Г. Батмэнд: Монгол бичгээ цахим ертөнцөд "босоо" хэлбэрээр хадгалахыг хүсэж байна


О.Дорж | YOLO.MN
2019-10-27

Ирээдүйд зураг, нийтлэлийнхээ тайлбарыг Монгол бичгээр бичсэн нийтлэлээр дүүрэн Фэйсбүүкийн ертөнцөөр аялна гэж төсөөлж эсвэл мөрөөдөж байв уу? Тэгвэл Yolo.mn сайт энэ удаагийн ярилцлагын зочноор таны энэхүү мөрөөдлийг бодит болгоход үнэтэй хувь нэмэр оруулах залуу Г. Батмэндийг урьж оролцууллаа. Тэрээр "Гэгээ" хэрэглүүрийг зохион бүтээсэн бөгөөд одоогоор 104-р сургуулийн 12-р ангид суралцаж байна. Ингээд бидний хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу. 


YOLOБидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ярилцлагаа таны бүтээсэн цахим хэрэглүүрээр эхэлье гэж бодлоо. Энэхүү хэрэглүүрийн талаар Yolo.mn сайтын уншигчдад маань ерөнхий ойлголт өгөөч. 

Би анх Монгол бичгээр Фейсбүүкд "story" буюу түүх хийх гэж оролдож байхдаа энэхүү санаагаа олж байсан. Тухайн үед оролдож үзэхэд нэгдүгээрт Монгол бичгийг танихгүй, хоёрдугаарт таньсан ч гэсэн хөндлөнгөөр гарч ирж байсан нь асуудалтай санагдсан учир үүнд зориулсан "app" буюу хэрэглүүр бүтээх шаардлагатай юм байна гэж бодсон. Анх оролдож үзэхдээ "ноорог"-лоод орхиж байсан ч одоо бол "Гэгээ" хэрэглүүрээ хөгжүүлээд явж байна даа. Энэхүү ярилцлагыг уншиж байгаа залуус маань яг одоо "Гэгээ" хэрэглүүр рүү ороод үзээрэй. Тус хэрэглүүр рүү орж үзэх болгонд таныг өөр өөр урмын үг угтах болно. 

 

YOLO"Гэгээ" хэрэглүүр ямар зарчмаар ажилладаг вэ? 

Энэхүү хэрэглүүрийн гол функц нь бичвэрийг зураг руу хөрвүүлэх. Монголчуудын хувьд Монгол бичгийн "босоо" хэв маяг нэн чухал байдаг шүү дээ. Харин цахим хэрэглээнд Монгол бичгийг хөндлөн хэлбэрээр буулгадаг нь таалагддаггүй. Бид дэлхий дахинд босоо хэв маягаараа алдаршсан. Үүгээрээ ч бахархаж явдаг. Харин техник технологийн, цахим хэрэглээний эрин үед энэхүү онцлог маань устах вий гэсэн айдас төрсөн учир ямар ч аргаар хамаагүй энэхүү бичгийг босоо хэвээр нь хадгалж үлдэх талаар бодож эхэлсэн. Улмаар Монгол бичгийг зурган байдлаар харуулах санаа төрсөн. Тийм учир та энэхүү хэрэглүүрт бичгэн текст оруулахад хэрэглүүр маань Монгол бичгийн босоо хэв маягийг хадгалан зурган хэлбэр рүү текстийг тань хөрвүүлж өгнө гэсэн үг. 

 


YOLOТа Монгол бичгийн хэрэглүүр зохион бүтээсэн юм чинь Монгол бичигдээ нэлээн сайн байх. Анх Монгол бичгийг хэрхэн сурч байсан бэ?

Анх 6-р ангидаа өвөөгийнхөө хуучин Монгол бичгийн номыг уншаад л сурч байлаа.

YOLOЭнэ хэрэглүүр олон нийтийн хэрэглээнд хэрхэн нэвтрэх боломжтой вэ?

Та хэрэглүүрээс гарсан зургаа цахим орчинд нийтлэл хэлбэрээр оруулах, story буюу түүх хийх, хэвлэн авах боломжтой. Сүүлийн үед монгол бичгээр нийтлэл нийтлэх нь их өргөн дэлгэрч, тренд болж байна шүү дээ. Мөн зүгээр л цагаан дэвсгэр дээр хар фонтоор бичих нь дэндүү уйтгартай. Нэгэнт л зураг болгон хувиргаж байгаа тул арын зургаа сольж, стикер, өөрт байгаа зургаа нэмж, загварыг бүрэн өөрчлөх боломжтойгоор хөгжүүлсэн. 

 


YOLOНууц биш бол та ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцаач. 

Би ирээдүйд АНУ-д програмист мэргэжлээр суралцах бодолтой байна. Хэрэглүүрээ хөгжүүлэх цаг бага байгаа болоод ч тэр үү, одоогийн байдлаар тултал хөгжүүлэх гэж яарахгүй байна. Харин 2025 он гэхэд бүх санаагаа багтаачихсан, тултал хөгжүүлсэн хэрэглүүрээ олон нийтийн хүртээл болгоно. Мөн тухайн үед Монгол улс хос бичигтэн улс болохоор яригдаж байгаа шүү дээ. 

YOLO:Энэхүү хэрэглүүрийг бүтээн хөгжүүлэхэд хэр их хугацаа зарцуулсан бэ? 12-р ангийн сурагч төгсөх анги гээд хичээл ном ихтэй, завгүй байдаг шүү дээ. Үүний хажуугаар цаг заваа хэрхэн хуваарилж байгаагаасаа хуваалцаач. 

Би 11-р ангид байхдаа "Гэгээ" хэрэглүүрийг хөгжүүлэх ажлаа эхэлж байсан. Зуныхаа амралтаар буюу саяны зун нэлээд ажилласан. Миний тооцоолж буйгаар ойролцоогоор 700 цагийг энэхүү хэрэглүүрээ хөгжүүлэхэд зарцуулсан. Одоогийн байдлаар сургууль дээр өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байна. Мөн шинээр "англи хэлний клуб" нээн ажиллуулж байна. Тиймээс чөлөөт цагаараа англи хэл, ЭЕШ-ынхаа бэлтгэлд анхаарлаа хандуулдаг гэж хэлж болно. 

 


YOLOТа яаж прорам бичиж сурсан бэ? 

8-р ангид байхад мэдээлэл зүйн багш маань "The C programming language" буюу "си" хэлний олимпиадад орохыг санал болгосон. Би ч дуртай зөвшөөрсөн. Мөн хичээл дээр "HTML" гэдэг зүйлийг үзэхэд үнэхээр сонирхолтой байж билээ. Дараа нь жижиг сажиг зүйл дээр түүнийгээ оролдож байгаад л сурсан гэж хэлж болно.

Ер нь програм хангамжийн чиглэлээр мэргэшиж байгаа тохиолдолд энэхүү салбарын бүхий л чухал мэдээлэл, мэдэгдхүүнүүд англи хэл дээр байгаа тул англи хэл сурах нь маш чухал санагдсан. 

 

 

YOLOМонголчуудын эх хэлний хэрэглээний тал дээр та ямар бодолтой байдаг вэ? 

Сүүлийн жилүүдэд сошиал ертөнц хурдацтай хөгжиж байгаагийн бидэнд нөлөөлж буй хамгийн сөрөг нөлөө нь эх хэл дээр ажиглагддаг. Бид ихэвчлэн латин үсгээр харилцдаг тул их алдаатай бичдэг болсон. Гэвч миний ажиглаж байгаагаар зарим оронд ийм асуудал байдаггүй. Жишээлбэл Солонгос, Япон зэрэг орнууд эх хэлээ бүрэн гүйцэт ашигладаг гэж хэлж болно. Санамсаргүй байдлаар нэгэн Солонгос хэрэглэгчийн Фэйсбүүк рүү ороход оруулсан зураг, нийтлэл зэрэг нь дан солонгос хэл дээр, солонгос үсгээр бичигдсэн байдаг шүү дээ. Барагтай л бол бидэн шиг латинаар галигладаггүй гэсэн үг. 

 


YOLOТэгвэл бид өсвөр үеийнхнээ эх хэлээ бүрэн хэрэглэдэг болгоход юун дээр анхаарах, ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна? 

Эх хэлээ бүрэн дүүрэн хэрэглэхийн тулд юун түрүүнд боловсролын системийг сайжруулах хэрэгтэй гэж боддог. Монгол улсын боловсролын систем сүүлийн үед онол дээр тулгуурлаад практик буюу дадлага туршлагаа орхигдуулах гээд байдаг талтай болсон. Тийм учраас манай үеийнхэн англи хэлийг ч тэр монгол хэлийг ч тэр ядаж л хэрэглээний түвшинд хүртэл сурч чадахгүй байна шүү дээ. Миний хувьд боловсролын системийг өөрчилснөөр дараа дараагийн өөрчлөлтүүдийг ярих нь зөв гэж бодож байна.

 

YOLOИрээдүйд Монгол хэлний хэрэглээг ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

Бид эх хэлээ алдахгүйгээр байгаагаар нь хэрэглэх хэрэгтэй гэж бодож байна.

YOLOЯрилцлагын төгсгөлд үеийнхэндээ хандаж нэг зүйл хэлээч гэвэл? 
Өнөөгийн нийгэм биднээс маш олон авьяас чадварыг шаардаж байна. Тэдгээрийг зүгээр л хүсээд эсвэл бодоод сурчихгүй учир өөрийн зорилго, хоббидоо харамгүй цаг зав гаргаж, хүссэн зүйлдээ хүрч, өөрийнхөө хүссэн хүн нь болоорой гэж уриалмаар байна.  

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. 

 


Түүний Сошиал хаягуудыг дагаж, цаг алдалгүй мэдээлэл аваарай.

enlightenedЭНД дарж түүний Фэйсбүүк хуудсанд зочлоорой. 

enlightenedЭНД дарж түүний блогтоо оруулсан нийтлэлүүдийг унших боломжтой. 

enlightenedИнстаграм хаягийг нь ч мөн дагаарай.

#Proud #App #Technology