Бидний эрч хүчийг үгүй хийдэг 8 зуршил


М. Намуунгүнж | YOLO.MN
2021-02-04

Бид өглөө бүрийг дүүрэн энергитэй эхлүүлдэг ч заримдаа өдрийн талд ороход ямар ч эрч хүчгүй болдог шүү дээ. Хүний эрч хүч хязгаартай учраас түүнийгээ зөв зүйлд зарцуулах хэрэгтэй.

Тэгвэл та бүхэнд энергийг үгүй хийдэг найман зуршлыг танилцуулж байна.

1. АЛИВААГ СӨРӨГ ТАЛААС НЬ ХАРАХ

Конкордиа их сургуулийн эрдэмтдийн судалснаар эерэг сэтгэлгээтэй хүмүүсийн дархлааны системийн үйл ажиллагаа гутранги үзэлтэй хүмүүсийнхтэй харьцуулахад сайн байжээ. Сөрөг зүйлсийн талаар бодох үед хүний биед кортизол хэмээх стрессийн даавар ихээр ялгардаг. Кортизолыг тогтмол, удаан хугацаанд ялгаруулснаар дархлаа сулардаг юм байна.

2. ЮМСЫГ ХЭТРҮҮЛЭН БОДОХ

Шалгалтаа өгсний дараа байж болох бүхий л үр дүнг таамаглан бодож нойргүйдэх үе байдаг уу? Нэгэнт өнгөрсөн зүйлийг ахин дахин эргэцүүлэх нь биднийг биеийн хүчний ажил хийсэнтэй тэнцэх хэмжээнд ядраадаг байна.

3. НЭГЭНТ ӨНГӨРСӨН ЗҮЙЛД ХАРАМСАХ

Өмнө хийж байсан үйлдлүүддээ харамсах, “тэгчихдэг байж дээ” гэх мэтээр бодох нь мөн таныг аз жаргалгүй болгодог. Бидний засаж сайжруулж чадах зүйл бол зөвхөн “одоо цаг” шүү дээ.

4. СӨРӨГ ХҮМҮҮСТЭЙ ХАМТ БАЙХ

Хамт байх бүхий л хугацаандаа зөвхөн өөрийнхөө тухай ярьж, өөрийгөө магтаж, таагүй мэдрэмж төрүүлдэг хүн таны эргэн тойронд бий юу? Авах, өгөх нь тэнцүү нөхөрлөлийг л эрүүл, зөв нөхөрлөл хэмээн тодорхойлно. Тиймээс өөрийн үнэт энергиэ энэ төрлийн хүмүүсээс болж алдахгүйн тулд зайгаа барих нь хамгийн зөв сонголт. 

5. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГ ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭХ

Мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, бусадтай холбоо тогтоох тал дээр олон нийтийн сүлжээ маш сайн туслагч. Харин эсрэгээрээ олон нийтийн сүлжээнд цагийг өнгөрөөснөөр өөрийгөө бусадтай харьцуулж, сэтгэлээр унаж байвал үүнийг зөв зохистой хэмжээгээр хэрэглэх тал дээр анхаарлаа хандуулах цаг нь болжээ гэсэн үг. 

6. БУРУУ ХООЛЛОХ

Түргэн хоол идсэний дараа бие тань ядарч, сулбайж байгааг анзаарсан уу? Харвардын Эрүүл мэндийн сургуулиас хийсэн судалгаагаар боловсруулсан сахар ихтэй хүнс хэрэглэх нь бие дэх инсулины хэмжээг тогтворгүй болгож стрессийн хэмжээг ихэсгэдэг байна.

7. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХГҮЙ БАЙХ

Жоржиагийн их сургуулиас гаргасан судалгаагаар дасгал тогтмол хийдэг хүн дасгал огт хийдэггүй хүнээс илүү их эрч хүчтэй ба өвчин тусах магадлал багатай байдаг гэжээ. Тиймээс долоо хоногт дунджаар гурван өдөр дасгал хийж хэвшээрэй. 

8. ХЭТ ИХ ЭСВЭЛ ХЭТ БАГА УНТАХ

Өдөрт дунджаар 4-5 цаг унтдаг хүмүүсийн дархлаа өдөрт 8 цаг унтдаг хүмүүсийнхтэй харьцуулахад хамаагүй сул байдаг ба уурлаж бухимдах нь их байна. Харин эсрэгээрээ хэт олон цагаар унтдаг хүмүүс өдрийн туршид унтаа, идэвхгүй байдалтай байдаг билээ. 

5-12 насны хүүхдүүд өдөрт 10-11 цаг, 12-18 насны хүүхдүүд 8-10 цаг унтах шаардлагатай байдаг бол насанд хүрэгчид 7-9 цаг унтаж амрах шаардлагатай байдаг юм байна.

Эдгээр зуршлуудын аль нэг нь танд байдаг бол ном унших, дасгал хөдөлгөөн хийх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг зөв зохистой үйлдлүүдийг зуршил болгоорой.

Эх сурвалж: Psych2go

#Эрүүл мэнд #Сэтгэлзүй #Зөв дадал