бас болох байх гэж хувьдаа боддог.

Би “Young Ulaanbaatar” буюу энэ улсынхаа ирээдүй хойч үе нь болсон бяцхан дүү нар болон  миний үеийн хөдөлмөрч, хичээнгүй залуусаараа хамгийн их бахархдаг. Өмнөх үеийн түүхийн ач холбогдол бидэнд их ч ирээдүйд түүхээ бичилцэх залуус нь хамгийн их чухал.

Үеэс үед дамжин уламжлагдан ирсэн Монгол Ахуйгаа бид мартаж эхлэх аюул заналхийлэл тун ойрхон байгаа мэт санагдаж байна. Жишээ нь: Хөдөө өсөж торниогүй л бол Монгол гэр, уламжлалт мал аж ахуй зэрэг чухал ав соёлоо залуус тэр бүр сайн тухайлан мэдэхгүй байгаад би хувьдаа эмзэглэж явдаг.

Б.Одцолмон болон түүний найз А.Алтанзул, 3 дугаар түвшний оюутан

Энэ өдөр бол бидний өнөөгийн Монгол улсыг байгуулсан Их эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиож байна. Мэдээж тодорхой хэмжээнд ач холбогдол өгч байгаа.Учир нь бидний мандаж явсан агуу түүх энэ хүнтэй яахын аргагүй салшгүй холбоотой.

Түүхийн хичээлд сууж байхад бидний үеийн ихэнх залуус төдийлөн сонирхохгүй,залхсан уйдсан өнгө аяс заримаас нь харагддаг. Гэвч бид түүх соёлдоо хүндэтгэлтэй хандах ёстой шинэ үеийнхэн.

Цэцэрлэгийн сурагч дүү нараас авхуулаад их сургуулийн оюутан хүртэл уг өдрийг тохиолдуулан бид түүхээ илүү санаж, улам гүнзгий мэдэхийн тулд ямарваа нэгэн байдлаар нөлөөллийн ач холбогдол бүхий тэмцээн, уралдааныг өргөн хүрээг хамарсан байдлаар зохион байгуулаасай хэмээн хүсэж байна.

С.Гантуяа, 19 настай, оюутан

Өнөөдрийг бүх нийтээр амрах,баярын өдөр болгон хуулиараа хуульчилсан нь өөрөө ач холбогдлын нэгэн илрэл. Учир  нь 1206 онд хамаг Монголыг нэгтгээд одоогийн бидний амьдарч буй улсын суурийг тавьсан гэж үздэг бөгөөд яг энэ өдрийг гэр бүлээрээ хамтдаа эх түүхээрээ бахархаж өнгөрөөгөөсэй гэж хүссэн байх.

Магадгүй бидний хамгийн сайн мэддэг, бүгд дуу нэг хариулах түүх ардын хувьсгалын үеэс буюу Манжийн дарлалаас гарсан түүхийн хэсгийг л илүү санаад байдаг санагдсан. Санах нь ч зөв. Гэхдээ бид дундад зуунд хэрхэн аж төрсөн, Юань гүрэн яаж байгуулагдсан зэрэг ерөнхий дүгнэлтээ илүү нарийвчлан харах чухал үе ирээд байна. Хубилай хааны тухай  зөвхөн Өвөр Монголчуудын хийсэн киногоор дүгнээд үлдэж болохгүй.

О.Ундрам, 21 настай, оюутан

ЕБС-д түүхийн хичээлийг дутуу судалдаг юм шиг санагддаг. Олимпиадад оролцдог  хүүхдүүдээс бусдаар хөтөлбөрийн дагуу хичээлээ судалж буй сурагчид алтан ургийн хаадын дарааллыг ч мэддэггүй шүү дээ. Тэгэхээр бид түүхийн мэдэх ёстой хэсгээ бүрэн мэдэж байж цаашид бүтнээр нь дамжуулан өгнө. Үүний хүрээнд оюутан залуус өөрсдийн сайн дураар тэмцээн уралдаан зохион байгуулж,тэднийг идэвхжүүлэх үйл ажиллагаа нэн хэрэгтэй. Жишээ нь: Хятад улс оюун санааны хүрээнд Күнзийн сургаалд нэгдэн зангиддаг. Тэгвэл биднийг нэгтгэх сургаал Их Монголын үеийн түүхэн чухал хэсэг билээ.
Залуус бид оюун санаагаараа зангигдан нэгтгэгдэж байх нь хамгаас чухал. Иймийн тулд түүхийг уншиж,судлах зайлшгүй хэрэгтэй.

А.Үйлстөгөлдөр, 20 настай, оюутан

Дэлхийг байлдан дагуулж явсан эзэн Чингис хааны төрсөн өдөр билгийн тооллоор өнөөдөр тохиож буй.Иймд мэдээж баярлаад,бахархаж өнгөрүүлэх нь бидний хувьд зүйн хэрэг. Гэхдээ заавал амарч байж л бахархдаг зүйл огтоос үгүй. Магадгүй Монгол гэвэл мэдэхгүй байх улс их. Чингис хаан гэвэл мэдэх нь илүүтэй.
Энэ баярын бахархалт өдөр амраад, баярлаад өнгөрүүлж байгаа нь зөв боловч зарим талаар манайд амралт нь ихэдсэн баярын өдрүүд олон байдаг нь тиймхэн санагддаг. Би Монгол эх орныхоо түүхээр бахархдаг,өөр бахархал төрүүлэх зүйлийг бид одоохондоо бүтээж арай чадаагүй байна.

Ц.Анудалай, оюутан

Бид юмыг ухаж ойлголгүй зүгээр л амралт гэх үгийг түрүүнд нь тавьж бодоод байх шиг байна. Иймд хууль зүйн ач холбогдол хийгээд түүхийн сургамжийн тухай гүн гүнзгий ойлгох хэрэгтэй.

Би эх орныхоо бүхий л зүйлээр нь бахархдаг. Гэвч урам хугармаар асуудалтай тал зөндөө л байгаа.Тэр болгонд бид залуусын оролцоотой тухайн асуудлыг бүгд эзэмшиж буй мэргэжлийн хүрээндээ,салбартаа засаж залруулах нь чухал.Энэ өдөр яг ямар үйл явдал болсон тухай түүхийн холбогдох эх сурвалжаас нь мэдэх нь зүйтэй гэж бодож байна. 

Залуус энэ өдрийн тухай, эх орныхоо үнэ цэн, ирээдүйг ийн харж байна. Харин та юугаараа бахархдаг вэ?

#Баярын өдөр